Ш.Сүрэнжав. Залуу хүн ном уншихгүй бол "Шараа" болно шүү

Б.САЙХАН (2008-09-15)"Өнөөдөр" сонин

Төрийн шагналт зохиолч Ш.Сүрэнжав гуайтай уулзаж, шинэ бүтээлийнх нь “ургац”-ын тухай сонирхох завшаан олдсон юм.
- Сүүлийн үед туурвисан уран бүтээлийнхээ дээжээс сонирхуулахгүй юу?
-Өнгөрсөн хавар “Сэтгэл татсан солонго” нэртэй яруу найргийн нууц увдисын тухай өгүүлсэн ном гаргасан. Энэ ном онолын туурвил зүйн бүтээл болсон. - Таны “108 эрдэнийн эрхи буюу Монгол рубай” ном их сонирхолтой санагддаг.
- Рубай гэдэг нь хэлэх гэж буй санаагаа дөрөв болон найман мөртөд багтааж зангидаж өгдөг шүлгийн нэг хэлбэр юм. Тухайлбал,

“Мөчирт байсан навчис хөл доор яагаад хийснэ
Усанд явсан загас галд яагаад шарагдана вэ?
Цагаа болохоор юм болгон гарт ордог
Цаас хүртэл амилж ялын тогтоол заадаг” гэх мэт. Энэ номоо англи, монгол хэлээр нийтлүүлсэн.

- Ийм зохиол бүтээл манайд өөр бий юу?
- Омар Хайям үүний чинь гол үндэслэгч юм шүү дээ. Яруу найрагч О.Дашбалбар түүний бүтээлээс хөрвүүлж гаргаж байсан. Манай залуучууд ном уншихаа байж. Ном уншихгүй бол та нарын ярьдгаар “шараа” болно шүү. Тэр жил нэгэн хүндэтгэлийн ёслол дээр Д.Лувсаншараваас сурвалжлагч охин “Та хичнээн жил ингэж бөмбөр нүдэж байна даа” гэж асуухад дэргэд нь зогсож байсан Л.Цогзолмаа бид хэд өмнөөс нь “шараа” болоод гараад явчихаж билээ.

- “Наадмын манлай Намхай аварга” номын тухайд.
- Миний шинэхэн бүтээл. Намхай аваргын амьдрал, барилдааны ур маяг гээд бүх л зүйлийг нь харуулсан. Хамгийн гол нь кино туульс учраас харагдах талаас нь бүтээсэн. Аварга өөрөө Булган аймгийн Сайхан сумын хүн. Энэ номоо гардаж авсны маргааш түүний нутгийн хүү Н.Түвшинбаяр олимпийн аварга болсон юм.

- Энэ таны хэд дэх кино зохиол вэ?
- Мэдэхгүй ээ. Монгол хүн өмссөн дээлээ тоолдоггүй, насаа хэлдэггүй ёстой.

-Тэгвэл энэ зохиол дэлгэцийн бүтээл болох уу?
-Хэн нэгэн мөнгөтэй хүн нь кино болгож барьж авахад бэлэн бүтээл дээ.


0 comments:

Хайвал олно

Loading...

Архив