Д.Нямсүрэн. Дөрвөн цаг

Бороо ганц нэг дусах нь сайхан
Борог өвс норсон байх нь сайхан
Хаврийн цас хайлж гэрлүү урсах сайхан
Хаа нэгтээ шувууд ганганах сайхан
Алтан хараацай дээгүүр нисэх сайхан
Аяны хүн манай уяанд буух сайхан
Айлийн маань айлд бүсгүй байх сайхан
Айл нүүж ирэх сайхан
Хангайн бороо гэнэт асгах сайхан
Харанхуй дунд цахилгаан гялбах сайхан
Хонон өнжин бороо зүсрэх сайхан
Холоос гийчин ирэх сайхан
Шаргал талын өвс халиурах сайхан
Шанхны үзүүрт салхи сэвэлзэх сайхан
Сартай шөнө бухал дээр унтах сайхан
Чамайг зүүдлээд газар ойчих сайхан
Тооноор сар гэрэлтэх сайхан
Тогоотой сүүнд тусах сайхан
Шөнө орой сар гарах сайхан
Чөдөртэй морьд тургилах сайхан
Шиврэн шиврэн бороо орох сайхан
Ширэг зүлэг ногоорох сайхан
Зүүн өмнө солонго татах сайхан
Зүс бороо гэрэлтэх сайхан
Гэгээн борооны усыг тосох сайхан
Гэзэг үсээ хүүхнүүд угаах сайхан
Агь хүмүүлийн үнэр сэнгэнэх нь сайхан
Аясхан бодол хол ойрыг санах сайхан
Үдшийн бүрийгээр ирэх сайхан
Үүрийн гэгээгээр явах сайхан
Өнгөт дэлхий уяран уйлмаар сайхан
Өргөн хорвоо дуулан жаргамаар сайхан
Эх нутаг минь шүлэг шиг сайхан
Эх орон минь дуу шиг сайхан
Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан
Эрээнцавд бороо орох сайхан
3 comments:

goy shuleg shuu xexe


goy shuleg shuu xexe


Эх нутагтаа хүрэх сайхан
Ээж аавдаа үнсүүлэх сайхан


Хайвал олно

Loading...

Архив