Нэргүй шад - 3

Харамсаж чи гунихгүйн учир
Хайрласныг минь март
Үүрийн зүүд шиг гэнэхний учир
Үнссэнийг минь март
Өөр учрал орчлонд олон

Өнгөрснийг март
Насны залууд дурлал элбэг
Намайг март
Тэнэгхэн явсан хангал нас
Тэврэлтийг минь март
Тэр бүхнийг мартахгүй гэвэл
Бусдыг март

Өвлийн ойд түүдэг ноцоон
Өнгөрсөн дурсамжаа шатааж суухад
Хачин анхилуун, цэнгэг санагдана
Хайр чинь ийм сайхан байгаагүй
Өрвөлзсөн дөл улайран дүрэлзнэм
Үнсэлт чинь ийм шунамгай байгаагүй
Тэвчээрт нулимс цээжинд зангирнам
Тэврэлт чинь ийм чанга байгаагүй
Түүдгийн галд дорхиноо дулаацаад
Түгшүүрээ мартан эргэж дурсахад
Үдшээр чиний аргадаж гуйсан
Үг чинь ч ийм халуун байгаагүй

Анд минь байсан тэр, шүлэгч байсан
Амраглан цэнгэж хайранд мансуураагүй
Ядартлаа дуулсан тэр үдшийг бидэнд үлдээгээд
Явчихсан...
Зул болж гэрэлтсэн
Зугуухан тэгээд унтарсан
Ямар олон хүж асаалаа
Ядаж үнэр нь ч үлдээгүй
Бичиж дуусаад цэг тавихдаа
Битүүхэн баярладаг шүлэгч анд
Шад шүлэг шиг богинохон амьдралаа
Шазруун зантайгаа хамт цэглэсэн
Ялт хорон үхлийнх нь тухай
Яаж сонсоно гэж биднийг орхисон юм бол
Тайтгаруулах үг нулимснаас гашууныг
Тааж лав мэдээгүй байх даа
Анд минь байсан тэр, шүлэгч байсан
Алдар, магтаал дуулж амжаагүй
Ганцхан дурлалын гүнзгий шарх нь
Газрын сорви болж эдгэсэн


0 comments:

Хайвал олно


Архив