Showing posts with label Г.Аюурзана. Show all posts

Шүтэн бишрэгч (өгүүллэг) Г.Аюурзана

4:06 AM
Түүнд хамгаас их таалагддаг зохиолч бол Набоков. Набоковыг нас барахад ердөө л тавхан настай байв. Хэрэв тэр үед хорин найм хүрч байсан бол, нас барсанд нь биш уулзаж амжаагүйдээ харамссандаа архи ууж, орой нь хариад "Yхчихлээ гэж үү?" хэмээн хашгирч уйлах асан.
Тэр өөрийгөө Набоков нас барахаас хоёр гурван жилийн өмнө Швейцарт очиж, зохиолчийн үүдний өрөөнд удаан сууж байгаагаа төсөөлөн бодох дуртай. Зохиолч эхлээд унтаж амарч байснаа, дараа нь ажиллаж, дараа нь цайгаа уув. Цай уусныхаа дараа үргэлжлүүлэн ажиллаад зочин хүлээж авах зав гаргасангүй.

- Өнөөдөр оройтчихлоо. Та баасан гаригт үдээс хойш ирнэ үү гэж зохиолчийн нарийн бичгийн дарга, мөн л зохиолчийн хэрийн насны хижээл эр ер санаа зовсон янзгүй хэлснээ,
- Та кофе уух уу? гэв.
- За үгүй дээ. баярлалаа. Өө, уудаг ч юм бил үү?
- Өөрөө л мэд дээ. Владимир Владимирович өдийд кофе уудаг юм л даа. Би түүнд зориулж чанасан юм.
- Би уувал түүнд үлдэх юм уу?
- Yлдэнэ, үлдэнэ. Санаа зоволтгүй.
Ердийн л кофе Лаазтай, жаахан гашуувтар " Nescafe”.
- Та орос хүн үү?
- Яаж байна?
- Владимирович...
Зохиолчийн нарийн бичгийн дарга ямар үндэстэн болохыг тэр мэдэж амжсангүй. Цонхны шил тар няр хийн хагарах дуулдаж, эргэн хартал орон дээгүүр нь хөлбөмбөгийн эрээн бөмбөг өнхөрч үзэгдэв.
- Хөөе. Юу болж байна аа?
Цонхоор шагайвал хэн ч алга. Нүдний буланд нэг жаал гүйсээр булан тойрох шиг болов. Хүүхдүүд хурдан гүйдэг л дээ. Хамгийн муу гүйдэг нь л сая далд оров бололтой.
Тэрээр эргэж бөмбөгийг харуут түс хийтэл инээд алдав. Доктор Пнин хүүдээ бөмбөг бэлэглэхэд яадаг билээ? Хөл бөмбөг сонирхдоггүй америк жаал цоо шинэ бөмбөгийг цонхоор гаргаад шидчихдэг, Yгүй ээ, талбай дээрээс өшиглөсөн бөмбөг гурван давхрын цонхоор орно гэж байх уу? Монголд л ийм тэнэг хөлбөмбөгчин төрнө.
Нэгэнт хэргийн эзнийг олохгүйгээс хойш бөмбөгийг өөртеө үлдээхээр шийдэв. Шилэн лонх ч үнэтэй байж. Нэг ангийн дөчөөд хүүхэд гэрээсээ нэг нэг лонх авчран, "Шилний дэлгүүр" гэсэн хаягтай мөд онгойдоггүй мухлагийн үүдэнд өдөржин бужигналдаад сая нэг бөмбөгний үнэ цуглуулж байсан сан. Охид волейболын бөмбөг авна гээд хөвгүүд сагсныхыг авна гээд бөмбөг зардаг дэлгүүрт хүрэхийн алдад хөвгүүдийнхээр болчихоод байтал, дэлгүүрт сагсан бөмбөгийн төрөлтэй юу ч байсангүй. Ганцхан ширхэг волейболын бөмбөг үлдсэн нь бөөрөндөө халцархайтай аж.
- Өөр байхгүй ээ гээд худалдагч халгаасангүй. Харин хөл бөмбөгийн бөмбөг нэлээд хэд байсныг яана.

Ингээд ангиараа хөлбөмбөгчид болцгоов. Маргааш орой нь л шинэхэн бөмбөгний бөөрөнд эхний халцархай гарч, хэн хүнгүй халаглацгаасан ч тэр бөмбөг бүтэн хоёр жилийн турш тэдний хөөцөлддөг ганц зүйл болж, анги даасан багш нь:
- Энэ гайтай ширнээс болоод манай ангид муу сурлагатан гурваар нэмэгдлээ гэж халаглаж байсан сан.
Хэн гурав муу сурлагатан болсныг тэр одоо ч бодоод бодоод олдоггүй юм. Тэдний ангийнхан бараг бүгдээрээ муу сурдаг байсан тул, хааяа нэг сайн дүн авсныгаа жигтэйхэн гоочилно. Тиймээс сайн суръя гэж хэн ч боддоггүй, тэдний ангийн адгийн хөлбөмбөгчин ч гэрийн даалгавраа хийдэггүй байв.
"Би ч нээрээн адгийн хөлбөмбөгчин байсан шүү" гэж тэр цонхоор орж ирсэн бөмбөгийг ажингаа бодов.
- Гэхдээ арай ч ийм мурий хөлтэй байгаагүй ээ! гэж цонхыг нь нядаасан үл таних жаалд хорссондоо чанга хэлчихээд, бөмбөгийг шалан дээр тавьж өшиглөв. Бөмбөг үүдний хонгилоор нисч угаалгын өрөөний хагас нээлттэй хаалгаар маш цэвэрхэн орлоо.
- Гоол!

Гэнэт өлсч байгаагаа мэдэрсэн тул өлгүүрээс хүрмээ авч, гутлаа углаад гадагш гарав. Байшингийн буланд хэдэн жаал бөөгнөрөн чанга чанга хөхрөлдөж байснаа түүнийг харуут чимээгүй болцгоов. Нэг нь орон сууцны мужааны хүү байна. Зун аавтайгаа цуг ирж хаалга янзалж өгсөн юм.
- Аав чинь бий юу?
- Байгаа.
- Орой цонх шиллээд өгөөч гэж байна гээд хэлчихээрэй.
- За.
Хүүхдүүд бие бие рүүгээ хурдхан ширтэлцээд авав. "Хэргийн эзэд!"

Ойролцоох гуанзанд тэдний ангийн охин ажигладаг юм. Уг нь царайлаг аятайхан зантай охин. Одоо хэр нь нөхөргүй. Өөрөө гуанзны эзэн мөртлөө орж ирэгсдэд хоол зөөж үйлчилнэ.
- Би л байсан бол энэ хиншүүн дунд...
- Чи ойлгохгүй ээ. Алив, сууж бай. Би чамд хоол аваачаад өгье.
Ангийнх нь охин ширээн дээр шөл, шарсан өндөг, мантуу өрлөө. Энгэрээр мөөм нь цухалзана.
- Цай өгөөч.
- Өнөөдөр пивотой шүү,
Удалгүй ширээн дээр хоёр лааз шар айраг шилэн аяга нэмэгдэв.
- Танайд пиво зардаг юм уу? гэж хажуугийн ширээнд суугаа хоёр эрийн нэг бүдүүн дуугаар хүнгэнэлээ.
- Манайд согтууруулах ундаа зардаггүй ээ гээд ангийн охин цаашаа эргэв.
- Эгдүүтэй дамшиг байна шүү гэж бүдүүн дуутыг хэлэхэд, хажуу дахь нь бүр таарсан юм шиг нарийхан хоолойгоор:
- Би хөхийг нь харах гэж наашаа ирдэг юм хэмээн шивэгнэх дуулдав.
Гуанзанд тэр нэлээд суулаа. Ангийн охин нь пивоны үнэ авахгүй гэжээ. Тэндээсээ гараад дэлгүүр орж бөмбөгний үнэ сонирхвол, хоёр мянган төгрөг гэлээ. Ангийн охин нь хоолны үнэд өдөр бүр таван зуун төгрөг авдаг. Тэр өдөрт нэг л удаа хооллодог. Орой нь ус буцалгаж уугаад нэг бүтэн талх идчихдэг. Ээж нь нас барснаас хойш ямагт ингэж л амьдарч байгаа. Номын сангийн гэрээр ном олгох тасагт насаараа ажилласан ээжийнхээ буянаар тэр одоо ч номоор тасардаггүй. Сард хоёр, заримдаа гурван удаа үүргэвч үүрээд хотын бараг нөгөө захад байх номын сан руу явна Сүүлийн үед түүнд унших шинэ ном олдохоо больжээ. Тиймээс ажилчдын дүүргийн хүн цөөнтэй номын санг ёс төдий л эргэдэг аж.
Номын санч ээж нь нас барахдаа:
- Миний хүү гуч хүрээд эхнэр аваарай. Чамд би өдөрт таван зуугаар бодож хоёр жилийн хоолны мөнгө хураасан. Хоёр өрөө байр чамд томдоно. Нэг өрөө болгож солиод, зөрүү мөнгөөр нь эхнэртээ хуримын бөгж, гутал хувцас авч өгнө биз гэжээ. "Инфляци" гэдэг үг ямар.ч номонд байгаагүй үе.
Тэр байраа багасгаад, өөртөө хэдэн ном авчээ. Тэдэн дунд Набоков байсан хэрэг. Хатуу хавтастай, сайн хэвлэсэн, хэд хэдэн Набоков.
Өнөөдөр тэр гуч хүрэв. Ангийн охин мэдсэн юм шиг пивоор дайллаа. Гэнэтхэн нөгөө хажуугийн ширээний хоёроос ангийн охиноо харамламаар болжээ. "Хөхийг нь харах гэж ирдэг" гэнэ ээ?
Мужаан шатан дээр сууж байв. Хана түшүүлэн шил тавьжээ. Гэрт оруут шуудхан л бэлэн шилээ тавиад, ердөө арваад минутын дотор жин тан болгочихлоо.
- Та хэмжээг нь яаж ийм сайн мэдэж байна аа?
- Энэ байрны бүх цонхны хэмжээг би цээжээр мэднэ.
- Хэдийг төлөх вэ?
- Шилний үнэ дөрвөн мянга. Хийсний хөлсөнд, яахав, ганц мянгыг л авах уу даа. Хажуугийн гуанзанд таваг хуурга л авах мөнгө.
Тэр амаа ангалзуулав. Дөрвөн мянга! Хоёр бөмбөгний үнэ байх гэж уү? Гэнэт түүнд "Яг танай хүү л манай цонхыг хагалсан даа" гэсэн бодол төрөхөд хэлчихээсээ өмнө амжиж хэлээ хазаад, орныхоо гудсан доогуур хийсэн том хавтасны завсраар таван зуутын дэвсгэрт арвыг тоолж өгөв.
- За, баярлалаа. Өөр хэрэг гарвал хэлээрэй гээд мужаан угаалгын өрөөний зүг хяламхийв. Гэрлээ унтраахаа мартчихаж. Хөлбөмбөгийн бөмбөг яг босгон тушаа нь харагдана.
Мужааныг нэгдүгээр давхарт хүрч явахад тэр гүйж очив.
- Та хажуугийн гуанзанд таваг хоол хэдэн төгрөг байдаг гэнэ ээ?
- Ямар гуанз? Ямар хоолны үнэ тэр билээ?
Мужааны царай гайхсан гэхээсээ илүү айсан янзтай болжээ.
- Уучлаарай, би зүгээр л хажуугийн гуанз ямаршуу хоолтой байдаг юм бол, таныг мэдэх юм байна гэж бодоод л ...
Мужаан тайвширч, бүр баярласан янзтай санаа алдан инээмсэглээд,
- Өө, би ч гэр энд болохоор гуанзанд ордоггүй л дээ. Гэхдээ хоолыг нь мэднэ. Дажгүй хоолтой, үнэ нь ч гайгүй санагдсан шүү. Таваг хуурга цайтай авсан юм байна. Саяхан даа, яг хэзээ ч билээ? Мянган төгрөг жаахан гаруй бол луу. .
- Тэгвэл таван зуун төгрөгөөр нэг, хоёрдугаар хоол. салаттай, бас хоёр аяга сүүтэй цай, мантуу авч хүрэхгүй нь ээ?
Мужаан учиргүй хөхрөв. Хөхөрч, хөхөрч,
- Салаттай гэнэ шүү! Иш, та нар амьдралаас мөн тасархай байна даа. Хоёр талх ч авч хүрэхгүй мөнгөөр тийм их хоол өгдөг гуанз гэж юу байх вэ дээ. Чиний хэлсэн бүхнийг авахад лав дөрөв таван мянга хүрнэ дэг ээ гэлээ.
Тэр гэртээ эргэж оруут бөмбөгийг угаалгын өрөөнөөс гаргаад "Май, чи, тэнэг Пнин! Төрсөн өдрийн бэлгээ ав!" гэж амандаа үглүүт байдаг хүчээрээ өшиглөж орхив.
Энэ удаад харин наад талын цонх л хагарчээ. Хөл бөмбөгийн бөмбөг ахиад л орон дээгүүр өнхөрч явав.
Сургуульд байхдаа тэр хичээлээ давтахын оронд уран зохиолын ном уншдаг байв. Яагаад гэвэл, хичээлээ давтаад байвал сайн сурчихна. Сайн сурах юм бол ангийнхныхаа нүүрийг яаж харах юм бэ?
Харин азаар есдүгээр ангид орж, хөлбөмбөгчдөөс нэг салж билээ. Есдүгээр ангид чүү чамай "гурав", "дөрөв" хольж явсаар, аравт оржээ. Аравдугаар ангидаа хичээлдээ ихэд шамдсан боловч тоо, физик химийг яагаад ч нөхөж авахааргүй хоцорсон байлаа. Харин хэл, уран зохиолд мань эр толгой цохиж, сургуулийнхаа сайчуулын тоонд багтах болов. Гэвч нийгмийн мэдлэг сулаас дээд сургуульд орж чадсангүй. Цэрэгт явъя гэтэл хараа муу гээд тэнцсэнгүй.
Ингээд арван жил ээжээрээ тэжээлгэн, ээжээрээ ном зөөлгөн жижиг өрөөндөө суужээ. Тэр арван жилд юу эсийг уншсан гэх вэ. Тэр арван жил бол амьдралынх нь хамгийн жаргалтай үе байв. Хоёр жилийн өмнөөс тэр бие даан амьдарч эхэлсэн хэрэг.
Хоёр жилийн өмнөөс л түүний амьдралд Набоков орж иржээ. “Гавьяа", "Ноён, хатан, боол", "Цаазаар аваачих урилга", "Лужины хамгаалалт", тэгээд "Ада" ... Харин "Лолита!' түүнд таалагдаж байсангүй. Набоковтой уулзаж байна гэж төсөөлөн бодохдоо тэр энэ тухайгаа ер хэлээгүй.
- Төгсгөл нь гайхалтай сайхан болсон шүү! гэж тал засчээ.
Заримдаа тэр зохиолчийг Найттай андуурч үзэн ядна. "Себастьян Найтын бодит амьдрал" хэмээх романыг нь уншиж дуусуут :
- Набоков яг үнэндээ Набоков биш, Найт байсан юм биш байгаа? гэж өөртөө хэлчихээд удтал шаналжээ. Набоков Найт байхад юугаараа муу юм бэ гэдгийг тэр мэдэхгүй. Юутай ч, Найт маш муу хүн шиг санагджээ.
Тийм сэтгэлийн улмаас нэг удаа Набоковт :
- Найт учраас танд Нобелийн шагнал өгөөгүй гэчихжээ. Зохиолч түүний ор үндэсгүй төсөөлөл рүү жуумалзан ширтсэнээ хонх цохиж өөртэйгөө үе тэнгийн нарийн бичгийн даргаа дуудаад,
- Энэ хүүг тэр ганц өрөө байранд нь хүргэж өг гэх үгүй ээ, яалаа гэж Набоков тэгж хэлэхгүй,
- Тантай ярилцахад сайхан байлаа Мистер Бен, та энэ залууг хүргээд өгчихнө үү. Аль буудалд буусан гэлээ? гэх вий.
Набоковт "Та өерөө Найт” гээд хэлчихсэндээ ихэд харамсав. Би ёрын Нобелийн шагналын тухайд ... Уг нь болсон явдал биш, бодол юм чинь залруулж болно л доо. Гэвч тэр хар багаас л бодол мөрөөдлөө залруулж, буцаад эхнээс нь шинээр бодож явсангүй. Бодол бол түүний хувьд амьдрал л гэсэн үг.
Цонхыг хага цохин бөмбөг орж ирсний маргааш тэр хажуугийн гуанзанд орсонгүй. Хотын төвд байх нэг гуанзанд орж, амт гэж авах юмгүй хоол авав. Шөлнөөс гурав халбагадаад орхиж. харин дөрвөн ширхэг хуушуурыг нь идчихлээ. Нэг аяга байхуу уув. Энэ хоол нь хоёр мянга хоёр зуун төгрөг болжээ.
Ахиж тэр гуанзанд орсонгүй. Хажуугийн, хотын төвийн алинд ч. Орцны цэвэрлэгч нэг удаа бэлэн хоол идэж байхыг харсан, тэр нь жигтэйхэн сайхан үнэртэж байсныг санав. Ингээд талх, бас бэлэн хоол авдаг, ус буцалгаж уудаг боллоо.
Нэг өдөр номын сангаас авсан гурван ширхэг номоо эргүүлж өгөхөөр очтол, ээжийнх нь ажлыг авсан эгч алга. Гэрээр ном олгох тасагт ганцхан л хүн байсан нь гурвалжин шатан дээр гараад зогсчихсон годгор охин аж. Тэр танил эгчээ хүлээж удаан зогсов.
Өнөөх годгор охин хамгийн дээд талын тавиур дээрээс нэг ном унагачихав. Ном шалан дээр нэг өнцгөерөө буухад, хөх өнгийн хатуу хавтас нэг тийшээ, дотор хэсэг нь нөгөө тийшээ салж одлоо.
- Өө!
Годгор охин сая л түүнийг олж хараад,
- Та юу гэж явна? гэж асуув.
- Цэрмаа эгч хаачаав?
- Цэрмаа эгч тэтгэвэртээ гарсан шүү дээ. Би оронд нь ажиллаж байгаа.
- Би авсан номуудаа авчирлаа,
- Одоохон. Та тэр унасан номыг аваад өгөөч.
Тэр эхлээд дотор хэсгийг, дараа нь годгор охины зогсоо гурвалжин шатны яг доогуур орчихсон хөх хавтсыг авав. Хавтаснаа "Мич хүн болоход хөдөлмөрийн гүйцэтгэсэн үүрэг гэж бичжээ
- Та Гүнболд уу? гэж авчирсан номуудыг нь бүртгэн авахдаа годгор охин инээмсэглээд,
- Таныг би сайн мэднэ шүү. Цэрмаа эгч таныг надад захисан юм гэлээ
Гүмбер Гүмбер гэж байгаа юм шиг сонсогдоход анх удаа тэр нэрнээсээ учиргүй ичжээ. Годгор охин харин хаа очиж гоё нэртэй юм.
- Нараа гээд жижигхэн хүйтэн гараа сунгав.
Ээжийнх нь хэлсэн нөгөө хоёр жил дуусчихсан, одоо тэр эхнэр авах ёстой шүү дээ. Нарааг цааш ном бариад эргэхэд, богинохон бошинзон доороос нь хараад л баймаар хөөрхөн гуя тахим үзэгдлээ. Годгор охин гэнэт зогтусаад эргэн харахад түүний нүүр халуу оргиод явчихав.
- Та одоо харих уу? гэж Нарааг асуухад анхандаа сайн ойлгосонгүй.
- Та эндээс шууд харих уу?
- Аа, ээ, оо ... Юу л даа.
- Манайх танайхтай нэг байр шүү дээ
- Тийм үү?
- Бүр нэг орц.
- Тийм үү? Би мэдэхгүй юм.
- Та мэднээ. Танай хуучин байранд би амьдардаг юм. Таныг байраа солиход аав надад авч өгсөн...
Нараа номын тавиурын цаагуур орчихоод зарим үг нь дуулдсангүй.
- Хэрэв та одоо шууд харивал би цуг явах гэсэн юм.
- Yгүй ээ, би өөр тийшээ явна.
- Хаачих юм бэ?
- Аа, ээ, оо... Юу л даа.
- За, за. Би оройд ганцаараа зурагт үзээд л сууж байдаг. Та орж ирээрэй. Надад танаас асуух юм их л байна. Цэрмаа эгч таныг "Манай номын сангийн бүх номыг уншсан” гэж байсан.
Тэр номын сангаас гараад шууд харив. Бэлэн хоолоо идчихээд нам унтлаа. Хонх дуугарахад тэр давхийн сэрэв. Хонх ахиад л дуугарна.
Ангийнх нь охин байлаа.
Тэр байхуу чанаж, талх зүслээ.
- Эртээр, орой ажлаа тараад танайд ирэх гэж бодож байтал ерөөсөө амжсангүй,
- Хэзээ?
- Яагаав, чиний төрсөн өдрөөр.
- Юун төрсөн өдөр?
- Би чиний төрсөн өдрийг мэднэ шүү дээ.
- Тэгээд чи пивоор дайлсан юм уу?
- Чи яагаад очиж хоол идэхээ больчихов?
- Би гэртээ хоол идэж байгаа.
- Бэлэн хоол ч манай гуанзныхаас муу даа.
- Би чиний хөхийг л харах гэж танай гуанзанд очдог байсан юм. Бөхийх бүрт чинь цухалздаг болохоор ...
- Юу?
Ангийнх нь охин цүнхээ шүүрч авахад тэндээс шилтэй архи гулган унаж хага үсрэв. Өрөөгөөр нэг исүүн үнэр хамар цоргино. Цоож торхийснээ, хаалга тасхийлээ.
Тэр цонхон дээрээ зогсоод гудамж руу харав. Ангийн охин тоглоомын талбайн хажуух замаар гүйхээрээ өнгөрч, нөгеө цонхыг нь хагалсан жаалууд нуугдаж амжсан буланг тойрлоо. Түүний амьдралаас хамгийн чухал, хамгаас үнэтэй нэгэн зүйл нь алга болохыг, түүний доторх амин голынх нь зэрэгцээ цохилж байсан, рентген туяанд ч, хэт авианд ч тэмтрэгдэж мэдрэгдэхгүй өөр нэгэн судас тасрахыг мэдрэв. Бүр тэр судас пүд хийн дуугарч тасрах нь сонсдоод хоолой дээр нь хатуулдан өвджээ.

Тэр цонхноос холдон хананд өлгөөтэй эрвээхэйн хатаамалд дөхөж очиж удтал ширтлээ. Нэгэн залуугаас худалдан авч билээ. Эрвээхэйн эзэн "Архи уух гэсэн юм. Ганцхан шил юмны үнээр өгчихнө" гээд түүнийг удтал хоргоосноо авахгүй болохоор нь урамгүйхэн хоцорсон сон. Тийм гоёмсог эрвээхэйн үнэтэй ганц шил юм гээч нь одоо өрөө дүүрэн үнэртэнэ. Набоков эрвээхэй барьдаг байсныг, бүр хэд хэдэн төрлийн эрвээхэй шинээр нээн олсныг тэгэхэд мэддэггүй байв. Харин дараахан нь "Пильграм" хэмээх өгүүллэгийг нь уншжээ. "Пильграм” - ыг уншиж дуусуут тэр ухасхийн гарч нөгөө залууг хайсан хэрэг.
Нөгөө л дэлгуурийнхээ үүдэнд зогсч байж.
- Ганц шил юм гэдэг чинь хэдэн төгрөг гэсэн уг вэ?
Залуу энэ удаад түрүүчийнхээсээ арай том, хар цоохор эрвээхэйг гоёмсог хөндий жаазтай шилэн гуунд хийн барьсан байв.
- Яахав, өөрийг авмаар санагдвал манайхаар очоорой гээд залуу гэрийнхээ хаягийг цаасан дээр зурж өгсөн сөн.
Эрвээхэй зардаг залуугийнх холгүй ажээ. Яг тэднийх шиг байшин, яг тэднийх шиг орц, бас гуравдугаар давхарт, яг л тэднийх шиг хаалга.

Залуу түүнийг харангуутаа л таньжээ.
- Өө, сайн уу? Орооч! Морьтой явна шүү!
"Морьтой" гэдэг нь, юу гэсэн үг юм бол?
Тэд гурвуулаа сууж байлаа. Нүүр нүдээ арай ч хэтэрхий гэмээр будсан, хоёулаа яг ижилхэн урт урт ногоон хумстай хоёр бүсгүй түүн рүү зэрэг харснаа хэлэлцсэн юм шиг нэгэн ззрэг инээмсэглэв.
- За, эрвээхэйнүүд минь, ууна аа. Танилц, хэн билээ?
- Гүнболд.
- Аа, тийм. Гүнболд ..
"Эрвээхэйнүүд" гэж нөгөө хоёр бүсгүйд хандан хэлсэн ч, түүнийг бас хамтруулаад ийн нэрлэчих шиг санагдсанд жаахан эвгүйцлээ.
- Чи эрвээхэй авах гэж явна уу?
- Yгүй ээ.
- Аа, тэгвэл эрвээхэй авах гээ юу?
Хоёр бүсгүй тас тас хөхрөлдөв. Эрвээхэй зарагч яагаад нэг л асуултыг хоёр дахиж асуусны учрыг тэр олсонгүй. Гэвч даган инээжээ.

Өглөө сэрэхэд дотор нь тун муухай байв. Ам учиргүй цангажээ. Гал зуухны өрөөнд орж цоргоны хуйтэн ус уутал дотроос нь оргиод ирэв. Жорлон руу орж сайн бөөлжиж аваад, нүүрээ толинд харахаар угаалгын өрөөний хаалгыг таттал дотроосоо түгжээтэй. Шүршүүрийн усны жигдхэн дуу сонсдоход л тэр өчигдрийн явдлыг сая саналаа.
Эрвээхэй зарагчийнд тэр эхлээд дөрвөн хундага архи уужээ. Дараа нь гоё амттай улаан дарс, сүүлд нь ахиад архи ууснаа санав.
- Чамд хэн нь таалагдаж байна? гэж эрвээхэй зарагч асууж байсан Хэн гэж хэлснээ тэр санах гээд ер чадсангүй. Хоёр бүсгүйн алинтай нь хамт гэртээ ирснээ санаж байна л даа. Бүр тэдний хооронд юу болсныг ч санаж байна.Эмэгтэй хүний нүцгэн биеийг тэврэх хичнээн сайхан байсныг бүүр түүр дурсав. Бүсгүйн нэрийг л бодоод бодоод олсонгүй.
- За, дотор зүгээр үү?
Нойтон бүсгүй хөнжлийг нь сөхөн орж ирэв.
- Пөөх. чи намайг хүлээгээ юу?
Гүнзгий автсан амтат бодлыг нь бүсгүй нойтон сэрүүхэн гараар тэмтэрч үзээд ийн дуу алдаж, дээр нь гарч суулаа. Аажуухан сууж гүйцмэгцээ эргэн өндийв. Ийн суун босох мэт өндийж байх зуураа:
- Нараа гэж хэн бэ? гэв.
- Нараа?
- За, битгий нуугаад бай. Чи шөнөжингөө л намайг Нараа гэж дуудсан шүү дээ.
Бүсгүй будаггүй, бүр хумсгүй болчихож. Ерөөсөө огт танихгүй эмэгтэй түүний хөнжлийг нөмөрчихсөн, дээрээс нь тонгойж байгааг тэр хачирхан ажиглав. Энэ нь бүр тааламжтай санагджээ.
Дараа нь бүсгүй түүнийг дэрлэн унаж чихэнд нь "Тамхи асаагаад өгөөч" гэж шивнэлээ. Өчигдөр бүсгүйчүүл тамхи татаж байсныг санав. Харин одоо тамхи татах гэсэнд зэвүү хүрлээ. "Ширээн дээр тамхи, асаагуур хоёр бий" гэж чихэн дээр нь үргэлжлэн халуу оргиход,
- Би тамхи татдаггүй. Тийм болохоор асааж чадахгүй гэж ууртай дуугарчээ.
Бүсгүй босч тамхи татав. Хариу ч үгүй туранхай, бас царай муутай юм.
Одоо тэр хүүхнийг жигшиж байлаа.
- Чи явахгүй юм уу?
- Явлаа, явлаа. Харин чи мөнгөө ...
Бүсгүйг хувцаслаж байх зуур тэр гудсан доогуураа гараа оруулан тэмтчиж, тааралдсаныг нь авч сарвайлаа. Бүсгүй хоржоонтой хянамгайхан тоолж үзээд,
- Гурван мянга дутуу байна гэв.
Тэр гудсан доогуураа ахин гараа оруулан имэрч , зургаан ширхэг таван зуут гаргаж өглөө.
“Эрвээхэйг" ЯВСНЫ дараа тэр гудсаа сөхөв. Таван зуутын багц арван нэг, сул таван зуут тавин хоёр үлджээ. Тоолохоос залхуурч орхисон зуут, тавьтууд, хүрэмний халаасанд байгаа мөнгийг нэмэх юм бол бараг зургаан зуун мянга болох нь.
Тэр мөнгийг сонинд боож, гялгар уутанд хийгээд гарч хажуугийн гуанзанд очлоо. Ангийнх нь охин алга. Оронд нь хижээл эр сууж байв.
Тэр нэг хоёрдугаар хоол, салат, хоёр аяга сүүтэй цай, мантуутай авлаа. Тооцоогоо хийх үедээ хижээл эрд хандан.
- Энд зургаан зуун мянга бий. Та Гүнболдын өр гээд дамжуулчихаарай гээд тортой юмаа өгөв.
Тэгээд гэртээ ирж, ширээний ард суун удтал юм бичжээ.
Маргааш нь тэдний цонхны тушаа тоглоомын талбай дээр бараг шинээрээ шахам хөлбөмбөг хэвтэж байв.

Долоо хоногийн дараа байрны цэвэрлэгч авгай мужаан, цагдаа, бас өөр гурван эр дагуулан ирж, тэдний хаалгыг лацдаж аваад явлаа. Бүтэн сайн өдөр ангийнх нь охин ирж түүнийг асууна. Ямар ч сураггүй гарсангүй. Цагдаагийн газраас эрэн сурвалжилж байсныг гэрчлэх зурагтай хуудасны нэг буланд дэггүй жаалууд эр хүний бэлэг эрхтэн зурчихсаныг номын санч Нараа нэгэнтээ санаандгүй олж харуут хуулан авчихжээ.
Read On 0 comments

Г.Аюурзана номнууд

1:21 AM
"Балчир шүлгүүд” (1995),
"Ганцаар цайвар навч" (1995),
"Цаг хугацаа амсхийх зуур" (1998),
"Эр сэтгэл" (2001) ,
"Философийн шүлгүүд" (2001) номууд,
"Цасны роман" тууж, "Хэвтрийн хүн" (2002),
"Илбэ зэрэглээ" (2003)
"Арван зүүдний өр" романууд 2005
2*2= буюу Суут жаран сэтгэгч 2000,2002,2004
"Цэцэн мэргэний толь 2000,2005
"Элэгдсэн байшин буюу дэлхийн шилдэг хүүрнэл зохиолын чуулган 2000
"Орчин цагийн сэтгэгчид" 2000
"Дэлхийн утга зохиолын 85 сод туурвил" 2005
"Зэн буддизм амьдралаас ангижрахуй" 2003
"Дао- Амьдралыг танихуй" 2002
Мишель дэ Млнтень "Сонгомол эсээнүүд" 2004
"Утга зохиолын тухай яриа" 2004
"Монголын сонгомол яруу найраг" 2005
"Монголын сонгомол өгүүллэг" 2006
Read On 0 comments

Г.Аюурзана товч намтар

1:19 AM
Гүн овогт Г.Аюурзана нь 1970 онд Баянхонгор хотод төрсөн. 1998 – 1994 онд ОХУ-ын Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцаж дүүргэсэн. МЗЭ-ийн шагналт. 2002 оны шилдэг зохиолын "Алтан өд" цомын эзэн

Read On 0 comments

Нэгэн шvлгийн тvvх Зєвлєлт засаглалын золиос болсон таван найрагчийн хєрєг

8:40 PM
2008 онд яруу найрагч Г.Аюурзанын дэлхийн сонгомол яруу найраг тvvвэр Мэтью
Арнолдын “Яруу найраг биднийг аварна” гэсэн уриалгын дор хэвлэгдэн гарчээ. Дэлхийн сонгодог яруу найргийн эгнээнд оросын олон яруу найрагчид орсны дотор зєвлєлт засаглалын vед амьдрал нь хавчигдаж уран бvтээлийн хvнд єдрvvдийг туулсан Анна Ахматова, Борис Пастернак, Осип Мандельштам, Марина Цветаева, Георгий Иванов нарын нэрс орсон байх юм. Сталин сэтгvvлч, зохиолч, яруу найрагчдад дэндvv хатуу хандсан билээ. Тэрээр тухайн vед ЗХУ-ын зохиолчдын холбооны даргаар ажиллаж байсан Александр Фадаевтай ярилцаж байсан нэгэн тvvхийн тэмдэглэл vлджээ.
И.Сталин:-Цаад Пастернак чинь юу хийж байна.
И.А.Фадаев:-Зохиол уран бvтээлээ туурвиж байх шиг байна.
И.Сталин:-Тvvний уран бvтээл туурвих ч яахав. Миний тухай найраглал бичих, мєн атарыг магтан дуулсан найраглал бичих, мєн намайг оросын хаан Борис Годуновтай адилтгасан зохиол бичих юу болж байна вэ?
И.А. Фадаев:-Би олон удаа хэлсэн. Таны vгийг дамжуулсан.
И.Сталин:-Тэр хvсэхгvй байгаа юм байлгvй. Тvvнийг миний тухай бичих юм бол хvссэн амьдралаар нь амьдруулж хvссэн гавъяа шагналаар нь мялааж тансаг орчлонгийн тvхvvрийг атгуулах гэсэн юм. За одоо яахав. Бидэнд хоёр арга л байдаг шvv дээ. Нэг бол зохиолчдын хоолойг нь огтлох. Нэг бол хоолыг нь хасах. Пастернакын хоолойг огтлоод яахав. Амьд vлдээе. Харин тvvний хоолонд нь хэмжээ тогтоож талхыг нь хязгаарла гэжээ. Энэ бол эдийн засгийн аргаар зохиолчдыг боож хааж, асар тарчиг ядуу амьдруулж, зарим нь архи дарс ууж, зарим нь зvсэмхэн талх, аягахан будааны тєлєє зовж ихэнх зохиолчид нь хvнд хэцvv нєхцєлд амьдралаа єнгєрvvлсэн тєдийгvй ихэнх нь зуурдаар алагдаж тэднийг архичин байсан, амиа хорлосон янхан хvvхэнтэй явалдаж байгаад vхсэн, гэр бvлийнхээ маргаан дунд алагдсан мэтээр цуу дэгдээж гvжир гvтгэлэг зохиож байсан билээ. Ингээд Г.Аюунзанын номонд орсон таван зохиолчын хєрєг болон, тvvний шvлгvvдээс толилуулъя.
Эдгээр зохиолчдын бараг ихэнх нь монгол гаралтай хvмvvс байсан бєгєєд тэднийг аймшигтайгаар мєрдєж гарал vvсэлтэй холбоотой баримт бичгийг нь устгасан байдаг. Эд бол монгол гаралтай оросын суу билэгтэн мянган хvмvvсийн жагсаалтанд орсон байсан билээ.
Анна Ахматова /1889-1966/
“Поэт в Россий больше-чем поэт” гэж ортой vг шvv. Орос оронд, тэр дундаа яруу найргийн их тэсрэлт болж байсан XX зууны эхээр Ахматова шиг тийм єндєр алдрын сэнтийд хvрнэ гэдэг хэн хvнд тохиох хувь биш ээ. Тvvний ихэнх бvтээлvvд 1940 онд оноос ємнє хэвлэгдсэн бєгєєд Дэлхийн II дайны дараагаас Сталины харгис засаглал зохиолуудыг нь нийтлэхийг хориглож, Ахматоваг Зєвлєлтийн зохиолчдын эвлэлээс хєєсєн юм.
Тvvний ганц хvv Лев Гумилевыг ч коммунистууд хэлмэгдvvлэн Сибирт цєлж, монголчуудын vvх тvvхийн талаар хийсэн нєр их ажлуудыг нь хэвлэн нийтлэхийг хориглон удтал дарагдуулсан билээ. Ахматовагийн 1940-1962 оны хооронд бичсэн “Баатаргvй найраглал” XX зууны дэлхийн яруу найргийн гоц бvтээлийн нэгд тооцогддог.
Бvх цаг vеийн хамгийн шилдэг эмэгтэй найрагчдын нэг тvvний уран бvтээл монгол уншигчдын хvртээл болсоор уджээ. Тухайлбал, энд М.Саранцэцэгийн орчуулгаар сонгосон “Сvvлчийн хvндага” шvлгийг гэхэд л манай яруу найрагчид бараг арваад янзаар хєрвvvлсэн байдаг.
Сvvлчийн хvндага
Ханхайж хоцорсон гэрийнхээ тєлєє,
Хатуу ширvvн амьдралынхаа тєлєє,
Хоёулаа мєртлєє ганцаардын тєлєє,
Хонгор чинийхээ ч тєлєє би ууж байна.
Хайхралгvй хуурсан уруулын чинь тєлєє,
Хайргvй хvйтэн харцны чинь тєлєє,
Амьдрал дэндvv энэрэлгvйн тєлєє,
Аз жаргалыг Бурхан хайрлаагvйн тєлєє ууж байна.
Борис Пастернак /1890-1960/
Пастернакын шvлгvvд хvнд. Тvvнийхээр бол эд юмс, хvмvvс, vйл явдлуудтус бvртээ “салан хєндийрцгєєж”, яруу найрагчын тодорхойлсон “хачин” ахуйн замаар улам этгээд гаж, улам шинэ болж байх ёстой байв. Урлаг дахь хєгжил гэдэг бол тvvнийхээр ямагт “урьд нь хэзээ ч байгаагvй, тийм єєр сонин зvйл хийх” арга барил байв.
1930-аад оноос Пастернак єєрийнх нь нэрлэснээр “Сталинтай хийсэн урт, чимээгvй тулаан”-аа эхэлсэн юм. Тvvний яруу найраг 1933 оноос хориотой болсон тул орчуулга хийж амьдралаа залгуулах болжээ. Шекспирийн эмгэнэлт жvжгvvд, Гётэгийн “Фауст”-ийг орос хэлнээ гайхалтай сайхан буулгасан нь бий. Амьдралынхаа сvvлчийн жилvvдийг тэрээр большевик хувьсгалын эргэн тойронд Оросын сэхээтнvvдийг нємєрсєн эмгэнэлт дvр зургийг харуулсан “Живаго эмч” романдаа зориулсан бєгєєд 1958 онд Нобелийн шагнал хvртсэн ч хvлээн авахаас татгалзжээ. Хэрэв татгалзаагvй бол Пастернак эх орноосоо хєєгдєх байсан юм.
Энд сонгосон шvлгийг “Живаго эмч” бувюу Юрий Живагогийн туурвил болгож мєнєєх алдарт романы дотор анх хэвлvvлсэн байна.
Євлийн шєнє
Шинэ цас газар дэлхийг хучлаа,
Хаяа хярхаггvй хучлаа.
Ширээн дээр лаа аслаа,
Лаа аслаа.
Зуны шумуул сvрэглэн хуйлраад
Дєл зvглэн нисэлдэх мэт,
Зуун тvмэн будраа хийсэлдэж
Цонхны хvрээнд буулаа.
Ширхэг ширхгээрээ цас шуурч
Шилэн дээр угалз мэтгэлээ.
Ширээн дээр лаа аслаа,
Лаа аслаа.
Гэрэлтэж гийсэн адарт
Сvvдрvvд тусч сvлжилдэх нь,
Тэврэлдэж атгалцсан гарууд
Vvрдийн заяагаа холбох мэт.
Хос мєнгєн шаахай
Шалнаа тvсхийн унав.
Тос мэлтрэх лаан нулимс
Даашинзны чинь хормойд дусав.
Шивтнэх цасны хаяа хярхаггvй
Цал бууралд бvгд тєєрлєє.
Ширээн дээр лаа аслаа,
Лаа аслаа.
Саваагvй дєлийг дальдраасхийгээд
Хvслийн салхи сэвэлзэхvйеэ,
Сахиусан тэнгэрийнх шиг хос далавч
Хаа нэгтэйгээс дэрвэсхийлээ.
Шинэ цасанд хавирган cap
Vйрэх мэт цацарч буулаа.
Ширээн дээр лаа аслаа,
Лаа аслаа.
Осип Мандельштам /1891-1938/
Мєнгєн зууны хамгийн шилдэг яруу найрагчдын нэг Осип Мандельштамыг шинэ Зєвлєлт хялайн vзсэн юм. Vзэл суртлын алдаа гаргасан хэргээр хорих лагерь дамжиж, Воронежид нутаг заагдан цєлєгдєж, Москвад ойр амьдрах эрхгvй, єєрийн гэх орон гэр гvй явсаар тэр 1930-аад оны эцсээр 47-тойдоо нас баржээ.
Мандельштамыг уншихын тулд, тэрээр тухайн цагтаа цоо шинэ тэгсэн мєртлєє жинхэнэ яруу найргийг туурвисан болохыг ухаарах хэрэгтэй.
Тэрээр шvлгийг vнэн зvрхнээсээ бичиж чаддагаас гадна єєрийнхєє цаг vеийг болоод яруу найргийг маш нарийн чанд цэгнэж чаддаг, “Сайтар бэлтгэгдээгvй хvн бол яаж ч хичээгээд юу ч ойлгохгvй л хоцордог. Соёлоос ангид яруу найраг жинхэнэ яруу найраг биш бєгєєд сонгогчдын дорд хvрээний хэрэгцээг хангах тєдий л зvйл” гэсэн хатуу vзэлтэй нэгэн байсан юм.
Мандельштамын vе vеийн, янз бvрийн номоос найргийн єв дотор нь хамгийн чухал байр эзэлдэг гэсэн утгаар доорхи шvлгийг тvvвэрлэв.
Бие надад заяажээ. Тийм ганцхан,
Надад л заяасан биеэ яах вэ?
Амьсгалах, амьд явах ийм сайхны тєлєє
Хэнд талархах вэ, хэлээд єгєєч?
Зvдэг орчлонгийн хорионд ганцаардахгvй
Зvрх сэтгэл минь цэцэгчнийх, бас цэцгийнх.
Мєнхрєх бvхний толин гадаргууд
Амьсгал минь, дулаан минь цантсан.
Мєддєє ээдрээ нь гарахгvй хээ
Мєн л тэнд нь дурайж хоцорсон.
Эргэх мєчvvдийн мєр толбо элнэ,
Энхрийхэн энэ л хээ vлдэнэ!
Марина Цветаева /1892-1941/
XX зууны оросын яруу найраг символист, акмеист, футурист гэсэн єєр хоорондоо тєдийлэн эв нэгдэлтэй бус модернист бvлгvvдэд хуваагдчихаад байв. Харин Цветаева анхнаасаа л тэдгээрийн алинд ч харвъяалагдаагvй юм. Тэрээр Блок, Ахматоваг биширч, Волошинд шавилж, Маяковский, Есенин нарыг амиа хорлоход vнэн сэтгэлээсээ гашуудан эмгэнэсэн шvлгvvд бичиж байлаа. Рилькэг оросын уншигчдад анх “Сэлэхvй” хэмээх шvлгийг орчуулсан яруу найргийн бvх цаг vеийн шилдэг орчуулгад тооцогддог.
Марина Ивановна 1922 оноос Герман, Чех, Францад цагаачлан амьдарч байгаад 1939 онд ЗХУ-д буцан иржээ. Vvнээс хоёр жилийн ємнє Зєвлєлтєд ирээд байсан нєхєр, охин хоёрыг нь Сталины зандалчид баривчлан барьсан тул яруу найрагч сэтгэл санаа болоод ахуй амьдралын маш хvнд нєхцєлд арга мухардахдаа єєрийгєє боомилон хорвоог орхисон юм. Эх оронтой нь золгуулна хэмээн дагуулж ирсэн хvvгээ дотно нєхєддєє захиж гэрээслэсэн захидал нь єдгєє хадгалагдан бий. Тэр vед 16 настай байсан хvv нь гурван жилийн дараа дайнд амь vрэгджээ.
Хєх толбо
Read On 0 comments

Г.Аюурзанын номнууд

8:01 PM
Хүүрнэл зохиол
2000 он "Дурлалгүй ертөнцийн блюз"
2002 он "Илбэ зэрэглээ"
2005 он "Арван зүүдний өр"
Судлал шүүмжлэл
2002 он "Дэлхийн уран зохиолын 85 сод туурвил"
2004 он "Утга зохиолын тухай яриа"
Яруу найраг
1995 он "Балчир шүлгүүд"
1995 он "Ганцаар цайвар навч"
1998 он "Цаг хугацаа амсхийх зуур"
2000 он "Эр сэтгэл"
2001 он "ФИлософийн шүлгүүд"
2005 он "Non plus ultra"
Орчуулга
Мишэль Монтэнийн эссэнүүд
Уильям Волкнерийн "Баавгай" тууж
Оскар Уайльд, Владимир Наблоков, Хорхе Луис Борхес, Исаак Башевис Зингер, Хулио Кортасар, Милорад Павич, Петер Туррини зэрэг зохиолчдын бүтээлээс монгол хэлнээ хөрвүүлсэн
Read On 0 comments

Г.Аюурзана: Би шагнал бодож явдаг хүн биш

7:58 PM
Ж.МӨНХЗУЛ (2008-09-18) "Өнөөдөр" сонин

Энэ ярилцлагын өмнөтгөлд юу бичихээ үнэхээр мэдэхгүй байна. Мэдэхгүй гэж хэлсэнд уучлаарай. Энэ хүний номыг уншдаг, үзэл бодол, амьдралыг нь сонирхдог хүмүүс олон бий. Тэдний өмнөөс чадах ядахаараа л хэдэн асуулт тавилаа. Цааргалж, дургүйцээгүй Аюур ахад баярлалаа.
-Таныг саяхан нэг тэмцээн билүү уулзалт, цуглаанд яваад ирсэн гэж дуулсан. Энэ талаараа ярихгүй юу. Нөгөө жил бүр очдог Айовагийн их сургууль руугаа яваад ирсэн үү, эсвэл...
-Аа, Македонд болдог Struga Poetry Evenings хэмээх яруу найргийн их наадамд явсан тухай “Өдрийн сонин”-д тэмдэглэл нийтлүүлснийг хэлж байх шиг байна. Олон улсын шүлгийн тэмцээн гэж байхгүй шүү дээ. Янз янзын хэлтэй яруу найрагчид уралдаад, нэг нь түрүүлж байвал ёстой онигоо болох байлгүй.

Харин яруу найргийн их наадмууд энд тэнд олонтаа зохиогддог. Зэрэглэл зиндааны хувьд мэдээж янз бүр. Стругад болдог тэр наадмаас жил бүр нэг яруу найрагч “Алтан титэм” гэдэг шагнал гарддаг. Одэн, Нэруда, Бродский, Хини, Мёрвин гээд аугаа хүмүүст тэр шагналаа өгч байсан болохоор энэ наадам нэлээд дээгүүр түвшнийхэд тооцогдоно. Айовад зохиолчдын ямар нэгэн цугларалт болдог гэж зарим хүн ойлгосон юм шиг байна. Тэндхийн их сургууль орон орны мэргэжлийн зохиолчдыг хамруулдаг хөтөлбөртэй юм л даа. Дэлхий дээрх хамгийн олон зохиолч амьдардаг хот гэгддэг Айова-Ситийн орчин нь өөрөө их сайхан. Харин намайг жил бүр тийшээ очдог гэж чи хэнээс дуулав аа? (инээв)

Ер нь намайг ийш тийшээ явсныг хүмүүс ихэвчлэн аян замын тэмдэглэлээс маань мэддэг. Аян замын тэмдэглэл гэдэг бол сэтгүүл зүйн онцгой сайхан төрөл төдийгүй, уран зохиолын нэгэн өвөрмөц бичвэр юм. Дашрамд хэлэхэд намайг ийм маягаар гадаадын хөтөлбөрүүдэд оролцоод байхаар манай зохиолчид Аюур л ганцаараа зохиолчдын хорооны мөнгөөр зугаалаад байна гэж боддог бололтой юм билээ. Үнэндээ бол цаад газруудынх нь зардал, нэр заасан урилгаар явж байгаа. Зохиолчдын Хорооныхон ч энэ тухай сониноос л мэддэг.

-Шүүмжлэлд хэрхэн ханддаг вэ? Таатай биш байх гэж бодлоо. Яагаад гэвэл та яг жилийн өмнө өөрийгөө орчин үеийн шинэ сэтгэлгээний түвшинд бичиж байгаа хүмүүсээс хамгийн мундаг нь гэсэн байсан. Одоо энэ бодол чинь хэвээрээ юу?
-Өөрөөсөө доогуур хэмжээний хүмүүст шүүмжлүүлэхдээ хэн ч дуртай байдаггүй. Харин өөрөөсөө илүү хүний үгийг анхаарч сонсох л хэрэгтэй. Зарим хүн зүгээр л чулуу шидэхийн тулд уран зохиолыг бамбай болгон ашигладаг. Зарим нь ойлгох хэмжээ дутсандаа буруу бичдэг. Цөөхөн ч гэсэн зарим хүн юу мэдэрч ойлгосноо бичсэн байдаг. Үүнийг ялгаж салгахад хэцүү биш. Ер нь шүүмжлэл гэдэг бол жинхэнэ түвшиндээ маш чухал урлаг юм. Уран зохиол огт мэдэхгүй хүн мэддэг царайлаад цэцэрхэхийг шүүмж гэхгүй шүү дээ. Ухаан муутай хүн урагшгүй юм хийхийг алийг тэр гэх вэ. Тиймээс тоодог ч үгүй. Харин өөрийгөө хамгийн мундаг нь гэж хэлснээ даанч нэг санахгүй байх чинь. Зөвхөн үнэнийг ярьж, үнэнийг бичиж байх л сайхан, тийм биз? Сурвалжлагч хүний хувьд ч гэсэн анхаарал татсан яриа авахын тулд заавал этгээд, өдсөн асуулт тавих шаардлагагүй шүү дээ.

-Би нэгэн гадаад хэлний мэргэжилтэн хүнээс “Төрөлх хэлээрээ ярьж, бичиж байхдаа дунд нь гадаад үг хэрэглэх маш бүдүүлэг явдал” гэж сонссон юм. Таны зохиолууд дунд орос, англи шүлгийн мөр, ишлэл хааяагүй. Яагаад эдгээрийг хэрэглэдэг юм бэ?
-Хэл бол хүний сэрэл мэдрэмжээ илэрхийлэх багаж хэрэгсэл шүү дээ. Тэр сэрэл мэдрэмж хэр зэрэг хурц, гүн байгаагаас хэлний гоо зүйн цоо шинэ ойлголтууд төлөвшиж, яваандаа энэ нь уран бүтээлчийн дотоод ертөнц рүү уншигчийг хөтлөх зам болдог. Миний аль нэг баатар харь хэлээр ярих хэрэгтэй үед би орчуулж, амтыг нь сулруулаад яах юм бэ? Надад тийм эрх ч байхгүй. Товчхон хэлэхэд, хүн чамирхаж харь үг хавчуулан ярих, зохиолын дотор гадаад үгээр илэрхийлсэн хэсэг байх хоёр бол тэс ондоо ойлголтууд л даа.

-Та хэр эмзэг хүн бэ? Миний бодлоор та уран зохиол, уншигч хоёрын харилцаа, хамаарал, ойлголцлын сөрөг тал дээр их эмзэглэдэг юм шиг санагдсан. Номныхоо ард тайлбар бичээд л. Эсвэл энэ нь хүмүүс зохиолыг чинь уншаад ойлгохгүй байх вий гэсэн айдас уу?
-Номын арын тайлбар бол эмзэглэлтэй ямар ч хамаагүй. (инээв) Энэ бол Монголд анх удаа тайлбартайгаа гарсан роман. Зохиогчийн далд санааг ил болгох, нэгэн талдаа шинэ оролдлого гэх юм уу. Уншигч эхлээд өөрийнхөөрөө уншина. Дуусмагцаа зохиогчийн санааг уншина. Энэ нь сонирхолтой төдийгүй эцэстээ нэгэн цогц болдгоороо бас л уран зохиолд нэмэртэй зүйл. Зохиолч хүний ердийн л эрэл хайгуул.

-Орчуулгын зохиолууд олширч байна. Та ч гэсэн эхнэртэйгээ хамт орчуулдаг. Хэд хэдэн хэлний хөрвүүлэг дамжсан бүтээл орчуулахад утга санаанд нь өөрчлөлт орох эсвэл орчуулга чанаргүйдэх аюул бий болов уу? Манай хэлэнд гэхэд л яаж ч орчуулаад утга нь яг таг гардаггүй үгнүүд байдаг гэж дуулсан.
-Утга зохиолын орчуулагч хүн хоёр чухал чанарыг зайлшгүй эзэмшсэн баймаар. Нэгдүгээрт, уран зохиолыг мэдэрдэг, хоёрдугаарт эх хэлээрээ сайн найруулж бичдэг байх ёстой. Монгол хэлээ сайн мэдэхгүй нөхөд орчуулга хийдэг болсонд заримдаа харамсдаг. Хэл дамжуулахын хувьд бол, манайхан нэгэн үе ганцхан орос хэлээр дамжиж л дэлхийн утга зохиолын зах сэжүүрт хүрсэн шүү дээ.

Жишээлбэл, “Зуун жилийн ганцаардал” романыг Аким гуай испаниас биш оросоос орчуулсан. Сайхан л орчуулга байгаа биз дээ? Нөгөө асуултын хувьд бол, монгол хэлэнд орчуулж болохгүй, утга нь буухгүй үг гэж огт байхгүй. Буухгүй л байгаа бол орчуулагч молхи болоод тэр. Орчуулгын зохиолууд олширч байна гэж чи сая хэллээ. Үүнд муу юм байхгүй шүү дээ. Аль болох л олон ном орчуулагдаж, хүн төрөлхтөний оюун санааны сор шимээс Монголчууд хүртэж л байвал сайхан хэрэг.

-Монгол хэл мөхөж байгаа хэлний тоонд ороод байгаа. Энэ бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах зүйл. Таны бодлоор эх хэлээ аварч үлдэхийн тулд хэн, юу хийвэл зохистой вэ?
-Хэлийг амьд байлгадаг ганцхан зүйл байдаг юм. Амьд, жинхэнэ түвшний уран зохиол. Хэл шинжлэлээр ч биш, хуулиар ч биш, хүн амын тоогоор ч биш, эдийн засгийн өсөлтөөр ч биш, амьд, сайн бичигдсэн номуудаар хэлний дархлааг бэхжүүлдэг. Хэлээ амьд хадгалах бас нэг чухал зүйл нь монголчуудын хувьд бичиг үсэг байж мэднэ. Өнөөдрийн хандлагаар бол, хэдэн том дарга уншиж чадахгүй болчихоос айсаар байгаад бид үндэсний бичгээ хэзээ ч сэргээхгүй сөнөөх нь шиг байна. Монгол түмний оюуны асар том соёл одоо арьсан урлал чимэглэдэг хээ төдий л үлдэх гээд байх шиг.

Явж явж монгол үндэсний бичиг үсгийг хадгалсан цорын ганц улс нь Хятад болох нь ээ. Өвөрмонголыг би хэлж байна. 4-5-р ангийн хүүхдүүдэд монгол бичгийн хичээл зааснаар тэр бичгийг авч үлдэхгүй. Түүгээр ном зохиол бичиж, хэвлэж, төрийн хэмжээнд албан ёсоор хэрэглээгүй цагт ч... Ээ дээ... Энэ миний санаа биш, олон сэхээтэн үүнийг мэдэрч байгаа. Гэтэл зарим эрдэмтэд латин үсэгт оръё ч гэнэ үү, элий балай юм яриад эхэлчихсэн, мөд хэрэгжүүлэх сураг дуулдаад байна.

Өөрийнхөө бичгийг үгүй хийж хаячихаад, одоо буцааж сэргээе гэхийнхээ оронд өөр нэг гаднын бичиг ахиад нэвтрүүлнэ гэдэг хаанаас явуулж байгаа хорлон сөнөөх бодлого юм бэ? Эцсийн дүндээ үндэстэн гэдэг ойлголт хэл, соёл хоёр дээрээ л тогтдог. Нүүдлийн соёлоо бид одоо устгаад барж байна. Ганцхан Улаанбаатарт л гэхэд уурхайчдад хөөгдөөд бэлчээргүй болсон малчид нүүж шаваад, энэ хонхорт 1.2 сая хүн шахалдаж сууна. Одоо тэгээд бичиг үсгээ латинчлаад... энэ янзаараа гурван үе өнгөрөхөд ханз үсэгт шилжих байлгүй.

-Хэлснийг сонсох, бичснийг уншихаас илүү илэрхийллийг үзэх нь сэтгэл хөдлөм байдаг. Тиймээс дэлгэцийн урлаг, тэр дундаа кино асар хүчтэй хөгжиж байна. Хэзээ, хэнд өгсөн ярилцлага гэдгийг тань санахгүй байна л даа. “Зарим киноноос уран, гоё санаа хараад атаархдаг” гэсэн байсан. Хамгийн дуртай кино чинь ямар кино вэ? Яагаад?
-Кино бол шинэ цагийн утга зохиолын нэг гол жанр, хамгийн нийлмэл постмодерн амьсгал нэвчсэн урлаг шүү. Даанч ганцхан манайд л огт хөгжихгүй юм. Хамгийн дуртай кино гэхээр яг тулгамдаад санаанд орохгүй байна аа. За тэгээд өчнөөн дөө, өчнөөн. “Загалмайлсан эцэг”, Бэргманы “Шивнээн, чарлаан”, “Америкт нэг удаа”, “Парадизо кинотеатр”, “Форрэст Гамп”... Оросын Бортко гэдэг найруулагч Достоевский, Булгаков зэрэг сонгодгуудын романуудыг яг бичигдсэн янзаар нь кино болгоод явна лээ. Заримаас нь үзсэн. Үнэхээр гоё байсан.

-Социалист нийгмийн үед та бараг хүүхдээрээ байжээ. Гэвч таны зарим зохиолд тэрхүү нийгмийн системийг ихэд буруутгасан өнгө аяс бүхий утга санаанууд гардаг. Юу тэгж бичихэд хүргэдэг юм бэ?
-Тэр үед л манай уран зохиолд гай тариад байгаа өнөөдрийн бүх төөрөгдөл, завхралын үр үндэс тавигдсан юм шүү дээ. Жирийн гуталчин, төлөвлөгөө нормоо биелүүлээд явдаг тээврийн жолооч, мөрөөрөө мал дагасан малчдад социализм сайхан нийгэм байсан байж магадгүй. Өөрийн гэсэн бодолтой сэхээтэн, тэр тусмаа уран бүтээлч хүнд бол маш халгаатай нийгэм байсан. Хүний бодох, сэтгэх эрх чөлөө хаалттай газар хөгжил гэдэг ойлголт байхгүй шүү дээ. Энэ нь жирийн хүмүүсийн нүдэнд тийм ч тод харагдахгүй байж болох зүйл л дээ.

-Таны бодлоор эрх чөлөө гэж юу вэ? “Илбэ зэрэглээ” романы чинь нэгэн баатар “Хэрвээ хүн гэдэг ганц нийгмийн амьтан юм бол би хүн байхаас татгалзаж байна” гэж хэлдэг. Зохиолоо бичсэн цаг хугацааны тань дарааллаар бол тийм байж таарахгүй боловч хийсвэрээр харвал магадгүй “Уулын монолог’’-т гардаг чонын амьдралаар амьдрагч хүн дээрхийг хэлсэн хүн мөн ч юм шиг.
-Өө, чи их гоёор харж. Үнэн. Энхбат хүн байхаас татгалзах нь нийгмийн нэгэн эрэг шураг байхаас дээр гэж бодсон ч, энэ санаагаа хэрэгжүүлээгүй. Яая гэхэв, амьдрал тийм л байдаг. Зөв юм бодлоо ч, бидний ихэнхийн маань хувьд буруу амьдрах нь илүү амар байдаг. Харин тэр “Уулын монолог”-т гардаг нөхөр тэгж чадсан. Тэгж чадсан нь надад таалагддаг, гэхдээ түүний зөв үү буруу юу, би дүгнэлт хэлж чадахгүй.

-“Миний бичснийг сайн ойлгодог хүн байгаа гэдэгт эргэлзэж байна” гэж хэлсэн байсан. Зохиолыг тань уншдаг хүмүүсийн дийлэнх нь сэтгэлдээ олон дурсамж хадгалж явдаг, аливааг үнэн голоосоо үзэн ядаж эсвэл хайрладаг, нэг бол хэт хайнга хүмүүс байгаа байх гэж би төсөөлдөг юм. Таны хувьд тэд хэн бэ? Та тэднээс юу мэдэрдэг вэ?
-Надад цөөн боловч жинхэнэ уншигчид бий гэдгийг олж мэдснээсээ хойш би маш аз жаргалтай хүн болсон. Үүнийг мэдэхээсээ өмнө би өөрийгөө яруу найрагч, зохиолч гэж нэрлэхээсээ санаа зовдог байлаа. Тэд яг ямаршуухан нийтлэг шинж төлвийн хүмүүс байгаа бол гэж би хэзээ ч бодож үзээгүй. Магадгүй, чиний хэлсэн шиг тийм л залуус номыг маань авдаг ч байж болох юм. Миний хувьд, тэд бол миний хамтран зүтгэгчид. Миний бичсэн бүхний эцсийн тусгал уншигчдын дотоод ертөнцөд л бий болно. Тэдэнд төрж байгаа бодлууд л уран зохиолын эцсийн үр дүн юм. Түүнээс биш, ном хэвлүүлэх юу юм бэ? Юу ч биш, тийм онцгой ч ажил биш.

-Үүнийг асуух юм сан гэж маш их хүсч байлаа. Тэгээд яг асуух гэснээ бас айчихлаа. Гэхдээ л асуух хэрэгтэй байна. Та С.Анудар гэж залууг мэднэ. Энэ хүний талаар мэддэгээ хуваалцаач. Гаргасан анталогт тань “Бүх юм” өгүүллэг нь орсон байсан. “4 биш 4” гэдэг ном танд бий юу?
-Байлгүй яахав. Тэр номыг хэвлүүлсэн даруйдаа л Ч.Мөнхбаяр надад бэлэглэсэн юм. “Бүх юм” бол сайн өгүүллэг шүү дээ. Би Анударыг зүс таних төдий л мэддэг байсан. “Сайн уу? Юу байна?”-аас хэтрэхгүй. Тэр надад өөрийгөө притчүүд бичдэг гэж танилцуулж байсан. Тэр притч гээд байсан зүйлсээс нь би хоёрыг сонгоод, “Билгүүн судар” гэдэг сонин байсан даа, тэнд гаргасан. Нэг нь л лав “Мууг хүссэнээр жаргал олдохгүй” гэдэг нэртэй байсныг санаж байна. Миний бодоход, цаана нь нэлээд олон тийм зохиол байсан болов уу. Амиа хорлосонд нь биш, харин түүнтэй дотно нөхөд яваагүйдээ харамсдаг.

-Үхлийн тухайд юу боддогоо хэлээч? Жам ёсны бус үхлийг (амиа хорлолтыг) хүмүүс муу ёр, айдас түгшүүр, тэвчишгүйгээс үүдсэн урвалт гэж боддог. Харин зарим тохиолдолд асар их зориг, итгэл үнэмшил, үзэл бодолдоо үнэнч байхын илрэл байдаг юм шиг? Дээрх хоёр асуултыг нийтлэхгүй гэж бодож байна.
-Яагаад нийтлэхгүй гэж? Сайн асуултууд байна шүү дээ. Амиа хорлох тухай бодож үзээгүй хүн ер нь байдаг юм уу? Хүн бүхэнд ойрхон, их чухал асуулт гэж бодож байна. Зүгээр, миний санахад, амиа хорлох бол хэтэрхий амархан. Шийдэж л чадвал, хэрэгжүүлэхэд хялбархан. Амьд явах чинь хамаагүй хэцүү шүү дээ. Насанд хүрсэн оюун ухаантай хүний хувьд хэцүүг нь сонгосон нь дээр.

-Таныг төрийн шагналд нэр дэвшүүлсэн гэж дуулсан. Шагнал магнал аваад чангарах нь ээ, та бүр.
-Аль ноднин нэр дэвшээд ашгүй унасан. Би шагнал бодож явдаг хүн биш. Тэр тусмаа маш олон муу зохиолч авчихсаны улмаас авах юмсан гэж хүсмээргүй болчихсон шагнал шүү дээ, тэр чинь.

-Та бичсэнээрээ мөнгө олдог уу?
-Олдог. Би өөр юугаар мөнгө олох юм бэ? Миний эхнэрийн номууд бас сайн зарагддаг. “Ганцаардлын дасгал” гэдэг шүлгийн ном нь ганцхан жилийн дотор 3000 ширхэг борлогдсон. Шүлгийн номын хувьд энэ бол их тоо. Гэхдээ бид хоёр одоо хангалттай гээд ахиж хэвлүүлээгүй.

-“Дурлалгүй ертөнцийн блюз” ээс чинь жинхэнэ дурлал гэж хаа ч байдаггүй гэсэн санаа цухалзаад байгаа юм шиг санагддаг. Гэхдээ энэ бол миний олдвор л доо. Яагаад ч юм та эхнэртээ жинхэнээсээ дурласан уу гэж асуумаар санагдчихлаа.
-Над шиг хүмүүс хэн нэгэн хүнд үнэн голоосоо л дурлахгүй бол бас тэгээд, тэр хүнгүйгээр амьдарч болмоор байвал, хэзээ ч гэрлэдэггүй юм. Пөөх, бараг л афоризм шиг хэлчихлээ. Над шиг хүмүүс гэж одоо юу гэж байгаа юм бэ, тээ? Ашиг харж биш, сэтгэл зүрхээ дагаж гэрлэдэг хүмүүс гэвэл илүү дээр ч юм уу? За тэр ч яахав. Би зүгээр л, аз болоход, жинхэнээсээ дурлаж үзсэн шүү л гэж хэлэх гэсэн юм.

-Гурамсан романаа төгсгөчихлөө гэж бодтол үгүй юм шиг юм хэлсэн байна билээ. Ямар нэг сэжүүр үлдээчихвэл үргэлжлүүлээд байж болдог юм аа даа. Эсвэл тэр нь “Амь тавьж буй шувууны далавч” байсан уу?
-Биш ээ, “Амь тавьж буй шувууны далавч” бол залуу насныхаа өмнө тавьсан өрөө дарсан явдал байсан юм. Би тэр бүх явдлыг яаж ийгээд нэг цэгцэлж бичих ёстой байлаа. Гурамсан мөчлөг романуудаа би дуусгасан. Он гаргаад энэ гурван романыг нийлүүлж ботилдог ч юм бил үү гэж бодож байгаа. Гэхдээ сүүлчийн “Цуурайнаас төрөгсөд”-тэй бага сага холбоотой бас нэг роман энэ өвөл бичих санаатай.

-Зохиолч хүн өглөө бүхэн сэрэхдээ зохиол бичих урам зоригтой сэрдэггүй л байх. Хаа нэгтээ “Одоо ингээд бичихээ больё” гэж шантарсан үе бий юу?
-Үгүй, надад өөр сонголт байгаагүй. Уран зохиолоос ангид амьдрая гэвэл болох байх л даа. Гэхдээ л чадахгүй.

-Мэдрэмж, эр зориг, итгэл үнэмшил гэсэн зүйлс зохиолч хүнд овог нэрнээс ч илүү хэрэгтэй юм болов уу гэж би боддог. Танд хэрэгтэй бүхэн тань бүгд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ энэ бүхэн гэв гэнэт алга болчих үе байдаг уу? Юу ч мэдрэхээ байгаад, юу ч бичмээргүй санагдвал та юу хийдэг вэ?
-Ном уншдаг. Би юу ч бичихгүй явж чадна. Харин юу ч уншихгүй явж яагаад ч тэсэхгүй. Энэ хорвоо дээр гайхамшигтай зохиолч түм бум байна. Тэд юу бичсэнийг, юу бичиж байгааг хайхардаггүй зохиолч гэж байх ёсгүй л дээ. Заримдаа би нэг ч хүнгүй, зэлүүд уулын аманд, дулаахан байшин барьчихаад, задгай галын гэрэлд ном уншихаас өөр юу ч хийлгүй амьдрах хувь заяа тохиодог ч болоосой гэж боддог. Юу ч бичилгүй, ердөө л ном уншаад. Зарим хайртай зохиолчдоо дахин дахин эргэж хараад л.
Read On 0 comments
Read On 0 comments

Хайвал олно