Д.Нацагдоржийн Хавчлага, хэлмэгдүүлэлт ба Амьдралынх нь сүүл үе

Хэдийгээр Д.Нацагдорж 1922 оны наймдугаар сард Намын Төв Хорооны дэргэдэх X үүрт орлогч гишүүнээр элсэж байсан боловч 1930 онд Намын II цэвэрлэгээгээр тайж, баруунтны үед Дамбадорж, Жадамба нарын дэргэд дээгүүр албанд ажиллаж байсан, үндэсний үзэлтэй гэж намын гишүүнээс хөөгджээ. Түүгээр ч үл барам, элдвийн хилс хэрэгт хардаж сэрдэх болсон байна.

Улмаар Д.Нацагдоржийг 1932 онд ул үндэслэлгүй хардлагаар улс төрийн хилс хэрэгт баривчилсан юм. Энэ тухай дайчлан баривчлах ордер, урьдчилан хорих тогтоол, үзлэг нэгжлэг хийсэн тогтоол зэрэг нь хэрэгт байхгүй байна. Харин хэрэгт "Дотоодыг хамгаалах газар /ДХГ/-ын дэргэдэх Тусгай комиссын хуралд нууц улс төрийн хэлтсээс хэлэлцүүлэх хэргийн товъёог.." гэсэн зүйлд Д.Нацагдоржийг 1932 оны тавдугаар сарын 17-нд Донровын Намдаг, Найрсаны Галун нарын хамт баривчилж ДХГ-ын гянданд хорьж байгаа гэж тэмдэглэжээ. Баривчилсанаас хойш есөн удаа байцаасан ба мэдүүлгийг ярианы тэмдэглэл байдлаар бичиж гарын үсэг зуруулжээ. Түүнийг цуурхлын хэрэгт холбогдуулан буруутгаж байцаасан ч тэрээр хэргийг хүлээгээгүй байна. Д.Нацагдорж мэдүүлэхдээ".Би энэ засгийн ажил хэрэгт сурсан бага зүйл ба биеэр зүтгэхээс өөр амьдрах замгүй гэж санаж явсан ба цаашдаа ч энэ санаа хэвээр., сая баригдаж хоригдох хүртлээ улсад ажиллаж байлаа. Намайг гадуурхаж байсангүй. Би улс төрийг эсэргүүцсэн яриа, хурал хийгээгүй. Гадаадад оргож явах санаа ер байсангүй. Нөхдөөс ч хэлсэн ярьсан зүйлгүй. СССР ба Германд явж суралцах өргөдөл хоёр удаа бичсэн." гэжээ.

Мөн тэрбээр "Миний хийсэн хэрэг гэвэл 1921 оноос танил нөхөд бага Гомбожав, герман хэмээх Гомбожав, хамтралын Цэрэнжав, Лооройсамбуу, зураач орос Никулин, Наваан-Юндэн, Намдаг, Галун, буриад Ханд. нартай удаа дараа архи ууж, заримтай нь хөзрөөр мөрийтэй тоглож 5-10 төгрөгийн хонжоог өгч авалцдаг байснаас өөр хортой зүйл хийгээгүй ба яриагүй. Хэрэв ярьсан бол зохих газарт хэлнэ" гэжээ. Д.Нацагдорж хийсэн хэрэггүй болохоо батлан мэдүүлэхийн зэрэгцээ сургагч нарын талаарх өөрийн бодол, гадаадад харилцаатай байдаг найз нөхдийнхөө тухай: "СССР-ээс уригдаж ирсэн сургагч нарыг зөвхөн амиа тэжээх гэж ирээгүй, ажиллаж амьдрах гэж ирсэн биз гэж боддог. Уригдаж ирсэн сургагч нар анх ирэхдээ уранхай муу хувцастай ирээд буцахдаа сайн сайхан хувцастай болоод явдаг шүү дээ. Эдний зарим нь тустай ажил хийдэг ч зарим нь хийсэн юмгүй цалин мөнгөний хойноос хөөцөлдөж байгаад явдаг ч бий. Харин гадаадад харилцаатай хүмүүс гэвэл Лейпциг хотын дээд сургуулийн сургагч герман Барахутай 1929-1930 онд 3-4 удаа захидлаар харилцаж "Чойжид дагинын тууж нэгийг явуулж Барахугаас" герман хэлний тайлбар толь нэг, гадаад хэлний тайлбар толь зэргийг авсан "хэмээн мэдүүлсэн байна.

1932 оны наймдугаар сарын 15-ны өдрийн мэдүүлэгтээ " Би өөрийн түүхт байдлаа болон хийсэн хэрэггүй гэдгээ урьд мэдүүлсэн. Одоо гянданд бие тэсэхүйеэ бэрх болж буйн дээр би хувьсгалт засаг төрдөө тустай ажил хийж явснаас өөр хортой санаа агуулж, хортой ажил хийж явсан зүйлгүй. Гэтэл одоо хилсээр баригдан гянданд хоригдож байгаа тул хэргийг даруй цагаатган өршөөлийг үзүүлнэ үү" гэж хүсчээ. Гэтэл Д.Нацагдоржийг ДХГ-аас байцаан шалгаад, үерхдэг найз нөхөдтэйгээ архи ууж наргиж байх үедээ "дайн болвол эд биднийг үл бүтэх этгээд гээд устгахыг бодно, Германаас сургууль төгсгөлгүй татаж ирүүлсэн явдал бол юм сураад толгой дээр сууна гэж хордсоноос болсон хэрэг, хэрэв Дамбадорж, Жадамбаа нар байсан бол ингэж муугаа үзэж юу боллоо гэж хүн болгонд адлагдахав, оросууд аймхай учир нутагтаа буцаж байна. "гэх зэргээр ярьсан гэсэн хэргээр ялын төлөвлөгөөгүй зөвхөн тусгай комиссын хуралд хэлэлцүүлэх хэргийн товъёогт бичжээ.

ДХГ-ын дэргэдэх тусгай комиссын 1932 оны аравдугаар сарын 29-ний өдрийн хурлын /дугааргүй/ тогтоолоор дээрх хэргийн учир ШЦБ-ийн 49-р зүйлээр Д.Нацагдоржийг нэг жил тэнсэн харгалзах ял оноож суллах шийдвэр гаргасан байна. Хожим 1989 оны дөрөвдугээр сарын 14-ний өдрийн ДШЦК-ийн 14 дүгээр магадлалаар Д.Нацагдоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгажээ.

Зүүнтний алдаатай бодлогын уршгаар тэрээр сурч мэдэх, хийж бүтээх хүслийг нь хязгаарлаж, үндэсний үзэлтэй хэмээн авъяас чадварыг нь боогдуулж, баруунтан гэж хардаж сэрдэн, улмаар намын гишүүнээс хөөж эхнэр /Нина Цистякова/, охин /Ананда Шира/ хоёрийг нь зөвлөлтөд буцаасан, гэр бүлийн талаар тогтворгүй байсан, улс төрийн ба хулгайн /1936 онд ШУХ-гээс гэрэл зургийн цаас хулгайлсан хэргээр дөрвөн сар хорих ял шийтгэгдэж байв. Хэрэгт тус бүр 4-5 сар хорьж хилс шийтгэсэн зэрэг улс төр , ажил амьдралын янз бүрийн дарамт шахалтаас сэтгэл санаа гундаж эцэстээ архинд автагдан эрүүл мэндээр доройтож ид хийж бүтээх 31 насандаа 1937онд зуурдаар нас барсан байна.

Эх сурвалж
http://www.tuv.gov.mn/natsagdorj/Index.html
http://www.tuv.gov.mn/natsagdorj/Sudlal/s-1.html
Д.Цэдэв /Утга зохиол урлаг 1986. №47
http://www.maranata.mn
(c) 2006, Д.ЖИГВААГҮНСЭЛ (c) 2006, Mongol News Media Group Интернэт эх сурвалж: http://www.mongolnews.mn/main.php?Module=Unuudur&option=details&nid=12690

0 comments:

Хайвал олно

Loading...

Архив