Р.Чойном Сургааль шүлэг - 2

Хүн болж төрсний учир чи
Хүн бүхнийг хүндэлж яв!
Хүнээс хүчтэй амьтан энэ ертөнцөд үгүйн учир
Хүнээс чи айж, болгоомжилж яв!


Буруу биш, зөв сэтгэлтэй явбал чинь
Бурхан бус, хүн, чамайг аварна.
Булзаж мэхэлж, хорон санаатай явбал чинь
Буг биш, хүн, чамайг ална!

Цэцэн ч бай, тэнэг ч бай хүний сэтгэл
Цэцэглэн ургахдаа амархан хүчит хөрс юм.
Хэрвээ чи, өөрт хэрэггүй зүйлээр ч гэсэн
Хэн нэгнийг ядарч явахад нь баярлуулсан бол

Тэр хүний сэтгэлд чиний төлөө цэцэрлэг ургаж
Тэртээ хожим чи үр шимийг нь амсах болно!
Алив бүхэн, ганцхан өдрөөр дуусдаггүй.
Аавын хүүтэй ганцхан уулзаад өнгөрдөггүй.

Амьдралын олон давааны чухам ямар оройд
Азтай буюу эзтэй тааралдахыг мэдэхэд бэрх!
Зурвасхан тохиолыг, үүрд үл мартан
Зуун жилийн хойно ч гаргаж ирж болно.

Аар саархан юманд үл хайхран
Аягүй нэгэн ул мөр хүний сэтгэлд үлдээвэл
Он жилийн уртад тэр, чиний эсрэг
Ой хөвч болтлоон ургасаар явна.

Ярвагар явахдаан хэрхсэнээ чи мартан
Ядрах нэгэн өдрөө тэр ойд орно.
Гарах газаргүй хорт ширэнгэнд мухардаж
Гашуун бэрх шийтгэлийг хожимдсон хойноо амсана!

Хөрөнгө зоорь, нэр алдар, албан тушаал
Хөгшдийн буян, залуугийн тэнхээ, найз нөхөд
Аль нь ч гэсэн өнөө байвч, маргааш хоосон
Алга дарамхан улаан нүүр л хэзээ ч хэвээр!

Дайсан нөхөр хоёрын аль нь ч гэсэн
Дандаа уншиж явах амьд хуудас бол
Үхэн үхтэл гагцхүү чиний нүүр мөн!
Үүний учир, тэр хуудсанд инээмсэглэлээс өөр юу бүү бич!

1975-8-24
Р.Чойном "Сүмтэй будрын чулуу" номны 1990, 123-124-р талууд

0 comments:

Хайвал олно

Loading...

Архив