Б.Галсансүх: Би тэнгэрийн амьтан гэж онгирохгүй

Г.БАТЦЭЦЭГ (2008-04-18)"Өнөөдөр" сонин

Яруу найрагч Б.Галсансүхтэй ярилцлаа. Тэрбээр эдүгээ МАХН-ын Хэвлэл, мэдээллийн албанд ажиллаж буй ч түүнтэй ярилцахдаа улс төр огт хөндөөгүй юм.
-Та шинэ ном хэвлүүлсэн байна лээ?
-Тэгсэн. “Бурханд хэлэх зөвлөгөө” нэртэй яруу найргийн ном л доо.

-Одоогоор модернист өнгө аясаар бичиж байгаа хүн өөрөөс чинь өөр алга. Хэн нэгэн гараад ирвэл дэмжих үү?
-Ийм өнгө аясаар бичиж байгаа залуус байгаа. Би ч тэднийг дуртай дэмждэг. Нэрлэвэл гарын арван хуруунд багтана. Цаг нь болохоор тэр залуучууд “тэсрэлт” хийж гарч ирнэ гэдэгт их итгэж байгаа. Зарим нэгнийх нь шүлгийг уншиж үзээд сэтгэлгээ сайтай, оюун ухааны яруу найрагч болох хүн байна гэж олзуурхдаг.

-Яруу найргийн хэвшмэл өнгө аясыг эвдэж, шинэ соргог шүлэг бичдэгээрээ та олны анхаарлын төвд байдаг юм шиг санагддаг?
-”Болор цом” гэж юу юм бэ гэж нэлээд бодсоны эцэст хулгай, дээрэм хийгээд, биеэ үнэлээд явж байснаас шүлэг уншиж байсан нь дээр юм байна гэдгийг ойлгосон. Хүн болгон шүлэг бичээд уралдаад байхаар аазгай, шар хөдлөөд би ч гэсэн шүлэг бичдэг байж яагаад уралдаж болдоггүй юм гээд оролцсон.

-Таны дотоод ертөнц рүү өнгиймөөр санагддаг юм?
-Өнгийж яах гээд байгаа юм бэ.Сонирхолтой юм байхгүй шүү. Шүлэг бичиж уншихаараа л яруу найрагтай холбоотой болохоос биш би бусадтай адил жирийн хүн. Хүмүүсийн адил уурладаг, бухимддаг, инээдэг, баярладаг. Зарим нэг найрагчид өөрсдийгөө тэнгэрийн амьтай, хийморьтой гээд л онгирч ярьдаг юм билээ. Би бол тэр тэнгэрийн амьтан бүр ч биш.

-Яадаг юм. Тэдэн шиг онгирооч дээ?
-Яах юм бэ, тэгж онгирч. Шүлэг бичих надад таалагддаг. Бичсэн шүлгээ энд тэнд унших дуртай. Түүнээсээ ч кайф авч чаддаг. Үүнээс илүү их зүйл надад хэрэггүй.

-Цаг хугацаа, орон зай, үзэл бодолд нэг их баригддаггүй, задгайдуу хүн шүү та?
-Би юманд баригдаж хүлэгдэхгүй дургүй. Өөрийнхөөрөө л байх дуртай. Яруу найраг гэдэг чинь нэг талаасаа онгодын юм. Онгодын юм гэдэг утгаараа бөөтэй их холбоотой. Хүмүүс бөөгийн шашин гэж ярьдаг. Би бол шашин гэж ерөөсөө үздэггүй, харин тэнгэр шүтдэг ертөнц гэж ойлгодог.

-Та бөө шүтдэг юм уу?
-Тийм. Манайханд бөөгийн удам бий.

-Таныг хүмүүсийг, нийгмийг шүүмжлэх дуртай гэцгээх юм билээ?
-Намайг дандаа шүүмжилдэг, муу хүн гэж ярьдаг гэсэн. Шүүмжилж байж хөгжүүлнэ биз дээ. Юм болгоныг дандаа магтаж, сайшаагаад байвал далд байгаа идээ бээр нь улам ялзраад хэзээ нэгэн цагт гоожно шүү дээ. Нийгмийн амьдрал ч тэр, уран зохиол, урлагийн амьдрал ч тэр шүүмжлэл дээр тогтдог. Би дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй хүн. Шүүмжилж, илааршуулж, эдгээж байхгүй бол энэ нийгэм чинь болохгүй болчихоод байна.

-Яруу найрагч хүн ихийг, магадгүй хүсэл сонирхол, амьдралаа ч золиосолдог байх?
-Амьдралаа золиосоллоо гэж ярьж байх хүнтэй таарч л байсан. Би эгэл хүн учраас хүн шиг л амьдарна. Яруу найрагч хүн гээд хамаг амьдралаа орхиж, гээгээд явна гэж юу байх вэ дээ. ХХI зуун гарчихаад байхад урлагийн төлөө өөрийгөө золиослох ёстой гэсэн солиотой ойлголт манайхан дунд их байх юм.

-Та чинь М.Горькийн Утга зохиолын сургуульд, дараа нь Солонгост суралцаад ирсэн байх аа. Хойшдоо үргэлжүүлж суралцах бодол байна уу?
-Бодол бий. Явж үзэж ертөнцийг таньж мэдэх шиг сайхан зүйл хаа байх вэ. Би хэрж, хэсүүчилж явах дуртай. Цаашдаа ч явна, сурна, хэснэ, бас үзнэ, харна, хөгжинө. Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна гэдэг шиг надад явах газар их байна.

-Оросыг яруу найраг, утга уянгын үргэлжилсэн үгийн зохиолын өлгий орон гэж ярьдаг. Тэнд сурч байхдаа юуг их мэдрэв?
-Оросууд ном их уншдаг, яруу найрагсаг ард түмэн. Шөнийн 01 цаг болчихсон байхад Москвагийн номын дэлгүүр хүн ихтэй байгааг хараад оросуудаар бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг юм. Тэгэхээр тэд ямар их уншдаг оюунлаг ард түмэн бэ гэдэг нь андашгүй байгаа биз. Солонгост ч гэсэн ялгаагүй. Тэнд яруу найргийн, хүүхдийн зохиолчдын, залуу зохиолчдын , эмэгтэй зохиолчдын, жүжгийн зохиолчдын гээд 43 байгууллага байна. Гэтэл Монголд хоёрхон байх жишээтэй. Өрөвдмөөр байгаа биз. Ийм өчүүхэн, өрөвдөлтэй байж манайхан хөгжинө гээд хэнэг ч үгүй цээжээ дэлдээд ярихыг нь яана.

-Солонгосын яруу найраг юугаараа их онцлогтой байх юм бэ?
-Солонгосын яруу найраг Хятад, Японы сонгодог яруу найрагт суурилсан тансаг, дээр нь үзэл сурталд автаагүйгээрээ онцлогтой. Барууны чөлөөт яруу найраг болон дорно дахины сонгодог яруу найраг холилдсон учраас өвөрмөц яруу найрагтай. Солонгосын орчин үеийн яруу найргийг би сайн гэж дүгнээд байгаа юм.

-Та өмнө нь “Сэтгэл гэдэг эрхтэн”, “Яруу найргийн шинэчлэлийн төлөөх 100 жилийн дайн” нэртэй ном хэвлүүлсэн. Нэлээд шүүмжлүүлээд авсан шиг санагдах юм?
-Би угаасаа шүүмжлүүлж байдаг хүн. Анх бичиж эхэлсэн цагаасаа шүлгээ ном болгож хэвлүүлсэн өдөр хүртэл тасралтгүй шүүмжлэлд өртсөн. Яруу найраг тухайн цаг үедээ шинэлэг байж хүмүүсийн оюун санаанд нөлөөлнө үү гэхээс өнгөрсөн баларсан эрт галавын зүйлийг дуурайж, сэргээж бичээд хэзээ ч хол явахгүй. Хүн болгонд сайн сайхан хандах гээд, бас харагдах гэж явж чаддаггүй ээ, би. Үүнийгээ ч нуудаггүй. Үнэн үг хэлсэн хүн үргэлж өөлүүлж, адлуулж байдаг хойно надад дургүй хүн олон байдаг биз.

-Муулуулж байхад сайлуулах чанар ч танд байлгүй дээ?
-Уг нь хүнд туслахыг их хичээдэг л дээ. Даан ч миний чадал хүрэхгүй нь олон байх юм.

-Таныг гаж сэтгэж, гаж бичих юм гэж шүүмжилж ярих хүнтэй таарч байлаа?
-Би ямагт шинэлэг сэтгэлгээтэй яруу найрагч байхыг хүсдэг. Шинэ, шинэ юм бүтээхсэн гэж боддог. Яруу найрагч хүн тухайн цаг үедээ шинэлэг байж түүхэнд үлдэнэ. Миний шүлэг хүнд ойлгогддог. Өөрөө ч ойлгодоггүй, бусдад ч ойлгогдохгүй шүлэг бичдэг хүн би биш. Харин огт ойлгогддоггүй, өөрөө ч ойлгодоггүй шүлэг бичээд явдаг хүмүүс байгааг хараад гайхдаг.

-Шүлгийг чинь шүүмжилдэг хэрнээ унших гээд дурлаад байх хүн ч бас байх л юм?
-Сонирхолтой байна гэдэг чинь яруу найргийн нэг чанар шүү дээ.

-Яруу найрагч хүн шинэлэг байж түүхэнд үлддэг гэж та хэллээ. Д.Нацагдорж, Р.Чойном гээд түүхэнд тухайн үедээ адлуулж явсан хүмүүсийн бүтээл өнөөдөр амьд хэвээрээ л байна?
-Тухайн цаг үедээ, амьдарч байгаа орчиндоо шинэлэг байж чадсан нь үлддэг. Түүнээс биш эцэг эхээ, өвөө эмээгээ дуурайж шүлэг бичээд яах юм бэ. Өөрөө өөрийнхөөрөө л бай гэж залуу найрагчдад уриалмаар байна.

-Ингэхэд та амьдралд ямархуу өнгө аясаар ханддаг хүн бэ?
-Амьдралд би хайртай, амьдрах ч сонирхолтой. Нас ахих тусмаа бүр илүү сонирхолтой болж байгаа. Надад амьдрал муухай зүйл шиг санагддаггүй. Нэг олдсон амьдралыг хүн амьдарсан шиг амьдарч дуусгах хэрэгтэй.

-Уран бүтээлийн” тэсрэлт” дахин хэзээ хийх вэ?
-Одоохондоо цэнэглэгдэж байгаа. Надад батерей шиг цэнэглэгдэх тодорхой цаг хугацаа хэрэгтэй байна. За тэгээд удахгүй дээ. Шүлгээ бичнэ, номоо гаргана, “тэсрэлт” хийнэ. Тэр номноос Галсансүх хэр өөрчлөгдөж чадсан бэ гэдгийг олж хараарай.
0 comments:

Хайвал олно


Архив