Яруу найрагч шүлгэндээ оршихуй буюу Данзангийн Нямсүрэн

О.МӨНХНАРАН 2007.05.04 "Өнөөдөр" сонин
Яруу найрагч, зохиолчид уран бүтээлээрээ өөрийн эзгүйд ч хүмүүстэй уулзан, ярилцаж ухаан бодлоо солилцон амьдрах бөлгөө. Гэхдээ хүн болгон бас тэгж амьдарч чаддаггүй. Хэн өөрийн шүлэг зохиолдоо өөрөө гүн нарийн дотоод сэтгэлээрээ оршиж чадсан байна, тэр хүн ингэж эрин зуунд “үргэлж мөнх өдөр”тэй амьдрах бөлгөө.

Зарим шүлэг тухайн цаг үедээ алдаршаад, аажмаар яруу найргийн уншилтын тайзыг орхин цаг үетэйгээ үлддэг байхад харин зарим шүлэг цагийн цагт нар лугаа мандаж, цэцэг лүгээ дэлгэрч өөр өөр цагийн уншигчдын сэрэл мэдрэмжийг хөглөн дуулсаар байдаг билээ.
О.Дашбалбар нэгэнтээ “яруу найраг бол зан төрх, зан төрх нь шүлгэнээс нь мэдрэгдэж байвал тэр жинхэнэ яруу найрагч. Тийм яруу найрагч Монголд цөөхөн дөө” гэж хэлсэн байна. Энэ цөөн хүний нэг бол яахын аргагүй түүний өөрийнх нь багш, дорнын их найрагч Нямсүрэн юм.

Зөөлөн өвс үүрэндээ зөөх
Шувуу шиг
Зүрх сэтгэлийнхээ уй баярыг
Хүмүүст нэг, нэгээр өгнө.
Тиймээ тэрээр их өглөгч хүн байсан гэдэг. Зүрх сэтгэлийнхээ уй баярыг хүртэл хүмүүс бидэнд нэг нэгээр нь өгсөн.
Сайхан өвгөдөө нутаглуулсан
Сахлаг өвстэй тэр нэг жаахан жалгыг ч
Сансрын хөлгийн буудал шиг
Саруул төгөлдөр байлгана. /Эргээд ирэхэд-Хаврын урсгал 12х/ хэмээн тэрээр өөрийн яруу найргийнхаа зорилгыг гэгээн тунгалгаар тодорхойлж,
Өөртөө биш хүмүүст бичдэг болохоор
Шүлэг гэдэг, дээл оёхоос хэцүү /1979 Хаврын урсгал/
хэмээн өөрийн насан туршийн ажил болох Шүлэг бичихээ үнэ цэнэ, хүнд хүчрийг өгүүлжээ.
Мөн тэрээр билэг авъяаст, зөнч яруу найрагчийнхаа хувьд өөрийн шүлгийг өөрөөсөө хойш оршихыг мэдэж үүнийгээ бас л шүлгэндээ үлдээсэн байх юм.
Өөрөөн шүлэг минь миний эзгүйд
Өнийн гал шувууны зүрхийг ноцоож
Өнгө зүсээ хадгалж яваарай. /1999/ гэж, бас
Өтлөхийн цаг дор шүлэг минь
Хувилгаан чанарт шилжиж
Өнгө өнгийн цэцэгс болон дэлгэрээд
Өвсний шүүдрээр хөл нүцгэн явах бүсгүйн
Өлмийд үнэрээ хадгалах болно.
Тэр цагт манайхан, намайг
Тэмээний нулимсанд бийрээ дүрж
Тэлмэн давхих морины гүйдэл дунд
Тэнгэр дээр шүлгээ бичиж явсаныг мэдэх болно. 1998 –”Аглагхан талаасаа”-65х хэмээсэн нь өөртөө итгэсэн гүн бат итгэл, ирээдүйн хөгжилд мөнхрөх яруу найргийнхаа хожмын амьдралыг зөгнөсөн ажгуу.

Тэрээр бүхнийг гэгээн тунгалгаар хардаг байжээ. “Гэгээн өглөөний тунгалаг шүлгэнд минь байх вий” хэмээн бичсэн түүний шүлгээс ямарваа нэгэн атаа хорсол, муучлалын сүүдэр өчүүхнийг ч олж эс харна. Амьдралынхаа алдаа ухаарлыг хүртэл энгийн сайхнаар хэлсэн байх ажээ.
Ирэх цаг сайхан болж
Эх орон минь агуу болно.
Эгшиг дууны минь аялгуу бүхэн
Илбэх үсний тань оюу болно. /Сэтгэлийн байгаль-20х/

Эгэл нүдээр эс анзаарах зүйлсийг анзаарах, улмаар түүний энгүй мөн чанарыг ургуулан бодож мэдрэх, тэгээд түүнийгээ энгүй тансагаар илэрхийлэн гаргах бол түүний төрөлхийн авъяас. Нэгэнтээ дорно дахины нэрт дуун ухаантан Жамьянгарав “Үгээр илэрхийлж, дүрсээр сэтгэшгүй үйл явдал гэж байх үгүй” хэмээсэн байна. Нямсүрэнгийн амьдралд үгээр илэрхийлэгдэж, дүрээр буугаагүй үйл явдал үлдээгүй байх гэж бодогдоно. Авгай аваад аавдаа ирж золгохгүй байгаа дүү нь, айлын найран дээр гангар шаазан хагартал дуулах, айлын буурин дээр ар бөөрөөрөө хэвтэх хуучин зуух, уйлагнасан бороо, онгон цэнхэр хөдөө, өргөст өвс хэмээх зангуу, бөрт цагаан саран, сар хиртсэн шөнө, уугаад орхисон архины цэнхэр лонх,,,,, Эгэл юмсаас юуг ч орхилгүй бичсэн мэт.

Түлээний,
Муу цүзгэр хөрөө маань хүртэл
Цөөрмийн усны лам шувуу шиг
Ганганан байгааг ээ…
Тэрээр өөрийн дотоод сэтгэлээ бүрэн цогцоор нь шүлгэндээ оршоожээ.
Үүрийн гэгээнээс үдшийн бүрийд дэнлүүний тос дуусах хүртэлх түүний амьдралын агшин хором бүхэн алдаа оноотойгоо шүлгэнд нь оршиж амьд үлдсэн байдаг.
Атганд хумигдсан шүлэгтэй цаас
Аяар аяархан санаа алдана…

Бурхан бүтээхэд эхлээд тиг зурах лугаа адил, түүний яруу найргаа урлах гүн нарийн туурвилынх нь тиг нь гэмээр нэгэн бүтээл бол 1992 онд бичсэн Амитаба хэмээх шүлэг нь юм.
Ертөнцийн дотоод зүй тогтлыг бясалган таньж, өчүүхэн юм бүхнээс ангижирсан найрагч болох нь бас энэ шүлгээс тод харагддаг. Өөрөөр хэлбэл оршихуйн мөн чанарыг энэ найрагч танин мэдсэн байжээ. Жинэхэнэ яруу найраг бол цаг хугацаа, орон зайн хэмжигдэхүүнээс ямагт ангид оршдог бөгөөд Данзангийн Нямсүрэнгийн шүлгүүд ч гэсэн эдгээрээс тусдаа, тэр бүү хэл аливаа баригдмал үзэл онолд ч хүлэгдэлгүй, хязгааргүй эрх чөлөөтэй туурвисан бүтээлүүд болох нь мэдрэгдэнэ.

Дорно дахины яруу найргийн онолд яруу уянгын чанарыг илэрхийлдэг Эвсэл найралт, Маш тунгалаг, Тэгш чанарт, Яруу сонсголонт, Орь залуу, Утга тодорхой, Агуу их, Сүр жавхлант, Уран сэтгэмжит эдгээр 10 эрдэм буй хэмээжээ. Нямсүрэнгийн шүлгүүдийг утгын гүнзгийгээс гүнзгийрэл рүү, үгээс үг рүү нь лавшруулан судлавал эдгээр чанарууд цугаараа тодрон харагдах нь лавтай.
Ийнхүү тэрээр өөрийн бүтээсэн яруу найргийн урлалаараа Үргэлж мөнх, Үргэлж залуу өдрүүдийг үзэж өнөд орших болно.
0 comments:

Хайвал олно

Loading...

Архив