Ц.Дамдинсүрэн Буурал ижий минь

Халх Монголын малчин
Хатгин овгийн нүүдэлчин
Харц язгуурт Дамдинсүрэн
Харь газар суухдаа
Эх нутгаа эрмэлзэж
Элгэн саднаа дурдаж
Эцэг эхээ санагалзаж
Эгшиглэж шүлэглэсэн нь энэ байна.

Энэ бие өсч
Эрийн цээнд хүрлээ
Эр бие чангарч
Хүний зэрэг боллоо
Энд тэнд явж
Юм үзмээр бодогдлоо
Эргүүлж тойруулж бодвол
Хол явмаар санагдлаа.

Сав шимийн номд
Санаа зоригоо хандуулаад
Сайхан төрүүлсэн эхдээ
Салахын ёсыг гүйцэтгээд
Сайн мориндоо морьдож билээ
Салж морьдсон тэр цаг
Санааны дотор илхэн
Сац бас бодоход

Хөрст дэлхийн хөвөөнд
Хөх тэнгэрийн хормойд
Гадаад далайн эрэгт
Гайхамшигт Лениний хотод
Шинэ цагийн сониныг үзэж
Шинжлэх ухааны шимийг хүртэж
Ертөнцийн чанарыг ойлгож авах
Ердийн боловсролыг оролдоно.

Саваагүй холыг зорьсон тул
Сааралгүй эрдмийг хичээх чухал
Аюулгүй алсыг давсан тул
Алжаалгүй номыг үзэх чухал
Эрдмийн хичээлийг эрхэмлэвэл зүй
Энэнийг ганц чухал болгоод
Эхийн сэтгэлийг мартвал буруу
Энхрийлж санах эх минь

Хөвөөрөн харагдах хөндийн амаар
Хөхрөн бүрэлзэх мананы дундуур
Хөндөлсөн байх уулын хөтлөөр
Хөвөлзөн нүүх үүлний доогуур
Өглөө үдэш саравчлан харж
Өдөр шөнө санаашран шаналж
Унтах бүр уулзан зүүдэлж
Сэрэх бүр дурсан ярьж

Арай гэж энэ өдрийг өнгөрөөвөл
Асар удалгүй шөнө хэтрээд
Алтан наран зүүн зүгээс мандаж
Аливааг гийгүүлээд маргааш болно.
Маргаашийн цаана бас маргааш
Өдөр шөнө ээлжилсээр л байна.
Явчсан хүү бас ирээгүй
Буурал ижий минь дурссаар л байна

Байлаа гээд илүүдэх нь бараг
Үгүй гээд дутагдах нь бараг
Ийм л нэг хүн
Энд явж байна.
Хөөрхий зайлуул ижий минь
Хөөршөөж намайг харахлаар
Муу бүгдийг сайн болгож
Муухай бүгдийг сайхан болгож

Эхийн сэтгэлийг мэдсэн юм бол
Эргэж хардаггүй, учир юу вэ?
Эхээ очиж өргөхгүй
Дэмий чалчаад юу хийнэ.
Гэнгэнэж гунганаж суухын оронд
Гэртээ харивал барлаа биз
Эхийгээ очиж өргөвөл
Элбэрэл гэдэг нь тэр шүү>>

Энэ ертөнцөд хүн гэж төрөөд
Эрдэм сурахгүй тэнэгээр өтлөх үү
Энэ цагт эр гэж өсөөд
Гэрийг сахиж насыг барах уу?
Яршиг төвөг хоёроор
Өөрийн биеийг эрхшүүлж
Мэдэхгүй чадахгүй хоёроор
Хамаг хэргийг мухарлаж

Унтаж идэх хоёрыг
Жаргал болгон эрхэлж
Нүд нуух анилдан
Гэдэс гүзээ цүрдийн
Ууж идэхдээ уургын морь
Урагшаа гишгэхдээ ургаа хад
Ухарч гэдрэгээ уллаж
Улбайж балбайж хэвтэх нэг муухай.

Айл зэргэлдээ олон улсаас хоцрохгүй
Ах дүү түмэн үндэстнээс гээгдэхгүй
Бохир бүдүүлэг ёсоо халахын төлөө
Боловсон чийрэг байдалд дэвшихийн төлөө
Өөрийн биеийг гололгүй
Өчүүхэн чадлыг чамлалгүй
Алд биеийг гамналгүй
Алхайж суун залхууралгүй

Энэ миний хүү гэж
Олны сүрэгт оруулаад
Энхрий миний үр гэж
Улсын зэрэгт явуулаад
Хaйрлах гэж тэвэрч суулгүй
Халдаж чангалж сургаад
Хал үзүүлж хашир болгох
Харьд явуулж догь болгох нэг чухал.

Зуун уулыг давж
Мянган усыг гатлаад
Энэ газар суухдаа
Эхээ дурсан санагалзахыг
Буруу гэж хэлэх үү та?
Буц харь гэж болох уу та?
Ахин дахин бодохлоор
Аргагүй учир ийм шүү нөхөр минь!

Ачит буурал ижий минь
Амраг үрээ дурсан байж
Амьсгал санаагаа алдан байж
Алаг нүдээ анин харан байж
Ариун тунгалаг нулимсаа унагаадаг бол
Алимд түүний дусал бүр
Алсад суугаа миний зүг
Аршаан болон цацраг даа.

Хайрт буурал ижий минь
Харьд яваа хүү чинь
Хамаг сайхан юмыг
Ханатал үзэж явна даа.
Энэ газар над
Элдэв зовлон байхгүй
Энхрий хүүгийн төлөө
Эх минь битгий зов доо.

Үсний өнгө ялгавартай боловч
Үйлс явдал ялгаваргүй
Үг хэл ялгавартай боловч
Үзэл зорилго ялгаваргүй.
Энэ их оронд
Элдэв үндсэний хүмүүс
Эзэн хүн мэт алхалж
Эрх жаргалаар амьдарна.

Олны гяндан болсон
Орос орныг хувилгаж
Ард түмний эзэмших
Ажлын ордон болгожээ.
Жаргалын энэ ордонд
Соёлын наран мандаж
Уужим болоод гэрэлтэй
Улам хөгжих замтай.

Эдний хийсэн юмыг
Эзэрхэг ноёд булаахгүй
Хийсэн ажилд тохируулан
Хэмжээ зүйгээр хувиарлана.
Энэ сайхан газарт
Эрдэм сурч яваа минь
Эрхэм дээд аз гэж
Эх минь анхаарч мэд дээ.

Ах дүү минь хүндэлнэ
Амраг нөхөд минь асарна
Хөнжлий чинь дэлгэнэ, дүү минь
Хөлий чинь хучна, бэргэн минь
Өнөө маргааш гэж яаралгүй
Өег тавтайгаар бодож
Санаа амар сэтгэл тэнийж
Бие амар хөл жийж

Тал сайхан нутагтай билээ
Тамсаг сайхан устай билээ
Таван хошуу малтай билээ
Тараг айраг элбэгтэй билээ
Өвгөн настан эцгийнхээ
Өмөг түшигт өссөн би
Өнөр буурал ижийнхээ
Өршөөл хайрд хүмүүжсэн би

Залгамж хойд үе байна
Залуу халуун нас байна
Хуучин балраа орхиё гэж
Хувьсгалт ажилд оролцъё гэж
Зориг бүхнээ шийдээд
Жолоо юугаа атгаад
Агуу санаа сэдээд
Алсын моринд дөрөөлөөд

Саран мэт тодхон
Саяхан мэт санагдавч
Сар өдөр өнгөрсөөр
Санамсаргүй жил боллоо
Өргөн талд өссөн би
Үдшийн гэгээг чиглээд
Ази тивд төрсөн би
Алс хойтод зориод

Наргүй өдөр бүрэнхий
Саргүй шөнө харанхуй
Эегүй нөхөр яг
Эрдэмгүй хүн таг
Эцгийн минь сургаал тэр
Өвгийн минь гэрээс тэр
Эрхэм сургаал үүнийг
Эндэлгүй дагахаар

Үр нь гэсэн намайгаа
Үнэн сэтгэлийн үүднээс
Үргэлж санадаг байдлыг
Үлгэрлэж гаргаж хэлэхэд
Хөвүүн болон заяасан
Хөөрхий тэр үр минь
Хүрээд ирэх болов уу гэж
Хүсэн санаж эрмэлзэж

Зажилсан хоол шимтэй болбол
Тавагтаа үлдээж
Балгасан цай амттай болбол
Данхандаа хоцроож
Санан санан сар өдрийг тоолж
Бодон бодон болзоо хугацааг хэмжиж
Уулзсан бүгдээс сураглан асууж
Учирсан бүгдэд хүсэмжлэн ярьж

Ингэж ихээр санадаг
Тэгж ихээр хүсдэг
Тэр хүн нь аль вэ?
Аваад үзье, хар даа
Алд хүрэхгүй хэмжээтэй
Атигар бага биетэй
Суу залиар сулхан
Сурсан эрдмээр дульхан

Тагжгар туранхай биеий минь
Тантайчсан тарган гэх
Дахлай хөх нүүрий минь
Мантайчсан цагаан гэх
Задгай үгийг ингээд нурштал
Зарим таньдаг нөхдийн хэлэх нь:
За яршиг нөхөр гуай
Завхай үгийг бүү донгос!

Үгүй! Нөхөр, учир байна.
Үнэнийг хэлэлцье нягтаар
Үнэмшиж чагнавал над хэрэг
Үргэлжлүүлж бодвол хэнд ч хэрэг,
Аавын бийд хүнтэй танилцах
Агтны бийд газар үзэх
Эд хураахаар эрдэм сурах
Эртний мэргэдийн сургаал биш үү.

Эхнэрээсээ ондоо хүнтэй танилцалгүй
Эмээлээсээ өндөр даваа давалгүй
Айлаасаа бусдын үүдийг таталгүй
Ахаасаа бусдын занг мэдэлгүй
Гэдийж суун хэлхийж
Хойшоо суун холхойж
Хуучнаа баримтлан үхширч
Яг баримтлан ягширч

Эхээс үр хүүхэд төрсөөр
Үрээс үүд өрх үүссээр
Хүн нь зон болж яваа
Хүлэг нь сүрэг болж яваа
Өнөр сайхан монгол үндсээ хөгжүүлж
Өргөн сайхан эрх чөлөөгөө бадруулж
Өтгөн сайхан мал сүргээ өсгөж
Өн сайхан нутаг усаа эзэмшиж

Аль байдаг чадлаар чармайж
Арга ухаан бүгдээ нэмэгдүүлж
Олон нөхдөө хөгжөөн уриалж
Олон түмний төлөө зүтгэх нэг чухал.
Үрийг хүмүүжүүлэх ачит эхээ
Үүрдийг уламжлах алтан хэлхээ!
Түмд төлөө нэмээд
Төрд үрээ нэмээд

Ийм ийм учруудыг
Илэрхийлж бүгдийг хянавал
Ингэж миний яваа нь
Илүү ч биш зөвтэй.
Эхийн санаа үрд
Үрийн санаа ууланд
Уулын цаана ус
Усны цаана уул

Элдэв газар тэнэсэн
Элбэрэлт багат миний хүү
Энэ мэт гайхаш тасарч
Эхээ дурссан санаа
Цал буурал ижийгийн минь
Цаглашгүй мэнэрсэн сэтгэлийг
Цайг сүүгээр сүлэх мэт
Цаг зуурам ч баярлуулах болоосой.

Асралт ижий минь ээ, хүү чинь
Аль нэгний зарц болж яваа биш
Арван шар цай олж ядаж яваа биш
Ардын төлөө чин санал барьж
Амгалант сайн цагийн босгыг алхаж
Алдарт гэгээн оронд эрдмийг суралцаж
Амар мэнд яваа учрыг минь мэдээд
Ай хөөрхий ижийн минь гуниг арилах биз.

Эндхийн хүн намайг
Эцэг эхийн адил
Элдэв зүйлд тэтгэж
Эрдэм номд сургана.
Үзэх сургууль сонин
Үеийн нөхөд олон
Үндэс бүрийн хүний
Үр хүүхэд бидний

Харгис хуучны ёс бол
Хайлах цас мэт устаж байна.
Хамгаар эрхт ёс бол
Хаврын цэцэг мэт дэлгэрч байна
Ачит Ленин багшийн
Асар мэргэн удирдлагаар
Ажилчин тариачин нэгдэж
Арга хүчийг хавсарч

Нийт хүн бүгдээр
Нэг гэрийн ах дүү мэт
Нийлж ажлаа бүтээх
Нийгэм журам тогтжээ.
Идэвх зоригт баатрууд
Их ажлыг бүтээгээд
Илтэд үрийг үзэж
Инээх баясах хосолно.

Азтай хүү би чинь
Алс газар сууж байна
Ах дүү хоёр минь
Амраг эхээ өргөж байг
Миний бие эзгүй ч болов
Миний нөхөд үлдсэн
Эрвэй би эзгүй ч болов
Эх янаг чамайгаа

Жаргал эдэлж амар суу даа
Жирийн янзаар тайван бай даа
Жил болж чөлөө тавих цагт
Жиг нэг болж би нэг харих шүү, ижий минь.
Цаг улирлын дулаарахад
Цас мөсний хайлахад
Харьсан шувуу ирдэг
Явсан хүн эргэдэг
Хатаж хоцорсон өвс ногоо
Нар чийгээс амьдран ургана
Хагацаж явсан эх хүү
Баяр цэнгэлээр уулзан золгоно.
Санасан хэрэг сэтгэлчлэн бүтээд
Хэлсэн үг ёсчлон болоод
Уулзсан цагт өлзийтэй болтугай!
Учирсан хойно жаргалтай болтугай!
1934
0 comments:

Хайвал олно

Loading...

Архив