С.Эрдэнэ Хайрын нарсан төгөл

5:18 AM

Палам гол засмалаас модны үйлдвэрийн төв тийш эргэдэг замын бэлчирт машинаас буулаа. Хотоос суулгаж гарсан залуу жолооч, гурван зуугаад километр газар гуниг бодолд дарагдан таг чиг явсан хүнийг өрөвдсөн янзтай,
-Хаяанд ирсэн хойно гэрт чинь хүргээд өгье дөө гэхэд Палам түрийвчээ гаргаж тавьтын дэвсгэрт авч өгөөд:
-Зүгээр ээ дүү минь энүүгээр тамхи авч татаарай. Би гэртээ алхаад хүрчихнэ. Чилээгээ гаргая гэхэд жолооч мөнгийг түдгэлзэсхийн авч халаасандаа хийгээд:
-Баяртай ах аа, гэж эелдэгхэн өгүүлэв. Палам жижиг чемоданаа авч буугаад замын билчирт хэсэг зогслоо.

Сарын өмнө яг энэ замын билчирт эхнэрийнхээ цонхийсэн зовуурьт царайг ажин “Бүтэн бүлээн л явах юмсан”гэж юунд ч юм дотроо сүслэн өгүүлж билээ.
Хүн амьтанд ямар ч гай зовлон тохиолдож боломгүй гэмээр эрт сайхан хавар болсон цаг. Засмалын дагуу тарьсан бүйлс нялхран нахиалж, хормойд нь үйлдвэрийн төв харагдаж буй Баянхан уулын арын ой алаг цоог ногоорчээ. Паламын байшингийн яндангаас шингэн цэнхэр утаа бургилж харагдана. “Муу охин минь гэрээ дааж, дүү нараа хараад байж дээ хөөрхий. Өнчирнө гэж ухаан санаандаа оруулаагүй хөөрхсийг яаж харж, юу гэж хэлнэ дээ” гэхээс Паламын дотор багтран харанхуйлж, нүдийг нь нулимс бүрхэв. Бурмаагийнхаа нас барсан даруй нэг хэсэг элий балай болчихоод ухаан бодлоо тогтоон барьж чадсангүй. Харин хүүхдүүдээ авчирч эхийн нь шарилтай салах ёс гүйцэтгүүлэхээр хотоос энэ өглөө гараад Бурмаатайгаа хамт амьдарсан арван дөрвөн жилийн явдлыг эргэцүүлэн бодож, хайр дурлал, ханийн жаргалыг эдлүүлсэн тэр сайхан хүнийхээ дүр байдал, ааш зан, хаа нэгтээ хэлсэн ярьсныг нь дурсан санагалзаж гаслан гашуудан явлаа. Хэзээ ч гай гамшиг тохиолдохгүй, энэ хорвоод мөнх хамт явах юм шиг санаж явсан нь гэнэн явдал гэж үү? Өнгөрсөн бүх амьдралаа бодоход ч тийнхүү хамт явах тавилантайдаа учирсан гэмээр. Анх суухдаа хүртэл санаандгүй гэмээр юм уу, гэнэн томоогүйгээр...арван дөрвөн жилийн өмнөх тэр нэгэн учрал гэнэтийн бөгөөд юунд ч сааташгүй гал халуун хайр сэтгэл Паламд хий үзэгдэл мэт санагдан, бие цогцост мэдрэгдээд салахгүй байв. Тэр намар их сургуулийн оюутнууд тариа хурааж байсан сан. Модны үйлдвэрийн суурин байгаа энэ Баянхан уулын өвөр, Ерөө голын хөндийд сангийн аж ахуйн бригадын төв байжээ. Палам эдийн засгийн ангийн гуравдугаар курсынх, Бурмаа нэг анги доогуур. Палам бусдаас нэг их ялгардаггүй, жирийн хичээнгүй томоотой оюутан. Харин Бурмаа авьяаслаг болоод царайлгаараа оюутнуудын анхаарал татдаг хүүхнүүдийн нэг байв.
Тийм хүүхнүүд үерхэх хүнээ голцуухан өөрсдөө шилж авдаг учир ялангуяа Палам мэтийн дундчуул тийнхүү шилэгдэхийн тухай төдий л найдахгүй нь мэдээж билээ. Гэвч амьдрал гэдэг ямархан ид шид эс үзүүлдэг билээ дээ. Түүнээс гадна авьяаслаг болоод царайлаг гэгч маань өнгөн талын чанар ч байх нь бий. Хүний дотор орж үзэх биш дээ. ..
Намрын шар наран тунамал өдөр. Хоёр “оргодол” Бөөрөлжийн нарсан төгөлд жимс түүхээр ирсэн сэн. Ерөө голын хавь газрын уулс шилмүүст ойгоор өвч бүрхэгдсэн бөгөөд харин мужаан дархны хорхой хүргэм гоолиг шулуун нарс мод хээр талд сүрэглэн ургасан нь энэ Бөөрөлжийн төгөл л билээ.
-Чи намайг нээрээ харж явсан юм уу? Гэж Палам итгэл муутайхан асуугаад намрын цэв цэнхэр тэнгэр өөд тэмүүлсэн гоолиг шар нарсны бадамласан ногоон үзүүрийг ширтэж, юунаас ч юм бяцхан айдас хүрэн зүрх түгшиж хэвтэв. Бурмаа чичирхийлэн буй гарыг нь татаж цээжиндээ наагаад:
-Чи өөрийгөө гэв гэнэт харагдсан гэж бод л доо. Бүр ид шидээр юм шиг гэв гэнэтхэн харагдаад, хараа салгаж болохгүй болсон гэж бод гэв.
-Хачин юм аа?
-Юу хачин гэж?
-Яах вэ дээ. Энэ Бөөрөлжийн төгөлд ийм сайхан нарснууд уулнаасаа тасраад ургачих гэж
-Байгалийн аашийг мэдэж барах биш дээ.
-Хүний аашийг ч гэсэн...
-Палам аа чи надад итгэ. Хэлж ирдэггүй өвчин шиг гэнэтхэн ирдэг хайр юм. Би чамаас өөр хүнийг харах нүдгүй сохор болчихлоо. Хүний үрийн ямар тавилан гэгч вэ, гэж Бурмаа бахарданги хэлээд таг болов. Паламын сэтгэл ч гэнэт хайлан догдолж, Бурмааг нүүр нүдгүй үнсч таалахад түүний хацар дээгүүр урссан хайрын шорвог нулимс амтагдсан сан. Бөөрөлжийн төглийн гоолиг нарснууд намрын хонгор салхинд үл мэдэг найган, улаалзгана, долоолгоны бут бургас гал улаан, алтан шар өнгөөр алаглан, мөнх ногоон төглийг гэрэлтүүлэн байв. Энэ хорвоо дээр хүн хүнээ олж жаргасан тэрхэн гэрэлт мөч янаг хайрын үгүйршгүй мөнхийг бэлгэдэж байсан бус уу?
Палам нэг мэдэхнээ байшиндаа тулаад иржээ. Хүүхдүүд минь гараад ирэх вий гэж зүрх алдан зог туслаа. Ханиа алдаж гурван өнчин хүүхэдтэй хочрох ямар заяагүй амьтан бэ, би. Эдэндээ юу гэж хэлнээ?
Палам хаалгаа аяархан татаж ороод бага хүү, том охин хоёроосоо нүд буруулан малгай пальтогоо өлгөж удаан зогсов. Дунд хүү нь сургуулиасаа ирээгүй бололтой. Арван гуравтай охин нь урд цонхон дээрээ чимээгүй очиж, зам руу ширтэн, гэзэгнийхээ үзүүрээр оролдон зогсохыг Палам хулгай нүдээр хараад сэжиг авсныг нь мэдлээ. Ээжийн эрх отгон хүү, юм ухаарах болоогүй балчир хүү аавдаа гүйн ирж:
-Ааваа, та ээжийг орхиод ирсэн юм уу? Гээд асуучихав. Палам тэссэнгүй. Хүүгээ өргөж нүүрэндээ наагаад ингэнэтэл уйллаа. Охин нь соргог ухаанаараа бүхнийг ойлгож, даган уйлав. Бага хүү аав, эгч хоёрынхоо уйлан гаслахыг гайхан нэг хэсэг дуугүй бүлтгэнэн байснаа бас л эхэр татах нь тэр. Хүний амьдрал, жаргалыг гэнэт таслан зовлонгийн далайд живүүлж хаядаг өршөлгүй хорвоогийн ёсыг хүлцэн туулахаас өөр замгүй болсон нэгэн гэр бүлийнхэн ийнхүү уй гашуу болохоос биш яалтай вэ дээ.

Палам ажилдаа орох өглөөгөө хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь явуулаад анир чимээгүй ханхайсан гэртээ нэг хэсэг бодол болон суулаа. Одоо чухам яах нь зүйтэйг шийдэхэд бэрх ажээ. Нэг бодлын ажилдаа бушуухан орох нь дээр юм шиг, нөгөө бодлын амралтаа аваад хүүхдүүдийнхээ л сэтгэлийг засан уй гашуудлыг нь мартагнуулах нь зөв юм шиг. Гэр доторх юмс нь Бурмаагийн нас барахын өмнөхөөс өөрчлөгдсөн юмгүй мөртөө нэг л зэвхий даагаад жигтэйхэн дунд хүүгийн орон дээр, аль арван дөрвөн жилийн өмнө мөнөөхөн Бөөрөлжийн төгөлд татуулсан зургаас эхлээд хүүхдүүдтэйгээ, танил нөхөдтэйгээ энд тэнд татуулсан гэрэл зургийн цомог дэлгээстэй хэвтэнэ. Өөрсдөө болоод гашуудлыг нь хуваалцахаар орж ирсэн хүмүүсийн үздэг гол юм л энэ болжээ. Танил зураачаар зуруулан оршуулгад авч явсан усан будгийн зураг нь хойд хананд хадаастай. Нэг хоёр жилийн өмнө татуулсан гэрэл зургаас нь үлгэр авч их л хичээнгүйлэн зурсан тэр зурагт хэдэн хүүхдийн эх болж овор суусан гэлээ ч үл мэдэг мишилзсэн давхраалаг хар нүдтэй, гонзгой нарийн царайд нь зохисон жижигхэн шулуун хамартай, хагас нээгдсэн жижигхэн жимбэгэр тод уруултай ухаалаг цэвэр бүсгүйн дүр тодорчээ. Үхсэнийхээ хойноос үхэлтэй биш, гэлээ ч яг жаргадаг насан дээрээ ертөнцөөс халин одсон хайрт гэргийнхээ янаг ялдам ааш, хүний нь сайхан чанарыг дурсан санахад даанч харуусалтай.
Арван дөрөвхөн жил...Гэнэт ирээд явчихсан юм шиг...Тийм эрүүл саруул хүнийг аюулт өвчинд отогдож яваа гэж санах билээ...Надад үр хүүхэд, аз жаргал хайрлаад өөрөө зул шиг бөхөх гэж энэ хорвоод ирсэн юм шиг...Тэр намар...Арван дөрвөн жилийн өмнөх тэр л намар...Солонгын долоон өнгөнд умбасан Бөөрөлжийн төгөл, сэтгэлд уянгалах хайрын дууг түрэх нарсан ойн шивнээ, шувуудын жиргээтэйгээ, Бурмаагийн догдолсон сайан дүр байдал, хайрын нулимсны шорвог амт Паламын дртор цөмлөөд ирлээ. Унаа аваад тийшээ явъя.
Үйлдвэрийн дарга Мангал Паламд тохиолдсон зовлонг хуваалцаж, болох бүтэх бүхнээр тусалжээ. Энэ нь ёс мэт хэрэг боловч ачий нь бодох ёстой юм шүү гэсэн санаа төрүүлж байв. Учир нь хоёр жил илүү хамт ажиллаж, тарыг нь таньсан ч гэлээ зовлонгийн цагт хүний сэтгэл зөөлөрч, гомдол гутралыг хүлцдэг жамаар цаашид үгээ ойлголцох болно гэсэн итгэл ч цухалзах шиг. үйлдвэрийн дарга, ерөнхий инженер хоёр олон юман дээр санал зөрнө гэдэг ер нь таатай хэрэг биш байлаа. Мангал “Тулалдаан” гэсэн үгийг урдаа барьсан хүн. Тэр үгийн гол утга нь эцсийн бүлэгт үйлдвэрийн төлөвлөгөөг биелүүлнэ гэсэн жирийн ойлголтын товч томъёолол юм. үйлдвэрийн даргаар томилогдож ирээд анхны цуглаан дээр “Байгалийн хишгийг булаан авахын тулд өргөн фронтоор давшин тулалдах” лоозон дэвшүүлсэн билээ. Байгальтай “тулалдах” үзэл л Паламын дургүйг хүргэсэн юм. Ойн баялгийг зохистой ашиглах, нөхөн үйлдвэрлэл явуулах арга зам гэсэн түүний саналыг дарга ердөө л мөрөөдөгчийн сайхан санал гэж үзээд хойшид ажлынхаа арга барилыг ойртуулан нягтрахыг шаардаж “төлөвлөгөө биелүүлэхгүй бол үйлдвэр байх хэрэггүй” гэсэн маргагшүй үнэнийг тулгасан сан. Мангал гаднаасаа ч тулалдагчийн дүртэй хүн. Газар дээр бат суурилсан лагс том биетэй, улаа бутарсан царайтай, өтгөн хар хөмсгөө зангидан, хөх хиаз суусан зууван шар нүдэндээ гал цахилуулаад ирэхээрээ юунаас ч ухрахгүй шинжтэй. Өргөн тэлмэгэр магнай нь эрдэмт хүний шинжийг илтгэх мэт боловч хараад байхад хад чулуу шиг нэг л хатуу янзтай. үг яриа огцом бардам, шог наргианч, гэтэл энэхүү баавгайн дүрийнхээ цаана муур шиг хумсаа нууж бас чадна.
Паламын орж ирэхэд Мангал угтан босч ирээд сэтгэлийг нь засах гэсэндээ ч юмуу малилзтал инээмсэглэн, гарыг нь атгаад:
-Палам минь ажилдаа санаа зовох хэрэггүй. Төлөвлөгөөгөө давуулаад биелүүлчихсэн газар юундаа алзах вэ. Би чиний ээлжийн амралтыг олгох тухай тушаал гаргасан. Чи дуртай газраа явж амар гэлээ.
Палам тасалгаа шинэчлэгдэн засагдсаныг эхлээд анзаарсангүй. Юу билээ энэ чинь гээд ажиглавал бичгийн лут том царсан ширээ хийлгэж тавьжээ. Тах хэлбэртэй, зөгийн үүр шиг олон шургуулгатай ер бусын ширээ байна. тасалгааныхаа баруун гар талын ханыг хүрэн модоор өвч бүрж, наад талд нь хурлын бас л их өргөн бөх ширээ тавьжээ. “Юм бүхнийгээ өөртөө тааруулах санаатай” гэж Палам дотроо дургүйцэн,
-Бодож байгаад болъё доо. Ажилдаа орсон минь ч дээр юм шиг байна. хүүхдүүдийнхээ сургууль тарсан хойно амралтаа авбал зүгээр юм уу? Гэхэд Мангал нэгэнт гаргасан шийдвэрээсээ няцдаггүй хүний зангаар гайхсан янзтай гар дэлгэн:
-Палам минь чи өөрөө л мэд. Би чамд чадал мэдлийнхээ хэрээр л тус болъё гэсэн юм гээд тасалгааныхаа шалыг нургитал алхлан, тах хэлбэрт том ширээнийхээ ард очив...
Палам Баянханы өврөөр тойрох замд бодол болон дуугүй явав. “Хачин араншинтай хүн байх юм. инээд алдаад дотроо баярлаж ч яваа юм билүү? Маргах хүнгүй намайг нэг хоёр сар ч гэсэн хол байлгах гээ биз. Хачин хүмүүс байх юм. нийгмийн үл зохилдол, стресс энэ тэр гэж орчин цагийн онол гэсэн хэдэн юм хагас дутуу ухаараад бусдыг догматикууд, хуучныг баримтлагчид гэхээс ер сийхгүй, бусдын толгой дээр сууж, зоргоороо аашилж л байвал болох нь тэр...
-Бөөрөлжийн төгөл. Бөөрөлжийн төгөл хаана байнаа? Гэж Палам дуу алдав. Жолооч түүний өөдөөс гайхан хараад
-Огтолчихсон шүү дээ инженер ээ, гэв
-Хэзээ, хэн?
-Сарын өмнө улирлын төлөвлөгөө тасрах болоод Мангал даргын шийдвэрээр..
-Зогсоодох, машинаа зогсоо, гэж Палам балмагдан хэлээд харайн бууж Бөөрөлжийн нарсан төгөл байсан газар тийш алхлав. Уулнаасаа тасарч хөндий талд зориудаар юм шиг сүрэглэн ургасан намжаа их нарсан төгөл хүний гараар оргүй хөнөөгджээ. Арван дөрвөн жилийн өмнөх тэр намар солонгорон байсан улаалзгана, долоогоны бут бургас баглайн харлаж, өнөөх гоолиг шар нарснуудаас үлдсэн олон зуун хожуул цайрч, үе удам залгах тэнхээ ороогүй зулзаган нарснууд энд тэнд эрвэн сэрвэн ёрдойлдох нь өр өвдмөөр.
-Хайран мод, хайран нарсан төгөл минь, гэж Палам дотроо орь дуу тавин, мөхсөн төглийн сүгт татагдсан юм шиг гүйж ирээд бие алдран, захын нэг хожуул дээр лагхийн суув. “Байгалийн дайсан, ямар ухаангүй явдал, хатуу сэтгэл гэгч вэ? миний ариун сайхан дуртгалыг зориуд үгүй хийх гэсэн шиг. Өөрийнхөө эх дархыг үзүүлж тоглоом тохуу хийх гэсэн шиг. Тэгээд бас хуурамч сайхан зан гаргаж, малилзаж сууна гээч. Би ийм хүнтэй хамт ажиллах гэж үү? Өөр газар надад ажил амьдрал олдохгүй юм гэж үү? Хэмээн гаславч, ийм хүнтэй би эвлэрч суух ёстой юу, үгүй юу? ”гэсэн асуулт зэрэгцэнэ. “Намайг яваад өгөхөөр тэр өөрийн гарын дор нэг хүнийг олоод л тавьчихна. Тэгээд хаяагаа хадрах байтугай дураараа аашилна. Хэдэн жилийн дараа нэг төгөл байтугай юм сүйтгэж хэдэн зуулд нөхөгдөшгүй гарз учруулна. Би тэр замыг нь засаад холдох ёстой болж байна уу? Ямар ч тэмцэлгүй зорьсондоо хүрэлгүй бууж өгөх хэрэг үү? Амралтыг чинь өгөх тушаал гаргалаа гэнэ шүү. Тэртэй тэргүй хуулиар олддог амралт өгч их тус хүргэсэн хүн дотроо хол байсан чинь дээр гээд малилзаж байгаа нь тэр. Ширээгээ том болголоо гээд суудал бөх болдог цаг өнгөрсөн” гэж бодолхийлэн, далийн ягааны хэдэн мөчир гэртээ ургуулахаар аваад машин руугаа шийдэмгий алхлав.
“Хайрын нарсан төгөл минь” гэсэн үл тасалдах харууслын дуу сэтгэл зүрхэнд нь уянгалан байлаа.

Read On 0 comments

С.Эрдэнэ тайз дэлгэцийн бүтээл

5:13 AM
"Жаргал даахгүйн зовлон" жүжиг. Хожмоо кино болсон
"Мөнх тэнгэрийн хүчин доор" кино бичилцсэн.

Read On 0 comments

С.Эрдэнэ номнууд

5:01 AM
"Тал нутгаар явахдаа" шүлгүүд 1956
"Хаврын уянга" 1957 он
"Дөчин өдрийн тэмдэглэл" 1958 он
"Нэг жил өнгөрөхөд" 1959 он
"Урин цаг ирэхэд" өгүүллэгүүд 1959 он
"Хонгор зул" 1961 он
"Тэнгэрийн заяа энүүхэнд" 1962 он
"Малын хөлийн тоос" 1964 он
"Өгүүллэгүүд" 1966 он
"Өдрийн од" тууж, өгүүллэгүүд 1969 он
"Хөх хулгана жил" 1970 он
"Цасан доорхи ногоо" тууж 1971 он
"Тууж, өгүүллэгүүд" 1976 он
"Миний эх орон - миний тоонот" 1978 он
"Наран тогоруу" 1979 он
"Холбоо гурван тууж" 1980 он
"Зохиолчийн хөдөлмөрийн тухай эрэгцүүлэл" 1980 он
"Цэнхэрлэн харагдах уул" 1981 он
"Амьдралын тойрог" 1983 он
"Занабазар" роман 1989 он
"Эрэл" 1989 он
"Хойт насандаа учирна" 1996 он
"Тэнгэрийн хөвгүүний эцэслэл" 1997 он
"Зүүдний цагаан унага" 1997 он
"Ононгийн туужууд" 1997 он
Халхын заяат харгуй минь" 1999 он



Read On 0 comments

С.Эрдэнэ товч намтар

4:55 AM

Тэрээр Хэнтий аймгийн Биндэр суманд 1929 оны 12 сарын 7-нд төрсөн. 1949 онд офицерын сургууль, 1955 онд МУИС төгсчээ. 1965 онд "Малын хөлийн тоос", "Чулуут голын цуурай" зохиолоороо төрийн шагнал, 1976 онд "Лодойхүүгийн зан", "Үхэж болохгүй орчлон", "Зохиолч далай хоёрын хүүрнэл" найрууллаараа МЗЭ-ийн шагнал, 1994 онд АУЗ цол авчээ. Мөн Сүхбаатарын одон авчээ.

Read On 0 comments
Read On 0 comments

С.Эрдэнэ. Өвлийн ойд.

4:41 AM

Норжмаа, уул өөд мацсанаа халууцан чандган малгайгаа авахад хүү янзаар тайрсан үснээс нь үл мэдэг уур савсаж байлаа. Очир, халуу оргисон бяцхан гараас нь хөтлөн зүтгэж явснаа эргэж хараад,
-- Сайхан байгаа биз? гэж «сайхан» гэсэн хариу сонсох хүний ёсоор нүүр дүүрэн мишилзэн асуухад Норжмаа
-- Сайхан, харин жаахан амармаар байна гэв. Хоёул бүдүүн хожуулын цас арилгаж зэрэгцэн суулаа. Богд уулын Зайсангийн амны ойд нам гүм, моддын ёроолд цас сэвсийж, цатгалан тоншуул хааяа нэг тог тог тоншоод ямар нэг анир чимээ чагнаархана.

Норжмаа, Очирын мөрийг түшин нүдээ аниад амьсгаагаа дарж ядан байвч хоёр хацар нь жаргалтайяа улаа бутарч, хамрын нь самсаа дахь хар мэнгэ үл мэдэг чичирхийлэн тод зурагтай, зузаан уруул нь эрхлэнгүй жуумалзана. Хоёул нэг хэсэг дуугүй түшилцэн суулаа.
Норжмаагийн амьсгаа дарагдав. Очир чандган малгайгий нь өмсгөж.
--Норжмаа чи харж байна уу? гээд уул өөд заав
-- Тээр доор, энэ бүдүүн хушны доод мөчрийн чиг аавын гэрийн улаан хиур харагдаж байна.
-- Аан! Тийм байна,
-- Аав минь дээ хөөрхий. Энэ уулын амыг гучин жил сахилаа. Ой хамгаалагчийн ажлыг олдошгүй сайхан ажил гэдэг юм. Том болоод ойн цагдаа болно гэхээр минь их баярладаг сан. Нээрээн би ойн цагдаа болно гэж боддог байжээ.
-- Тэгээд болохгүй яасан юм бэ?
-- Болноо, болно. Жилийн дараа инженер нэртэйгээс биш нэг ёсондоо ой хамгаалагч болоод л ирнэ дээ. Ой минь! Хангай минь! гээд Очир сүүрс алдав. Норжмаа гарыг нь татаж хацартаа наагаад,
-- Ойтой чинь би чамайг хардалтай ч биш дээ гэв. Тоншуул тог-тог, тог-тог. Улаанбаатарын төмөр замын буудалд илчит тэрэг бүүг-бүүг. Дахиад л нам гүм. Очир, Норжмааг сэрэмжлүүлэн түлхэж, хориод алхмын цаана байгаа нэгэн баглагар хар ногоон хушийг заан,
-- Бүү хөдлөөрэй хур буулаа! гэв.
-- Юу гэнээ? гэж шивгэнэн асуухад
-- Хур шувуу. Өдийд их соргог байдаг юм гэв. Хур гэдэг нь ХУШНЫ үзүүр хавьцаа нэгэн бахим мөчрийн цас унагаж суугаа оготор өргөн сүүлтэй том хар шувуу ажээ.
-- Ямар учиртай Шувуу юм бэ? Норжмаагийн зүрх түг-түг-түг Тоншуул тог-тог-тог.
-- Аав. Миний бага байхад хавар хурын наадам үзүүлнэ гэж өглөө үүрээр дагуулаад л гарч өгдөг сөн. Хур, яг нарнаар наадна. Нэг ёсондоо хуримаа хийж байгаа нь тэр. Хурын нааддаг мод гэж тусдаа бий. Хаа нэгтээ ойн цоорхойд ганцаараа содон, эрт нар үздэг мод. Тийм модыг олно гэдэг бас амаргүй ажил. Хур тойрч гүйсэн жимтэй боллоо гэхэд тэр маань урд жилийн гологдсон мод байж мэднэ. За тэгээд аав бид хоёр хэдэн өдөр уул ойгоор мацаж байж, сая хурын наадам олж үзнэ. Чи энэ шувуу наадах үедээ ямар сайхан болдог гэж санана. Хамгийн түрүүнд азарган хур ганцаараа бууж ирээд сүүлээ тогос шиг дэлгээд, хүзүүгээ сунгаад дуудаж гарна. Гүррр-рр. Тэгснээ тагнайгаа ташна. Тиг-тяг-тяг. Цаадуул нь ч дараа дараагаар бууж ирээд тавуул, зургуул, арвуул болж ирээд л наадмаа эхэлнэ. Олон цагаан дэвүүр дэлгэсэн юм шиг сүүлнүүдээ өглөөний наранд солонгоруулаад, одоо тойроод л гүйлдэж гарна даа. Дуу гэдэг ч ёстой ойн хөгжим, лусын эзэн товшуур бариад хаврын тухай магтаал хэлж байна уу гэмээр.
Наадаж байх үедээ ухаан байхгүй. Алъя гэсэн ч хүн хэдээр нь ч алж болно. Норжмаа чи хар л даа сайхан шувуу шүү. Би түүнийг дуудаадхая гээд Очир цорвойлгон гүр-гүр-гүррр гэхэд хур юун дуу билээ гэсэн шиг хүзүү сунган нэгэнтээ эргэж хушны цас бутарган нисэн одов. Норжмаа хүүхэд шиг баярлан үл мэдэг завсартай тэгш цагаан шүдээ яралзуулан инээж,
-- Сайхан шувуу байна Очир минь! Би өвлийн ой ямар байдгийг бүр мартчихжээ. Дунд сургуулийн сурагч байхдаа ангийнхантайгаа Хүрэл тогоот, энэ баруун Богинын аманд цанаар гулгаж ойд зугаалдаг байсан. Оюутан болсноос хойш дөрвөн жилд хотоос гарсангүй. Хэн хүн Богд уулын ойд очиж зугаалъя гэвэл ямар хүүхэд биш дээ л гэх байсан байх. Одоо харин хүүхдээрээ болчих шиг. Чамтай танилцаагүйсэн бол хотдоо л зугаалж яваа
-- Би ч гэсэн шинэ жилээр их сургуулийн багт наадамд очихдоо ийм хүүхэнтэй танилцчих юм гэж даанч бодоогүй дээ.
-- Чи бид хоёр зан зангаа их түргэн авалцсан шүү|
-- Тиймээ, заримдаа ч гайхмаар.
-- Эртээр танайд ирэхдээ улаан туг хийсгэж ирээд юун ч сүржин юм бэ дээ гэж бодсоныг яана. Аав чинь яг миний аав шиг сайхан хүн ээ дээ.
-- Тиймээ. Хамгийн сайн юм нь энэ ой мод, уул усандаа үнэн хайртай даа. Тэгээд ёстой арван хуруу шиг мэднэ. Дархалсан уулын ой хамгаалагчийн ажил уу? Өдөржин ой модоор хэснэ шүү дээ. Манайхны дотор учир мэдэхгүй хүн ч олон. Ёстой ойн хулгайч гэмээр хүмүүс бий. Аав, хавар л их зүдэрдэг юм. Хүүхдүүд ууланд гараад түймэр тавьчих гэнэ. Томчуул нь ч ялгаагүй. Аав морио эмээллээд өдөржин дурандаж сууна. Ой руу зүгэлсэн нэг хэдэн хүнийг арай чүү буцаахаар нөгөө хэд гараад ирнэ. Зарим нь өөрийнхөө газар нутаг дээр явж, юу хийхээ чамаар заалгахгүй энээ тэрээ гэж элдэв хоёроор аашилна. Аав заримдаа бүр гутарчихдаг юм. Энэ зун амралтаараа ирээд байсан чинь аав нэг өдөр баахан төмөр лааз, архины шил, энэ тэр хог новш үүрсэн хар юмыг туугаад ирлээ. Тэр хэдийг хог новш тараалаа гэж зэмлэхээр нь буу үүрсэн мануухай гэх мэтээр доромжилж гарч гэнэ. Тэгэхээр нь мань хүн тэссэнгүй, цагтаа би буу бариад та нарын төлөө байлдаж явсан, наадах новшоо авч зайлахгүй бол хөлийг чинь хуга буудна уурлахаараа нэг уурлажээ. Цаадуул нь үнэхээр буудаж мэдэх өвгөн байна гэж айсан хэрэг биз. Хөөрхий аав минь больж явна даа.
-- Харахад ануухнаараа өвгөн шүү.
-- Ой, миний цусыг сэлбэж байна гэдэг юм Үнэн байхаа. Жаахан дээшээ явах уу?
--Тэгье.
Хоёул хөтлөлцөөд Богд уулын дунд биеийн шигүү ой өөд авирлаа. Нар хэвийжээ. Ойн ёроолын цасан дээр нарны цагаан зурвас, моддын хөх сүүдэр алаглана. Дээшлэх тутам зуу зуун наст хуш мод олширч тэдний ивгээл нөмөрт ургасан шинэсний цагдуул шүргэлэн, хааяа хус улиас тэндхэнээ айлсан бөөгнөрчээ. Энэ битүү хар ойд Норжмаа ганцхан айдас хүрэх боловч хажууд нь энэ ойн эзэн мэт далтай сайхан залуу, сэтгэлт нөхөр нь хамгаалж явна
гэж бодоход тун ч аятайхан.
--Очироо, баавгай хүрээд ирвэл яанаа?
-- Энд баавгай байхгүй.
-- Аа чоно?
--Чоно бол ч чи бид хоёроос сүүлээ хавчаад л зугтаана л даа.
Нэг бяцхан хар хэрэм моддын сүүдэр дээгүүр харайсаар пийс хийн дуугарч нүцгэн мөчирт шинэс модонд зурсхийн гарав.
-- Хэрэм дуугардаг юмаа.
-- Тэгэлгүй яахав. Бусаддаа чимээ өгч байна гээд анчинд чимээ өгчиж байгаа нь тэр.
Хөөрхий минь!
Норжмаа хэрэмний гарсан модон дор очиж дээш өлийн хөөрхөн хэрэм нааш ир, нааш ир гэж хүүхэд шиг дэвхрэн өхөөрдөж байгаад эргэтэл Очир далдын хар малгай өмссөн шиг алга болжээ. Норжмаа “Нуугдаж тоглох нь ээ” гэж инээд алдан
-- Би чамайг одоохон олно доо гээд ойн зузаан цас манаргаж моддыг тойрон сүлжиж гүйв. Гэвч Очир ор сураггүй.
Зогсоод чагнаархав. Таг чиг. Гүйсэндээ болоод зүрх түгшин цохилно. Гэтэл бас айсандаа болоод,
- Очоор чи хаана байнаа! Хоолой нь чичирсхийв. алга. Таг чиг байсан ойд мод чахран хавирч бас ямар нэг амьтан чаад чаад хийнэ.
-- Очоор!
-- Аан! Би энд байнаа! гээд Очир тэртээ ширэнгэ дотроос инээсээр гарч ирэв. -
-- Чи яасан хатуу тоглоомтой юм бэ? Очир гүйж хүрч ирээд Норжмааг тэврэн халуу оргитол хацрыг нь илбэн таалан,
-- Мод тойроод гүйж яваагий нь. Туулайн бүжин шиг гэж өхөөрдөн өгүүлэхэд Норжмаа уяран хайрын нулимсаа барьж ядан нүдээ цавчлан цавчлан байв.
Очир, хэрэмний хуш дор цас арилгаж хуурай гишүү түүж ирээд гал түлж идэх уух юмаа гаргаад тухлан суулаа.
-- Аав багаас минь эр хүний хээрийн амьдрал таниулж хал үзүүлсэн юм. Намрын сүүлчээр зүүн тийш Заан Тэрэлж хүртэл анд дагуулж явна. Цас орсон хөвчийн царманд түүдэг галын дэргэд ой мод, ан гөрөөсний тухай үлгэр шиг юм сонсож хоноглох ч сайхан шүү. Жишээ нь чи бид хоёулаа сайн морьтой Хэрлэн, Туулын эхний их ян хөвчид гарчихаад өвлийн шөнө түүдэг галын дэргэд баавгайн арьс дэвсчихсэн...
--Очир минь чи зохиол шиг ярих юмаа. Ярь ярь
-- Хүн, байгалийн сайхныг ойлгож, хүслэн болгож ярихад илүүдэх юм байхгүй. Үнэндээ ч цэцэг бол зүгээр цэцэг, мод бол зүгээр нэг мод биш л дээ. Хүн өнгөн
сайхныг амархан мэддэг. Гэтэл ойн амьдрал гэж хүн амьдралаас дутуугүй сонин юм бий. Ой мод өөрийн хэл өөрийн дуутай. Үхэх, төрөх тэмцэлдэх байгалийн жам бий шүү. Модны хэл мэднэ гэвэл солиорлоо гэх нь лав. Гэтэл энэ өвлийн ойн нам гүмийн дунд ч аль нэг мод хэлж байгааг ойлгох гэх юм уу юу хэлж байгаагий нь дотроо бодож олж болох юм. Жишээ нь тээр цаана байгаа хөгшин хушийг харж байна уу? Насыг иь би ойролцоогоор тааж ч магадгүй. Тэр яахав. Бусад модноос юугаараа ялгаатайгий нь чи сайн хар даа.
Норжмаа, нүдээ онийлгон байж тэр модыг нэг хэсэг ажиглаад
- Мэдэхгүй. Их бүдүүн, хугархай мөчир олонтой байна.
-Тиймээ. Гэхдээ хамгийн гол нь үндэс нь газраа зангилаа зангилаагаараа гараад ирснийг харав уу?
-- Харлаа. Яагаад тэр вэ?
-- Урдхан талд нь ургаа хар чулуу байна уу?
-- Тийм байна.
-- Олон жилийн турш, тэр мод чулуу хоёр тэмцэлджээ. Гаднаас нь харахад хөөрхий хөгшин хуш дийлдэж байгаа юм шиг байна. Гэвч газар доор юу болж байгааг бүү мэд шүү дээ. Магадгүй хушны үндэс чулууг сэндийлж, сархиаг болтол нэвт цохисон ч байж мэднэ.
-- Модны үндэс чулууг үү дээ?
-- Тиймээ, Тэгээд хөгшин хуш олон жилийн тэмцэлдээнд туйлдаад уйлж ёолж байна гэж бод л доо.
-- Норжмаа хөгшин хушны уйлж ёолж байгааг сонсох гэсэн шиг нүдээ аньж хэсэг чагнаархан,
-- Хачин юмаа. Түрүүн чиний нуугдаад байхад мод шүдээ хавирах шиг болсон шүү.
-- Зөв, зөв. Чи минь ингээд л яваад байвал модтой ярьдаг болно. Оросын зохиолч Куприний «Олеся» гэдэг өгүүллэгт нэг тийм бүсгүй гардаг юм. Хойтон би институтээ төгсөөд ирнэ. Чи минь их сургуулиа төгсөнө, тэгээд хоёулаа Тосонцэнгэлийн юм уу, Дулаан хааны модны үйлдвэрт очиж ажиллана шүү.
--Тэгнээ.
-- Хоёулаа ойн цоорхойд давирхай үнэртсэн дүнзэн байшин бариад сууна. Тэгээд л завтай цагтаа ой тайгаар хэсээд байна даа. Бал бурам үнэртсэн зуны ойд тэнгэрт од гэрэлтсэн цэлмэгхэн шөнө, дуунд гардаг хоёр ангир шиг...
-- Очир минь дээ!.. Очир минь...
-- Норжмаа минь орой болохоос урьтаж хоёулаа тээр халзангийн наахнуур ороогоод буцъя.
Цээний жалга гэж үргэлж буга байдаг газар бий. Зун цээнийн цэцэг дүүрэн ургаад холоос ногоон ой дунд яв ягаан толбо шиг харагддаг юм.
-- Тэгье. Буга согоо дайралдвал мөн сайхнаа! Хоёул, галаа цасаар дарж унтраагаад
юмаа хийж цааш хөдөллөө. Энэ ой одоо Норжмаад нэг шавааралдсан мод биш, хачин сонин амьдралаар дүүрэн ертөнц болжээ. Ой модтой ярьж чадах болно гэдэг үнэхээр ид шидтэй бөгөөд хүсүүштэй юм байдаг байж. Үүргэвч үүрч өргөн суран бүсэндээ чинжаал хутга зүүгээд, гараас нь хөтлөн алхалж яваа энэ өндөр хөх залуу байгалийн нууцыг нэвт харах эрдэмтэн, гоо үзэсгэлэн, эрэлхэг зориг хосолсон мэт санагдаад хайр хүрч бахархал төрнө,
-- Очироо, тэр Цээнийн жалгад чинь буга согоо байгаасай тиймээ?
-- Тиймээ, байх ёстой.
-- Өвлийн ойд ийм сайхан байх юм гэж би ер санасангүй,
-- Цагаан чандган малгайтаар хамар дээрээ мэнгэтэй хандгайн тугал шиг гэрэлтсэн бор нүдтэй ийм хөөрхөн хүүхэнтэй явахад... Ой минь! Хангай минь!
-- Хи хи хи. Хандгайн тугал тийм сайхан нүдтэй байдаг юм уу?
- Яг тийм. Тээр жилийн хавар би арваад настай байсансбайх. Аав, ойн түймэрт яваад ирэхдээ хандгайн өнчин тугал авчирсан юм. Галд ээрэгдчихээд байхад нь авсан гэдэг. Би тэжээлээ. Өдөрт хэд услаад, бургасны навч идүүлээд байсан чинь түргэн том болсныг хэлэх үү. Яг чинийх шиг гэрэлтсэн бор нүдтэй их номхон амьтансан. Тэгсэн чинь намар ууландаа зугтаагаад явчихсан шүү. Одоо томоо хандгай болчихсон хангай хөвчийнхөө альхан талд явдаг бол доо.
— Цээнийн жалганд зогсож байвал нь чи таних уу?
-- Таньж ч магадгүй. Энүүхэн хадыг тойронгуут л Цээнийн жалга.
Очир Норжмаа хоёр хадыг тойроод нэгэн бүлэг ширэнгэ дундуур туулан гартал өмнөхөн талд нь ямар нэг юм нүдэж цавчих чимээ гарав.
Хаданд тулсан жалганы мөрөгцөг рүү өнгийн харвал гучаад алхмын цаана нэг хүн багавтархан согооны хөлдүү биеийг алхин цавчиж байв. Норжмаа хирдхийн цочсондоо заяатай л дуу алдсангүй. Ангийн хулгайч согооны толгойг тас цавчиж хаяад, нэг хааг нь салгах гэж чухам үсэрч бууж байна. Хажууд нь явган чарга таар шуудай хэвтэнэ, Очир үүргэвчээ авч тавиад сайн ажиглав. Тэр этгээд согоог лав хэд хоногийн өмнө алжээ. Буу зэвсэг ил харагдах гэх юм алга.
-- Ямар аймаар амьтан бэ! Эндээс бушуухан холдъё гэж Норжмаа хоолой чичрүүлэн шивнэв. Очир, «Яах вэ? Буцаж хэл хүргэтэл энэ золиг оргүй алга болчихож мэднэ. Энд нь баръя гэхэд улайрсан амьтан сүхээ бариад дайрвал нь ганц муу хутгатай би яах билээ?» гэж эргэлзсэнээ гэнэт «Ойн буг! Муу хар хулгайч! Норжмаагийн минь хамаг сайхан бодол хүслийг баллаж орхилоо» гэж барьж болшгүй занал хорсол оргилон Норжмааг цаашаа бай гэж зангаад урагшаа хэд алхаж,
-- Хөөе чи наадах сүхээ орхиод хүрээд ир! гэж зандрахад сайхь эр цочсондоо навтасхийн эргэ харлаа. Тийм олиггүй биш боловч сахал үсэндээ дарагдсан ер бусын царайтай тэр хүн цог шиг гялалзах онигор нүдээ нэг хэсэг гөлрөөд,
--Чи надаар яах гээв? гэж агдгасхийв.
-- Яах нь чамд хамаагүй. Наадах сүхээ хаяад яв гэсэн газар яв!
Хулгайч сүхээ барьсаар Очирын өөдөөс хэд биеэ хураан зогсов. Эсгий гутлын түрийг эргүүлж цоо шинэхэн нэхий хүрэм өмссөн тэр салгалан чичирч байх нь ихэд хорссон буюу айсны тэмдэг ажээ. Очир түүнийг сүрдүүлэх санаатай,
-- Самбуу энэ гайхлыг бууныхаа хараанаас бүү салгаарай! гэхэд хулгайч,
-- Үхсэний чинь Самбуу, гичийтэйгээ хоёулханаа явж байж гээд бас алхам урагш алхав. Очир нэгэнт ухрах замгүй болсныг мэдээд өөдөөс нь мөн хэд алхаж бүсэн дэх чинжаалаа суга татан далайгаад
-- Дахиад нэг алхвал төвөнхөд чинь хутга зооно. Алдахгүй шүү. Наад сүхээ хая! гэж маш зоримог хатуугаар захиран хэлсэнд сайхь эр түдгэлзснээ сүхээ цасанд хаяад
-- За гайгүй дээ. Өст хүн өлийн даваан дээр гэдэг үг бий шүү! гээд уул руу алхлав.
Очир Норжмаад үүргэвчээ ав гэж дохиод хойноос нь дагав. Цээнийн жалганаас буга согоо олж харна гэж горьдож явсан хөөрхий Норжмаа сүнс зайлтал айж аан гэж дуугарах тэнхэлгүй хацар дээгүүрээ нулимс урсган дагжин чичирч явлаа.

Read On 0 comments

Хайвал олно