Бодол

Улирал бүхэн зун шиг биш дээ, ямар
Уйтай дуутай орчлонд цагийн өнгө солигдоно
Учрал бүхэн үүрдийн биш дээ, тавилан минь
Үйлтэй галтай сэтгэлд бодлын хүрд эргэлдэнэ

Ганцхан дусал нулимс ямар үнэтэйг мэдэхгүйдээ
Гадаа шиврэх бороог хурмастын нулимс гэж хэлсэн юм уу
Ганцаар тууламгүй хорвоод гуниглана чинээ санаагүйдээн
Гавьяа алдрын замдаа нөхрөө гээдэг болсон юм уу
Төөрөлдсөн хувь заяандаа гундаж уйлсан хүнийг
Түшиж өндийлгөсөн буянтан олон бил үү дээ, та минь
Амьддаа нэг уйлж үзүүгүй хүмүүн
Алагхан хорвоогийн хаахна багтана, хөөрхий
Намуун хорвоод нулимс дутсан юм гэж үү дээ, заяа минь
Намрын модод өдөржин шөнөжин навчсаараа уйлах юм
Насны хэмжилгүй тавилан бй бил үү дээ, замбуулин минь
Нам гүмхэн шөнийн тэнгэрээс од харвах юм
Ноён тэнгэрийн азарган бороонд хэчнээн норсноо мартжээ
Нойтон сормуустай нүдийг чинь сэтгэлээсээ гаргаж чадахгүй нь
Золгүй бүхнээс хагацаад дахин төрөхдөөн би
Зовлон хэлдэггүй домгийн шувуухай болноо

0 comments:

Хайвал олно


Архив