‘‘ДОРНЫН ХҮЛЭГ’’ НААДАМ ДАРЬГАНГЫН ШАР ТАЛД

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн 60 насны ой болж түүний төрж, өссөн нутаг Дарьганга сумын төвд яруу найргийн наадам боллоо.
Энэхүү "Дорнын хүлэг" яруу найргийн наадмыг Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газраас жил бүр уламжлал болган зохион байгуулж ирсэн юм.

Энэ жилээс эхлэн уг наадмыг Д.Нямсүрэнгийн нэрэмжит болган явуулахаар болжээ. Мөн Д.Нямсүрэнгийн "Сэтгэлийн байгаль"-өв сангаас Эрээнцавд жил бүр уламжлал болгон зохион явуулдаг байсан "Улз голын дугуйлан" наадмын энэ удаад "Дорнын их хүлэг" наадамтай нэгтгэн зохион байгуулав.

Дарьгангын шар талд, хослон дуулах хунгийн чуулгантай зэрэгцэн найрагчид шүлгээ уншиж онгодоо хөглөсөн энэ жилийн наадам зочид төлөөлөгч олонтой, өргөн хүрээтэй боллоо. Нийслэл болон Сүхбаатар, Дорнод аймгийн хорь шахам яруу найрагчид наадамд онгодын хүлгээ сойж, шүлэг найргаа Дарьгангын зон олон, уул усанд өргөж наадав.

Тэднээс Д. Нямсүрэнгийн унаган шавь, Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Д.Ган-Очир тэргүүлж, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ай.Төмөр-Очир, сэтгүүлч яруу найрагч Н.Гантулга, Эрээнцавын найрагч Д.Нямсүрэн агсны шавь Д.Батжаргал, Д.Нямсүрэнгийн "Сэтгэлийн байгаль"-өв сангийн тэргүүн Дарь.Сүхбаатар нар удааллаа.

Д.Нямсүрэнгийн "Сэтгэлийн байгаль"-өв сангийн тэргүүн Дарь.Сүхбаатар наадамд их найрагчид зориулсан шүлгээ уншсан юм. Түүний "Гурван их цагийн эзэн бахархлаан дуулмуу" шүлэгт:
"...Өндөр гэгээнийг хэн биширч
Ноён хутагтад хэн сүслэв
Миний мэт,
Нацагдоржийг хэн бахдан дуулж
Нямсүрэнтэй хэн анд нөхөр, ахан дүүс явах юм бэ
Миний мэт, ..." гэжээ.

Энэ жилийн "Дорнын хүлэг"-ийг Сүхбаатар, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар ивээн тэтгэж байр эзэлсэн найргууд өргөмжлөл, мөнгөн шагнал гардууллаа. Яруу найргийн наадамд Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Нийг мийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, яруу найрагч С.Амартайван, МЗЭ-ийн бодлого зохицуулалтын ал¬баны дарга М.Саруулдалай, Д.Нямсүрэнгийн "Сэтгэлийн байгаль"-өв сангийн тэргүүн Дарь.Сүхбаатар болон найрагчийн гэргий Г.Хандмаа нар оролцсон.

Их найрагчийн 60 насны ойгоор түүний амьдарч, уран бүтээлээ туурвиж асан Дорнод аймгийн Чулуунхороот сумын дунд сургуулийг Д.Нямсүрэнгийн нэрэмжит болгосон юм. Төрсөн нутаг Дарьганга суманд нь болсон Дорнод аймгийн Чулуунхороот сумын Д.Нямсүрэнгийн нэрэмжит бүрэн дунд сургуулийн удирдлага, сурагчид Эрээнцаваас ирж оролцсон нь ойн баярын хүндтэй зочид байлаа.

Наадамд ирж оролцсон сурагчид түүний "Дөрвөн цаг" шүлгийг уншиж олны сонорыг мялаав. Д.Нямсүрэн агсны ах дүүс, хамаатан садан ойд хүрэлцэн очсон төлөөлөгч Их найрагчийн төрж өссөн, түүх домгийн өлгий Дарьгангад цугласан уран бүтээлч найз нөхөд, шавь нар нь түүнийг дурсан хуучилж, шүлгүүдээс нь уншиж, найрагчийн гэгээн дүр, уянга найр гийг нь үгүйлсэн нутгийн ард олныг цэнгүүлэв.

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн нэрэмжит каадам Алтан овооны энгэр дэх Ганга нуурын хөвөөнөө мянган хунгийн чуулган болж байгаатай давхацсан. Жигүүрээ дэвэн нисч буух хунгийн сүрэг халуун орныг зорин алсын аянд дөрөөлөхийн өмнө энэ нуурын хөвөөнд цуглаж, газрын холыг хэрхэн туулахаа хэлэлцэж, түр зуур амсхиидэг юм гэсэн.

Төрсөн нутагтаа хоргодсон сэтгэлээ тайтгаруулж, шөнөжин өдөржин дуулдаг гэдэг юм. Нуурын ус харагдахгүй шахам болж, цас орсон мэт цагааран алсаас цайрч харагдах хунгийн чуулганыг үзнэ гэдэг хүн болгонд тохиох хувь тавилан биш гэж хөгшид хуучилдаг юм.

Найрагчийн ойд зорин холоос очсон зочдод хунгийн чуулган үзэх боломж тохиосон нь ховорхон олдох завшаан байлаа. Байгалийн энэ гайхамшигт тохиол тэдний онгод, хийморийг нь хөглөн, нэрт найрагчийг дурссан уран бүтээлчид олон шинэ бүтээл туурвисан биз ээ.

Дорнын их шүлэгчийг дурсан наадсан үзэг нэгт, уран бүтээлийн нөхөд нь үүр тэмдэгрэх үеэр Шилийн богдын оройд гарчээ. Нүдгүй цасан шуурганаар шилийн сайн эрсийн тангаргийг уншиж "Эрийн хийморь сэргээсэн Шилийн богд сонсч бай. Эр чадлаа гайхуулсан халхын сайн эрс дуулж бай. Торой Банди, Тогос Чүлтэм, Цахиур Төмөр, Царцаа Гомбо, Данзангийн Нямсүрэн, Дарь.Сүхбаатар, Ай.Төмөр-Очир, Амартайван Саруулдалай гэх мэт сайн эрс дуулж бай" хэмээн уншиж, онгод хиймороо дуудав.

Д.Нацагдоржийн "Миний нутаг", Б.Явуухулангийн "Би хаана төрөө вэ", Ч.Чимидийн "Би монгол хүн" гэх мэт нутаг усаа магтан дуулсан олон сайхан шүлгийг хоолой нийлүүлэн уншихад газар тэнгэр нийлэх шахам байсан цасан шуурга арилж хормын дотор тэнгэр цэлмэсэн юм. Шилийн богдын оройд үүр хаяарах мөчид гарсан найрагчид ийнхүү шүлэг найргаа уншиж, нутаг усаа баясгасны дараа уулын ойр хавийн хог новшийг цэвэрлэлээ.

Үүнд нутгийн зон олон, домогт уулыг зорин очигсод ч тун их талархаж байсан юм.
"Ганга нуураас ниссэн хүн
Намартаа заавал эргэдэг
Ганга нуураас явсан хүн
Насандаа заавал ирдэг" гэх сайхан дууны ая найрагчдын сэтгэлд уянгалж, Дорнын их найрагч Д.Нямсүрэн агсны "Амитаба", "Дөрвөн цаг" гэх мэт давтагдашгүй, гайхамшигт шүлгүүдийг мөнх
настайг бодсоор үлгэрийн орон шиг үзэсгэлэнт сайхан Дарьгангад хоргодон хоргодон буцав.

Ж.Цэсэн
Ардчилал сонин

0 comments:

Хайвал олно

Loading...

Архив