О.Дашбалбар. Бүх юм цагтаа төгөлдөр

Алив юм цаг цагтаа л
Алтан дэлхийд хүчин төгөлдөр!
Өнөөдрийн бороо өнөөдөр л орно
Өөр бороо маргааш асгарна . . .

Энэ охинд би өнөөдөр л дурлана
Илүү сайхан нь маргааш ирнэ
Эргэж олдохгүй энэ л орой
Ичимхий түүнийг хайрлан үнсэнэ
Хожимдсон цэцэг өвөл ургахгүй
Хоног өдрүүд эргэж ирэхгүй
Яг өнөөдөр тохиолдсон бүхэн
Яруу найргаар намайг тэтгэнэ
Сайхан залуусын сэтгэл хөндөж
Сарны дор гунхаж яваа
Танхил охин минь чи ч гэсэн
Таяг тулсан эмгэн болно
Гэлээ ч би яруу гоог нь одоо л мэдэрч
Гэгээн төрхөнд нь одоо л дурлана
Тэртээх өдрийн мананд төөрөлгүй
Тэнгэрлэг өнөөгийн гялбаанд зогсоно
Алив юм цаг цагтаа л
Алтан дэлхийд хүчин төгөлдөр!
Цагаан сахалтай буурал өвгөд ч
Цагтаа бас л шуугиулж явсан!
Өнөөдөр амьдрал нь домог болж
Өөр залуус дэвжээг нь эзлэв
Түрүү үе нь ээлжээ өнгөрөөж
Дараа үедээ халаагаа өгнө . . .
Хийдгээ хийсэн тэднийгээ зэмлэхгүй
Хэзээд бидний цаг ирнэ гэвч,
Өчигдрийн эмгэн байгаагүй бол
Өнөөдөр би залуу охинд нь дурлах уу!?
0 comments:

Хайвал олно


Архив