Өөртөө унших дадал хэвшүүлэхийг хүсвэл...

11:52 PM
Эх сурвалж: http://ganzo-n.blogspot.com/

Дуртай блогоороо дамжиж яваад Унших дадал суулгах 14 арга нэртэй нэг зөвлөгөө олж ихэд таашаав. Тэгээд (ганц нэг давхацсан аргыг нь орхиод) ихэнхийг нь орчуулаад доор тавьчихлаа.


Хэрвээ та өөртөө унших дадал хэвшүүлэхийг хүсвэл үүнд туслах олон арга бий.

Юуны түрүүнд, сайн номтой бол унших нь маш сайхан ажил гэдгийг сана. Харин маш муу юмуу туйлын хэцүү ном унших бол та өөрийгөө хүчлэх шаардлагатай болж, яг л хүнд хүчир ажил хийх мэт санагдана. Ийм байдал хэдэн өдөр дарааллан үргэлжилбэл та уг номоо орхиж, тааламжтайгаар уншиж болох ямар нэгэн ном олж авахыг хичээгээрэй. Үүнээс гадна, унших дадлыг хэвшүүлэхийн тулд дараахь зөвлөгөөнүүдийг туршаад үз:

•Цаг тогтоо: Та өдөрт дор хаяж 5-10 минут ном унших хэд хэдэн цагтай болох хэрэгтэй. Тухайн өдөр юу ч тохиолдлоо гэсэн эдгээр цагуудад номоо унш. Жишээлбэл, өглөөний цай болон өдрийн хоолны үеэр (ганцаараа хооллодог бол оройн хоолны цагаараа ч тэр) уншлага хийгээд дадчих. Тэгээд жорлонд суухдаа, мөн орондоо орсон хойноо тус бүр 10 мин ном уншдаг болъё гэвэл өдөрт нийт 40 мин ном уншдаг болох юм. Энэ маягаар эхэлбэл та удахгүй маш зөв унших дадалтай болно.

•Үргэлж ном авч яв. Хаа ч явлаа гэсэн номоо бүү орхи. Би гэрээсээ гарахдаа үргэлж жолооныхоо үнэмлэх, түлхүүр, ном зэргээ хамгийн түрүүнд шалгадаг. Би номоо ажилдаа болон янз бүрийн уулзалт, болзоонд явахдаа, ер нь хаа ч явсан авч явдаг. Уншихгүй дээ гэж бодсон газар луу (жишээ нь кинотеатр) явахдаа хүртэл шүү. Хэрвээ та хэн нэгийг хаа нэгтээ хүлээх хэрэг гарвал номоо унш. Цагийг үр ашигтай өнгөрүүлэх гайхалтай арга шүү.

•Жагсаалт гарга. Уншихыг хүссэн номнуудынхаа жагсаалтыг гарга. Үүнийгээ та тэмдэглэлийн дэвтэртээ юмуу хөүмпэйжэн дээрээ, эсвэл хувийнхаа викид, ер хаана ч хадгалж болно. Ямар нэг гоё, сайхан номын тухай интернэтээс юмуу хэн нэгнээс дуулмагцаа жагсаалтандаа нэмэхээ, хэдийнэ уншчихсан номоо жагсаалтаасаа хасахаа мартуузай.

•Чимээгүй орчныг сонго. Гэртээ тайван намуухан орчин олоод, сандал дээрээ тухлан номоо тасалдалгүй унш. Сандлын чинь ойр зурагт, компьютерээс авахуулаад чанга хөгжим, гэр бүлийн гишүүд, өрөөний найзууд гэх мэт анхаарал сарниулагчид бүү байг.

•Зурагт, интернетийн хэрэглээгээ багасга. Хэрвээ та үнэхээр л илүү их уншихыг хүсч буй бол ингэхээс өөр аргагүй. Магадгүй олон хүмүүст хэцүү байх л даа. Гэхдээ зурагт, интернетээс холдон байж олж авсан минут бүрээ уншлагандаа зориулж болно гэдгээ санаарай. Энэ дадал танд хэдэн минутаар биш хэдэн цагаар унших боломжийг олгоно.

•Хүүхэддээ ном уншиж өг. Хэрвээ та хүүхэдтэй бол тэдэндээ ном уншиж өгөөрэй. Ингэх нь тэднийг ном уншдаг хүн болгох хамгийн сайн арга юм. Энэ дадал тэдэнд амьдралдаа амжилт олоход нь туслах нь гарцаагүй. Хүүхдийн хамгийн сайн номуудыг олж аваад уншиж өгөх хэрэгтэй шүү. Ингэснээр та давхар өөртөө унших дадал хэвшүүлж буй, ерөөс хүүхэдтэйгээ цагийг үр дүнтэй өнгөрүүлж хэрэг юм.

•Хуучин номын дэлгүүрт зочил. Миний очих хамгийн дуртай газар бол хуучин номын дэлгүүр. Тэнд би өөрийн хуучин номнуудаа өгч, авах номнуудаа ихээхэн хямдруулдаг юм. Хэдхэн төгрөг зараад л хүссэн номнуудаа авчихна даа.

•Номын санд очдог өдөртэй бол. Хуучин номын дэлгүүр явахаас зардал багатайгаар ном унших арга бол мэдээж номын санд суух. Долоо хоногийн масшрутандаа номын санг багтаагаарай.

•Хөгжилтэй, хөнгөн ном унш. Таныг үнэнхүү автуулж чадах, уншуулаад л байж чадах тийм номнуудыг олж аваарай. Агуу бүтээлүүд биш байг, хамаагүй, таныг унших хүсэлтэй л болгож байвал болох нь тэр. Унших дадлыг хэвшүүлшнийхээ дараа та илүү хэцүү номыг бол уншиж чадна, харин одоохондоо хөгжилтэй, хөнгөн ном бариад ав.

•Хамгийн таатай ажлаа болго. Уншлагын цагаа өдрийн хамгийн таатай цагаа болгоорой. Унших зуураа сайхан цай юмуу кофе ууж, өөрийгөө дайл. Тохилог гэгчийн сандал дээр зөөлөн хөнжилтэй тухал. Нар мандахад, нар жаргахад, бас далайн эрэг дээр номоо уншаарай.

•Блогтоо бич. Ном унших дадлыг хэвшүүлэх хамгийн сайн аргуудын нэг нь юу уншсанаа блогоо хөтлөх явдал юм. Та блоггүй бол болох хэрэгтэй. Үнэгүй шүү дээ. Гэр бүлийнхэн, найзуудаа блогтоо урьж өөртөө ямар ном унших талаар санал, зөвлөгөө өгүүл, уншиж байгаа номон дээрээ тэдний сэтгэгдлийг сонс. Энэ арга танд зорилгоо байнга ухамсарлаж байхад тань тусална.

•Зорилго тавь. Өөртөө би энэ жил 50 ном уншмаар байна (хэд ч байж болно) гэж хэл. Тэгээд гүйцэлдүүлэхийг зорь. Гэхдээ хамгийн гол нь ном уншиж байгаадаа сэтгэл хангалуун байгаа эсэхээ мэдрэх юм шүү. Тооны хойноос хөөцөлдөж болохгүй.
Read On 0 comments

Хайвал олно