Ж.Лхагва. Үдийн наран /Өгүүллэг/

1:09 AM
Таван сарын цэцэг шиг балчирхан явахад багшийгаа өглөөний нар шиг бодож байжээ.
Тэгээд би багшийнхаа сургаалд гэгээрч байгаагаа наран өөд тэмүүлэн алхалж яваагаар зүйрлэдэг байлаа.
Багш маань ч гэсэн шавийнхаа зүтгэлд урамшин сургаал – эрдмээ харамгүй айлдах нь тэнгэрийн хаяанд мандан гараад наашлан хөөрөх наран мэт бөлгөө.
Наран бид хоёрын айсан ойртох тутам болхи бүдүүлгийн хар сүүдэр улам бүр сэмрэн хоргодсоор байж дээ.
Үдийн наран зулай дээрээс гийгүүлэх цагт зургаан сарын алтанзул цэцэг шилбээ тасчих дөхөн тэмүүлж, “нэгээхэн ч сүүдэргүй болов оо” хэмээн жингэнэн алддагийн адил ид хорин насныхаа аагаар их юм мэдлээ гэж алдаж бодож явсныгаа наран хэвийж, алтанзулын шилбэ гудайх үед л мэддэг байна.
Ай , Багш минь та алтанзулыг сүүдэргүй болгох үдийн наран шиг байжээ. Сэрүүн тунгалаг өглөөн нарыг дэргэдээ юм шиг санаж, зулай төөнөх үдийн нарыг өндөр хэмээн бодож явсан хориодхон нас минь ээ… ухаарлын учиг эрхий ороох гучаад насанд алдсан хичнээн агтыг чинь барьж өгөх билээ…
Улаанбаатар хот. 1970 он.
Read On 1 comments

Ж.Лхагва. Автобусанд /Өгүүллэг/

1:06 AM
Ажил тарах цаг тул автобусанд зорчигчид олон. Суудал хэдийн дүүрснээр ч барахгүй хоорондох зайгаар нь хүмүүс шахцалдан зогссон байлаа. Зүгээр ч нэг шахцалдсан биш , бүр арваад жил ажилласан кондуктор ч зайг нь олоод явж чадахгүй болтол тэгж их шахцалдсан байжээ.
Гадаа гудамжинд халууныг хэлэх үү ? энэ автобусанд бүүр ч долоон дор амьсгал авахын аргагүй бүгчим, тэгээд ч ууц хөлрөн цамц наалдаад хүн бүхэн энэ автобуснаас гарахын мөн болж байлаа.
Миний урд цэнхэр даашинзтай нэгэн бүсгүй зогсоно.
Нуруу нам тэр бүсгүй бие томтой хүмүүсийн дунд орчихсон тул улам их халууцаж байгаа нь илт байсан, тэрбээр над руу харц чулуудах нь аврал гуйсан юм шиг санагдаж билээ. Би хоёр гараараа сандлын түшлэг тулан яргаж өчүүхэн зай гаргаад сайхь бүсгүйг тэр зайд зогстугай гэвэл тэр ч уриалагхан зөвшөөрч , хоёр гарын минь хооронд орон зогсоод байн байн над руу харан сэргэлэн хоёр нүдээрээ талархал илэрхийлэх бөгөөд “баярлалаа, чи сайн” гэсэн үг харцанд нь бичээстэй үзэгдэнэ.
Би ч хөөрхөн бүсгүйн талархсан харцанд баахан урамшиж, түүнийгээ л хайрлан хамгаалж явах ганцхан ажилтай юм шиг улайран мэрийгээд халууцаж ядрахыг ч үл мэдрэн бөөцийлсөөр явсан бөгөөд хэрэв тэр бүсгүй хөөрхөн харцаараа талархан шагнасаар байвал над өөр юу ч хэрэггүй агаад , түүнийгээ хоёр гарынхаа хооронд зогсоочихоод тэр бүгчим автобусандаа дэлхийг тойроход ч бэлэн санагдаж билээ. Ингэж явсаар өөрийн буух газраас хоёр буудал өнгөрчихсөн байжээ.
Ай ,энэ хүүхнүүд үү? Хэдэн ч буудал явуулж мэдэх улс шүү…
Read On 0 comments

Ж.Лхагва . Баярын гоёл. /Өгүүллэг/

1:03 AM
Ажил бүтэмжтэй байхад хорвоогийн өнгө улам ч саруул болж нар хурцаар гийгүүлэн , зүлэг ногоо хүртэл хурдан ургаж байх шиг харагдана. Мэдэх мэдэхгүй дууны ая санаанд орж, хаанаас гарч ирсэн нь үл мэдэгдэх нэгэн түргэн хэмнэлт аялгуу хөл удирдаад ,сэтгэл нэг л хөнгөн , хажуугаар өнгөрөх танихгүй хүүхдийн толгойг ч өхөөрөн илмээр санагдана. Хүрэл шиг хүрэн царайтай хав дөрвөлжин эртэй эрхлэн наалдаж яваа жаахан хүүхнийг хараад талх цөцгий хоёр шиг эвтэй байгаад нь тэдний өмнөөс баярлаж гар барих шахна. Шатан дээр ч автобусан дотор ч бохь зажилан ангалзаж явдаг манай байрны нөгөө сангас толгойт хүртэл өнөөдөр хэвлүүн намбалаг харагдаж байна.

Тийм ээ , би өнөөдөр нормоо зуун тавин хувь биелүүлчихээд харьж явна. Замын хажууд цойлон зогсох танкат хөшөөний одонг өчнөөн удаа дэргэдүүр нь өнгөрөх дөө тоолоогүй атлаа өнөө л нэг тоолмоор санагдаж, үзэхүй ес ажээ. Есөн хүсэл шиг есөн одон . Одон гэж… тэнгэрийн од шиг хол санагддаг одон хүртэл өнөөдөр энгийн танил зүйл шиг л байх юм.
Өдрийн ээлж тараад явахад замын тойруу дээр дандаа тааралддаг тэр нэгэн шавил бүсгүй намайг ердөө ажиглалгүй өнгөрдөг мөртлөө өнөө бүр холоос харчихаад ёотон цагаан шүдээ яралзуулан инээв.
Түүний сайхан инээд цагаан шүд хоёрыг тогтоож авахыг оролдон байж, хорин хоёр насныхаа тухай, ээж л аав хоёрынхоо тухай эрхгүй санагалзан , өөрийгөө нэг сайн ажиглаж үзэв. Чацархаг урт хөлийн минь шагай шалигүй богиндсон шалбуур өмднийхөө шуумаг дор цухалзан, бор бааз хүрэмээ туранхай мөрөндөө өлгөчихсөн нэгэн горзгор бор залуу ажээ.
Машины тос нэвчсээр өнгө нь үхчихсэн шаахайны минь ул ялигүй ханзарчихсаныг үзээд саяын бүсгүй үүнийг олж харсан болов уу? … гэж бодохоос гэнэт ичиж , ичсэндээ бас “ хэдийдээ ханзарчихдаг золиг вэ?...” гэж гуталдаа уур хүрлээ.
Нар үүлэн цаагуур орж, нэвт гэрэлтэн алдаж байсан навчис зузаараад явчих шиг болов. Тэгээд баярынхаа гоёлыг дотроо тооцоолон , тэр тэрийгээ өмсөн гэж тохоон бодоход гутал л нэг тааруухан болоод явчихлаа. Дэлгүүр хоршоонд сайхан гутал гарсан л байх юм . Ээж, аав хоёр гадуур гарч чадахгүй , би өөрөө ажилтай болохоор одоо яая гэхэв дээ. Залуучууд сайхан сайхан гутал өмсөөд , асуухаар “арын хаалга” гэж залитайхан инээх юм. Манайхны хийж байгаа гутал ч сайжраад л байна. Ганцхан улаа л нааж сурахгүй юм даа. Ул үрэх, цавуу найруулах ,түрхэх гээд л олон дамжлага байдаг байх. Нэг нь л чадахгүй байгаа хэрэг. Тэгээд тэр хоомой ажилтай хүн бас л нормоо биелүүлчихсэн гээд ханхалзаж яваа байх даа хэмээн бодохуй өөрийн зуун тавин хувийг дотроо цэгнэж нэг үзлээ.
Тэр нэгэн бүсгүй миний гутлын ханзархайг харж инээсэн бус , баяртай царайг минь баяртай царайгаар дамжуулан зуун тавин хувийг минь харж инээсэн гэдэгт одоо би баттай итгэж байна.
Би одоо энэ хувиа алдахгүй энэ миний “арын хаалга”- гаар аваагүй баярын гоёл билээ.
Улаанбаатар хот. 1971 он.
Read On 0 comments

Ж.Лхагва . Халуун гурил. /Өгүүллэг/

12:59 AM
Намайг бага байхад ах минь гурил зуурч эгч элдэнэ. Ахын зуурсан гурил цав цагаан , голын захын чулуу шиг мөлгөрхөн хавтгай , бариад үзэхэд бүлээхэн байдагсан.
Ах минь дайнд яваад эргэж ирээгүй. Тэгээд би гурил элдэж сурсан юм. Миний зуурсан гурил бас л цав цагаан голын чулуу шиг мөлгөрхөн боловч ер халуун болдоггүй байлаа.

Эгч маань ахын зуурсан гурилыг шууд элддэг атлаа миний зуурсан гурилыг нухаж байж элдэх нь гагцхүү халуун хүйтний зөрүүнд л байна даа гэж би боддог байжээ. Тэгээд нэг өдөр гурилаа халуун болтол нь нухахаар шийдлээ. Эртээ гэгч гурилаа зуураад эгчийн үнээгээ сааж байх хооронд нь удаан гэгч нухаж билээ.
Нухасаар байтал би өөрөө их л халууцан, гурил ч бүлээн болох шиг санагдав. Эгч минь гурилыг авч эргүүлэн тойруулан дарж үзээд над руу харж инээмсэглэн нухалгүй элдэж орхилоо. Би ч халуун гурил зуурсандаа ихэд баясан ахын дайтай болсон шиг санаж явжээ.
Энэ гурилыг өчнөөн ядарч бүлээн болгов. Гэтэл ах минь хормын дотор халуун болгодог мөн ч бүлтэй хүн байж дээ гэж би бодно. Энэ тухайд эгчдээ хэлбэл , тэрбээр сүүгээ самрах мэт уртаар санаа алдсанаа ахтайгаа улам адил болж өсч байгаа дүү намайгаа ширтэн инээмсэглэхэд сэтгэл нь өрөмтөн байгаа сүү шиг хөөсөрч байлаа.

Сүхбаатар хот. 1966 он
Read On 0 comments

Жагдалын Лхагва. Межиречийн шөнө (Өгүүллэг)

12:53 AM
Аянч шувуудын зурагтай эрээн дугтуй задлахуйд оюутан цагийн найз Дмитро Чередниченко : “ти вже щось став забувати про Киев .Так ?” / чи Киевийн тухай нэг л мартагнаад байна аа даа . Тийм үү ?/ хэмээн зэмлэжээ.
Үгүй л дээ , Дима… би тэр лусын дагина шиг гоо хот, үзэсгэлэнт Днепр , мөнх ногоон Канев , зулзаган хунгуудын бүжиг Шевченкогийн бульвар , үлгэрийн сайхан Межиречийн шөнийг яахан мартана.
Дима намайг төрөлх тосгондоо аваачиж, ээж аавдаа золгуулна гэж дандаа ярих боловч нэг л амжилдахгүй байсаар нэлээд хугацаа өнгөрсөн юм. Тэгснээр диплом хамгаалсаны маргааш хөлсний тэргээр довтолгон ирж , “манай тосгонд эртний хүний урц олджээ. Маш ховор зүйлс… явъя , явъя” хэмээн яаруулж сэтгэл ихэд хөдөлснийг нь үзээд , өчүүхэн салхинд тасчих шахан дэрвэж байдаг дарцаг шиг сүржигнүүр хүн бишийг нь нэгэнт мэдэх тул би даруй зөвшөөрч хөдөлцгөөв.
Рось, Росава хоёр голын бэлчир дээрх Межиречь тосгон бурхадын орон шиг байлаа. Автобусны буудал дээр цэцэг барьсан охид гармошка хөгжимтэй харцуул , гоёж гоодсон олон хүмүүс байхыг үзээд хурим тойн ёслол болж байгаа юм болов уу гэсэн шүү юм бодож буутал гэнэт надад цэцэг гардуулж гайхахдаа ангайсан амаа хамхиж амжаагүй байтал бүдүүн улаан авгай нэгэн гол шиг охины хамт хүрч ирээд хоёр талаас сугадан гэрийн зүг хөдөлж нөгөө хурим тойн хүмүүс биднийг дагалдан , гармошка хөгжмийн гэр дээр гарсан шиг цовоо аялгуу…
чужа хата такая,
яшко свекруха лихая,лихая / харийн гэр тиймхэндээ ,хадмын зан муухааяа, муухааяа/ хэмээн чихнээ хадах нь ичиглэн дооглож байгаа юм шиг санагдахад , хайр хүндлэл үзэж сураагүй эрмэг залуугийн сэтгэлээр ийм янзын юм зохион байгуулсанд нь Димад гомдох шиг болж билээ.
Дима сурвалжлагч мэт урд хойно гаран гүйж тэр энэтэй танилцуулах бөгөөд зүүн талаас сугадан яваа бүдүүн улаан авгай ээж нь ажээ. Гэрт хүрэлцэн очвол хата хэмээх намхан цагаан байшингийн хатаж амжаагүй шохой,шинэчлэн дэвссэн сүрэл сэлт ямар нэг баяр ёслолд хэргээр бэлдсэнийг нь гэрчилж байлаа. Оронгуут дээш урин суулгаж учиргүй их будаалга болов. Би эвийг нь олж Димагаас хүн хар андуураад байгаа юм биш үү хэмээн сэм асуувал тэрбээр учиргүй инээж “Манай тосгонд Батхаанаас хойш монгол хүн ирээгүй , чи бол шинэ монголын анхны зочин тул энэ зэргийн хүндлэл багадна” гээд сэтгэл дүүрэн сууж байлаа.
Тэгж хэлэхэд нь би гэнэт ухаан авч “Аа энэ чинь нээрээ намайг инженер болчихлоо ч гэж хүндэлж байгаа нь бус , монгол хүнийх нь хувьд л хүндэлж байгаа ют байна шүү” гэж бодонгуут халамцаж байсан архи гараад тэрхэн мөчид буурь суугаад явчих шиг болж билээ.
Шөнө дөлөөр найр өндөрлөж тосгоны хөгжимчид , дуучид, ер монгол хүн үзэхээр ирсэн гийчдийг гаргаж өгөхөөр салхинд гарцгаавал саргүй шөнө тул оддын гэгээ хурц, эрүүл хээрийн салхинд үхрийн баас, цэцэг жимсний үнэр , хашаанд тарьсан сонгино , нойтон тахианы үнэр холилдон украйн тосгоны өвөрмөц үнэр болон ханхийнэ.
Дима цэцэрлэг рүүгээ намайг дагуулж орох гэвэл аав нь :маргааш орох юм биш үү хүүхээд… хар чийг буучихсан, өмднийх нь шуумгийг норгочихно… гэв. Би “зүгээр лавсан даавууны индүү гарах биш” гэж алиалан хэлбэл тэнд байсан хүмүүс хөхрөлдөн

У меня тоже лавсановые
У меня теж такий гэлцэн орос украйнаар шуугилдаж цөм цэцэрлэгт орцгоов.

Дима газар шүүрэн атга гүзээлзгэнэ авчирч , дээш цоройн жимс таслан дайлах бөгөөд , шүдэнз зурвал тэнгэрийн хилэн хар дэвсгэр , асад анвилзах оддын наана , бэлцгэр ногоон навчсын дунд интоорын ув улаан жимс ёүлд модны чимэг шиг нэвт гэрэлтэн байх нь үлгэрийн юм шиг , навчин дээр буусан шүүдэр толгой дээр хаяа унаж , найрнаас гарсан охид хөтлөлдөн :
Садок вишневый коло хати
Хрущи над вишнями гудуть,…
Спивають идучи дивчата,
А матери вечерять ждуть,… хэмээн дуулах бөгөөд тэртээ хашааны буланд гармошка хөгжим өнчин ботго шиг буйлна.
Яаж мартахав дээ Дима минь…

Улаанбаатар хот . 1972 он.
Read On 0 comments

Ж.Лхагва тайз дэлгэцийн бүтээлүүд

12:49 AM
“Анхны хайрын дууль” УСК
“Тойрох хуудас” УСК
“Эхлэл” УСК
“Дайчин алдраа дуулья” кино концерт
“Хүний үр”
“Дулмаад тохиолдсон явдлууд”
“Яргуй”
“Хар дарсан зүүд” зэрэг теле жүжгүүд
“Хивсний хээ” хүүхдийн кино
“Шаазан заан” хүүхэлдэйн кино
Read On 0 comments

Ж.Лхагва номнууд

12:41 AM
“Саарал даага” 1970
“Толгодын цаана ингэ буйлна” 1972
“Сарны шороо” 1977
“Хулангийн тоос” 1978
“Шөнө ногоо ургадаг” 1983
“Ахыг дагасан хүн” 1985
“Атга чулуу” 1990
“Алаг чулуу” 1991
“Дутуу хөрөг” 1994
“Арвын Б гийн тэнэг” зэрэг номнууд хэвлүүлсэн.

Орчуулга:
Р.Фраермен “Зэрлэг нохой Динго” тууж ,Хосе Марти “Янагийн өвөр хүүгийн өлгий” шүлгийн түүвэр , “Японы яруу найраг” шүлгийн түүвэр , Аль Хамесын “Хайрын дээж” шүлгийн түүвэр, Мольер “Тортюф” драмын жүжиг , Е.Исаев “ Ухаан бодлын цайз” , Р.Рождественский “Эргэх хорвоо” шүлгийн түүвэр , Д.Мягмар “Земля и я” , Р.Казакова “Хүүхэн заяа”, А.Гисланцони “Аида” дуурийн цомнол зэрэг олон арван орчуулгын бүтээлүүдийг орос, украйн, испани хэлнээс орчуулсан байдаг.
Read On 0 comments

Ж.Лхагва товч намтар

12:38 AM
Жагдалын Лхагва 1942 оны 03-р сарын 18нд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Мөнх гэдэг газар Санжмятав,Жагдал нарын хоёр дохь хүү болон мэндэлжээ. 1951-1958 онд Хөвсгөл сумын 7 жилийн дунд сургуульд,
1958-1961 онд Сайншандын 10 жилийн дунд сургуульд,
1961-1966 онуудад ЗХУ-ын Киев хотын Техникийн их сургууль / КПИ/
1966-1970 онд Сүхбаатар хотын Дулааны цахилгаан станцад инженер
1970-1985 онд “Үнэ стандарт,хэмжүүрийн хэрэг эрхлэх байгууллага”-д “Техник технологийн мэдээ”, “Бүтээгдэхүүний чанар,стандартчлалын асуудал” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга
1985-1987 онуудад Москва хотын М.Горькийн нэрэмжит “Утга зохиолын дээд сургуулийн” дээд курст
1987 оноос “Үнэн” сонины соёлын хэлтэст редактор,сэтгүүлч, сурвалжлагч
1992 -1997 онуудад “Үнэн” сонин болон “Бодлын солбицол” сонинд утга зохиолын ажилтан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.
1970 оноос Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, Монголын сэтгүүлчдийн холбооны гишүүн болсон байна.
Ж. Лхагвын уран бүтээлийг төр засгаас үнэлж, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ. Мөн Монголын зохиолчдын эвлэлийн шагналтан, Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал,Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, 1995 оны “Утгын чимэг” наадмын тэргүүн байрын шагнал тус тус хүртэж байжээ.
Read On 0 comments
Read On 0 comments

Ч. Лодойдамба. Гэрээслэл (Өгүүллэг)

3:46 AM
Өнгөрсөн зун би Архангай аймагт байдаг авга ахындаа амарч билээ. Тэдний айлыг Юндэнгийнх гэдэг. Манай ахынхтай нийлж нэгдлийн мянга шахам хонь хариулдаг байлаа. Юндэнгийнх уул нь манай нутгийнх биш. Хожим намайг сургуулийн мөр хөөж гарснаас хойш цагаачлан иржээ. Хүүхдүүд нь тус бүр айл болоод өөр нутагт байдаг ба эх нь Ханд гэгч ная гаруй настай эмгэн хамт амьдардаг байв.
Ханд гуай шиг өндөр настай эмгэд олон үгтэй, ярианд дуртай байдаг. Ялангуяа хуучны юм залуугийн явдлыг нь асуувал цэцэглэж явсан ид сайхан насаа бодож сэтгэл санаа нь сэргэн яриа нь төгсгөлгүй болдог шүү дээ. Харин Ханд гуай бол тийм биш ажээ.
Амарч байхдаа ганц өгүүллэгийн материал олж авъя гэж бодоод Ханд гуайтай хэд дахин ярих гэж оролдоод чадсангүй. Энэ тухайгаа Юндэн гуайд гомдон хэлэхэд «Манай ээж урьдах явдлаа ярих тун дургүй. Би хүү нь гэхэд уг нутаг гарал үүслийг нь мэдэхгүй. Эцэг минь ямар хүн байсныг ч ярьж өгөөгүй. Тэгээд би чинь Хандын Юндэн гэж эхээрээ овоглодог хүн шүү дээ гэжээ.
Ханд гуайгаас юм сонсох хүсэл надад их байлаа. Энэ эмгэний түмэн үрчлээс болсон гонзгой бор нүүр, илч гал нь бараг алга болсон цийлэм нүдний цаана урт удаан амьдралын сонин хачин юм нуугдаж байгаа нь тодорхой. Энэ том цоожтой хаалганы цаана мөн ч их юм буй даа. Гэвч нээх арга нь даанч олдохгүй болохоор яая гэх билээ дээ. Амралт минь дуусч явахаар бэлтгэж байтал Ханд авгай орж ирээд бэргэний хийж барьсан цайг ууж хэсэг дуугүй сууснаа:
-- Хүү минь чамайг юм бичдэг гэлцэх юм. Yнэн үү? Гэж асуув.
-Тийм ээ. Би зохиолч хүн бас сонины газар ажилтай гээд л өөрийнхөө тухай товч ярьж өглөө. Ханд гуайн асуултыг сонсоод над сонин юм сонсох үлэмж горьдлого буй болсон билээ. Гэтэл дуугардаггүй. Доош харан цай ууж дууссан шаазангийнхаа хээг үзэж байлаа. Энэ үед түүний нүүр харагдсангүй. Гэвч тэр хээг анхааран сонирхож байгаа биш гэдгийг би мэдэж байв. Учир нь дотоод сэтгэлийн гүн бодолд дарагдаад сууж байгаа хүний нүүр нүд далд байвч судас амьсгаа дотор нь болж байгаа их зүйлийг илтгэх ёс бий. Ханд гуайн судас нь гүрвэлзэн, чичирч, хааяа хааяа дотроо гүн санаа алдаж байлаа. Тэгээд над руу үлэмж зөөлөн нүдээр харснаа «Хүү минь манайд ор. Эмээ нь цай чанасан юмсан» гээд босов. Би түргэн босож гэрт нь орлоо. Бүр олбог засжээ. Суумагц аагтай давстай, тос даасан шаргал цай өгч, хуруу зузаан өрөм, бэлцийсэн цагаан ааруул өмнө минь тавив. Идэж ууж байтал эмээ над руу ширтэн хэсэг ажсанаа урт гэгч нь санаа алдаад «Эмээ нь хүүдээ нэг юм яривал чи олон хүнд хэлж өгч чадах уу? Yнэн зөвөөр нь бичээд л сониндоо хэвлүүлж болохсон болов уу гэж байгаа юм шүү дээ» гэлээ.
-Чадалгүй яахав, эмээ минь. Энэ чинь миний хийдэг ажил.
-Эмээ нь нас өндөр болж удахгүй энэ хорвоогоос салан, эсгий гэрээс гарч хээрийн гэртээ очих цаг ойртлоо. Залуу хүмүүст хэлмээр юм байна. Би арван найман настай байхдаа сэтгэлдээ хүнд шарх олсон юм. Тэр шарх эдгэрээгүй. Эдгэрэх ч үгүй гээд дуу нь тасарч доош харахад хэд хэдэн том нулимс тасран унав. Би гайхан харсаар л Ханд гуай алгуураар толгойгоо өргөж намайг эргэж харлаа. Усан хөшиг татсан нүд нь чичирч байгаа уруулд мухардсан гэмшил дүүрэн. Дотно хайрт хүнээ нас барахад нь очиж чадаагүй хүн «Амьсгал нь тасрахад байж чадсангүй ээ. Халаг» гээд толгойгоо нүдэх гэж байгаа хүнийг харсан бол Ханд гуай яг л тийм байлаа. Хаанд гуай гарынхаа араар нулимсаа арчиж сэтгэл нь шулуудсан бололтой займчин суудлаа зассанаа зэвхий бөгөөд шийдэмгий дуугаар «Би залуудаа нутаг хошуундаа гайхагдсан сайхан хүн байсан юмсан. Чи ч үнэмшихгүй байх даа. Гэвч тийм л байсан» гээд арга нь барагдсан нүдээр намайг харлаа. Yнэндээ ч өмнө минь сууж байгаа эмгэн олонд гайхагдсан сайхан хүүхэн байсан гэхэд үнэмших юм тун ховор бөгөөд гагцхүү жар гаруй жилийн өмнөхөө ярьж байгаа шүү дээ гэж ухаан санаандаа бодож сэтгэлээ хүчлэн үнэмшүүлэхийг хичээж байлаа. Эмээгийн нүдэнд сэтгэлийн гүний баярын оч гялсхийж өчүүхэн мишээл жавьжинд нь тодрох мэт «Манайх үргэлж л Жамбал гэдэг айлтай хамт байдаг байлаа. Тэдний ганц хүү Юндэн бол надаас гурав ах. Бид хоёр хар бага наснаасаа хамт тоглож өсөөд намайг арван зургаан нас хүрэхэд Юндэнгийн зан нэг л биш болоод хувирав. Тэр яавал л надад сайн юм хийх хүсэлтэй. Миний юу л хэлснээс зөрдөггүй болов. Хүн өнгөрсөн юмыг эргэцүүлэн бодоход тэр үед огт ажиглагдаагүй юм тодрон учир нь олдоогүй юмын учир олддог шүү дээ. Ялангуяа сэтгэлд гүн үлдсэн юмыг эргэцүүлэн бодоход харамсах, баясах зүйл мөн ч их гардаг ажээ. Юндэнгийн зан мөн ч өөр болж билээ. Юндэнгийн алхам бүр, хөдлөх бүрээс над хязгааргүй сэтгэлтэй нь илэрхий байж л дээ. Заяагүй хүний хөлд нь ембүү тавихад дээгүүр нь сохор хүн болж нүдээ аниад гарсан гэдэг. Би Юндэнгийн тэр сайхан сэтгэлийг олж харахгүй байлаа. Түүнийг багаасаа тоглож өссөн сайн нөхөр минь гэж бодохоос түүнд хайр сэтгэл надад байсангүй. Намайг хүсэж мөрөөдсөн улс ёстой л захаас аваад байдаг байв даа. Гаднаас харвал Юндэнд гойд юмгүй. Ялангуяа олон хүний нүд булаасан залуугийн цагт бол шохоорхож хармаар юм түүнд байгаагүй. Жижигхэн биетэй, хонин бор нүдтэй гонзгой царайтай. Эцэг нь багад нь миний өөдөс гэж өхөөрдөн нэрлэснээс аав ээж нь Өөдөс гэж дуудна. Харин сүүлдээ Юндэн уцаарлаж байгаад болиулсан юмсан. Миний дэргэд Өөдөс гэж хэлүүлэх тун дургүй сэн. Гэвч дотор нь уу, ёстой л хүн байсан юм сан. Хүний сайхан дотроо нууц байдаг болохоор олж харахад тун хэцүү. Амьдралын эгзэг таниагүй залуугийн цагт бол бүр ч хэцүү.
Хүүхэнтэй айлд хүн цугладаг. Хүрдтэй айлд буян цуглардаг гэгчээр нутгийн харцуул манайд цугларна. Би тэдний дунд барьцгүй хөвнө. Тэдэнтэй цэц булаалдаж үг хаялцаж байхыг хараад Юндэн бухимдаж ууртай болдог байсан. Гэвч би түүнд нь огт юм бодохгүй. Харин ч инээд хүрдэг байсан билээ гээд эмгэний хоолой зангирахад дуу нь тасрав. Эмээ хэсэг дуугүй байснаа урт гэгч санаа алдаад толгойгоо хэдэн удаа сэжилснээ Нэг өдөр Юндэн хамт хот арилгаж байгаад «Хоёулаа сууж хамт амьдаръя. Ханд минь чамдаа би хязгааргүй дасжээ» гэж палхийтэл шууд хэлдэг байна шүү гээд эмгэн инээмсэглэх мэт болсноо, ер нь Юндэн бүрэг мэт боловч бодсоноо эв хавгүй цөл цал гэтэл цөмийг хэлдэг хүн байсан юмсан. Нэг өдөр манай үнээ тугал нийлж орхиод намайг ээж минь загнаж байхад Юндэн дув дуугүй зогсож байснаа «Дулмаа гуай минь. (Дулмаа гэдэг чинь манай ээжийн нэр) Тугал эхтэйгээ нийлээ л биз. Цайны сүүгүй бол манайхаас ав. Хандыг хичнээн аашлаад тэр хөхсөн сүүг та олж авахгүй гэж билээ» гээд Ханд гуай үгээ таслав. Ханд гуайн нүд нь сэргэж тод инээмсэглэл нүүрэнд тодров. Чухам энэ үед «Yнэхээр залуудаа сайхан хүүхэн байсан болов уу?» гэдэг зурвас бодол маний сэтгэлд орж ирлээ.
«Би Юндэнгийн үгийг юмны чинээ ч бодолгүй тоглоом болгож өнгөрүүлэв» гэж хэлэхэд Ханд гуайн нүүрэнд тодорсон баясгалан хусагдан алга болов. Нэгэн хэсэг чимээгүй болов. Би чингээд гэж ярианы үргэлжлэлийг хүсмээр байсан авч «Арай ингээд зогсохгүй байх» гэж горьдоод тэсэв. Yнэхээр Ханд гуай бүдэг дуугаар «Тэр үед би нутгийн Гончиг гэдэг залуутай сэтгэлтэй болоод нууц уулздаг байсан. Намрын үдэш юмсан. Хонь хотолж байгаад Юндэн урьдахаа давтаж хэлэхэд нь би тэр яриаг займруулах гэж «Чи ганцаараа гучин тэмээгээр Хүрээ жин тээж чадах уу» гэлээ.
-Чингэвэл чи баярлах уу гэж асуув.
-Эр чадалтай ажилч хүнийг хараад хэн ч баярлана шүү дээ гэв. Ингэж ярьснаас хойш удалгүй Юндэн айлын гучин тэмээг хөлсөлж аваад ганцаараа хүрээн жинд явчихлаа. Би юу хэлснээ ор сураггүй мартчихаад «Энэ хүйтэнд гучин тэмээгээр ганцаараа явдаг бас онгиргон амьтан юм даа.
Нүд улаан,мөнгө цагаан л гэдэг болж байна.Амиа алдах гэж байгаа юм» гэж Гончигийн шоолон инээхэд хамт инээж байж билээ гээд эмгэний хоолойноос хачин авай гарсанаа зангираад тагжрав.Эмгэн тулганы захын үнсийг мойног болсон бор хуруугаараа оролдож газар ширтэн дорой дуугаар Намайг арваад айлынх хүүдээн гуйхад аав ээж өгөхгүй байлаа.Гэтэл хошуу ноёны хүүд гуйхад ухаан жолоогүй баярлан зөвшөөрөв. Би очихгүй гэж уйлан хайлан гуйсан. Огт тус болсонгүй.Энэ бүхнээ Гончигт хэлж даруй түргэн оргож зайлая гэлээ.
-Бид хоёр оргоод хаа зайлъя вэ?
-Оргохгүй бол өнгөрлөө.Чи ойлгож байна уу?
-Орон гэр мал хөрөнгөө хаяад хүний нутаг,гүний газар яаж амьдрах юм бэ?
-Хайр сэтгэл залуу нас байна. Яагаад ч болсон амьдарна. Эндээс зайлъя.
Гончиг эхлээд оргохыг зөвшөөрөхгүй байлаа.Гэвч би уйлж уурлан эцэст нь боож үхнэ гэж баймаажин оргох болоод өдөр цаг болзоод яг явах дээрээ дургүйд хүчгүй гэгчээр баригдаж Гончиг хүний хүүхнийг эцэг эхийн зөвшөөрөлгүй оргуулах гэсэн хэрэгт орж хошууны хар гэрт хоригдов. Би ч чанд хараанд орж гэрээс дагалтгүй гарахаа болив. Мордуулах хоног ойртсоор л байлаа. Нэг өдөр Юндэн жинтэйгээ ирээд гэртээ ч орсонгүй хотны хажууд зогсож байсан надтай уулзан шууд л өврөөсөө бор цаасанд боосон мөсөн чихэр гаргаж өгөв. Харвал хоёр хацар хамрын үзүүр нь хөлдөж барзайн шархалсан байлаа.
-За би гучин тэмээгээр ганцаараа жин тээвэрлээд ирлээ. Чи баярлаж байна уу? гэж нүдэнд нь гал гялалзан бахдаж ядсан баяртай хэлэв.
-Иш Юндэн минь би гэдэг хүн түмэн зовлонд учраад байна гээд бүх болсон юмаа ярилаа. Юндэнгийн баяр бахдал бялхан гэрэлтэж байсан царай нь барайн, гялалзан байсан нүд нь бүдэг мохоо болсон юмдаг.
-Хандаа «чи Гончигоос өөр хүнд сэтгэлгүй юү?» гэж намуу дорой дуугаар асуув.
-Yгүй. Гончигоос бусад хүн над огт хэрэггүй. Би яасан заяагүй амьтан бэ? Гээд уйлав.
Юндэн арга нь барагдан хэсэг зогссоноо «Хандаа. Уйлаад яах вэ. Би» гээд үгээ тасалж над руу удтал ширтэв. Хойно бодоход тэр нүдэнд мөн ч их юм байж билээ гээд эмгэн над өөд арчаагүй нүдээр харснаа үргэлжлүүлэн-- Энэ үед эх нь бидний дэргэд ирж «Та хоёр сүүлд ярь даа. Миний хүү халуун цай уу, Иш энэ хацар, хамар нь» гээд Юндэнг аваад явлаа. Хэд хоног Юндэн надтай уулзсангүй. Зайлаад л байлаа. Жинд явж олсон мөнгөөрөө хоёр сайн морь худалдаж авлаа. Нөгөөдөр намайг мордуулна гэж юм бэлтгэж байв. Нэг орой тугал уяж байхад Юндэн дэргэд минь ирж «Чи Гончиг үгүй бол үхнэ гэдэг чинь үнэн үү?» гэж шивнэн асуув.
-Өөр би яахав дээ гээд уйлав.
-Чи надтай оргохгүй юү. Би чамд мөн ч сэтгэлтэй дээ.
-Гончиггүй бол би хаашаа ч явахгүй. Мордуулах болбол энэ хойт хадан дээрээс үсэрч үхнэ гэлээ. Юндэн гарыг минь чанга гэгч барьж урт бөгөөд тасалдуулан санаа алдаад «Маргааш орой сэрэмжтэй байгаарай» гээд шууд эргэв. Юу болохыг мэдсэнгүй. Маргааш нь орой болов. Юу ч болсонгүй унтахаар хэвтэв. Гэвч нойр хүрсэнгүй. Чимээ чагнан сэтгэлд минь ямар нэгэн горьдлогын зул асаж хэвтэн байтал гэрийн ард нэг л ер бусын чимээ гарлаа. Би хэвтээгээрээ шахам хувцаслаж гарах гэтэл хүмүүс сэрэв. Би ч үсрэн гарлаа. Хүмүүс ч босоцгоов. Гэрийн хойно очвол эмээлтэй хоёр бараан морьтой хүн зогсож байлаа.
-За бушуухан морд. Баригдвал баларна шүү. Хойноос буутай хуягууд нэхэж байгаа гэсэн Гончигийн дууг таниад шууд мордлоо. Гэрээс хүмүүс шуугилдан гарахад бид хоёр морины хурдаар давхиж байлаа. Тэр морьдын хурдан гэдэг нь. Гончиг түрүүлэн, би дагаад юм ярих чөлөө завгүй довтолгов. Хойноос чимээ гарсангүй. Yүр цайхад мэдэхгүй газар ирсэн байлаа. Арав гаруй хоног явж хошуу алгасаад харь нутагт очиж айлын мал хариулан амьдрав гээд эмээ дуугаа хурааж хэсэг болсноо уйлж тасалдсан дуугаар Гончигийг хар гэрээс оргуулж хуягийн буудсан суманд өртөгдөн амь нь гарахдаа «Хандад би оломгүй сэтгэлтэй юмсан. Миний хоёр морь та хоёрыг жаргалд хүргэг. Бушуухан яв» гэж Юндэн хэлээд амьсгал хураасан гэдэг гээд Ханд гуай дуугүй болов. Бүх бие нь салганан шанааны нь арьс татвалзана. Нэлээд удсаны дараа нам бөгөөд сэтгэлийн гүн тослог дуугаар «Хүү минь би сайхан сэтгэлийн их хайрыг амсаж эдэлж чадах хүн байсан юмсан. Гэвч түүнийг харж чадаагүй хажуугаар нь өнгөрсөн. Тэр их сэтгэлээс үлдсэн юм гэвэл шаналж харамссан бухимдал Юндэнгийн нэрийг өгсөн хүү хоёр л байна гээд дуугаа таслахад эмгэний нүднээс бөөн бөөн нулимс тасран хацрынх нь үрчлээг дагаж урсахад жавьжаараа шимэн залгиж байлаа. Би Гончигийн тухай асуумаар байсан авч нэг л асуух зүрх хүрсэнгүй. Бас л Ханд гуайн сэтгэлийн гаслан над аяндаа дамжиж дотор минь нэг л эвгүй болов. Гэтэл Ханд гуай шийдэмгий зэвхий дуугаар «Жил болоод хэвлийд минь хүүхэд буй болов. Гэтэл Гончигийн зан хувирч малыг нь хариулж байсан айлын буцмал хүүхэнтэй сэтгэлтэй болоод удалгүй тэднийд хүргэн орлоо» гэхэд «Ямар муухай хүн бэ»
гэж өөрийн эрхгүй дуу алдав.
-Иш хүү минь муухай юу байхав дээ. Юндэнгийн сэтгэлийг түүнээс болгосон шүү дээ. Бүхэл насандаа гэмшиж Юндэнг бодож, Юндэнг харж зүүдэндээ түүнтэй ярьж явлаа. Сайхан хайр байдаг юм шүү. Олбол гагцхүү алдаж л болохгүй. Хүний сайхан дотроо нууц байдаг юм даа. Хүү минь чи миний энэ ярьсныг заавал сонинд бичээрэй. Амьдралын замд гарч яваа залуу хүмүүст хэрэг болж магад Энэ бол миний хүнд хэлж өгөх гэсэн амьдралаас үлдсэн ганц зүйл байгаа юм гээд шавхийтэл босож шууд гарсан юм.Тэр орой Ханд гуайн бие муудаж хүү нь эмчид явж бид тэдний гэрт цугларав. Ханд гуайн царайнд хөнгөн мишээл тодроод үг хэлэх гэснээ хоёр дахин эвгүй
зогисоод «Юндэн минь» гээд талийгаач болсон билээ. Би Ханд гуайн ярьсныг нэмээгүй бас хасаагүй. Yнэхээр ч амьдралын замд гарч яваа залуу хүмүүст «Сайхан хайр байдаг юм шүү. Олбол алдаж болохгүй» гэсэн Ханд гуайн үг чухлаас чухал зүйл биз ээ.
Read On 0 comments

Ч. Лодойдамба. Шаргачин (Өгүүллэг)

3:44 AM
Хаврын хурц нар нэлээд дээр мандаад ойр орчмыг хөхөмдөг манан бүрхэж өргөн талд байгаа юмс цөм зэрэглэн жирвэлзэж байлаа. Цайдам хөндийн зүүн зах нь болсон хэсэг дэрс рүү эхээс гараад хэдхэн хоносон цайвар цагаан янзага дагуулсан шаргачин орж ирлээ. Янзага нь тонгочин тоглож орчин тойронд өөрөөс нь өөр юмгүй мэт бүхнийг матран явахад нь эх нь тал бүр сэрвэлзэн өчүүхэн чимээг ч сэрэмжлэн чагнаж нүдэнд нь торсон бүхнийг «Юу вэ. Яах гэж байна» гэсэн бололтой нарийвчлан ажиглаж явлаа. Уураг нь дуусаагүй өег сүүндээ гэдэс нь цадсанаас ч юм уу нялх бие нь тоглоомдоо ядарснаас ч юм уу? Аль зуу зуун жилээр үргэлжилсэн хатуу амьдралын сургаал ч юм уу? Бүү мэд. Юу ч гэсэн дэрсэнд орсны дараа удалгүй янзага нь нуугдан унтав.
Ер нь шаргачин өдрийн цагт нялх янзагаа бут буюу дэрсэнд хяруулж нуугаад өөрөө шинэхэн ургасан ногоо чимхлэн иддэг. Энэ үед ямар нэгэн аюул ирвэл хурдан хөлийн хүчээр дагуулан зугтаж төөрүүлээд эргэж ирхэд, унтаж хоцорсон үрдээ аюулыг зайлуулсан баярт уулзалтаар цэцэглэсэн амьдралаар амтлагдсан сүүгээ өгдөг. Янзагаа нуусны дараа шаргачин зүг бүр гоо чихээ соотгонуулан дээр дээр үсрэн тоглодог. Энэ үед нь түүнийг бүжигчин хүн харвал уран хөдөлгөөний хуримтлал болсон гоёмсог хөдлөлийг тусган авах нь дамжиггүй билээ. Нөгөө шаргачин цовхрон харайлан дэгдэж хэсэг тоглоод хурц үнэр нь хамар руу цоргисон соёолж байгаа нялх тааныг амтархан идэв. Гэтэл шаргачны хажуугаар гарсан замаар жолоочоос гадна гурван зугаалагч суусан машин тоос манаруулан давхиж ирлээ. Хурдлан яваа машин дотор архины эхүүн үнэр, тамхины гашуун утаатай холилдон ханхалж, жолоочийн ар талд суусан хүнээс бусад нь нэлээд согтсон тул нүд нь чиглэсэн юмгүй гөлөлзөн эргэлзэж толгой нь моторын жигд ажиллагаатай цохилт нийлүүлэх гэсэн юм шиг хаялан ганхаж явлаа. Хэрэв жолоочийн хажууд суугч тамхиа ноцоох хэрэг гараагүй бол шаргачин эх үр хоёр гашуун зовлонд учралгүй өнгөрч болох байсан билээ. Гэтэл тамхиа ноцоолгох гэж жолооч руу эгцлэн харсан нүдний нь үзүүрт талд идэж байгаа ганц шаргачин харагдав.
-Зээр гэж хашгирахад яг хойно нь суугч ухасхийн
-Хаана? гэж хариу хашгираад нойрмог нүдээр тал бүхэн рүүгээ харлаа.
-Янзагатай шаргачин бололтой. Тэгээд өдийд цаазалсан шүү дээ гэж жолоочийн ард суугч хэлэв.
-Зугаалж яваа бидэнд ямар хамаатай юм бэ. Буудаж л байвал барав. За бэлтгээрэй гэж жолооч нь хэлээд машинаа эргүүлж чимээнээс цочин сэрэмжилсэн шаргачны зүг хурдлан давхилаа.
-Хууль биелүүлэхийн тулд гарсан хуулийг харин биелүүлэхгүй бол хариуцлага байдаг шүү дээ гэж жолоочийн ард суугч хэлсэнд
-За энэ чинь хууль хамгаалагч гарав бололтой гэж жолоочийн хажууд суугч хэлээд их хөгжилтэй инээснээ.
-За хөөгөөд гэж хэлэв. Уул талд нь янзага нь унтаж байгаа тул ирж байгаа аюулыг холдуулан зайлуулах гэж шаргачин өргөн цагаан тал руу дэгдэн үсэрч гоо чихээ босгон солбиж цойлон давхив.
Цонхоор нь буунууд шоролзон гарсан машин, зээрийн хойноос байдаг хурдаар довтлон ирлээ. Хурдан хөлдөө гүн итгэсэн шаргачин дүүлж дөрвөн хөл нь газар хүрч байгаа эсэх нь үл мэдэгдэн хурдлав. Гэвч энэ удаа түүний хойноос эцэстээ эцдэг булчин шөрмөстэй амьтан хөөж байгаа биш эцэх цуцахыг үл мэдэх хурдан хөлөг унаж будаан сумаар зэвсэглээд гүйцэгдэхгүй зовоон зугтаж байгаа зээрийг юу болсон ч алах ангийн шунал оргилсон дайсан мөрдөж яваа тул хэдий хүч тавин хурдлавч холдож хоцрохгүй харин улам ойртов.
Буу зогсолтгүй шахам нижигнэж машины дохио чимээ үргэлжлэн дуугарч шаргачны үсрэн цойлох нь ховордон цэлмэг нүд нь бүлтэгнэн манантаж босоо чих нь алгуураар хойшоо бууж байлаа. Машин дотроос «хар барам чинь оногдохгүй нь. ёо ёо ямар их донсолдог юм бэ. Толгой хагалчих нь, аль вэ сум аваад аль. Өмнө нь барьж байгаад мулталж орхи. Аа мондиос болж гараа шалбалж орхилоо. Чамайг уу даа» гэх зэрэг дуу сонсогдож байлаа.
Гагцхүү жолоочийн ард хөдлөлгүй суугаад хөмхийгөө зуун салхинд бага зэрэг гандсан нүүрээ барайлган, барьж ядсан заналхийлэл нүдэнд нь туяарсан нэг хүн дуугаралгүй «Толгойгоо цохих гараа шалбалах чинь юу ч биш. Харин гэмгүй амьтны амьдралаар хууль зөрчиж тоглон эрхлэх чинь л дэндэж байна» гэж сэтгэлдээ дахин дахин шивэгнэн явжээ. Yнэндээ хөөгчдөд энэ явдал богино хугацааны хөгжилтэй тохиол байсан бол шаргачинд хоёр амийн төлөө хийж байгаа ширүүн тэмцэл байжээ. Шаргачин уулруу зугтсан бол өдийд мөрдөгчөөсөө салж, хөшсөн булчингаа амруулаад хярсан үр рүүгээ гэлдрэн явж болохсон билээ. Гэтэл шаргачин хөөх тусам зах хязгаар нь үл мэдэгдэх өргөн талын гүн рүү тэмүүлж байв. Хичнээн километр хөөснийг хэн ч хэмжсэнгүй. Хэд дахин буудсаныг хэн ч тоолсонгүй. Эцэстээ шаргачин хоёр чихээ шилэндээ нааж амаа ангайн богинохон сүүлээ хавчин давлан урсах жигд хөдөлгөөнөө алдаж, өндөгнөн цогих буюу заримдаа бүр шогшдог болов. Будаан сум цайран эхэлж байгаа бөгсийг нь сийчин оноод ухаа ягаан цус хонгыг нь дагаж урсан эхлэв. Гэвч шаргачин сүүлчийнхээ хүчийг дайчлан харайсаар байв. Амьдралдаа хэд хэдэн янзагыг бойжуулан торниулж түмэн бэрхшээл мянган саадыг давж гарсан энэ шаргачин хөөсөн дайсныг хурдан хөлийнхөө хүчээр зайлуулаад унтсан үрдээ эргэн очиж байсан удаа олонтоо нь эргэлзээгүй. Учир нь зээр ямар ч амьтанд өчүүхэн ч хор хүргэдэггүй боловч, түүний дайсан мундах биш даа.
-Сум байна уу? Гэж хашгирах дуу машин дотроос хэд дахин сонсогдсоноо хэсэг чимээгүй болоод цонхоор арзайн гарсан буунуудаа татаж аваад хөл рүүгээ хаялцгаав.
-За одоо яадаг билээ гэж нөгөө жолоочийн дэргэд суугч хоосон буугаа хажуу тийшээ хаях зуур хэлэв.
-Муу золигийг дайруулж орхиё гэж жолооч хэлээд хурдаа нэмлээ.
Амьд гарч янзагатаа эргэн очоод язарч чинэрсэн дэлэнгээ хөхүүлж учралаар гэрэлтсэн хайраар янзагынхаа годгонон тоглож байгаа жижигхэн сүүлийг үнэрлэх хүсэл их боловч хөшиж зангирсан хөл нь урагшаа хөдлөхгүй болоод бүх бие нь салганан амьсгал нь цээжиндээ багтахгүй оволзон саяхан үзэсгэлэн болон сэрвэлзэж байсан хоёр чих нь дараа болон дэлдэгнээд эцсийн эцэст өөрийн эрхгүй сөгдөн шургачиж хэвтлээ. Машин зогсож хэдхэн цаг зугтаж зовоосон зөрүүд муу шаргачин амьдаараа гарч орох болсонд баярласан хоёр инээлдэн гарч ирлээ. Хэрэв сувай шаргачин буюу ооно байсан бол хөшиж нугараад мод болсон хөлөө хүчлэн тэнийлгэж босоод зугтаж чадахгүй байсан бизээ. Гэвч энэ шаргачин тийм биш болохоор ухасхийн босоод манаран хөхөрч байгаа нүдээ бүлтэгнүүлэн шогшив. Тэд явгалан хөөсөн боловч барьж чадсангүй. Гүйцэгдэхгүй байгаад нь уурлан бухимдаж том том чулуугаар шидсэн боловч оносонгүй. Тэгээд тэд хараал тавин буцаж машиндаа суугаад дахин хөөв. Шаргачин дахин шурган сөгдөн хэвтэв. Машин түүний дээгүүр өнгөрөхдөө өрөөсөн дугуйгаараа дайрлаа. Машин эргэж зогсоход түүнээс анчид гүйцэгддэггүй шаргачинг босох чадалгүй болгосондоо баярлан инээлдэж хөгжил болон гарч ирлээ. Тэрийн хэвтсэн бөгөөд бүх бие нь үхлийн өмнөх чичрэлтээр татагнаж байгаа шаргачин эцсийн хүчээ дайчлан янзагаа нуусан зүг рүү амьдралын оч орхин хаяж байгаа нүдээр харлаа.
-Гүйцэгдэхгүй оногдохгүй байх чинь яав? Гэж нэг нь хэлээд нөгөө нэг нь шаргачны дэргэд ташаагаа тулж ханхалзан зогсоход шаргачин дахин өндийж янзага нь амгалан сайхан унтаж байгаа зүг рүү дахин харах гэтэл хүнд төмөр манивил толгой руу нь тас хийтэл бууж, эцсийн амьсгал нь тасрав. Жолооч нүд рүү нь манивилын үзүүрээр хатгаж үзсэнээ,
- Талийгаач болжээ гээд өврөөсөө хиам гаргаж зулгаан идлээ.
Шаргачны чинэрсэн дэлэнгийн хоёр хөх нь зугтахын өмнө сэрвэлзэн соотгонож байсан хоёр чих шиг нь босож сэрийгээд түүнээс шахагдан гарч байгаа цагаан шаргал сүү нь элсэрхэг хөрсөнд шингэн орж борлуулан байлаа. Жолоочийн дэргэд суугч хөдлөлгүй хэвтэж байгаа шаргачинг өшиглөн хөрвүүлснээ,
-За явъя. Туранхай хөхүүл шаргачнаар юу хийх юм. Тарган сан бол оноо засаг нь чанаж, өөх үмхэх юмсан. Чамд юм үлдсэн үү гэхэд нь нөгөө нь
-Хагас шил юм үлдсэн гээд ягаан цус шүүрч байгаа шаргачин рүү ажиглан харснаа мөн догь буудаж шүү гээд бардам гэгч нь инээмсэглэв.
Тэгээд тэд машиндаа сууж явахдаа жолоочийн хажууд суугч
- Ярих сонинтой боллоо гэж хэлэхэд,
Хууль зөрчсөн та нартай ярих юм над бүр ч их бий гэж жолоочийн ар талд суугч боджээ.
Машин тоос татуулан хурдалж далд орлоо. Дээр мандсан нарны гэрэл шаргачны дээрээс жигнэн ямар ч анир чимээгүй өргөн тал мэлтийн тэнгэрийн хаяанаас том гэгчийн хар тас алгуур дэвсээр улам тодрон гарч ирлээ.
Read On 0 comments

Ч.Лодойдамба тайз дэлгэцийн бүтээлүүд

3:42 AM
"Гарын таван хуруу" жүжиг 1968 хожим кино болгосон
"Тунгалаг Тамир" кино
Read On 0 comments

Ч.Лодойдамба номнууд

3:32 AM
"Малгайт чоно" 1946, 1953 онуудад
"Мялзангийн цагаан өвгөн" 1947
"Алтайд" 1949, 1951 онд
"Манай сургуулийнхан" тууж 1952
"Өнгөрсөн үеийн баатрын өнөө үеийн явдал" 1956
"Миний танилууд" 1962 он
"Гарын таван хуруу" жүжиг 1968
"Тунгалаг тамир" 1971 2 дахь хэвлэл
"Түүвэр зохиол" 1977
Гадаад хэлээр
"На Алтае" роман пер А.Ренчинэ 1955
"Прозрачный Тамир" роман пер А.Ренчинэ 1966
"Прозрачный Тамир" роман пер А.Дамба-Ренчинэ 1978
Мөн польшоор 1960 онд орчуулж байёщсан байна
Read On 0 comments

Ч.Лодойдамба товч намтар

3:26 AM
1917,8,20 нд Говь-Алтай аймгийн Түмэн суманд Туульчийн гэр бүлд төрсөн. 1954 онд МУИС төгссөн. 1959 онд ЗХУКН-ын Төв хорооны дэргэдэх Нийгмийн шинжлэх ухааны академийн аспирантурт суралцаж урлаг судлалын ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. 1954 онд "Алтайд" роман, "Манай сургуулийнхан туужаараа, 1971 онд "Тунгалаг Тамир" романаар төрийн шагнал хүртсэн.
Read On 0 comments
Read On 0 comments

Л.Өлзийтөгс. Усан дээр бичсэн үсэг

4:37 AM
Шувуу тэнгэрт мөрөө үлдээдэггүй шиг
Загас усанд галбираа орхидоггүй шиг
Чи миний дотуур ороод л гараад явчихлаа
Шувуугүй тэнгэр ...
Загасгүй гол ...
Чамгүйгээр би БИ биш болж үлдлээ

Чиний үг усан дээр бичсэн үсэг шиг бүдгэрч
Чиний үнсэлт уруулаас будагтай минь хамт арилж
Чи миний дотор ороод үс болон надас ургамагц хаа нэгтээ тасран унав
Чи миний дотор ороод нулимс болон зүрхэнд тунамагц урсаж хатав

Өөрийн минь биеэс л өөрийгөө олсон ширхэг үсхэн чамайг
Өөр шувуу зууж аваад үүр рүүгээ нисэн одов оо
Read On 1 comments

Л.Өлзийтөгс: Рауль, Рауль хоёр /Өгүүллэг/

4:36 AM
Рауль төржээ. Нэг тийм нарлаг дулаахан, дулаахан, их л дулаахан, хачин дулаахан, гэхдээ ямар ч хайку бичих сэтгэгдэл төрөхөөргүй газар... Тийм нэг газар, тиймээ, тэр өөрөө бол хэзээ ч сонгохооргүй тийм л нэг газар төрчихэж дээ, Рауль. Ийнхүү тэр эхнээсээ л өөрийн биш, өөр хэн нэгний сонголтоор амьдрах ёстой боллоо.

Раулийн амьдралын эхний өдөр.
Рауль - Ээж ээ, би дахиад өндөг идмээр байна.
Ээж – Ид, ид. Түүхий л биш бол хэдийг ч идсэн яахав.
Рауль – Би түүхийгээр нь идмээр байна.
Ээж – Болохгүй.
Рауль – Яагаад?
Ээж – Хорддо үхчихвэл яах юм бэ миний хүү.
Рауль – Би үхмээр байна, түүхий өндөг иднэ.
Ээж – Муу ёрын амьтан. Дандаа хүнээс зөрж байдаг...


Муу ёрын амьтан бүтэн цаг орилсны эцэст түүхий өндөг залгиллаа. Рауль зургаан настай. Зургаан настай муу ёрын амьтан өдөр бүр өндөг иддэг. Муу ёрын биш ээж хүүгээ өдөр бүр тахианы “хүүхдээр” хооллодог. Тэдний зөв өө. Өндөг амттай хоол шүү.

Раулийн амьдралын хоёр дахь өдөр.
Рауль – Аав аа, би нохой тэжээмээр байна.
Аав – Нохой? Болохгүй. Загас ... Болно.
Рауль – Загас чинь хуцдаггүй шүү дээ.
Аав – Яг үнэн, тэгэхээр загас л тэжээ.
Рауль – Загас надтай тоглож чадахгүй.
Аав – Нохойтой тогловол бэтгэтэй болно.
Рауль – Би загас тэжээхгүй.
Аав – Загас тэжээ.

Рауль уйлав. Тас няс. Хүү баруун хацраа даран, газар өнхрөн уналаа.
Энэ чинь одоо юу вэ?
Тулгалт.
За яахав, Рауль хүлээн авлаа.
Хүү өдөржингөө загастайгаа ярина. Бүгдэд нь нэр өглөө. Гэвч загаснууд нь хүүгийн хичээн байж өгсөн хэдэн нэрийг хичээж тогтоосонгүй тул тэднийг ялгахад төвөгтэй л байв. Рауль долоон настай. Рауль загаснууддаа хайртай. Гэвч...
Нэг өдөр. Амьдрал дандаа нэг өдөр л байдаг. Нэг өдөр ... Эхлээд нэг улаан загас үхэв. Түүний дараа бас нэг улаан загас үхэв. Дараа нь бас нэг улаан, тэдний эх болох том улаан ... Тэгсээр гагц, сэлүүргүй, нүдгүй, бяцхан дун л үлджээ. Рауль дунг ширтэн хэвтээд бусад загас шигээ огт хөдлөхгүй байхаар нь аквариумаа тэвэрч гараад найман давхрын тагтан дээрээс шидэж орхив.
Үнэт шилэн авс хэрхэн үйрмэг болон бутрахыг, наранд тэдгээр үйрмэг яг л загасны нүд шиг гялталзан анивчихыг харж удаан зогслоо Рауль. Тэр орой хүү “хэн ч зодоогүй” байхад, дэрэндээ нүүрээ наагаад, аав, ээж, эгчдээ сонсгохгүйн тулд маш аяархан, гэхдээ их удаан уйлжээ.
Аав, ээж, агч “Амьд загасаа аквариумтай нь шидсэн” Раулийг уучилсангүй. Нэгэн дуугаар: Харгис амьтан.
Харгис амьтан энэ өдрөөс хойш бүтэн гурван жил загаснуудаа зүүдэлнэ.

Раулийн амьдралын гурав дахь өдөр.
Арван гурван настай Рауль. Тэр туфль өмссөн эмэгтэй хүнд дуртай. Туфльтэй хөл түүнийг “Рауль эрэгтэй хүн” гэдгийг анх мэдрүүлжээ. Тэр эгчийнхээ жижигхэн хөлийг өдөржин ажаад, дараа нь өөртөө зориулан өдрийн тэмдэглэл анх нээсэн юм. Ингээд тэр эхний хуудсан дээр ингэж бичлээ:
- “Хүн болгоны өдрийн тэмдэглэл адилхан байдаг. Би хүн болгонтой адилхан тэмдэглэл бичмээргүй байна. Тиймээс “Би өнөөдөр ном уншив гэхийнхээ оронд Рауль өнөөдөр ном уншив” гэж бичиж байя. Раульд туфльтэй эмэгтэйчүүд таалагддаг. Рауль том болоод зөвхөн туфль өмсдөг охинд л дурлана.”

Рауль – Ээж ээ, та яагаад өнөөдөр туфлиэ өмсөөгүй юм бэ?
Ээж – Ээжийнх нь хөл өвдөөд байдаг болчихжээ.
Рауль - Өвдсөн ч гэсэн туфлиэ өмсөж бай.
Ээж – Яагаад?
Рауль – Таны хөлний хуруунууд их муухай юм аа.

Аав – Яг үнэн. Миний хүү ч эр хүн болжээ. Чи ер нь яг над шиг хүн байна шүү.

Ээж – Миний хөлийн хуруунууд иуухайдаа яачихаав?

Раулийн аав, ээж хоёр хэрэлдэв. Тэр эцэг эхээ сонирхон ажиглана. “Ингэхэд ер нь эрэгтэй эмэгтэй хүмүүс яах гэж хамт амьдардаг юм бол оо?” гэж Рауль дараа нь бүтэн дөрвөн сарын турш боджээ. Яагаад гэвэл, Раулийг “Хоёулаа” гэдэг үг биш, “Ганцаараа”, “Ганцхан” гэдэг үг л учиргүй догдлуулдаг юм.

Раулийн амьдралын дөрөв дэх өдөр.
Раулийн ээж хоол хийж байна. Өндөгтэй хуурга. Арааны шүлс асгарам үнэр. Аа-аа-аа. Ажилсаг ээж хүүгийнхээ өмнө уур савссан халуун хоол авьчирч тавьлаа. Рауль сэрээ аваад тонгойлоо ...
Гэнэт ... Амьдрал дандаа бас “гэнэт” байдаг. Гэнэт Раулийн амнаас амьд дэгдээхэй унаад, хазуулсандаа доголсон хөлөө чирэн, хоылны ширээн дээгүүр тонголзон гүйлээ. Тэр саяхан л хүний хоол болох гэж байснаа мартчихаад талхны үйрмэг рүү зүтгэлэх аж.
Рауль нүдээ аниад, уруулаас нь амтагдах тэр жижигхэн амьтны цусны эхүүн амтыг баллах гэж дээр дээрээс нь хайрсан тарх, шарсан төмс, жимсний чанамал, ногооны шанцайг зажлалгүй залгисан ч дэгдээхэйн амт “дотроос” нь салж өгсөнгүй. Рауль уйлав. Тэр өөрийгөө шувууны оршуулгын газар болсноор төсөөлнө. Рауль оршуулгын газар. Тэр нулимсаа арчин, удаан бодлогширчээ. Анхны тангараг. “Ахиж өндөг идэхгүй”.

Раулийн амьдралын тав дахь өдөр.
Мөрөөдөмтгий Рауль. Тэр дандаа өнгөтөөр зүүдэлдэг. Бас зүүд болгон нь биелдэг. Рауль өндөгнөөс татгалзсаныхаа дараа үргэлж гүзээлзгэнэ зүүдлэх болжээ. Заримдаа түүний зүүдний гүзээлзгэнүүд “хэдэн арван жилийн өмнө” үхсэн загаснуудтай нь адилхан санагдах боловч тэр ягаахан амтлаг нойрноосоо салахыг тийм ч их яарсангүй. Нэг өдөр ... Амьдрал дандаа нэг өдөр байдаг гэж хэлээгүй юу.
Нэг өдөр Рауль домгийн номноос “Сахиусан тэнгэрүүд гүзээлзгэнэд дуртай байдаг” тухай олж уншив. Ингээд тэр өөрийгөө сахиусан тэнгэр гэдэгт итгэлтэй явах боллоо. Рауль өөртөө САТЭ гэсэн нэр өгөөдөдөр ч шөнө ч гүзээлзгэнэ дунд амьдарсаар. Гэтэл ... Гэтэл САТЭ-д далавч ургасангүй. Далавчгүй юм чинь ниссэнгүй. Дээр нь бас бусад чага тэнгэрүүд ч үзэгдсэнгүй. Рауль хүлээсээр. Хүлээсээр. Хүлээсээр. Хүлээж ханаад тэр нэг удаа толинд өөрийгөө харжээ. Тэгсэн чинь уруулынх нь дээр хэдэн ширхэг шар үс гараад ирчихсэн байхыг илрүүлэв гэнэ. Рауль цочино.
- Энэ чинь одоо юу вэ?
Энэ үгийг хэлтэл дуу нь огт өөр, яг л аавынхтай нь адилхан сонсогджээ. Боль л доо бурхаан минь, Рауль сахал биш далавч ургахыг хүлээж байсан шүү дээ. Тэр тагтан дээрээ гүйж гараад байдгаараа орилжээ. Энэ өдөр Рауль гүзээлзгэнэд ч бас тийм их дуртай биш болохоо мэдсэн юм. Яагаад гэвэл түүний зүүдний гүзээлзгэнүүд хэтэрхий том, гар шиг том, дээр нь бас том том улаан өндөгнүүд шиг санагдаад явчихаж. Рауль зөрчилдөгч. Ингэхэд Рауль хэдэн настай ч билээ дээ.

Раулийн амьдралын зургаа дахь өдөр.
Гар хангалга хийх нас арай л биш. Гэвч Рауль шаналах боллоо. Өдрийн тэмдэглэлдээ бичсэн нь:
- “Раулийн зүүдэнд санаанд оромгүй гоё хөлтэй, туфльтэй эмэгтэй шөнө болгон орж ирэх боллоо. Яагаав, нөгөө “сармагчин” хочин Ноами. Түүнийг үнсэж үзэх юмсан. Рауль өөрийнхөө хичнээн дээгүүр санаатан болохоо мэдэж авлаа. Дээгүүр санаат Рауль, үгүй ээ, үнэндээ бол энэ чинь Дээгүүр Рауль гэсэн үг”.

Ингэж бичихдээ тэр арван таван настай байв. Арван тав хүрээд тэр өөрийнхөө бас нэг онцлогийг мэдэх болжээ. Тэр их үнэрч. Сайхан үнэртэй хүн сайн хүн байдагт тэр итгэдэг. Рауль хөөрхөн охидын дотуур хувцас хулгайлан цуглуулах болов. Охидын дотуур хувцсанд шингэсэн нэг л өөр, эр биш үнэр түүнийг шаналгана. Нэг өдөр ... Ашгүй нөгөө нэг өдөр нь ирж ... гар хангалгын тухай мэдэж авчээ. Боломж, дүүрэн боломж. Энэ ертөнцөд ерөөсөө боломжгүй юм гэж алга аа. Рауль өөрийгөө ямар нэгэн гэмт хэрэг хийхээс аврагдсанд тооцов. Тэр одоо эмэгтэй хүний үнэрийг л сонирхдог. Туфль баяртай.

Раулийн амьдралын долоо дахь өдөр.
Рауль гудамжаар алхаж явна. Дүүрэн хүн. Тэр хүмүүст дургүй. Хэн нэгэн охин, хэн нэгэн хөвгүүн, хэн нэгэн ...-д бол өөр ханддаг л даа. Харин хэн хэн хэний нийлбэр, хэн ч биш хүмүүс ... Рауль хамт олон гэдэг үгэнд бүр ч дургүй. Тэр ясли цэцэрлэгээр хүмүүжээгүйдээ өөрийгөө азтайд тооцно. Гэвч аз нь дутаад сургуульд орчихсон юм. Оруулчихсан юм. Рауль олон нийтийн ажилд одооны хэллэгээр бол кредитээ хасуулахгүй гэсэндээ л оролцдог. Учир нь түүний аав ээжийн хувьд кредит их чухал. Тэгээд л оролцдог юм даа, Рауль. Орооцолддог гэсэн нь илүү зохимжтой ч юмуу? Энэ орооцолдоон Раулийг бухимдуулна. Бачимдуулна.

Рауль гудамжаар алхаж явна. өөдөөс нь урт үстэй, хүйтэн царайтай нэгэн залуу гараад ирлээ.
Залуу – Хөөе, чамайг Рауль гэдэг байх аа?
Рауль – Миний нэрийг яаж мэддэг юм бэ?
Залуу – Савхин хүрэм чинь их дажгүй юм аа.
Рауль – Авбал ав л даа. Май.
Залуу – Чи дажгүй хөвгүүн байна шүү. Манайд очих уу?
Рауль – Танайд миний сонирхолыг татчихаар юу байгаа юм бэ дээ?
Залуу – Очоод үз л дээ.

Рауль эгчийнхээ сонсдгоос огт өөр хөгжмийн тухай мэдэж авчээ. Тэр гэнэт л цэлмэчихнэ. Хүйтэн царайт, савхин хүрэмт хөгжимтэй хуурцгуудаа “хөвгүүнээс” ер харамласангүй. Тэд нөхөрлөх болов. Өдөр болгон уулздаг тэд харин сард ганцхан удаа л үг солино. Рауль жаргалтай байлаа. Гэвч ...
Ямар нэгэн “ГЭВЧ” гуай “ГЭНЭТ” гуйан нэгэн адил амьдралд хаанаас ч юм гараад л ирдэг. Гэвч Раулийн гэрт бөөн асуудал. Бөөн эсэргүүцэл, бөөн тэмцэл, бөөн эгдүүцэл.
- Чи наад балиар хөгжмөө султгаач ээ.
- Энэ хүүхэд хог дээр гарлаа.
- Хэнтэй нийлээд байгааг нь мэдэх сэн ...
- Очиж, очиж рок шүү.
Очиж очиж, очиж очиж рок сонгосон Рауль. Аз жаргалтай байгаагаа анх удаа мэдэрсэн Рауль өдрийн тэмдэглэлдээ ингэж бичлээ:
- Аав ээжид яагаад амнаас нь дэгдээхэй амтагддаггүйн учрыг сая л ойлголоо.

Раулийн амьдралын найм дахь өдөр.
Рауль бичиж байна:
- Ницще гуч орчим насны хямралыг томъёолохдоо алдаа гаргажээ. Хүн хүн өөр гэдгийг тэр яаж мартаж чадав аа? Минийх л гэхэд найман насандаа эхэлчихсэн байхад чинь. Минийх бишээ, Раулийнх. Би л гэх гээд ерөөсөө болохгүй юм аа. Ер нь одооноос би гэхээ цэглэж аав ээж хоёр шиг БИД гэж ярьж сурах.
- БИД дунд сургуулиа төгслөө. БИД дээд сургуульд орлоо. Энэ бүхэнд сэтгэл хөдлөөд байх юм даанч байсангүй дээ. БИД-ний сурсан юм БИД-энд хэрэг болсон нь үгүй. Арай гэж шалгалт өгөөд, аавын сонгосон их сургуульд орлоо. Их сургууль ч мөн адил. Тэнд сэтгэл татах юу ч алга. Нийллэг, нийллэг, нийллэг ... Алхам тутамдаа энэ хүмүүс бие биедээ наалдах юм. БИД бусадтай наалдахыг үзэн ядна. Байдгаараа тэсээд 3 саырг ардаа орхилоо. Цаашид тэвчихгүй нь. Олон хүн олон үнэртэй. Олон үнэр нийлээд орчлонгийн хамгийн муухай үнэрийг бүтээнэ. Биш ээ, олон үнэр нийлэхээрээ орчлонгийн жинхэнэ үнэр ... БИД хамраа дараад зугтахыг хүсч байна.

Раулийн амьдралын ес дэх өдөр.
Рауль – Аав аа, би их сургуульд сурмааргүй байна.
Аав – Тэгээд яах гээв, хог дээр гарах гээ юу?
Рауль – Би зүгээр л ажил хийж болно ш дээ.
Аав – Битгий дэмийр. Дахиж ийм дэмий юм бүү яриарай. Яв.
Рауль – Тэгвэл би өөр сургуульд ормоор байна.
Аав – Юу гэнэ ээ?
Рауль – Би философийн чиглэлээр суралцмаар байна.
Аав – Философи оо ... Чи арай амьдралтайхан юм бодоод олчихож чадсангүй юу?
Рауль – Би философийн чиглэлээр л сурмаар байна.
Аав – Үгүй.
Рауль – Би философич болно.
Аав – Мал.
Рауль – Би эдийн засагч болохгүй.
Аав – Үхэж байсан эргүү толгой.
Рауль – Би шийдсэн. Философийн чиглэлээр л сурвал сурна.
Аав – Тэгвэл чамд мөнгө өгч чадахгүй, зайл.

Рауль хоёр дотуур өмдөө сугавчлаад төрсөн гэрээсээ шөнөөр гарч явлаа. Тэр хөмсгөө зангидан байж өөртөө тангаргаласан нь:
- Ерөөсөө л үхтлээ философи судлая. Энэ түүний хоёр дахь тангараг л даа. Рауль улсынхаа хамгийн том сургуулийн хаалгаар, дөрвөн жил ургуулсан үсээ самнан самнан орж явчихлаа. УЛСЫН ИХ СУРГУУЛЬ гэсэн хаяг өрөө бүрийн хаалган дээр хадаастай. Гэнэт Раульд айх сэтгэл төрөв. Яагаад гэвэл тэрээр УЛСЫН гэсэн үг бүрийн цаанаас ХЭНИЙХ Ч БИШ гэсэн үг давхар уншигдаад байсанд цочжээ.

Хүйтэн хөх харц “хөвгүүн”-ийг угтлаа. Бөөн бөөн нүдний шилэн дунд орж явчтхлаа, Рауль. Бөөн бөн философичдын дунд Рауль хэцүүдлээ.
- Профессор оо, би танай тэнхимд хуваарилагдсан. - Сэдэв?
- “Рок хөгжим дэх философи үзэл санаа”
Гэнэт ...
Цэргийн газар шиг л тас няс. Профессор сэжиглэнгүй харцаар Раулийн уушгийг, зүрхтэй нь хамт нимгэн цамцных нь гаднаас нэвт харснаа /аргагүй л профессор юм даа/:
- Ганц хүнд өөр юм зааж чадахгүй гэж шүдээ зуун хэллээ. Яагаад шүдээ зуусных нь учрыг Рауль ойлгосонгүй. Бодвол, тэр профессор ГАНЦ гэдэг үгэнд их дургүй бололтой. Нийтийн багш юм чинь аргагүй. Рауль ойлгож байна. Их хотын, их сургуулийн багш их чанга дуутай. Дуу нь Раулийн чихийг хатгуултал өвтгөсөнд тэрээр нүдээ тас анмад ийн гуйлаа:
- Та ойлгоно уу, миний бие энэ сэдвээр ...
- Үгүй
- Би энэ сэдвийг л ...

Ахиад л тас няс.
- Боловсрол, ёс суртахууны сэдвүүдээс сонговол сонго, үгүй бол эндээс гар. - Боловсрол оо, ёс суртахуун аа?
Рауль инээж орхив. Өрөөнд байсан нүдний шилнүүд бүгд хөлрөн цантав. Раулийн хамаг бие арзайлаа.
- Мөнгөө өгөөд сурч байгаагаас хойш ямар сэдэв сонгох нь миний дур ... Гэвч ингэж хэлэхээсээ өмнө амжиж хэлээ хазжээ, Рауль. Одоохондоо мөнгөө өгөөгүй байгаа л даа. Мөнгө, мөнгө, мөнгө. Энэ мөнгийг яалтай. Хүйтэн царайт, савхин хүрэмт маань найз Раулийнхаа философижих төлөвлөгөөнд хүч нэмчих санаатай хүрмээ ч, хуурцгаа ч зараад тусыг хүргэж чадсангүй. Ингээд жилийн чөлөө “авцгаалаа”.
Жилийн чөлөө гэдэг нь жирэмсний чөлөө гэж байгаа юм шиг сонсогдсонд Рауль санаа алдав.

Раулийн арав дахь өдөр.
Рауль орцны хонгилд бодлогшрон сууна. Тэр ертөнцийн шударга бусын тухай эргэцүүлнэ. Эргэцүүлэл. Цаг нөгцөөх шилдэг арга. Үүнээс өөрөөр энэ ертөнцийг яаж “дүүргэх” билээ дээ? Сургууль дүүргэх гэж бид ярьдаг. Үүнтэй адилаар амьдралыг дүүргэх, ертөнцийг дүүргэх гэж ярьж болохгүй нь юу байх вэ. Цаг нөгцөөх өө гэж. “Matar al tiempo”, “Убить время”. Испаниар ч, оросоор ч, англиар ч адил. Махчилбал, цагийг алах ...
Өнгөрсөн бүхнийг дурсч суухад аллага ч гэсэн таатай.
Өндөгнүүд, загаснууд, гүзээлзгэнүүд, ахиад л өндөгнүүд, загаснууд ... Хүмүү, нөгөө хэн, хэн, тэр гуай, энэ гуай ээлжлэн нүдний өмнүүр жирэлзэнэ.
Өндөгнүүд, загаснууд, гүзээлзгэнүүд ... Байз. Гэнэт Рауль өмнө нь амьд гүзээлзгэнэ зогсож байхыг үзэв.

Охин – Чи юу хийж суугаа юм бэ?
Рауль – Юм бодож байна.
Охин – Юу?
Рауль – Чамд хамаагүй.
Охин уурласангүй. Харин дэргэд нь ирж, шахан суулаа. Тэд гурван цагийн турш үг дуугүй сууцгаажээ.
Охин – Манайд орох уу?
Рауль – Танайд миний сонирхлыг татчихаар юу байгаа юм бэ дээ?
Охин – Би чамд талх шарж өгье.
Рауль – Хиам байхгүй юу?
Охин – Түүнээс ч амттай юм бий.

Богино банзал, хүйсээ ил гаргасан богино цамцтай, уруулуу хөхөөр будсан Гүзээлзгэнэ. Тэр эр хүн шиг том том алхсаар, алхах бүрийд нь цагаан ягаан дотоож цухалзсаар гэр рүүгээ орж явчихлаа. Дотоож нь Раульд багын цуглуулгыг нь гэнэт санагдуулахад тэрээр энэ богинохоон охиныг маш ойроос нэг үнэрлэж үзэх сэн гэж хүснэ. Тэд цагаан талх идээд цадмагцаа нэг оронд орцгоожээ. Охин санаачилгатай хандаж, өөрөө хувцсаа тайлж шидэв.

Раулийн амьдралын арван нэг дэх өдөр.
Рауль ялтны ширээн дээр толгой бөхийн сууна. Шүүх хуралд аав нь ирсэнгүй. Харин туфль өмссөн ээж нь урт хөлөө ачин шүүгч рүү харан суугаад, нулимсаа арчин арчин, үсээ илбэн илбэн хурал дуустал танхимд байжээ. Хүчиндэгчийн ээж, Раулийн ээж. Хөөрхий, тэр эмэгтэй өндөг хагалахдаа хичнэн сурамгай, сайхан хоол хийдэг сайн ээж болохыг хэн ч мэдэхгүй. Хүмүүс бүх юмыг зөвхөн өнөөдрөөр л шүүдэг. Өнөөдөр бол тэр ердөө гэмт хэрэгтний ээж.Гэмтний ээж гэмтэн. Шүүх хурад ирэгсэд яг л шүүгчийн нэгэн адилаар бэлгийн ажил хэрхэн хийснийг нэгбүрчлэн, дүрслэлтэйгээр яриулахыг хүсэв. Хүссэн ёсоор болгов, Рауль. “Хэлээ хийхээр нь хэлийг нь хөхөөд ...”
Ахлах шүүгч амаа ангайн байж, нэг ч таслалгүй сонсохдоо, нүүрнийх нь төрх анх орж ирж байсан үеэсээ хамаагүй зөөлөрсөн байхыг харж Рауль гайхав.
Зөөлөн царайтай, үгүй ээ, биш ээ биш, зөөлөрдөг шүүгчтэй таарсандаа баярлаж суутал Рауль ... Яг л профессорынх шиг “нүдний шилтэй дуу” чихийг нь хатгатал өвтгөн ... Араас нь пүн пан болоод явчихлаа. Нэг жил албадан хөдөлмөр хийлгүүлэхээр Улсын нэрийн өмнөөс ... Тас няс.
Улсын нэрийн өмнөөс гэхийг Рауль “Хэний ч биш нэрийн өмнөөс” гэж залруулан сонслоо. Раулийг яллачихлаа.
Хэн?
Ёстой бүү мэд. Тэр шүүгч л лав их сайн хүн байсан.

Раулийн амьдралын арван хоёр дахь өдөр.
Рауль шоронгоос гарлаа. Эгч нь арван таван сая төгрөг төлж байж гурван сарын дараа ийнхүү гэрийнхнийхээ царайг харах нь тэр ээ. Гүзээлзгэнэ мөнгөтэй болж, Философич эрх чөлөөтэй боллоо. Юм бүхэн байрандаа оров. Шоронгоос харьж явахдаа тэр байдгаараа нугдайн байлаа. Угаасаа тэр ялтны ширээн дээр анх сууснаасаа хойш ахиж хичнээн ч хичээгээд дээш харж чадахгүй байгаа юм л даа. Хичээх тусам түүний толгой улам л бөхийх нь сонин. Тэр ширээнд л нэг учир байна. Охид хүүхнүүд хажуугаар нь өнгөрнө. Шарсан мах шиг л хаа холоос, амттайхан хурц үнэрээ түгээсээр хүүхнүүд шүргэн алдан зөрнө.
Шүргэх тусам нь Рауль улам, улам нугдайна. Рауль ийнхүү газар шагайж яваад золтой л машинд дайруулчихсангүй. Даналзсан бүдүүн авгай шиг алцгар том жийпний цонхоор нэг эрхэм:
- Сохор юм уу, яадаг солиотой морь вэ гэж бусад машины дугуйнууд хагартал ууртай дуугаар хашгирлаа.
Рауль морь. Бодлогшронгуй морь. Тэр морь зүгээр л философич болохыг хүссэн юм.

Гэртээ тавтай морилно уу?
Ээж эгч хоёр нь болгоомжлонгуй ширтэнэ. Тэд хоёулаа урт банзал өмсчээ. Гэмт хэрэгтэн Рауль. Эмсийн эрлэг Рауль.
Тэр гурван сар юу ч идээгүй хүний ёсоор тавагтай өндгүүдийг ховдоглон залгихад ердөө ганцхан хором шаардагдав. Ингээд өрөөндөө орж номын сангаа онгичлоо.
Дайрч унагахаа шахсан өнөөх дарга жийп шиг даналзсан улаан ном гараад ирэв. Ааштай Шопенхауэр. Рауль өөрийн эрхгүй далдичлаа. Аминч үзлийн талаар бичсэн хэсэг Раулийн сонирхлыг татав. Тэгээд өдрийн тэмдэглэлээ авч ийн бичлээ:
- Нээрэн энэ хүмүүс өөрийгөө, байгаа бүхнээ золиослоод хэн нэгнийг үхлийн хар савраас суга татаж чаддаг болов уу? Эгч бол чадлаа. Бусад нь ... эргэлзээтэй. Эргэлзээтэй бусад хүн... Гэхдэ л би тэднийг буруутгахгүй. Үзэн ядаад байх ч юм алга. Зарим нэг онолын үүднээс бол үхэж байгаа хүнийг аврах зөв ч биш байж мэдэх явдал гэнэ. Усанд живж байсан хүүг аварчихаж л дээ. Гэтэл хүү өсч том болонгуутаа л хүн алагч, хүрээ талагч ... Үүнд хэн буруутай вэ? Эгч шиг хүмүүс бол шууд л үсэрч ороод живэхээс нь өмнө гаргаад ирнэ. Харин би яах бол? Биш ээ, юм л бол БИ гэх гээд байх юм, БИД яах бол? “Бид” эгч шиг хүний мөс сайтай биш ч юм билүү? Ерөөсөө хүний мөстэй гэж ярьдаг нь зохимжгүй хэрэг байна шүү. Эгч шиг сайхан сэтгэлтэй хүнийг “мөстэй” гэж ярих нь утгагүй хэрэг. Ингэхэд хүний ус сайтай, цэнгэгтэй гэвэл ямар байна? Солиорчээ, энэ Рауль. Үгүй ээ, угаасаа солиотой байсан юм байна, Бид. Гэмт хэрэгтэн БИД. Ядарч байгаа БИД. Тэмцэхийг хүсэхгүй л байгаа БИД. Хүн болж төрсөндөө баярлахгүй байгаа, БИД. Өөдгүй БИД, өрөвдмөөр бид ...” Рауль дэвтрээ хаалаа.

Раулийн арван гурав дахь өдөр.
Рауль – Эгч ээ, дахиад нэг өндөг өгөөч.
Эгч – Чи чинь яасан ханаж, цаддаггүй хүн бэ? Хэдийдээ ийм их иддэг болчихоо вэ? Дахиад хэдийг шарах юм тэгээд?
Рауль – За түүхий л биш бол хэд ч яахав.
Эгч – Ингэхэд түүхийгээр нь идэж яагаад болдоггүй юм? Шарахгүй залгичихдаг бол хичнээн амар. Ерөөсөө чи өөрөө шараад ид. Чадахгүй бол түүхийгээр нь иднэ биз. Би яарч байна. Чиний нэг шөнийн жаргалыг төлөх гэж зовж явна. Хоёр газар ажил хийх ямар болохыг чи мэдэх үү? Ядарч байна. Зүдэрч байна.
Рауль – Түүхийгээр нь идвэл хордлого болоод үхчихдэг гээ биз дээ?
Эгч – Үхнэ л биз. Чи ерөөсөө үхвэл таарна.
Рауль – Би үхэхийг хүсэхгүй байна.
Үнэхээр л Рауль үхэхийг хүсэхгүй байлаа. Тэр эгчийнхээ саваад гарсан хаалгыг ширтэн удаан чимээгүй сууснаа, яаралгүй босч, өндгөө түлэгдтэл нь сайн шарж идлээ. Гэвч ..

Гэвч Рауль муудсан өндөгний хордлого оноштойгоор орой нь эмнэлэгт хүргэгджээ.

Эгч – Рауль минь уучлаарай. Эгчийгээ уучил.
Рауль – Би үхээгүй л байна шүү дээ, юундаа уйлаад байгаа юм бэ?
Эгч – Үхнэ л биз гэж хэлснийг минь уучил.
Рауль – Чи тэгж хэллүү?
Эгч – Чи ядахнаа сайн шараад идчихгүй дээ ...
Рауль – Би шарж л идсэн шүү дээ.
Эгч - Өөдгүй худалч. Чи амиа хорлох гэж тэгсэн үү? Хэдэн түүхий өндөг идсэн бэ?

Төгсгөл.
Рауль төржээ. Нэг тийм дулаахан, дулаахан, хэтэрхий дулаахан учраас бүгчим, тэгээд бас ихэнх нь инээмсэглэсэн хүмүүстэй хотод. Тэр инээмсэглэсэн хүмүүс гэвч дандаа бие биетэйгээ мөргөлдөнө. Тийм жижигхэн газар л даа. Уг нь Рауль хүмүүс нэг нэгэнтэйгээ шүргэлцдэггүй тийм том газар төрөхийг хүсч байж. Гэвч хэн ч түүний хүслийг сонссонгүй. Тэгэхээр нь хашгирч үзжээ. Хашгираад л байж, хашгираад л байж.
Гэтэл хашгирсаар байгаад хоолой нь сөөчихөв. Хоолой нь өвдөөд эдгэхгүй байсан тул Рауль маш зөөлхөн, бүлээхэн юм идэх хэрэгтэй болжээ. Ингээд л Рауль амьд дэгдээхэй дөрвийг залгисан юм даа. Хоолой нь хөндүүрлэхээ болилоо. Гүйцээ. Шийдлээ. Рауль инээмсэглэсэн хүмүүстэй хотод мөргөлдөн амьдрахаар үлдлээ.
Сүүлдээ дасаад, мөргөлдөөд байхад ч мөр нь өвдөхөө байжээ.
Read On 0 comments

Л.Өлзийтөгс. Аквариум /Өгүүллэг/

4:33 AM
Би энд яг нэг жил болж байна. Хүүхэн болгон атаархаж, хүн болгоны магтдаг байсан зөөлөн, булбарай арьс минь одоо хэдийнээ улаан ягаан толботой, хатуу хайрсан бүрхүүл болон хувирчээ. Жил, яг нэг жш... Хүмүүс намайг загас гэж бодох болсоор яг жил болж байна. Хүмүүс ч гэж дээ, үнэндээ бол төрсөн хүүхдүүд маань надаар зугаацах болсоор гурван зуун жаран таван хоног өнгөрөөд байгаа хэрэг.
Энэ аквариумыг худалдан авч байхдаа би өөрийнхөө авсыг бэлдэж байна гэдгээ мэдээгүй юм. Мэдээж, үүнийгээ хэрэв мэдсэн бол арай томхоныг сонгох байлаа. Би угийн бачимдуу хүн. Энэ жижигхэн аквариум байтугай дөрвөн өрөө сууц маань, хүн болгон саруулхан, томыг нь бахдан хэлэлцдэг албан тасалгаа маань, цаашлаад дуу шүлэг бүхэнд хязгааргүй хэмээн магтагддаг Монголын өргөн тал, дуусашгүй мэт үргэлжилдэг цэлийсэнуудам нутагмаань надад багадаад байгаа юм шиг санагдан үргэлж, үргэлжл давчдаж явдаг байлаа. Надад бусдаас илүү, илүү хамаагүй илүү орон зай хэрэгтэй бапсан юм.
-Хүсээд байсан орон зай маань харин энэ бяцхан аквариум байж гэдгийг зөгнөж мэдэх нь байтугай зүүдлээ ч үгүй явтал бурхан миний өмнөөс бүгдийг шийдчихдэг байна шүү. Аквариум. Миний тэр орон зай, хүсэл гэдэг маанъ ийм л хэмжээний юм байж шүү дээ. Охин маань аквариумаа гоёх гэж, миний хэдэн жил хичээн байж цуглуулсан гоёмсог дун хясаануудыг өөрийн минь дээрээс нэг нэгээр нь цүлхийтэл хийж эхлэхэд би анх сэрж, ухаан орсон юм. Урд нь бол миний алганд элбэгхэнээ багтдаг байсан далайн бяцхан яснууд одоо надаас хэдэн арванхувь том болжээ. Би сандарч, нуулгүйхэлэхэд үхтлээ айж, ийш тийшээ үсчиж эхлэв. Үсчих тусам миний жаахан охин өхөөрдөм хөөрхнөөр инээд алдан хясаануудаа дээрээс минь шиднэ. Ээжийнх нь айдас бүр хайртай охиныг нь баярлуулна. Бурхан минь! Та юу хийчихэв ээ? Үгүй ээ, үгүй, үнэндээ бол энэ түүний хийсэн ажил биш. Бурхан үүнд ер хамаагүй. Угаасаа бурхан юунд л хамаатай байдаг билээ Эээ. Энэ бүгд ердөө л Замзагийн хийсэн ажил. Би Кафкагаас ч илүү Замзад хайртай байдаг юм л даа. Хүүхэд байхдаа бол Квазмидод хайртай байсан. Магадгүй Квазимодо намайг Замзаруу ийм хүчтэй түлхсэн ч юм билүү. Аль эсвэл тэр Замза гэдэг нь... Мэдэхгүй ээ, мэдэхгүй. Юутай ч би унтахдаа Замзагийн нэрийг шивнэж байснаа л санаж байна. Сэрээд хартал энэ. Энэ бүхэн. Харин тэр намайг эмэгтэй юм болохоор, тэгээд бас нэлээдгүй сэжигч юм болохоор, жаран хөлт биш ачтлаг хайрстай, бяцхан бүлтгэр загас болгочихож. Хорхой шавьжаас учиргүй айдгийг минъ ч бас бодолцоо биз.
Замзагаас ялгаатай өөр нэг юм бас бий. Манай гэрийнхэн намайг загас болсныг мэдэхгүй байгаа юм. Нэр минь сураггүй алга бологсдын дунд бичээтэй, цагдаагийнхан маш хүчтэй эрэл хайгуул хийсэн, хөөрхий нөхөр маань хамаг хөрөнгөө тэр эрэлд зарцуулсан, шөнө болгон тэр ганцаархнаа шил архи уудаг, уух болгондоо миний нэрийг шивнэн, шивнэн уйлдгийг би мэднэ. Бүр уйлдаг юм шүү. Энэ нь намайг бага ч атугай тайвшруулж байлаа.
Ах дүү нарын тухайд ч гомдолтгүй. Тэд урьд нь жшдээ нэг л удаа, тодруулбал, цагаан сараар л нэг үзэгддэг байсан бол одоо бараг өдөр бүхэн ирцгээдэг, бүр цагийн хуваарь гаргачихсан, ээлж ээлжээр ирж, хоёр хүүхдийг маань эргэж тойрч, асарч сувждаг болсон. Тэр ч байтугай хоёр ах нэг удаа аквариумын дэргэд зогсоод, нөхрөөс маань тусдаа хувийн мөрдөгч хөлслөн авцгааж, хөөрхий түүнийг минъ мөрдөж мөшгих төлөвлөгөөтэй байгаагаа шивнэлдээтэхэв. Том ахын бодлоор бол, нөхөр маань намайг алчихсан байж магадгүй гэнэ. Тэд өөрсдийн орон сууцыг барьцаанд пгавиад, мөрдөгчхөлслөхөөр шийдэцгээв. Үүнийг сонсоод миний нулимс цийлэгнээд л ирэв. Загасанд нулимс байдаггүй гэлцдэг нь огпгоос худал шүү. Надад хайртай хүн өчнөөн олон бий, тэд миний төлөө юу ч хийхэд бэлэн гээд бодоход нулиис ч багадмаар юм билээ.
Үүнчлэннададтайвшрахюмзөндөө.Гэсэн ч сэтгэл зовоох юм түүнээс олон байсан нь мэдээж. "Загас авч өг" гэж байнга шалдаг байснаараа охин л намайг асарч тойлно. Тэр зургаахан настай болохоор усныхаа халуун хүйтнийг ч тааруулж иэдэхгүй. Бас нэг удаа хоолны оронд үзэгний хар бэх хийгээд арай л ээжийгээ алчихаагүй. Заримдаа ч хоол өгөхгүй хоёр гурав хононо гээч. Уг нь бол би өлсдөггүй л дээ. Замза намайг загас болгохдоо өөр шиг нь өлсөөд үхчихгүй байх талаар бодолцсон бололтой, огт хоол хүнсний хэрэг гардаггүй байсан юм. Зүгээр л, хүн байхдаа хоёр хоног хоолгүй явж чаддаггүй байсан тухай бодол маань л охины хаяж өгсөн тэжээл рүү ухасхийлгэдэг байлаа.
Тиймээ, би загас болсон нь миний хувьд төдийгүй манай гэрийнхний хувьд жинхэнэ хувирал боллоо. Нөхөр маань хорин жил үхэн хатан зүтгэж байж хүрсэн өндөрлөгөөсөө буув. Өөрөөр хэлбэл тэр намайг үргэлж бухимдуулдаг байсан өнөөх завгүй, даргын ажлаа бүрмөсөн орхив. Энэ үнэхэээр, үнэхээр таатай, хамгийн таатай мэдээ байсныг нуугаад яахав. Тэр маань охиноо тэврэн сууж байгаад яг аквариумын дэргэд энэ пгухай ярив. "Аав нь одоо охинтойгоо үргэлж хамт байна. Ахиж ажилдаа явахгүй " гэж хэлэхэд нь би арай л уснаасаа үсрээд гарчихсангүй.
Хүү маань хэдийнээ үймүүлэхээ больжээ. Тэр хэзээ ч миний үгэнд орж байгаагүй юм. Хэтэрхий дураараа, 12 настай хүүхдэд баймааргүй хэвлүүн яриатай хүүтэйгээ би огт таардаггүй байсан юм л даа. "Хичээлээсээ өнөөдөр оройтолгүй ирээрэй " гэхэд оройтно, "За яахав, өнөөдөр хичээлээ тараад гадаа тогловол тогло л доо" гэхээр ороод ирнэ. Түүний зөрүүд зан намайг галзууруулах дөхдөг сөн. Гэтэл одоо тэр Тэр биш болжээ. Нэг л биш. Хичээлээсээ орж ирүүт шавхайтай гутлаа тайлаад зогсохгүй, бүр тосолж тавиад гэрийн шаахайгаа өмсдөг болсныг нь охин маанъ аквариум руу хэдэн чийгийн улаан хорхой цацах үеэрээ нөгөө л өөртэйгээ ярих дуртай балчирхан зангаараа шивнэн ярихад нь би бүр айж орхив. Түүгээр ч зогсохгүй хүү маань гараа угааж байж цай цуугаа уух ч юм уу, даалгавраа хурдхан шиг хийчихээд нохойгоо салхилуулахаар аваад гардаг болсон гэнэ. Тэр яг миний өөртэй нь зууралддаг байсан шигээр нохойдоо халамж тавих болжээ. Дүүтэйгээ хэрүүл щуугиан үүсгэж, бөөн уйлаан майлаан болдог нь бүр таг. Тэр ч байтугай нэг удаа аавдаа орөвдмөөр аяархан дуугаар Би дүүгийнхээ үсийг самнаад өгье л дөө" гэх нъ сонсогдсон шүү.
Охин бол бүр ч өөрчлөгдсөн. Тэр өдөржин загастайгаа (хөөрхий, ээжтэйгээ л гэсэн үг) ярьж өнжинө. Урьд нь бол өдөржин чихэр жимс нэхэж, хормой хотноос зууран уйлж, унжин эрхэлдэг байлаа. Ямар ч амттан шимттэн, ямар ч гоё тоглоом түүний амнаас унадаг сан. Түүнд арван ширхэг чихэр ч өгсөн, арван уупг чихэр ч өгсөн адилхан. Тэрхэн дор нь цааш харуулчихна. Харин одоо бол айл амьтан ах дүүсийн өрөвдсөндөө өгсөн хэдэн чихрийг огт идэхгүй, юунд ч юм хурааж цуглуулах болжээ. Энэ бүх хувирал, дандаа сайнаар эргэсэн хувирал надад даанч таалагдаж байлаа. Аквариум маань эхэндээ нэг л давчуу, харанхуй, зэврүүн санагдаж байснаа сүүлдээ дасаад ирэв бололтой, давчуу биш, харанхуй биш, зэврүүн биш болоод ирэв.
Гурван сар өнгөрөхөд би "хүн байхдаа яах гэж ийм жаахан аквариум худалдан авав аа" гэж харамсаж байснаа ор тас мартсан төдийгүй, энэ бяцхан шилэн хорго ч бас өчнөөн орон зайтай болохыг гүнзгий мэдрэв. Шилэн хоргоныхоо өнцөг булан бүрийг андахгүй сайн мэддэг болсон нь өөрт нэг л тааламжтай. Хаашаа л харна хоргоны гаднах бүх юм тодорхой. Хүүхдийн өрөөний голд байх хичээлийн ширээн дээр тавьсан болохоор би хоргон дотроосоо хаашаа л бол хаашаа хараад охиноо эсвэл хүүгээ олоод үзчихнэ.
Нөхөрмаань өдөржин шахуу хүүхдийнхээ хичээлийг давтуулж, өөрийн гараар охиныхоо үсийг самнаж, хүүгийнхээ зургийн хичээлийг хийх гэж будаг цаас болон суухыг хараад би бүр уярч орхино. Орой нь тэр бидний хайрын түүхээр үлгэр зохион ярьж хүүхдүүдээ унтуулах нь нэг л дотно. Тэр маань намайг санаж гүйцээд байгааг би дуугаар нь, санаа алдах өнгөөр нь мэдэж байлаа. Гэвч хамгийн сонирхолтой нь тэр гурав маань хоорондоо миний тухай огт үл ярих бөгөөд охин хүртэл, ганцаархнаа байхдаа ч ЭЭЖ гэж ганц дуугардаггүй байлаа. Энэ нь надад нэг л таатай санагдахгүй байв. Гэвч яая гэхэе дээ, юм болгон миний хяналтаас хэдийнээ гарчихсан.
Нэг удаа би шилэн хоргоныхоо хамгийн дээд хэсэгт очиж байгаад, уснаас хэр чадлаараа толгойгоо цухуйлгаж байгаад, охиныхоо өөдөөс бүлтийтэл ширтэв. Намайг таньж магадгүй гэж горьдсондоо л тэр. Гэтэл тун санаадгүй юм болов. Охин өөдөөс минь учиргүй ширтэж байснаа Алтан загас аа, чиминий гурван хүслийг биелүүлээд өгөөч! гэж үнэн сэтгэлээсээ гуйх нь тэр. Тэгээд ийм гурван хүсэл шивнэлээ. Нэгдүгээрт манай ээжийг авсан ах буцааж өгөөч! Хоёрдугаарт ээжид миний цуглуулгыг аваачаад өгөөч! Гуравдугаарт, би ээжийнхээ өвөрт унтмаар байна!
Миний зүрх эмтрэх шиг болов. Тийм Эээ, загас ч бас зүрхтэй байдаг юм шүү.
Тэр нэг ч удаа миний тухай ааваасаа асуугаагүй, бас намайг санаж уплаагүй болохоор би санаа зовохгүй байсан юм. Гэтэл... Хөөрхий нялх үрминь...
Тэр намайг яагаад өөр ахтай хамт яваад өгсөн гэж бодсны учрыг харин би бодоод, бодоод олсонгүй. Харин цуглуулга гэдэг нь өнөөх чихрүүд ээ.
Би охиноо хэмжээлшгүй ихээр өрөвдөж байлаа. Гэвч загас бол загас шүү Эээ. Тэр ярьж чадахгүй. Ярьлаа гэхэд, пга бод доо, хэн нэгнийг өрөвдөж байгаагаа хэллээ, ярълаа, илэрхийллээ. Тэгээд? Тэгээд л болоо. Үнэндээ шэгээд л болдог шүү (Зээ. Ихэнх хүн өөрийнхөө зовлонгоос илүү гарч чаддаггүй. Тийм болохоор хэлэх хэлэхгүйн хооронд ямар ялгаа байна аа?
Аквариумын загас юм боддог уу? гээд та өөрөөсөө асуу л даа. Инээд чинь хүрнэ. Бас тэр бяцхан амыпад гунигладаг. Ганцаарддаг, уйддаг гэвэл таны бүр хөхөөс хөх инээд хүрнэ биз дээ. Би үнэхээр гуниглаж, ганцаардаж, уйдаж байв. Гэвч үүнийг маань хэн ч мэдэхгүй байгаа нь л хамгаас, хамгаас, хамгаас харамсалтай, хамгийн тарчлаантай байлаа. Өдөр хоног өнгөрсөөр нэг л мэдэхэд би гунигтаа, хүмүүн бусын ганцаардалдаа, басхүү ер бусын уйдалтандаа дасаж орхив. Ерөөсөө дасна гэдэг гагц хүний ч биш бүхий л амьтны зан бололтой. Би өөрийгөө, хүү охиноо, нөхрөө өрөвдөхөө болив. Тэртээ тэргүй тэд маань надгүйгээр амьдарч сураад байгаа нь, энэ хачин янзын хагацалдаа дасч эхлээд буй нь ч харагдаж байсан юм чинь.
Найман сарын дараа, загас болсноос хойш шүү дээ, нэгэн шөнө, нөхөр маань миний үй зайгүй найз эмэгтэйг дагуулж ирэв. Хүүхдүүд дунд ахынд очщгоохоор явсан байлаа. Найз эмэгтэй маань миний бяцхан охины орон дээр сууж байгаад ....Ингээд л тэд секс хийцгээсэн юм даа. Нөхөр маань надтай хийдгээсээ нэг л өөр, хачин шуналтай, түрэмгий янзаар эр эмийн ажил хийхийг хараад би бүр гайхаж орхив. Гэвч, хамгийн сонирхолтой нь надад хардах, харамлах сэтгэл ер төрсөнгүй. Нээрэн шүү, загас хүнээс ялгаатай нь бусдаас юугаа ч харамладаггүй. Хүмүүс л харамч, өмчирхөг байдаг юм билээ.
Дараа нь тэд баахан худлаа ярьцгаав. Найз эмэгтэй маань "Нөхөртөө хайргүй" гэж уйлагнан хэлэхэд, нөхөр маань хариуд нь "Бимэднэ ээ. Угаасаа л мэддэг байсан" гэх нь тэр. Намайг загас биш хүн байхад тэр минпй найзуудаас чухам түүнийг л үзэж чаддаггүй байсан юм л даа. Найз эмэгтэйн яриагаар бол манай нөхөр түүний хоёр дахь хүн гэнэ. "Битгий худлаа яриад байгаач ээ, энэ бол чиний унтсан арван тав дахь эр шүү дээ" гэж би тэсгэлгүй хашгирав. Хардсандаа биш шүү, зүгээр л худач хэлсэнтэй нь эвлэрэхийг хүсээгүйдээ тэр. Гэвч тэд сонссонгүй. Ерөөсөө хүн шиг дүлий амьтад хорвоо дээр үгүй дэг ээ.
Найзын маань яриагаар бол би нууц амрагтай байсан гэнэ. "Бодвол түүнтэйгээ одоо хамт байгаа биз дээ" гэж ертөнц дээрх цорын ганц найз маань гуниглангуй царайгаар шивнэтэл, ертөнц дээрх цор ганцхан хань минь үүнийг сонсуут ухасхийн босч, дахиж секс хийхийг хүсч байгаагаа нэг л хачин дуугаар илэрхийлээтхэв. Миний найз ч хариуд нь дуртайяа зөвшөөрч мөн л надад танил бишээр инээд алдав. Би тэдний хэрхэн дуу алдацгаахыг, бүр сүүлдээ бие биенийхээ нурууг маажихыг алдалгүй харсаар шөнийг өнгөрүүлэв. Нөхор маань бүрэн өөрчлөгджээ. Үгүй ээ, ерөөсөө тэр өөр хүн байсан юм байна. Энэ тухай бодон санаа алдсанд үүр цайлаа.
Нэг өглөө хүү маань хичээлээ хийж дуусаад өдрийн тэмдэглэлээ авч шүлэг бичив. Тэр модны тухай шүлэг бичжээ.
Бичиж дуусаад тэр амандаа аяархан шивнэн уншсанаа, гэнэт нөгөө дэвтрээ юу ч үгүй жижиглэн урж, өрөөгөөрөө нэг цацчихаад гарч гүйв. Охин тэр цааснуудыг нь цас болгон өөрийнхөө дээрээс цацаж, өдөржин тоглолоо.
Хүү яагаад үе, үе хачин ууртай болчихдог байсныг, бас яагаад өрөөгөөр нэг урсан дэвтэр хөглөрч байдаг байсныг би тэгэхэд л ойлгов. Бурхан минь, гэтэл бы түүнийг математикч болгохоор өмнөөс нь шийдчихсэн байсан сан. Яасан дураараа байж вэ, би хүн байхдаа "Хн, хэнийгээ дуурайгаад ийм яруу найрагч болчихдог байна аа? " гэж би өглөөнөөс оройг хүртэл сэлэн байхдаа ихэд бодлогшров.
Оройхон хэрд хүү маань гаднаас жигтэйхэн ядарчихсан царайтай орж ирээд ийш тийш харан хэсэг сууж байснаа гэнэт босч аквариум руу дөхөн ирлээ. Дэггүйтмээр санагдаж л дээ. Тэгээд усан будгуудаа савнаас нь ховхлон аваад, нэг нэгээр нь ус руу цүлхийтэл хийж эхэллээ. За ингээд би улаан, ногоон, шар өнгийн тэр аймшигт хорнуудаас зугтан ийш тийш үсчиж гарав аа. Авралт бяцхан охин минь орж иртэл миний хүү надаар зугаацсан юм даа. Гэнэт л ... Тийм ээ, бүх юм гэнэт л болдог шүү дээ. Би учиргүй ядарснаа гэнэт мэдэв. Бүтэн жил өнгөрчээ. Загас юу ч хийдэггүй нь үнэн боловч би үнэхээр ядарч. Үзэх ёсгүй байсан бүхнээ харсаар байгаад бүр туйлдаж орхижээ. Загасны нүдээр би ойр дотныхоо хүмүүсийн нууц руу өнгийх болгондоо өөрөөсөө ч юм уу, хэн нэгнээс, заримдаа тэднийхээ өмнөөс түгшиж, ичиж, айж, шаналдаг байсан юм.
" Хүн болгон л хоёр дүртэй аж. Үнэндээ тэр хоёр дүрийнхээ нэгийг нь л бусдад харуулахад хангалттай. Хэн ч өөрийнхөө сайн, сайхан гэж бодсондоо буй болгосон тэр дүрээ л бусдад харуулахыг хүсдэг, түүгээрээ л баг хийж явдаг. Хоёр дахь нь хэдий өөр байлаа ч бусдад харуулахыг хүсч байгаа тэр багаар нь л хүнд хандах хэрэгтэй юм байна. Заавал багийг нь хуулах гээд, нөгөө жинхэнэ дүрийг нь үзэх гээд байх хэрэг юу байна аа?" Би эцсийн энэ мэтчилэнгийн гүн ухааны гаргалгаанд хүрээд жирийн ч нэг загас биш, бясалгагч загас болж орхисондоо олзуурхаж л байлаа.
Уг нь надад загас байх таалагдаж байсан юм шүү. Ямар ч хариуцлага хүлээхгүй, хэний ч төлөө амьдрахгүй, хэнийг ч хайрлахгүй, бас харамлахгүй, хэнд ч уурлахгүй, уцаарлахгүй, загнахгүй, загнуулахгүй. Уг нь хүн ингэж амьдарч болно шүү дээ. Яах вэ гэж би ингэж өөрийгөө ч, өрөөл бусдыг ч зовоож явсан юм бол оо, хөөрхий. Гэвч....
Аквариум доторх өдөр хоногууд улам л удаан, улам л энгийн болсоор байв. Эхэндээ юм бүхэн нээлт шиг санагддаг сан. Одоо бол үгүй. Байдаг л нэг түүх, байдаг л нэг амьдралыг харсаар бүүр дасчээ. Хүн, /биш ээ загас, за яалаа гэж дээ, хүн. Хүн байлгүй яах вэ. Хүн. Би загасны тухай ярьж байгаа шүү дээ. За, үнэндээ ялгаагүй юм./ Хүн ямар нэг юманд дасаад ирэхээрээ л ядардаг. Гэтэл бид бодохдоо өөрсдийгөө ямар нэгэн юманд дасахгүй байгаагаасаа л ядарч байна гэж эндүүрээд байдаг бололтой. Үнэндээ бол юманд хэт дасчихаараа л ядардаг юм билээ.
Би шилэн хоргонд биш унтлагын өрөөнд, зөөлөн буйдан дээр хэвтэж байхдаа сэрсэн юм. Бүх юм хэвэндээ оров. Болсон бүх явдал зүүд байсан гэж би өөртөө итгүүлэхийг хүсдэг боллоо.
Нөхөр маань одоо ажлаа хийж байгаа. Хүү миний өөдөөс үг сөрдгөөрөө сөрөн, уурладгаараа уурлана. Охин чихэр жимсний хэрүүлээ хийж эхлэв. Найз эмэгтэй маань утсаар ярьдгаараа ярьж, нөхөртөө урьд урьдынхаасаа илүү хайртай болсноо шивнэн инээнэ. Нөхөр маань урьдын адил, тэр ч байтугай секс хийхдээ хүртэл яг урьдынх шигээ эелдэг зөөлөн хэвээр, үргэлж л миний хүсэлд бүхнийг захируулдаг нь бүр яг хэвээрээ шүү. Харин би хүүтэйгээ огт өөрөөр харьцдаг болсон. "Тоогоо бод " гэж толгой руу нь тоншдогоо болиод шүлгийн номууд авч өгөх болов. Амьдрал үргэлжилсээр.
Гэвч бидний амьдрал урьдынхаасаа нэг л өөр, илүү амттай ч юм шиг, бас хүү илүү нууцлаг ч юм шиг байх болов. Ямар нэгэн юмаа ачдаад эргүүлэн олж авсан хүн ахин түүнийгээ алдахыг хүсдэггүй шүү дээ. Тэр л ёсоор юм бүхэн сайн сайхны зүг эргэчихжээ гэж би боддог болоод байна.
Нэг удаа би нөхрөөсөө намайг эзгүй байхад болсон бүхнийг нууж хаалгүйгээр, нэгцйг ч үлдээлгүйгээр ярихыг хүсэв. Бүхнийг мэдэж байсан мөртлөө шүү дээ. Ээ дээ, энэ хүмүүс үү? Загас бол заяа нь тэгэхгүй. Гэтэл юу сонссон гээч?
Түүний ярьсныг сонсоод би үнэхээр цочирдсон шүү. Ах нар маань миний ханиас мөнгө нэхсэн гэнэ. Тэд түүнийг шоронд хийж, хүүхдүүдийг асрамжлагчаар өөрсдийгөө гэсэн баталгаа гаргуулж аваад, манай бүх хөрөнгийг өөрсдийнхөө нэр дээр болгоно гэж сүрдүүлсэн гэнэ. Тэд манай нөхрийн ажил дээр очин, өдөр бүр хэрүүл шуугиан үүсгэдэг болсноос аргагүйн эрхэнд ажлаа орхиход хүрсэн юм байж. Нөхөр маань сэтгэлээр унан, шөнө болгон шахуу ганцаараа архи уудаг байсан тухайгаа ярихдаа тэсгэлгүй уйлав.
Охин харин болгон угаалгын өрөөнд орж сууж байгаад Ээж ээ гэж шивнэн, шивнэн уйлдаг байсан гэнэ. Хүү харин математикч болохоор бүрэн шийдсэн төдийгүй, энэ чиглэлээр сонгонд явж байжээ. Тэр ийнхүү миний мэддэг байсан бөгөөд мэдээгүй бүх юмыг ярьж өгөв. Харин ганцхан найз эмэгтэйтэй маань хавьтсан тухайгаа л дурссангүй. Би ч асуусангүй. Тэртээ тэргүй хэлэхгүй гэдгийг нь мэдэж байгаа юм чинь.
Би нөхрөө өрөвдөн, өөдгүй муу ах нартаа гомдон удаан уйлав. Миний аквариум жижиг ч гэсэн надад бүхнийг харуулаад байна л даа гэж би боддог байлаа. Дөрвөн тал нь шил болохоор ертөнцийн дөрвөн зүг, найман зовхисыг харж байгаа юм шиг л санагддаг сан. Гэвч! Аквариум бол аквариум. Тэр гадуураа бас аквариумтай. Нөгөө гурван өрөөнд маань өрнөж байгаа маьдрал надад харагдахгүй. Цаашлаад, дөрвөн өрөө сууцнаас маань гадна болж буп бүхнийг, бүр цаашлаад... За энэ тухай бүрч ярилтгүй.
Ахнарынхаа үнэн мөнийг мэдсэндээ, бас тэдэнд өширхсөндөө уйлж, уйлж тайвшраад би нохрөөсөө ингэж асуулаа:
-Чамд надад яриагүй юм үлдсэн үү? Ингэж хэлэхдээ би мэдээж хариу хүлээгээгүй юм. Зүгээр л асуусан хэрэг шүү дээ. Гэтэл нөхөр минь юу гэж хариулсан гээч? -Би чиний хамгийн сайн найзтай унтсан! Энэ бүлэг ингээд дуусах гэж байна. Ерөөсөө энэ түүх ингээд дууслаа. Нөхрийнхөө хэлсэн тэр үгийг сонсоод л надад гэнэт хачин уйтгартай болчихсон юм. Юуг ч урьдчилан таах аргагүй ажээ. Би нөхрөө надад худлаа ярина гэж, үнэнээ хэлэхгүй гэж итгэж байсан юм сан. Гэтэл! Үнэнийг ярьчихдаг байна шүү. Тэгэхэд л би үнэнийг ер хүсээгүйгээ, ерөөсөө юуг ч хайгаагүйгээ, /магадгүй юуг ч олгоогүйгээ гэх нь илүү оновчтой болох биз/ гэнэт ойлгов. Миний нууцаар харсан бүхэн худлаа юм байж шүү дээ. Жинхэнэ амьдрал гэдэг маань ердөө л энэ байж.
Магадгүй, би бусдын тухай биш өөрийнхөө тухай мэдэхийг бүхнийг өөрөөс минь асуухаар шийджээ. Тэр надаас "Аквариумаа санаж байна уу?" гэж асуусан. Би удаан бодлоо л доо. Тэгээд ахин загас болохоор шийдээд байна. "Аквариум жижиг байх тусмаа сайн" гэж би Замзад хэлсэн.

2002 он. Бэлх
Read On 1 comments

Л.Өлзийтөгс. Халуун өдрийн шүлэг

4:29 AM
Нүүрнээс нь нар урссан хүмүүс урсаад л, урсаад л, яг лаа шиг хайлаад л ...
Нүүх үүлгүй аагим халуунд би дуртай
Дусалж байгаа хөлс бүрийн цаанаас жинхэнэ хүн гарч ирнэ
Дуусч байгаа хүн, дуусах гэж байгаа ертөнц
Элээгч нарны дор энэ биеэрээ зогсоод
Энд тэндээсээ нурж байна би, ховхорч байна
Өглөөнөөс үдшийг хүртэл барьсан бяцхан байшингийнхаа оройгоос
Өндөр тэнгэрт хүрэхгүй гараараа өөдөө нэг, сүүлчийн удаа ...
урсаад л, урсаад л, яг лаа шиг хайлаад л

Read On 0 comments

Л.Өлзийтөгс. Гэм

4:28 AM
Модод юу ч хараагүй царайлж
Навчис юу ч сонсоогүй дүр үзүүлж
Тэнгэр юу ч анзаарамүй мэт аашилж
Тэгэхээс тэгэх гэсэн шиг бүгд чимээгүй
Шувууд юу ч ойлгоогүй царайлавч
Шуналт нүдээр хэрхэн харсаныг нь мэдэж байна
Алив, салхи минь хэлээч, чи бас үзсэн шүү дээ Аймшигт эгшний гэрчүүд минь юунд үл дуугарцгаана
...Тэнгэрийн царай цэнхэртэвч
цаанаа л нэг уласхийж
Тэнүүчлэн давхигч үүлс нь догдолсон мэт бөөгнөрч
Өвс хүртэл нүдээ аниад
хачин нууцлаг инээвхийлэхэд
Өндийн босоод би аяархан уйллаа.


Read On 0 comments

Л.Өлзийтөгс. Шүлэг

4:27 AM
Нүд чинь, харц чинь,
хацар чинь бүдгэрчихэж
Бүдгэрчихэж ээ!
Нүүр чинь хов хоосон
Энд миний үнсэх дуртай уруул байсан
Энд миний уйлуулах дуртай нүд байсан
Арилчихаж
Чи минь арилчихаж ээ!
Тэмтрэх харцанд нүүрний чинь гүнээс
Тэр бүсгүйн л дүр нэвт харагднам
Царайг чинь баллуурдаж үзэгдэхгүй болгосон
Цагаахан гар... гар л үзэгднэм
Надад байдаггүй алтан бэлзэг
Нарийхан хуруу, урт хумс..
Нүдийг чинь, уруулыг чинь, зүрхийг чинь энэ л гар
Нүцгэн алгаараа арччихжээ Чи минь
Read On 0 comments

Л.Өлзийтөгс : Хуримын маргааш

4:26 AM
Сандлын түшлэг налж
Санаашрангуй хэвтэх
Хүүхэн заяа шиг даашинз минь
Хүслийн эцэс шиг сульджээ
Газар шүргэсэн ханцуй нь
Ахиж нисэхгүй жигүүр
Дахиж хэн ч ємсєхгүй ээ

Өлгүүрт хєгшрєх үйл ч
Охин биеийн галбирыг
Авч үлдсэн даашинз минь
Одоо чи мартагдсан.
Адилхаан...
Би ч бас хуучирсан

Г.А-д
Хүслийн шуургаар оволзсон тэнгис
Ёроолгүй хар нүдэнд чинь живнэ
Хүлэгтэй бие даль жигүүргүй
Чиний эзэмшилд чимээгүй хоригдоно
Миний алсад татсан гэгээ
Чиний салхинд чиггүй замхарна
Зүрхний минь түлхүүр чиний зүрх...
Зүггүй хайрын эрхшээлд хоргодно
Read On 0 comments

Л.Өлзийтөгс : Хүлээс /Өгүүллэг/

4:24 AM
Түүнд энэ гайтай хүсэл төрөөд яг гурав хонож байна. Гурав хоног тэр зөвхөн энэ тухай боджээ. Энэ хүслээ л биелүүлэхгүй бол хэн ч биш болчих юм шиг санагдаад хоногийн 24 цагийг гурвантаа тойроод байна. Хүсэл, гайтай хүсэл. Энэ хүсэл үү?
Тэгээд л тэр хэн нэгэн гэдгээ өөртөө батлах гээд ч юмуу, эсвэл зүгээр л хүн гэдэг юу ч бодолгүйгээр хүсээд, юу ч бодолгүйгээр түүнийгээ хүртчихдэг зангаар ч юмуу, бүү мэд, ямар нэгэн аргаар л яаж ийж байгаад энэ хүслээ биелүүлэх гэж байдгаараа адгажээ.
Уг нь хэцүү ч юм биш л дээ. Зүгээр л, гудамжинд явж байхдаа, олон хүний нүдэн дээр, шөнө биш өдрөөр, тийм ээ, гэгээн цагаан өдрөөр, ямар нэгэн дууг байдгаараа чанга дуулах. Түүний хүсэл энэ. Ердөө энэ. Тэгээд л болоо.

Яагаад ийм хүсэл төрөх болсныг, төрөх төрөхдөө ийм ихээр төрснийг бүү мэд. С лав л таван жил өмсч буй бор шаргал костюмтайгаа, гараасаа хэзээ ч салгаж байгаагүй хүрэн ширэн хавтсаа сугавчлаад,бага зэрэг бөгтийсхийн, нэлээдгүй яарсхийн, явдгаараа л явж байсан. Ямар нэгэн зөөлөн шиврээ бороо ороогүй, ямархан нэгэн сайхан үгийг бусдаас сонсоогүй, гэрээс нь ажил хүрэх замд байдаг 289 улиас 290 болчихоогүй, байшин барилгууд урьдынхаараа, С-ийн амьдрал С-ийнхээрээ л байлаа.
Гэтэл яагаад? Яагаад гэнэт хангинатал дуулмаар болсон гэж?
Үүний учрыг тэр өөрөө ч мэдэхгүй. Хэрэв зүв зүгээр л явж байхад нь төрсөн хачин ч гэж хэлж болох энэ хүсэлд эзэмдүүлээгүй бол тэр өдийд лав, юм бүхэн нь бүтэмжтэй явдаг хүний нүүрэнд л үргэлж зүүгээстэй байдаг өнөөх хангалуун дүүрэн инээмсэглэлээрээ бусдыг гэрэлтүүлээд л сууж байх сан даа. Гэтэл одоо... Одоо тэр инээмсэглэхээсээ нэгэнт өнгөрчээ. Уржигдраас хойш хөмсөг зангидан хэнтэй ч дуугараагүй. Гайтай хүслийг төрсөн даруйд нь л биелүүлчихээгүйгээ бодох бүрий цээж нь бачуурна.
Хориод жил сууж буй жижигхэн шар ширээнийхээ шургуулгыг онгойлгохоор тонгойх үед ч, өөрөөс нь журам дүрэм, хуулийн заалт асуун урдуур хойгуур нь гүйлдэх шинэхэн ажилтнуудаа эцэг хүний нүдээр ивээнгүй харж зогсохдоо ч, эхнэртээ баяраар бэлэг болгон өгөх гоёмсог даашинзны эрэлд хатан дэлгүүр дэлгүүрийн хаалга татан шогшиж явахдаа ч үргэлж энэ тухай бодно.
-За яг маргааш, маргааш л... Маргааш, ажилдаа явах замдаа.. гэж тэр өчигдөр орой уг нь яг таг шийдсэн юм. Тэр ч байтугай ямар дуу дуулахаа мэдэж байсан. Гэвч сахлаа хусах нь байтугай цайгаа ч уулгүй, юунд ч юм догдлон яарах нөхрөө айсан нүдээр харж, үг дуу ч үгүй, хананд наалдан зогсох эхнэрээ харуут С-ийн уур хүрээд явчихжээ. Тэгээд л замын турш өнөөх айсан, хачин гурвалжин нүд харагдаад дуулж чадсангүй. Тийм ээ, тэр өнөө өглөө гарахдаа эхнэр рүүгээ хараагүй л бол бүх юм бүтэмжтэй болох байсанд итгэлтэй байлаа.
Тэр тайвшрах санаатай цамцныхаа дээд товчийг тайлаад нүдээ анин зүүрмэглэх гэж оролдов. Гэнэт түүнд энд ажилд орж байх үеийнх нь дүр төрх харагдав. 25 жилийн өмнөх С. Цэл залуухан, улаа бутарсан, өөр юу юу гэдэг билээ дээ, залуу хүмүүсийг зураглахдаа... тийм л нэг сайхан эр. Өөрийг нь нэг л өөриймсүү сэтгэлээр угтан авсан, одоо нэгэнт ертөнц дээр байхгүй болчихсон манаач өвгөн хамгийн түрүүнд нүдэнд нь харагдав. Өвгөний байнга гартаа барьж явдаг байсан сэнжтэй, зурагтай, цайны, том шаазан аягыг тэр санаандгүй хагалчихаж билээ. Өвгөн нэг их харамсангуй уулга алдсан сан. Тэр уучлал гуйгаад л өнгөрсөн. Харин инээдтэй нь мөнөөх өвгөн тэр өдрөөс хойш үүдний бяцхан хонгилд байдаг манааны, харанхуйвтар өрөөндөө биш ажилчдын гуанзанд хооллох болсон юм.
Энэ тухай тэр өөрөө анзаарч мэдсэн юм биш л дээ, өрөөний нь хүүхнүүд л өвгөнийг тэтгэвэрт гарах өдөр түүнд ярьсан хэрэг. Мэдээж тэр үүнийг сонсоод ихэд гайхаж, өвгөнд нэг сайхан хятад шаазан аяга авч өгнө гэж бодсон ч амжилгүй явсаар нас барсан өдөр нь л нэг эргэн санасан сан. Өвгөний тухай дурсах бүрийд чулуун шалан дээр унаад хагарч байгаа шаазангийн гайхалтай жингэнэсэн чимээ чихэнд нь сонсогдсоор.Түүний нүдэнд өвгөний царайнаас илүүтэй, өөрийнх нь хагалсан аяганы махир сэнж, хачин эрээн зураг хоёр л харагдаад болсонгүй ээ. С уртаар санаа алдав.
Дараа нь дүн өвлийн цагаар төрсөн хүүг нь харах гэж цугласан ажлынхан нь бүтэн хоёр цаг эмнэлгийн цонхон дор шуугилдан зогсоцгоосныг халуунаар дурстал, монхор Баяраа хамраа хөлдөөчихөөд Долгорын хүрэмний захны үсэнд нүүрээ шаан зогсож байсан нь гэнэт санагдан, өөрийн эрхгүй инээмсэглэв. Одоо тэр хүмүүсийн ихэнх нь энд ажилладаггүй. Ерөөсөө ихэнх нь хаана ч ажилладаггүй гэвэл илүү ононо. Дарга нь ч, ажилтнууд нь ч байнга солигддог энэ газар бараг тэр л ганцаараа 25 жил ажиллажээ.
С уртаар санаа алдав. Хаалга онгойж, саяхан түүний туслахаар ирсэн жижигхэн бор залуугийн толгой цухуйв.
-Та цайндаа орохгүй юм уу?
Тэр толгой сэгсрэв. Гэвч хаалга хаагдангуут С жигтэйхэн өлсч байгаагаа мэдэрлээ. Тэр өнөө өглөө төдийгүй, өчигдөр орой ч хоол идээгүй. Энэ тухай зэрвэс бодоотохтол толгой нь эргэн, хаана нь ч юм бэ хатгах шиг болов. Тэгэхэд л С жигтэйхэн ядарснаа мэджээ.
Уг нь тэр гудамжинд байтугай, найран дээр ч олигтойхон дуулчихдаггүй. Залуу байхын л “аяны дугараанаас” зугтдаг, аргагүйдсэн үед нүүр нь чинэрэхийг мэдрэн байж, сөөнгөдүү хоолойгоор эхлэх төдий нэг юм зүглүүлээд л орхичихдог байсан.
С жигтэйхэн бүдэгхэн хоолойгоор нөгөө дуугаа аялах гэж оролдов. Гунигтай, гэхдээ тийм ч уйтгартай биш дуу л даа. Яагаад чухам бас энэ дуу билээ гэдгийг санах гэж оролдлоо. Мэдэх юм алга. Дуу нь ер гарсангүй. Уг нь сэтгэлд нь байгаагаар бол их л чанга дуу гарах ёстойсон. С хүчлэн байж хоолойгоо засаад, цамцныхаа бас нэг товчийг тайлав. Суудал дээрээ биеэ цэхлэн, эхний, дөнгөж эхний үгийг хэлтэл... Гэнэт хаалга дахин онгойв. С яагаад ч юм бэ цочин, айсан мэт навтасхийв. Огт зүс үзээгүй нэг хүүхэн цухуйчихаад хаалгыг нь тас саван одлоо.
Хаалга чимээтэйгээр хаагдахад ахин нэг цоччихоод гэнэт учиргүй уур нь хүрч байдгаараа хашгирмаар санагдав. С өөртөө, бас саяын цухуйдаг хүүхэнд, мөн эхнэртээ, ер хэн бүхэнд уур нь хүрч, өнөөдрийг хүртэл жаргалтай л санагдаж байсан амьдралаа зүхэн, хэнийг ч хамаагүй харааж загнамаар болоод явчихав.
Хэдэн хором өнгөрснийг бүү мэд. Тэр чичирсэн гараар утасны харилцуур авч гэр рүүгээ залгалаа.
-Байна уу?
Эхнэрийнхээ тайван, түшигтэй ч гэж хэлж болмоор зөөлөн дууг сонсоод тэр таг болов. Харилцуураас танил, ялдам дуу ахин сонсогдлоо.
-Байна уу? Хэн бэ?
-Би... Би байна аа.
-Аан, чи юу?
-Байна уу? С- үү? Байна уу?
-Байна аа, байна.
-Үгүй чи... Чи чинь? Байна уу, юу болсон бэ? Яагаад байгаа юм бэ? Ингэхэд чиний бие зүгээр үү?
-Би чамд нэг юм...
Ингэж хэлэнгүүтээ С суудлаасаа шалавхан босч зогсоод чичирсэн бүдэгхэн дуугаар дуулж гарлаа.
“Хэрвээ би...”
Сүүлчийн бадгийг дуусангуут тэр эхэр татан уйлж эхлэв. Харилцуур гараас нь мултран унахын үед тэрээр эхнэрийнхээ юу ч юм хэлэхийг сонслоо. С ширээгээ дэрлээд удаан, их удаан уйлжээ.


Read On 0 comments

Л.Өлзийтөгс. Харанхуйн бороо

4:23 AM
Зарим нь бүлээн, зарим нь хүйтэн бороон дуслууд
Нүд уруул дээр минь чимээтэй, чимээгүй үнсэлнэ
Заримдаа үнэн, заримдаа худал ертөнцийн
Ер нэгэн шөнөөс ер нэгэн бороо дусална
Сар үгүй атал нойтон дусал бүр гэрэлтэж
Од үгүй атал орчлон бүхэлдээ гялалзана
Хуруу гараас минь тэнгэр дусагнаж
Хувцас өмсгөлөөс харанхуй бөнжигнөнө*
Read On 0 comments

Л.Өлзийтөгс. Моддын дээр цас орно

4:22 AM
Моддын дээр цас орно
Өнгө нь хувирсан суулчийн навчис
Өвдөж байгаа болвуу, гуниглаж байгаа болов уу?
Агуу их нам гүм - цас
Агуу их амьдрал - нулимас
Агуу их үхэл - намар
Аль алинаас нь би харцаа салгаж чадахгүйнэ
Моддын дээр цас орно
Зүрхнээс нь минь нэг нэгээрэ одож буй хүмүүсийн төлөө
Навч шиг тасран одож буй тэдний төлөө
Зүйрлэшгүй их шаналсан минь өчигдөрийнх, зуных ...
Моддын дээр цас орно
Харин одоо цээжинд минь аль хэдийнээ гэрэл
Хачин нам гүм цас моддын дээр"
Read On 0 comments

Л.Өлзийтөгс. ...Миний тасдсан, миний мартсан

4:19 AM
...Миний тасдсан, миний мартсан
Улаан навчны төлөө энэ цэцгийг тасалья...
Үе үехэн санагддаг
Тэр эмзэгхэн навчнаас
Үнэртэж байсан хайрыг
Гишгэсэнийхээ төлөө
Энэ цэцгийг тасалья
Тасарсан цэцгийг
Залуугийн алдаа гэж нэрлье
Алдаа бүхнээ
Салхинд хийсгээд уйлья...
Read On 0 comments

Л.Өлзийтөгс. Хүүхэлдэйн үс /Өгүүллэг/

4:16 AM
Сойзон самаа ухасхийн авсан Өнөрөө цочин зогтусав. Самыг битүү ороож ширэлдсэн шав шар үс. Өнөрөө мэл гайхан, өөрийн эрхгүй толь руугаа харав.Өө тэгэлгүй яахав, үс нь урьдын адил хар, тас хар, тэр ч бүү хэл өглөөний нар туссан толин дотор хөх туяатай харагдана.
Хүмүүс бүгд түүний үсний өнгийг гайхдаг.
- Чи чинь хөх сор тавиулчихсан юм уу даа, наранд ямар хар харагдаж байна аа?
- Яг парик шиг юм аа!
- Ингэхэд чи аль үсчинд ордог юм бэ?
Харин Өнөрөө энэ бүхнийг магтаал гэж хүлээж авна.
- Байгаа нь л энэ!
- Парик гэдэг юмыг чинь барьж ч үзээгүй!
- Тэр үсчний газрыг аав ээжээс минь л асуугаарай!
Өнөрөө самаа барьсан чигтээ орон дээрээ лагхийн суув. Юун шар үс вэ?


Хэн ч түүний юманд гар хүрдэггүй. Ганцаараа амьдардаг юм чинь тэр бол мэдээж л дээ. Гэхдээ ганцаараа биш үед ч ялгаагүй дээ. Хүмүүс бүгд л түүний эмх цэгцтэй гэр оронд орж ирүүт гутлаа тайлж, цав цагаан бүтээлэгтэй орон дээр нь тайван сууж ч чаддаггүй.
Хэдий 28 хүрсэн ч тэр хүнтэй суусангүй. Хоёр ч дээд сургууль төгссөн түүнийг гурав дахьдаа элсэн ороход ойр дотны хүмүүс маш гүнзгий хүлээж авчээ. Энэ мэдээг сонссон, аль хэдийн хүүхдэд дарагдсан найз бүсгүйчүүдийнх нь хамар шархирч, нэг л их сургуулийг дүүргэсэн найзууд нь хоёр дахьдаа бүртгүүлцгээв.
Салсан, нийлсэн, хаягдсан, хууртагдсан, бас хуурсан, сэтгэл хөрсөн.. гэр бүлийн проблемууд… Тэр энэ бүхнийг эргэн тойрноосоо олж харах болгондоо ганцаар яваадаа, найз “охидын” нь ярьдгаар эрх чөлөөгөө алдаагүй яваадаа сэм баярлана. Өнөрөөгийн галбираа алдаагүй бие, хүүхэд төрүүлсний дараа гарч ирдэг хар хар сэвх үгүй царай, унаган махаа гээгээгүй бумбагар хацар, будуулчихсан юм шиг гялалзсан хар үс, нэр хүндтэй их сургуулиудын улаан дипломууд… Энэ бүхэн найзуудынх нь ярилцдаг ганц сэдэв. Нүд нь хавдсан, тэр ч бүү хэл хэнд ч юм бэ цохиулаад хөхөрсөн, эмнэлэг хэссэн, тэр ч бүү хэл мэдрэлийн эмчийн хяналтанд орсон, үсчин гоо сайханд очих цагаа хүүхдийнхээ сургууль дээр багшид нь загнуулж өнгөрөөсөн, нөхрийнхөө хиртэй оймс, цамцнаас салалгүй угаалгын өрөөнд арван жил болсон насан багынх нь найзууд Өнөрөөгөөр бахархан биширнэ:
- “Тэр өөр хүн”
Харин Өнөрөө тэднийг өрөвдөн шүүрс алдарна. Бас тэд үнэхээр гайхалтай, тэвчээртэй, жинхэнэ эмэгтэй хүмүүс юм шиг ч санагдана. Өнөрөөгийн бол арван хором ч тэсч чаддаггүй хүүхдийн орилох дуу, шүлсээ үсчүүлэн гуйвах согтуу эр нөхрийн ууртай нүд, хагас сайн өдөр ч зургаад л босдог эцэс төгсгөлгүй их ажил, өнөөдөр ямар хоол хийнэ дээ гэх бодол төрүүлэхээс өөр “амтгүй” галын өрөө… Тэр энэ бүхнээс үнэхээр айна. Хэрэв тэр гурав дахь их сургуулийг биш эр нөхрийг сонгосон бол ийм л өдрүүд өөрийг нь хүлээж буйг мэдэрнэ. Мэдрэх бүрдээ арзасхийнэ.
- Өнөрөө! Чи өнөөдөр хүүг маань цэцэрлэгээс нь авчихаач, би өмнөх ажлаа дийлдэггүй ээ.
- Өнөрөө! Чи охинд маань англи хэлний хичээл хийхэд нь туслаач! Найз нь даанч мэдэхгүй юм.
- Өнөрөө! Чи 6 цагт манайхаар ирээд нөхрийг маань тариад өгөхгүй юү! Цаадах чинь хатгаа авчихаж.
- Өнөрөө минь гуйя, бид…
Өнөрөө харин хэзээд ЗА. Тэр өөрийн биеэр гэр бүлийн амьдралыг үүрэхээс бусдад ямагт бэлэн явдаг хүн. Түүнд мэдэхгүй, чадахгүй юм гэж үгүй. Ганц өмд оёчихож чадахгүй байж дөрвийн дөрвөн хүүтэй болчихсон найзыгаа өрөвдөнө. Тэгээд оёод л өгнө. Урныг нь, ухаантайг нь, мэдлэг боловсролтойг нь гайхаж биширсэн, хүндэлж өргөсөн найз хэдэн гэр бүлийн дунд түүн шиг хэрэгтэй хүн үгүй. Түүний хувьд ганцхан асуудал бий. Ердөө л ганц. Тэр бол, гурав дахь их сургуулиа төгсөөд дараа íü яах вэ? Гэвч Өнөрөө энэ тухай л бодохгүйг хичээнэ.
- За байз, миний сам яахаараа ийм хачин шар… Юун шар үс вэ?
Тэр гайхан хэсэгтээ л ийш тийш харж суулаа. Гэр орон нь урьдынхаараа, юу ч байрнаасаа хөдлөөгүй байдаг, самнаас нь бусад юм гял цал.
- Ингэхэд хэн манайд ирлээ дээ?
Үүдний хонх Өнөрөөг бодлоос нь салгаж өгөв. Тэр самаа барьсан чигтээ явж очин хаалгаа нээв. Сараа охиноо дагуулчихаж
- Пөөх наад нүүр нүд чинь яачихаа вэ?
Найз нь ухасхийн Өнөрөөгийн энгэрт наалдаад мэгшиж биш цурхиран уйлж эхлэв. Өнөрөөд хэлэх үг үнэндээ олдсонгүй. Гэвч ямар нэг үг хэлэх хэрэгтэй байдаг.
- Өөдгүй амьтан ахиад л согтуу ирээ юү?
Орилж, орилж тайвшраад Сараа гутлаа тайлан, ихэд гэмшингүй инээмсэглэсээр галын өрөө рүү нь орлоо.
- Ийшээ, том өрөө рүү ор л доо, Сараа!
- Яах юм бэ, энэ хамаг юмыг чинь нураачихна. Ингэж хэлээд Сараа охиноо байдгаараа муухай харав. Охин ээж рүүгээ айсан нүдээр дальдчин харснаа Өнөрөөд өөриймсөг наалдав. Охин гартаа хүүхэлдэй тэвэрчээ.
Өө, энэ хүүхэлдэйн үс байж шүү дээ!
Өнөрөө гэнэт инээв. Ээж охин хоёр гайхангуй атлаа царайчлангуйгаар дагаж инээлээ.
- Аан, Урнаагийн хүүхэлдэйн үс байж л дээ. Би бүр гайхаад… Энэ хар даа, Сараа! Миний сам…
- Яана аа, тийм байна шүү дээ. Уучлаарай Өнөрөө, уучлаарай. Энэ ёстой нэг дураараа хүүхэд шүү. Хулгайч шиг чи чинь хэдийдээ тэр өрөө рүү орчихоо вэ? Би уг нь уржигдар сайн л хэлсэн юм сан. Танай хогийг асгах гээд би нэг гарсан юм л даа. Тэр хойгуур л жижиг өрөө рүү чинь орчихож дээ. Яаж байгаа юм, чи! Цэвэрлэ, энэ самаа…
- За яахав ээ, яахав. Энэ сам яахав. Харин чиний наад уруул ам! Бүр хавдчихаж.
Сараа ахиад л уйлж эхлэв. Гэхдээ энэ удаа мэгшин байж ихэд гомдонгуй, аяархан, удаан уйллаа.
- Чи ер нь Урнаагийн эцгээс салмаар юм даа. Сараа минь! Яаж ийм муухай амьтантай хамт байж чадаж байна аа. Би бол аль хэдийн…
Энэ үгийг сонссон охин аньсган дороо бороо нууж явсан юм шиг л асгаруулан, гингэнэтэл уйлж эхэллээ.
- Хүүе, Урнаа миний дүү! Өө эгч нь тоглож байхад чинь дээ.
- Аав муухай биш. Би аавдаа хайртай.
- Хайртай байлгүй яахав, хайртай байлгүй яахав. Эгч нь мэднэ. Манай Урнаа сайн хүүхэд шүү, ээждээ дандаа хань болж явдаг. Алив, энэ самыг ав! Тэгээд наад хүүхэлдэйгээ самна! Наадах чинь яг чам шиг арзайсан юм болчихож…
Охин нулимстай хэвээрээ инээмэгц тэд дагаж инээлдлээ. Урнаа ширээний буланд суугаад хүүхэлдэйнхээ үсийг самнаж эхлэв. Дэгжин хувцасласан, өө сэвгүй биетэй, хөөрхөн Барби. Инээмсэглэсэн Барби. Ямар гоё хүүхэлдэй вэ? Яасан жаргалтай хүүхэлдэй… Амьд хүүхдээс азтай хүүхэлдэй…
Нулимсандаа халтартсан үүлтэй царайтай, түгшүүр нь арилаагүйгээс чичигнэх гартай бяцхан Урнаа уруулаа хөдөлгөн юуг ч юм амандаа үглэн байж, өөртэйгөө шивнэн инээмсэглэсээр Барбигаа самнаж эхлэв.
Сараа Өнөрөө хоёр охиныг ч юм уу хүүхэлдэйг ч юм уу ширтэн үг дуугүй сууцгаана.
- Чи тэгээд одоо яах гэж байна дээ, Сараа? Ингээд л байгаад байх уу?
- Сална даа, чамаас заавал сална!
- Уржигдар ер нь юү гэж буцаж очсон юм бэ? Манайд байж л байхгүй!
- Энийг л бодох юм байна шүү дээ!
Ингэж хэлээд охиныг угз татсанаа гэнэт энхрийлэн үнсээд нус нулимсыг нь арчиж өгөв.
- Чи ажилдаа буцаж орвол яасан юм бэ, Сараа?
- Хн. Хардаад бөөн юм болох байлгүй. Болдоо инженер ажлаасаа гарахаас нааш би буцаж орж чадахгүй биз дээ.
- Цаадах чинь чамд одоо хүртэл итгэдэггүй хэрэг үү?
- Харин тийм, ёстой нэг дүүрсэн хүн шүү…
Сараа ингэж хэлснээ гэнэт инээд алдав. Тэгээд босч үүдний өрөөний толинд удаан хэрснаа:
-Яана аа, ямар ичмээр юм бэ, ийм байж автобусаар ирдэг… Сая нэг нөгөө Бат – Эрдэнэтэй тааралдсаныг яана! Гээд инээмсэглэмэр аядав.
Хөхөрч хавдсан нүүртэй найзынхаа араас өрөвдөнгүй харж зогсохдоо Өнөрөө гэнэт Сараа тэдний ангийн хамгийн хөөрхөн охин байсныг санав.
Барбигаа гангалан, жигтэйхэн ажилтай сууж байсан Урнаа гэнэт туулай шиг чихээ сэртэсхийлгэснээ, сандлын түшлэгээс өлгөөтэй байсан ээжийнхээ цүнхийг ухасхийн шүүрээд үүдний толинд харж зогссон Сараад дөхүүлж өгүүтээ:
- Ээж ээ, гар утас чинь дуугараад байна, аваарай! Гэж нэг л сандрангуй шивнэлээ. Сараа ч ухасхийн авав.
- Энэний эцэг ярьж байна, яах вэ, Өнөрөө?
- Битгий ав, ярьж болохгүй шүү, Сараа!
- Ээж ээ, би аавтай ярьмаар байна…
Цагийн дараа хаалга зөөлөн тогших нь сонсогдлоо. Сараагийн нөхөр, Урнаагийн аав.
Сахлаа хусаагүй, арзайж урвайсан царайтай, зүүн гартаа нэг уут чихэр шажигнуулчихсан, өндөр бүдүүн нөхөр Өнөрөөгөөс дальдчисаар орж ирүүт хамаг бие нь салхийн Сараагийн хөлд сөхрөн унаад өгөв. Дараа нь тэд гурвуул тэврэлдэн баахан уйлцгаалаа. Өнөрөө бүр балмагдаж орхив. Гурвын гурван хүн уйлаад байдаг, уйлаад байдаг…
- Би найзыгаа явуулахгүй ээ, одоо яасан ч явуулахгүй. Өнөөдөр би Увс руу ярьж, эцэг эхэд нь утсаар бүгдийг нь ярина. Би л тэр хөгшчүүлд хэлэхгүй юм бол…
Чихрийн уут шажигнасаар, жаргалтай бяцхан Урнаа аавынхаа өвөр дээр унтаад өглөө. Ингээд Сараа уул шиг том нөхрийнхөө суганд эхэр татан наалдаад, өөрөө гэм хийсэн хүүхэд шиг Өнөрөөгөөс харц зугатаалган дальдчисаар, “хар” юмаа дагаад найзынхаа гэрээс дуртай нь аргагүй гарч явав.
-Чи одоо болиоч ээ, Сараа!
Өндөр бүдүүн эр энэ удаа Өнөрөө рүү зоригтой нь аргагүй нэг ширвэснээ юу ч хэлэлгүй, “хайртай” хүмүүсээ хаман аваад гарч одов. Өнөрөө өөрөө зодуулчихсан юм шиг л хөндүүрлэн хоцорчээ.
Тэднийг явсны дараа бүсгүй хайхрамжгүй аав ээжийн галын өрөөний ширээн дээр мартаж орхисон цэмцгэр Барбиг тэвэрч хэсэг чимээгүй суув.
-Ямар хачин улс вэ?
Тэр ууртайгаар ингэж хэлээд хүүхэлдэйн үсийг зулгаах нь холгүй самнаж эхэллээ. Харахад учиргүй гоё ч амьгүй үс. Ямар ч илчгүй үс.
Гэвч Өнөрөөд ингээд л суугаад баймаар, өөгүй хөөрхөн хүүхэлдэйг өвдтөл нь чанга самнаад л суумаар санагдав.
Хаалганы хонх жигтэйхэн чанга, гэхдээ цаанаа ямар ч түгшүүртэйгээр жингэнэн дуугарах нь сонсогдлоо.
- Өнөрөө эгч ээ! Би хүүхэлдэйгээ мартчихаж!
- Өө, тийм байна лээ…
Гэвч Өнөрөө хөдөлсөнгүй. Түүнд гэнэт Барби хүүхэлдэйг нь Урнаад өгмөөргүй сангаджээ.
- Миний дүү дараа ирэхдээ àвчих, тэгэх үү?
- Үгүй!
- Би хүүхэлдэйд чинь гоё даашинз оёж өгнө шүү!
- Барби маань намайг санаад унтаж чадахгүй ш дээ…
- За, за ав, Май, энийгээ…
Өнөрөө яагаад ч юм Урнаад гомдчихов. Охиныг гарсны дараа гэрт чив чимээгүй боллоо. Бүсгүй бухимдан давчидаж гэнэт хөлрөн, салхинд зогсмоор санагдсанд галын өрөөний тагт руу ухасхийн гарав.
“Учиртай гурван толгой” хөтлөлцөн аажуухан алхацгаана. Шав шархан үст Барбийн толгой наранд алтран, нэг л ер бусаар цацарч үзэгдэнэ. Өнөрөө тэдний араас бухимдангуй хэрнээ цаанаа л гайхангуй харж зогссоноо гэнэт цурхиран уйлж эхэллээ.
Маргааш өглөө нь Өнөрөө үсчний газраар орж хав хархан үсээ шав шараар будуулжээ. Хөвсгөр, өтгөн сайхан үс нь хэзээний л ийм өнгөтэй байсан юм шиг цаанаа нэг “үнэмшилтэй” харагдана.
-Хаанаас ийм гоё парик аваа вэ? Гэж хүүхнүүд шагшилдана. Сараа чимээгүйхэн инээмсэглэнэ. Гудамжинд зөрөх хүмүүсийн ер бусын харцыг мэдрэн алхахдаа тэр үс нь цацарч харагдаж байгаа даа гэж бодож явлаа. Харих замдаа бүсгүй тоглоомын дэлгүүрээр орж, өөртэй нь усны дусал шиг адил шархан үстэй, амьд хүүхэд шиг хөөрхөн хүүхэлдэй худалдан авчээ.
Read On 0 comments

Л.Өлзийтөгс. Хүлээлт

4:15 AM
Гадаа зогсоод л баймаар
Нүүрээн тэнгэрт л харуулан
Зогсоод баймаар цасанд мод шиг даруулан
Зогсоод л баймаар
Царай зүсэнд минь
Цагийн төрх тодортол
Зогсоод
Зогсоод л баймаар
Улаан алчуураа
Цагаан болтол
Зогсоод л баймаар
Урсатлаа
Урсаад арилтлаа
Бороонд зогсоод л баймаар
Чиний үнэрийг авч явсан салхи
Авчирч өгөхөөс өөр
Аргагүй болтол нь
Зогсоод л баймаар
Ирэхгүй гэдэг үг
Ичээд нуугдтал
Зогсоод л баймаар
Ирэх замыг чинь зөөллөн
Элс болон бутартлаа
Зогсоод
Зогсоод л баймаар
Read On 2 comments

Л.Өлзийтөгс. Бүр нэг сэтгэлээр уначихаад

4:12 AM
Бүр нэг сэтгэлээр уначихаад
Юу ч бодож чадахгүй суухад, гэнэт
Тэнгэрээс шүлэг шивнэх шиг
Чиний инээмсэглэл
Бүхний нүдэнд илүүдэж
Тэнэгийн өмнө хүчгүйдэхийн үес
Бурхан нүдээ ирмэн тайвшруулах шиг
Чиний инээмсэглэл
Энэ амьдралын хүлцэшгүйтэй
Элдэв хүмүүсийн тэвчишгүйтэй
Эвлэрэх ганц зам
Чиний инээмсэглэл
Надаä байгаа цорын ганц хөрөнгө,
Наранд ганцаар хүрчихсэн мэт
Òийм өндөрт аваачдаг
Чиний инээмсэглэл "
Read On 0 comments

Л.Өлзийтөгс. Би цэв цэнхэр атлаа

4:11 AM
Би цэв цэнхэр атлаа
БИ цэг цэг цэг атлаа
Би үүлнээс ч илүү үүл, уснасс ч илүү ус, үл баригдахуй атлаа
Би салхины бие, шувууны нисэлт, өвлийн тэсгим жавар атлаа
Би хязгааргүй, хайрын биелэл атлаа
Биеэр минь дүүрэн ертөнц, нүдээр минь дүүрэн тэнгэр атлаа
Цаг хугацаа хаана оршдогийг ганцаарханаа мэддэг атлаа
Цасны ширхэг бүрийг нэрлэж чаддаг атлаа
Гайхамшигт, гүн нууцлаг амьралаас айдаггүй мөртлөө
Галд гараа дүрэхээс буцдаггүй атлаа
Ганцхан чиний л өмнө үл дүрэлзэн гэрлээ хумьж
Гарт чинь буй сарнай адил нам гүмхэн юунд бөхийнө вэ
Read On 1 comments

Хайвал олно


Архив