Г.Мөнхцэцэг: Хорсол тээсэн нулимс надаас хол байдаг

З.МЭНДСАЙХАН (2009-02-07)"Өнөөдөр" сонин

Г.Мөнхцэцэг ярилцлага

Түүний цуглуулсан номыг зөөхөд нэг ачааны машин багадах юм гэсэн. Сүүлийн үед түүхийн номыг илүү сонирхон уншиж буй гэх тэрбээр айл, дэлгүүр хэсэх “ажил”-ыг огт сураагүй гэж байсан. Гэтэл энэ нь эмэгтэйчүүдийн кайф авдаг ажил бишсэн гэж үү? Ингээд МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Г.Мөнхцэцэгийн “ертөнц”-өөр нэг зочилъё. -“Дагуулахдаа л нэг дагуулна” шүлэгт чинь чиний амьдралын философи нуугдаж байгаа юу? Нэг тийм айхтар санаа цухалзаад байдаг юм…
-Тийм их сүрхий шүлэг биш л дээ. Харин ч хөнгөн. Нэг тийм сэтгэл хөдлөл, уйтгар, ялимгүй ганцаардал үнэртдэг байх. Олон хүний гар утсанд, бас машинд энэ шүлэг маань сонсогддог болсон байна лээ.Тэгэхээр би ганцаараа тийм аяглалтай бус, сэтгэл гэдэг эрхтэн амьтай байдаг юм байна гэж үе үехэн сэвэлздэг шүү.

-Чиний араншин зөөлөн хэрнээ хатуу биз?
-Хүний огт өөрчлөгддөггүй зүйл бол төрөлх араншин байдаг. Миний өмнөх сүнсээс тасарч ирсэн характер нэлээн бодь талдаа юм болов уу даа. Аливааг уучилсан, энэрээд өнгөрсөн маань илүүтэй. Хорсол тээсэн нулимс надаас хол л байдаг юм байна шүү, одоо бодохнээ.

-Саяхан гардан авсан “Алтан гадас” одон чамд ямар сэтгэгдэл төрүүлэв. Хэр угаав даа?
-“Өндөр дээд төрийн минь хишиг” хэмээн өглөө болгон залбирч байгаа. 80 жилийн ойгоор гадагшаа явчихсан байгаад гардан авч амжаагүй. Зохиолчдынхоо ордонд очиж, саяхан авлаа. Хэд хоног зүүлээ, ганц нэг норгосоон.
Алтан гадас амь, буян хоёрыг гадаслаж өгдөг гэдэг юм билээ, их билэгшээж байгаа. Манай Ерөнхийлөгч их сайхан үг хэлсэн байна лээ. “Зохиолч, яруу найрагчид Монголын тархийг, ГОК ходоодыг нь тэжээдэг учраас их дэлгэр шагнасан” гэж. Өөрийнхөө насыг бодохоор арай л эрт санагдсан ч өглөг гэдэг их урам дагуулдаг юм байна. Хийж бүтээх, санаж сэрэхийн олон шалтгааныг өдөөж өгсөн шүү.

-Ямар шагналдаа илүү их таашаалтай ханддаг вэ?
-1998 онд Монголд анх удаа хүүхдийн яруу найргийн “Хүрэл тулга” гэж тэмцээн зохион байгуулагдсан юм. Дорноговь аймгийн дунд сургуулийн сурагч Гомпилдоогийн Мөнхцэцэг тэргүүн байр хүртээд, маш их урамшин баяссан юмдаг. Энэ шагнал маань намайг утга зохиол,урлаг соёл руу эргэлт буцалтгүй хөтөлсөн дөө.

-“Болор цом”-ыг авах үед хэдэн настай байлаа. Сүүлийн үед хэрхэн оролцож байгаа вэ?
-“Болор цом”-ыг тэмцээн гэхээсээ наадам гэж ойлгодог. Уншигчид төдийгүй, уран бүтээлчид уулздаг том баяр байдаг юм. Оролцож байгаа найрагчдын шүлгээс тэр жилийн өнгө, бас нийгмийн амьсгаа мэдрэгддэг гэхэд болно доо.
Арван хэдэн настайгаасаа эхлээд арваад жил уралдаж, гурав, дөрвөн удаа айрагдаж байж, “Болор цом” аваад, найман жил болсон. Өнөөдөр яруу найргийн үнэлэмж, ойлголт их өөр болсон. Цааснаас цахим хэлбэрт шилжсэн. Дэлхийн хаана ч, хэнд ч шинэ шүлэг найргаа сонсгож болж байна. Миний хаяг сайтаар ороод л намайг бүрэн унших боломжтой.Ийм хэтэрхий нээлттэй мэдээлэл дунд дотоод уянга, гүн мэдрэмжийн шүлгүүд тэр болгон хүрэх нь бага байх шиг. Ер тэгээд үг их хувирамтгай хуурмаг шинжээ улам л агуулаад байх цаг юм болов уу даа.

Эрин зууны үе үеийн найрагчдын өөр өөрийн хэлээрээ магтан дуулсан өнөөх “би чамд хайртай” гэдэг үг хүртэл I love you гэдэг нэгдсэн сүлжээнд орчихсон би заавал захидал бичиж, шууданд хийх хэрэггүй, чамайг санаж байгаагаа сарын дараа дуулгах шаардлагагүй цаг байна шүү дээ. Ингээд бодохоор цаг хэтэрхий хумигдаж байгаа мэт гуниг төрөх.

-Яг ямар мэргэжлээр, хаана төгссөн юм бэ. Мэргэж¬лийнхээ ид шидийг үзэв үү?
-1990-ээд оны эхээр манай зохиолчдын хорооны удирдлагууд Монголдоо анх удаа утга зохиолын сургуулийн эхийг тавьж, тухайн үед Баг¬шийн их сургуулийн дэргэд зохиолчийн анги нээж байсан юм. Б.Ичинхорлоо, Ц.Хулан, А.Эрдэнэ-Очир, Б.Батрэгзэдмаа, Б.Са¬рантуяа, Б.Хишиг-Ундрал, Д.Баяр¬сайхан, О.Энхжавхлан гээд бидний хэдэн нөхдийг нэг ангид хуваарилсан юмдаг. Ингэснээр дандаа ухамсартай багш бэлддэг байсан сургууль маань дайны хөлд үрэгдэх шахаж билээ. Шүлэг уншаад зарим нь цонхон дээр, кино зурганд яваад зарим нь хөдөө, уран бүтээлийн бөөн өвчтэй улс. Дөрвөн жил болоход ангиараа бүтэн суусан хичээл нэг ч байгаагүй санагдана. Ректорын хурлаар хэчнээн ч удаа орж, сахилгатай байна гэж амалцгаасан юм бүү мэд. Одоо Монголын урлаг соёл, хэвлэл мэдээл¬лийн том сэхээтнүүд бол¬сон байна. Багшийн дээдийн хүмүүжил биднийг амиа авч явах том сургуульд сургасан гэж бахарх¬даг. Үнэхээр хоолоо олж идэх замаа би энэ л сургуулиас олсон. Дараа нь өдөр тутмын сони¬ны мэдээнд гүйж цэгцэрсэн гэхэд болно.
Цаг үеийн олон сургууль дамжаа дүүргэсэн, одоо ч сурсаар байна. Үзүүлэх цаас яах вэ? Монголын утга зохиол, шашин соёл, мэдээллийн олон үеийнхэн дунд амьдарч, тэдний дунд боловсорч буйгаа том хувь тавилан гэж боддог.

-Ирээдүйгээ тодорхойлж үзэв үү?
-“Хүн юу тарина, түүнийгээ л хурааж авдаг” гэсэн үг бий. Улс төр, бизнес, урлаг соёл, нийгэмд манай үеийнхний цаг ирж, аль хэдийнэ ачааны хүндийг даах тэнхээ сууж, сэтгэлийн сэгсэргээ нь арилжээ.
Нэг найзынхаа санаачилсан хуулийг хүндэтгэн дагаж, нөгөөгийнхөө оруулж ирсэн брендийг өмсөж, заримынх нь байгуулсан өндөр цамхгийн дэргэдүүр өнгөрч, бичсэн жүжиг, киног нь үзэж, “Авьяас билгийг бурхан яасан харамгүй өгсөн юм бэ” гэсэн цагаан атаархалд автан бидний цаг ирснийг алхам тутамдаа ухаарч байна. Айлын цөөхөн хүүхэд эрх байдагтай л адил юм даа, бид. Хүн хог болсон улс гүрэн дэлхийн бөөрөн дээр зөндөөн бий. Бурхан мэндэлсэн Лүмбиний цэцэрлэг, гэгээрсэн бодь модны дор сууж байсан ч “Ямар их хувь тавилангаар Монголдоо төрөө вэ” гэх омогшил өөрийн эрхгүй төрдөг. Ижий, аавынхаа хайрыг гэрээсээ гарахаар илүү мэдэрдэгтэй адил эх оронтой байхын нөмрийг хариас илүү ухаардаг юм билээ. Сайн цаг ирнэ гэдэгт итгэж алхдаг шүү.

-Гадагшаа яваад байгаа су¬раг сонсогддог. Саяхан ирлээ гэсэн, хаана очоод ирэв?
-Их мэргэдийн оюуны хүч, бүтээл оршсон, бурхан шашны адис жанлавтай, дагшин газраар тэнэх нь миний хүсэлт ажлуудын маань нэг юм даа. Замбуутивийн дагшин орны нэлээдээр нь явжээ. Сая эртний үлгэр домогт гардаг Нанхай Бодлангийн орон гэдэгт очоод ирсэн. Сүсэгт, бас сониуч сэтгэл маань хөдлөөд гэх үү дээ.

Дэлхийн зарим улс амьтан хэт хөгжлийн дарангуйлал, ахуйгаас салах, гэгээрэх эрэлхийлэлд автаж байдаг бололтой юм. Агь тарнийн номд нэвтэрсэн, өдөр тутмын уншлага номтой даяан бясалгал хийдэг Холливудын одод хүртэл зөндөө. Маш олон ном, хэвлэл гарч байна. Өөр орон зай, гариг ертөнц, сүнсний боловсрол гээд хүмүүс өөр өөрийн түвшин, хэрэгцээний зүйлээ судалж, өнөөдөр биш маргаашийн тухай ярих юм.

Манайд ч гэсэн янз бүрийн бясалгал сонсогддог. Би зөв л гэж боддог. Хүмүүс алив зүйлийг танихын тулд ийнхүү эрэлхийлэлд байх ёстой. Дэлгүүрт ороод хүн биед эвтэй, зохихыгоо олох гэж олон л хувцас өмсөж үздэг шүү дээ. Тэр нь өөрт нь сэтгэлийн баясал, тэрхэн зуурын амгаланг олгодогтой адил юм уу даа.

-Чи бас аль нэг чиглэлээр бясалгал хийдэг үү?
-Үгүй ээ.Зүгээр л элдвийг сонирхон уншигч.

-Нэг хэсэг яруу найрагч Мөнхцэцэг чандарын компани байгуулсан гэж бичээд байсан…
-“Хүн мэдэхгүй юмныхаа дайсан” гэж яасан үнэн үг вэ. Тэр компанийг мисс Мөнхцэцэгийнх гэж хүртэл зөндөөн бичсэн шүү дээ. “Улаанбаатар буян” ко쬬панийг анх байгуулагдахад бичиг цаас, дүрэм журам, судал¬гаан дээр нь ажиллаж, их буяны үйл¬сэд өчүүхэн хүчээ өргөснөөс бус, ашиг хувь хүртсэн зүйл байхгүй ээ.
Бурхан минь, тийм бизнесийг өндөр дээд буянтай улс л хийдэг байх. Араа даах эрдэмгүй, хоолоо шингээх савгүй мань мэт нь санааны сармагчингаа сэрээх ч хэрэггүй биз ээ.

-Ноён хутагтын нутгийн хүн болоод тэр үү, бас л буян уу, чамайг Хамарын хийд энергийн төвд лам нартай байнга явдаг гэж дуулддаг…
-Нутаг амь маань илүү татдаг биз дээ. Ноён хутагтынхаа өв сан, хийд дуган, сүм шүтээнийг сэргээх ажилд зүтгэдэг миний хэсэг найз нар, ном буяны садан¬гууд бий. Найз нарын маань дий-лэнх нь оюуны хөдөлмөр хий¬дэг номын л улс. Дээл хувцас нь яах вэ, дотор сэтгэл нь надад эрхэм.
Дорнын их соён гэгээрүүлэгч, тийм гайхамшигт хүмүүний үйлийг бид энэ яваа насандаа дахин дэлгэрүүлж баршгүй. Их гэгээнтэн XIX зуун буюу 1851 онд Өвөрбаясгалант Хамарын хийдийн хойд талд Шамбалын орны тэг бүтээж, овоо босгон өөрийн шавь нартайгаа шамбалд уулзахын билэг ерөөл гүйцэтгэн, 108 модон суваргатай, гурван талдаа хаалгатай, төвдөө лойлон хэмээх хот мандал, цагийн хүрдтэй гайхамшигт цогцолборыг босгосон гэдэг. Харамсалтай нь 1938 онд бүрэн устгасан.

Энэ гайхамшгийг сэргээх ажил 2005 оноос эхлэн тахилч Алтангэрэлийн сэдэл санаачилга, удирдлага зүтгэлээр маш олон хүний хүч буянаар сэргэж, өдгөө Шамбал буюу энергийн төв гэж нэрлэгддэг болсон байна лээ. Тэнд жил болгоны есдүгээр сард Шамбалын молом буюу ерөөл хурж, зул өргөн номын чуулган зохиож байна. Энэ их хүний бүтээсэн зүйлийн нэгээхэн хэсгээс сэргээгдсэн нь л энэ. Энэ мэтчилэн Ноён хутагтын эрдэм чадал, гайхамшиг оршсон бүхэнд бишрэх сэтгэлийн гүн дуудлага намайг нутагтаа очих хүлгийн жолоог байнга залж байдаг даа.

-Бусдын дурсгасан номыг цуглуулдаг уу. Хэд хүрэв?
-Дурсгасан гэхээсээ илүү худалдаж авсан маань олон. Ямар ч байсан нүүхэд нэг ачааны тэрэг багадах байх шүү. Сүүлийн үед түүхийн ном олныг цуглуулсан. Намтар голдуу. Шинээсээ илүү хуучин номыг их уншиж байгаа. Саяхан миний эрхлэн гаргадаг “Хурмаст тэнгэр” сэтгүүлийн зөвлөлөөс “Жийдаан богдын намтар” гэж үйлийн үр, учир шалтгааны тухай маш сонирхолтой ном гаргасан байгаа. Хүмүүст их хүрсэн байна лээ. Бид хоёр дахь дэвтрээ гаргах гээд зэхэж байна.
Миний нэг найз “Лениний ботиудыг үзээрэй. Тэр чинь улс төрийн гарын авлага юм байна ш дээ” гэсэн. Нээрээ ямар сайн орчуулга, яасан их хөдөлмөр хийдэг байж вэ, хүмүүс. Ядаж л үг, үсгийн алдаагүй, өгүүлбэрийн зохион байгуулалт зэргээс нь сурмаар юм их байна лээ.

-Найзуудтайгаа хэр уул¬залдаж байна. Хамгийн сүүлд юун тухай илүү их ярив?
-Айл хэсэх, дэлгүүр тэнэх хоёр ажлыг би ерөөс сураагүй. Хамгийн сүүлд А.Эрдэнэ-Очирынд очиж, “зараа” хөөлцсөн. Ш.Лхамноржмаа найрагчтай зохиолчдын ойн тухай урт chat хийсэн байна даа. Б.Ичинхорлоо Америкт байгаа, заримдаа түүнийг амраг залуу шигээ л мөн ч их санах юм.

-Бүл нэмэх бодол бий юу. Хүү чинь том эр болоо биз дээ. Аав шигээ бөх болох нь уу?
-Хүү маань их том эр болсоон. Уурлахаараа над шиг, баярлахаараа аав шигээ. Бөх хүн төрдөг юм гэнэ лээ. Хэн болохыг нь хэлэхэд эрт юм даа. Одоогоор бүл нэмэх төлөвлөгөө энэ жилийн манай төсөвт суусангүй.

-Ямар агшинг барьж авбал илүүтэй сайн шүлэг гардаг вэ?
-Надад онгод их ямбалж ир¬дэг. Бодлоо хөөж, дуншиж байж л ширээнийхээ ард суудаг.

-Чиний цүнхэн дотор юу юу явдаг вэ?
-Миний амьдрал тэр чигээрээ явдаг.

-Мөнгө, алдар нэр хоёрын аль нь илүү хэрэгтэй вэ?
-Нэр, мөнгө хоёр адилхан хэрэглээ.

-Бүсгүйчүүд хэдий чадал¬тай ч эр хүний нөмөр нөөлөг дор явдаг гэдэгтэй санал нийлэх үү?
-Арчаатай хүүхнүүд гомдоно ш дээ. Эр, эмдээ ч биш. Хүн хүнийхээ дэм нөмөрт л дулаацдаг.

-Чиний талаарх бусдын хамгийн зөв тодорхойлолтыг сонсож явав уу?
-“Хүн намайг юу гэж бодох бол” гэж гэтэж явдаггүй.

-Аав, ээжийнхээ талаар ярихдаа юуг нь илүү яримаар санагддаг вэ?
-Дандаа л хүний өмнөөс гүйж явдаг хэтэрхий хөдөө занг нь.

-Гадагшаа гарч амьдрах тухай бодож байв уу?
-Үгүй ээ, Удаан амьдрах бус, үзэхээр явж болно.

-Үсний засалт, имижээ хэдэн удаа өөрчлөв. Өөрчлөлт бүр нэг нэг дурсамж авчирдаг байх.
-Миний үсний араншинг МАТRIX салоны Баачка л ойлгодог. Найман жил “нухаж” байна.

-Өдөрт хэр олон удаа уруулаа буддаг вэ?
-Буддаггүй, зүгээр л өнгөлдөг.

-Бусдын янз бүрийн ярианд хэрхэн ханддаг вэ?
-Сэдэв нь чухал.

-Бусдын дэмжлэгийг авч байсан тохиолдол хэр вэ?
-Зөндөө бий. Харин мартахгүй байхыг л хичээдэг.

-Найз нараасаа хэнийг илүү үнэлдэг вэ?
-Олон биш ч тэд маань бие биеэ давтахгүй чанаруудтай учраас тэд минийх л байдаг.

-Хамгийн сүүлд ямар ном уншив, ямар үзвэр үзэв?
-Цааснаас хол өнжсөн өдөр нэг ч байхгүй. Харин түрүүчийн долоо хоногт “Учиртай гурван толгой”-г дахиж үзлээ. Баттөр сайн Балган болсон байна лээ. Дуурийн театрын тайзны өнгө будаг их шинэлэг, донжтой харагдсан. Сэтгэлээ нэг сайхан сэргээж аваад гарсан даа.

-Хамгийн их таашаал авдаг ямар зүйл байдаг вэ?
-Санасандаа хүрэх.

-Эрчүүдийн гоочилсон ярианд хэр өртөж байв?
-Эрчүүдийн ертөнц надад оньсого шиг санагддаггүй. Хаалга гэж бодвол онгойх код байж л таараа.

-Хүнийг юугаар нь илүү амархан таньж болох вэ?
-Нүдээр нь.

0 comments:

Хайвал олно


Архив