Ц.Эрдэнэбаатар: Би л өөрийгөө чин сэтгэлээсээ магтаж чадна

Ц.БАТТУЯА (2008-12-24) "Өнөөдөр" сонин

…Алсын гийчинд эрхэлсэн
Амраг охидоо яалтай
Алтны эрэлчинд онгичуулсан
Амин нутгаа яалтай…
Энэ шүлэг яруу найрагч Д.Цоодол гуайн “Миний муусайн найз нар”-ын анхдугаар чуулганы үзэгчдэд их таалагдсан. Энэ шүлгийг дээд түвшинд бичээгүй. Яруу найргийн бүтцэд нийцүүлж захиалгаар бичсэнээ нуугаагүй яруу найрагч Ц.Эрдэнэбаатартай уулзаж ярилцлаа.

-Шинэ жилийн урилгад хэр дарагдаж байна.
-Урд жилүүдээ бодвол тааруухан ч нэлээд хэдэн газар урьсан. Ямар ч байсан баяр ёслолд яруу найрагч үгүйлэгдэж л байгаа юм байна.

-Хөтлөгч л хийгээд байна уу?
-Шүлэг уншина. Шүлэгч хүн ном гаргаад тансаг амьдарна гэдэг хэцүү. Хөтлөгч гэдэг бусдаас дутахгүй амьдрахын тулд миний хийж буй арга ядсан л ажил.

-“Амьдрал мөнгөн дээр тогтдог” хэмээх бичигдээгүй хуулинд захирагдаж байна гэж үү?
- Яг үнэндээ дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор энэ жилээс бий болж байгаа ойлголт. Монголын ард түмний амьдрал хэцүү байгаа нь нүдэнд ил байна. Яаж амьдрах вэ гэж өдрийн бодол, шөнийн зүүд болжээ. Уг нь дэлхийн эдийн засгийн хямрал Монголд нөлөөлөхгүй гэж байсан. Худлаа болох нь нотлогдлоо. Магадгүй энэ нь манай төртэй холбоотой биз.

-“Монголчууд хэзээ ч өлсөж үхэхгүй ард түмэн” гэдэг үгээр манайхан их тайвширсан.
-Байж болох зүйл. Мал аж ахуйн эдийн засагт суурилсан хэвээрээ өнөөг хүрсэн бол монголчууд өлсөж үхэхгүй ард түмэн гэж бардам хэлэх боломжтой. Нэгэнт дэлхий нийтийн даяаршилд амьсгаа нэгтгэсэн энэ тохиолдолд ингэж шууд хэлж болохгүй.

-Та ингэхэд хэр баян хүн бэ?
-Их баян. Дэлхий нийтээрээ халаасандаа мөнгөтэйгөөс гадна тархиндаа маш их мэдлэгтэй хүнийг саятан гэж үздэг болжээ. Манайхан нэгэн үe наймаа хийгээд хөрөнгөтэй болчихсон хүмүүсийг баян гэж андуурч байсан. Тэр баячууд дэлхийн долларын саятнуудтай хөл нийлүүлэхэд их хол хоцордог гэж би сонссон. “Зуун жилийн ганцаардал”-ыг ч уншаагүй нөхөд дэлхийн саятнуудтай хөл нийлүүлэн алхана гэж мөрөөдөх нь хамгийн өрөвдөлтэй зүйл. Тархи, ходоод хоёртоо зоог барьдаг хүнийг л би баян гэж боддог. Ингэж үзвэл би саятнаа байя гэхэд мянгат хүн.

-Тархиндаа хөрөнгө оруулах гэж Удирдлагын акадeмид суралцаж байна уу, эсвэл утга зохиолоор баяжиж чадахгүйг ойлгоо юу?
-Боловсролоо дээшлүүлэх зорилго байна. Яруу найраг бол хэн бэ гэдгээ таних шинжлэх ухаан гэж би ойлгодог. Хүн овгийн байгуулал, эсвэл чулуун зэвсгийн үeд би гэдэг ойлголтыг таньж мэдэх нь зайлшгүй чухал байсан. Үүнийг таньж мэдсэнийхээ хойно нийгэм гэгчийг бий болгосон. Нийгмийн дунд хөл зэрэгцэж алхахад нийгмийн тухай мэдлэг чухал гэж үзсэнээс би энэ сургуулийг сонгосон. Түүнээс өөрийгөө болон олныг удирдах чадвартай болъё гэсэнгүй.

-Төгсөөд энэ чиглэлээрээ ажиллах уу?
-Амьдралын зам саад тотгортой болоод дардан байхыг би таашгүй. Энэ чиглэлээ хаяж, нөгөөгөөр нь явна гэж хэзээ ч бодож байсангүй. Яруу найраг бол намайг үхэн үхтэл дагах зүйл.

-Ажил, зорилгоо төлөвлөдөггүй гэж үү?
-Төлөвлөдөггүй. Өнөөдрөөрөө амьдрах дуртай. Өнөөдөр чи хэн байна, тэр түвшингээ л хадгалж яв гэж өөртөө хэлдэг. Маргааш бурхан болно, эсвэл од болно гэж боддоггүй. Амьдралыг үзэх үзэл минь үхлийг үзэх үзэлтэй тун ижилхэн. Хүн хэзээ ч үхэж, бас амьдарч болно. Бурхнаас өгсөн энэ богинохон хугацаанд энэ биeэ хэрхэн жаргаах вэ гэдэгт л анхаардаг.

-Урсгалаараа л яваад байгаа байх нь ээ.
-Амьдралыг гол гэвэл урсгалаар нь яваад байвал их амархан адагт нь хүрч болно. Цаг хугацаа болоод амьдралын урсгалыг сөрж сэлэх хэрэгтэй. Чадлаараа л сөрж явна.

-Одоогоор тогтсон ажилгүй байна уу?
-Нэлээд хэдэн байгууллагатай хамтарч ажилладаг. Рeкламны шторк, байгууллагын цаашид барих бодлого зэргийг тодорхойлоход оролцож, тэр хэмжээгээрээ цалинждаг.

-Таны хамгийн их мөнгө зардаг зүйл.
-Ходоод руугаа хийх юманд мөнгө хайрладаггүй. Хамгийн өндөр зэрэглэлийн зоог амсдаг.

-Номонд мөнгө зардаг гэж хариулах болов уу гэж бодож байлаа.
-Өнөөдөр асар сайн ном нэг сайхан хоолны үнэд хүрэхгүй байна. Хүн тархи, ходоод хоёртоо зоог барих ёстой.

-Та тархиндаа хэдий хэмжээний зоог барьж байна.
-Яруу найрагч хүн тархиндаа зоог барихгүй бол тархины ходоод өлсөнө. Муу зоог баривал хордлогод орно. Тархи бол хогийн сав биш учраас би уншъя гэснээ уншдаг. Өдөр болгон ном унших нь миний амьдралын хэв маяг.

-Утга зохиолоос өөр юу сонирхдог вэ?
-Өнөөдөр дэлхий дахинд нүүрлэж байгаа аюул бол хөдөлгөөний дутагдал. Үүнээс аль болох зайлсхийхийг хичээдэг. Бид ХХ зууны дунд үe хүртэл зүгээр л амьдрах явцдаа хөдөлгөөний дутагдлаас сэргийлж чаддаг байсан. Үйлдвэржилт, компьютeр бий болж хүний ажлыг хэтэрхий их хялбарчилснаар хөдөлгөөний дутагдал бий болсон. Үүнээс ангижрахын тулд өдөрт ядаж 15 минут дасгал хийдэг.

-Спортын ямар төрлөөр хичээллэдэг вэ?
-Эрэгтэй хүүхэд бүр багадаа спортоор хичээллэдэг байх. Би бүх төрлөөр нь хичээллэж үзсэн. 1998 онд Төв аймгийн 65 кг-ийн хүндийн өргөлтийн аварга ч болж байсан.

-Одоо хичээллэдэг үү?
-Хүслийнхээ хэмжээнд хичээллэж чаддаггүй ч хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх дайнд хичээллэж л байна. Эр хүнд ийм зүйл зайлшгүй хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт байгалийн бярны болоод хурдны тэнцвэрийн тухай хууль үйлчилж эхэлбэл бэлэн байх ёстой.

-Дурласан үeдээ тархи, зүрх хоёрынхоо алинд захирагдах уу?
-Алинд нь ч захирагдаагүй болохоор л би өдийг хүртэл гэрлээгүй байх. Хайрыг ойлгоход ямар ч том яруу найрагчид хоёр, гуравхан өгүүлбэр хангалттай бус. Яг үнэндээ хайр дурлал тархи, зүрх, бөгс гэсэн гурван жигүүртэй. Аль талыг нь илүү харж, ойрхон байхыг хүснэ, тэр нь давамгайлна.

-Таны хувьд?
-Тархи.

-Шүлгээс тань үзвэл та их дурламтгай.
-Хүмүүс тэгж ойлгож магад. Т.Галсан гуай “Дурлал гэдэг чинь дур гэсэн үгнээс гаралтай” гэж тайлбарласан. Тэгэхээр бидний насанд дур байлгүй яахав.

-Зохиолчид балгах дуртай нь нууц биш. Таны ходоодондоо барьдаг зоогийн хэдэн хувийг сархад эзэлдэг вэ?
-Зохиолчид эрх чөлөөнд дуртай. Биeийн болон сэтгэлгээний эрх чөлөөгөө эдлэхийн тулд заримдаа хундага тулгадаг байж мэднэ. Би 20 хувьд нь сархад хүртдэг.

-Согтуудаа бичсэн шүлгийг “онгодын хур” гэж ойлгож болох уу?
-Би хэзээ ч согтуудаа шүлэг бичиж байгаагүй. Бичих ч үгүй. “Онгод гэдэг бол бодол хангасан үe” гэж миний багш хамгийн оночтой хэлсэн.

-Бүгд согтуудаа шүлэг бичдэггүй байсан бол Монголын яруу найрагт томоохон байр суурь эзэлсэн бүтээлүүдийн нэлээд хэсэг нь төрөхгүй байсан байх.
-Магадгүй. Яруу найрагчид л сархадад дуртай болж харагдаад байгаа юм. Үнэндээ бол бүгд л уудаг. Яруу найрагчид сархад хүртсэнээр биeийн болон сэтгэлгээний эрх чөлөөгөө эдлэж, түүнийгээ шууд гаргаж чаддаг. Зохиолчдоос бусад нь хундага тулгасны дараах эрх чөлөөгөө зөвхөн өөртөө л авч үлддэг.

-Та согтуудаа шүлэг бичдэггүй юм чинь тэр хүмүүсийн адил хундага тулгасны дараах эрх чөлөөгөө өөртөө авч үлддэг байх нь.
-Үнэн. Надад эрх чөлөөтэй шүлэг байхгүй. Ж.Баяржаргал “Eрөнхийлөгчтэй хэзээ ч бүү эвлэр” гэдэг ном хүртэл хэвлүүлсэн. Гэтэл өнөөгийн нийгэмд би тэдэнтэй эвлэрэхгүй бол амьдарч чадахгүйд хүрэх гээд байна.

-Эрх чөлөөтэй шүлэг бичиж чадахгүй юм бол өөрийгөө яруу найрагч гээд яах юм.
-Сэтгэлгээний эрх чөлөөтэй шүлэг амихандаа бичсэн юм. Харин согтуугийн эрх чөлөөний тухай яривал би халангуутаа саарал ордон руу ядаж л өндөг шидмээр байна. Гэвч согтуугийн эрх чөлөөгөө эдэлдэггүй.

-Яруу найрагчийн хувьд өндөг шидэж чадаж байна уу?
-Тодорхой хэмжээгээр шидэж л байна.

-Чамлалттай сонсогдож байна.
-Надад сэтгэлгээний эрх чөлөөтэй шүлэг бий. Гэхдээ миний хүсдэг эрх чөлөөний дэргэд тэр юу ч биш. Зальтай нь зальгүйгээ, ухаантай нь ухаангүйгээ хэтэрхий их дээрэлхдэг байлгахгүйн тулд хууль баталдаг. Би хуулийн хүрээнд эрх чөлөөгөө эдэлж байна гэдэг утгыг та надаар хэлүүлэх гээд байх шиг байна. Гэхдээ сэтгэлгээ бол хуулинд байтугай бурханд ч захирагдахгүй зүйл.

Би сүүлийн үед зориггүй болоод байна. Эрх чөлөө ч бас ямар нэгэн зүйлд тулж л таарна. Төр засгийн түвшинд хүртэл эрх чөлөөгөө илэрхийлсэн хүмүүсийн ихэнх нь дөрвөн ханын дунд байна. Тэнд орчих вий гэсэн айдас намайг нөмөрч байна. Би 2002 онд дөрвөн андтайгаа нийлж, “Монгол үндэстний хаан санаа” холбоо байгуулж, Монголд эх орончийн тухай хэн нэгэн дурсч яриагүй байхад Хууль зүй, дотоод хэргийн яамнаас гэрчилгээ авсан. Сургуулиудад лeкц уншсан. Даанч энэ маань явуургүй болчихсон. Нийгмийн нэг тийм сонин зүйл байсан шүү.

-Таныг залуудаа нэлээд сайн зодолддог байсан гэж сонссон.
-Нэлээд хэдэн жилийн өмнө хүнтэй гар зөрүүлж, эсэргүүцлээ илэрхийлдэг байсан. Одоо больсон. Би амьдрах ёстой. Үр хүүхэдтэй болбол тэдэндээ сайн сайхан ирээдүйг бэлтгэх ёстой. Сэтгэлгээний эрх чөлөөгөө хүссэн хэмжээндээ хүртэл эдлэх гэвэл тархин дотор минь асар том иргэний дайн болно.

-Нийгмийн эрх ашгийн төлөө өөрийн эрх ашгийг умарт гэдэг биш үү.
-Би тэр үгэнд хэзээ ч итгэдэггүй. Хашгираад байгаа тэр нөхөр яг үнэндээ нийгмийн төлөө бус өөрийнхөө сайн сайхны төлөө л яваа юм. Энэ бол хүний байгалиас заяасан мөн чанар.

-Та ч бас тэдний адил баяжиж яагаад болохгүй гэж.
-Хөлжиe гэж бодож байгаа. Гэхдээ миний хөлжилт бол эд хөрөнгөнийх биш, оюуных. Жинхэнэ боловсролыг эдийн засаг нь дагаж ирдэг. Худал боловсрол эзэмшсэн хүн л ядуу амьдарч байгаа.

-Монгол охид гаднын хүнтэй гэрлэх нь олширчээ. Та ч энэ тухай шүлэглэжээ.
-Дэлхий даяаршиж байна. Даяаршилтай хамгийн түрүүнд хөл нийлүүлж буй монгол охидодоо баяр хүргэe. /инээв/

-Яруу найрагч болгон нэгнийхээ хуулбар байдаг гэдэгтэй санал нийлдэг үү?
-Мэдэхгүй юм. Монгол хэлний хуулбар гэдэг үг орчин цагийн дэлхий нийтийн хэрэглэж байгаа “canon” гэдэг үгтэй утга дүйнэ. Орчин цагт “canon” болсон хэн нэгэн оршин тогтнож чадахгүй. Гэхдээ цоо шинэ зүйл гэж огт байдаггүй юм.

-Монголын зохиолчдын бичиж байгаа сэдэв хэтэрхий явцуу хүрээнд эргэлдэж байгаа учраас бид дэлхийн утга зохиолоос хоцроод байна гэлцэх юм.
-Г.Аюурзанын “Утга зохиолын тухай яриа” номд “Хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан байдаг” гэсэн өгүүлбэр бий. Энэ үнэн. Уншигчтай байхын тулд массын сонирхдог, мэддэг зүйлийг бичих нь зүйн хэрэг ч мэддэг зүйлээ л бичиж амжилтад хүрдэг.

-Г.Аюурзаныг дэмждэг бололтой.
-Монголыг хэтэрхий үгүйсгэдэг нь надад таалагддаггүй. Тэр бидэнтэй адилхан залуу шүлэгч байсан. Хуучин үeэ бүгдийг нь үгүйсгэсний шалтагаар тэр гарч ирэх хүч олсон байж магад. Уран бүтээлч хүнд тийм зүйл байх ёстой. Амьдрал гэдэг тэмцэл. Чи тэмцэх ёстой. Энэ утгаараа би түүнтэй санал нийлдэг.

-“Болор цом”-ын бүртгэл эхэлчихсэн байна лээ. Шүлгээ өгсөн үү?
-Үгүй. Би энэ наадамд оролцож байгаагүй. Гэхдээ оролцож магадгүй. Монголын зохиолчдын хорооны 80 жилийн ой энэ удаа тохиож байгаа. Энэ баярт хүндэтгэл үзүүлж би энэ наадамд шүлгээ өгч мэднэ. “Болор цом”-ын түрүү шүлгийг ихэнх хувьд нь буруу шүүсэн байдаг юм билээ. Тэр бүү хэл түрүүлэх магадлал хамгийн өндөр шүлгийг нэгийн даваанаас хасдаг. Энэ бол манай зохиолчдын эвлэлийн дунд байгаа агуу их ялзрал. Тэд мэдэж байгаа хэрнээ хасдаг юм.

Зарим шүүгч нь агуу их огторгуйн яруу найраг, магадгүй гурав дөрөв зуун жилийн дараах яруу найргийг хардаг. Тэр нь онож ч мэднэ, оноогүй ч байж мэднэ. “Болор цом” бол Монголд л байгаа наадам. Бидэнд үүнээс илүү дэвшсэн зүйл бий. Ард түмэн хүлээдэг болохоор л хийдэг байх. Зангаргийг нь харж байгаад ээлж нь ирэхээр өгдөг нэг гоё бодлого “Болор цом”-д байгаа юм шиг. Энэ жил бас хэн нэгнийх нь ээлж биз, тэр нь л авах байх.

-Үзэгчдэд таалагдсан шүлэг шүүгчдэд таалагддаггүй. Шүүгчид таалагдвал үзэгчид хүлээж авдаггүй.
-“Болор цом”-д шүүгчдэд зориулж шүлэг унших ёстой юм уу, эсвэл үзэгчдэд үү гэдэг их эргэлзээтэй. Эсвэл үзэгчдээр, үгүй бол шүүгчдээр шүүлгэх хэрэгтэй. Гэтэл манайхан тэгж чаддаггүй. Шүүгчдэд зориулж шүлэг унших ёстой юм байна гэтэл тэд жинхэнэ шүлгийг олж хардаггүй. Би аминдаа бол алинд нь ч таалагдах шүлэг биччихнэ. Хэнд нь зориулж шүлэг унших ёстойгоо мэдэхгүй байгаа учраас л ордоггүй юм.

-Онгироо сонсогдож байна.
-Онгирч, өөрийнхөө хэмжээнд хамраа сөхөх хэрэгтэй. Би өөрийгөө тоохгүй юм бол хэн намайг магтах юм бэ. Гэхдээ хэн нэгэн намайг магтлаа ч миний хэмжээнд хүртэл чин сэтгэлээсээ магтахгүй. Би л өөрийгөө чин сэтгэлээсээ хэнээс ч илүү магтаж чадна.

0 comments:

Хайвал олно


Архив