Д.Нацагдорж МАХН-д ажиллаж эхэлсэн нь

Д.Нацагдорж 1922 оны 4 дүгээр сараас Намын Төв Хороонд туслах түшмэлээр батлагдаж зохион байгуулах хэлтэст ажиллаж байгаад уг хэлтсийн эрхлэгч болжээ. 1922 оны 8 дугаар сараас Намын Төв Хорооны нарийн бичгийн даргын туслах болж, мөн оны 10 дугаар сараас цэргийн сурган боловсруулах хэлтсийн сурган гэгээрүүлэх тасгийн даргыг хавсарч байв. 1923 оны 3 дугаар сард Намын Төв Хорооны бүгд хурлаар Намын Төв Хорооны орлогч гишүүн, мөн оны 6 сард Намын төв Хорооны 11-р бүгд хурлаар Намын Төв Хорооны нарийн бичгийн даргаар сонгогдов. 1923 оны 7-р сард Монгол Ардын намын 2-р их хурлаар Намын Төв Хорооны гишүүн, тэргүүлэгч гишүүн бөгөөд Намын Төв Хорооны нарийн бичгийн даргаар сонгогджээ. Мөн «Тус улсын цэргийн дээд эрхийг барих газар» Бүх цэргийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар 1924-25 онуудад ажиллаж байв. 1924 оны 8 дугаар сард хуралдсан Монгол Ардын Намын 3-р их хурлаас Намын Төв Хорооны бүрэлдэхүүнд орж, улмаар Төв Хорооны тэргүүлэгчдийн орлогч гишүүнээр сонгогдон, засгийн газрын нарийн бичгийн даргаар хавсран ажиллаж байв. Д.Нацагдорж 1924 оны 11 дүгээр сард болсон улсын анхдугаар их хуралд залуучуудын эвлэлийн өмнөөс баяр хүргэж үг хэлж байв. Д.Нацагдорж 1923 оны 9 сараас 1924 оны 4 сар хүртэл дотоодыг хамгаалах газарт комиссар, 1925 оны нэгдүгээр сараас цэргийн сурган боловсруулах хэлтсийн дарга зэрэг олон хариуцлагатай албан тушаалын ажлыг хавсран гүйцэтгэж байжээ. Их зохиолч 1936 онд бичсэн биеийн байцаалтдаа «Анх 11 дүгээр оноо цэргийн яамны бичээч ба Сүхбаатарын гарын түшмэл, 12 онд Намын Төв хорооны нарийн бичгийн дарга, 14 - 15 онд цэргийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, Пионерийн товчооны даргын зэрэг ажлыг хийсэн.... »гэжээ. Сүүлийн жилүүдэд архиваас олдсон энэ нэгэн баримт Д.Нацагдорж гадаадад сургуульд суралцахаар явах хүртлээ нам, төрийнхөө нэр хүндтэй даалгаварыг мэрийн гүйцэтгэж байсныг давхар нотолж байна.

Д.Нацагдорж, Д.Сүхбаатар болон монголын төрийн бусад зүтгэлтэн Х.Чойбалсан, Б.Цэрэндорж, Магсаржав нартай нэгэн үе хамт ажиллаж, ард түмнийхээ хувь заяаны түүхтэй холбоотой олон үйл явдалд оролцсон нь түүний ертөнцийг үзэх үзэл, хувьсгалт ухамсар төлөвшин тогтох, улс төр, нийгмийн идэвхи, бүтээлч үйл ажиллагаа нь өрнөх улмаар шинэ цагийн уран бүтээлч болтол өсөж бойжиход нь таатай нөлөө үзүүлсэн байна. Эх зохион боловсруулахад нь Д.Нацагдорж биечлэн оролцож, өөрийн гараар сийрүүлэн бичсэн БНМАУ-ын анхдугаар үндсэн хуулийн эх бичиг,Улсын Архивийн сан хөмрөгт өнөө хүртэл хадгалагдан үлдсэн нь манай уран бүтээлийн нийт сэхээтний зүй ёсны бахархал болж байдаг билээ. 1921 онд байгуулагдсан Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн (МХЗЭ) «Жавхланг бадруулагч» нэртэй анхны үүрийн нарийн бичгийн даргаар Д.Нацагдорж ажиллаж байхдаа нийслэл хүрээний хороодоор явж суртал ухуулга хийж, бусад нөхдийн хамт нийгмийн хоцрогдсон ёс журмыг эсэргүүцэн хувьсгалт агуулгатай ший жүжиг зохиож найруулан тоглодог байжээ. 1925 онд Монголын пионерийн байгууллагыг үүсгэн байгуулалцаж, товчооны анхны даргаар нь ажиллахдаа өсвөр, залуу үеийнхний хүмүүжил боловсролын төлөө шинэ санаа тавьж, одоо хүртэл багачуудын сүлд дуулал болсоор байгаа "Пионерийн дуу"-г зохиожээ. Д.Нацагдорж нам төр, эвлэл, пионерийн байгууллагад хариуцлагатай ажилд хүчин зүтгэж, итгэл хүлээлгэсэн даалгаврыг нэр төртэй гүйцэтгэж байхдаа манай ажилчин ангийн байгууллагыг шинэ тутам үүсгэн хөгжүүлэх асуудал эрхэлсэн үйлдвэрчний эвлэлийн комиссийн ажилд ч биечлэн оролцож байжээ.

Эх сурвалж
http://www.tuv.gov.mn/natsagdorj/Index.html
http://www.tuv.gov.mn/natsagdorj/Sudlal/s-1.html
Д.Цэдэв /Утга зохиол урлаг 1986. №47
http://www.maranata.mn
(c) 2006, Д.ЖИГВААГҮНСЭЛ (c) 2006, Mongol News Media Group Интернэт эх сурвалж: http://www.mongolnews.mn/main.php?Module=Unuudur&option=details&nid=12690

0 comments:

Хайвал олно


Архив