Д.Энхболдбаатар. Doctrinaire

Найдах хэрэггүй, хүн ганц л амьдарна
Насаараа хийж гүйцээгүй ариун үйл хэргээ
Хойд насандаа хийж дуусгаад
Хорвоогийн мөхлийг хойшлуулна гэж бодохын хэрэггүй

Итгэх хэрэггүй, амьдрал хэмжээтэй
Эрх чөлөө гэдэг эрхэм чухал болохоор

Ганилант торноосоо арайхан мултарсан канар бялзуухай
Ганцаардаж байгаа, хөөрхий минь... гэж чамайг өрөвдөөд буцаж ирэхгүй

Өөрийгөө хуурах хэрэггүй, хүний нас хязгаартай
Өгөөмөр ч гэлээ бурхан чамайг бусдаас илүү үзэхгүй
Өнөөдөр амжуулж дуусгаагүйгээ маргааш болгочихно гэж
Өөрийгөө хуурах хэрэггүй, маргаашийн ажил чинь тэртэй тэргүй дийлдэхгүй

Хүсэхийн хэрэггүй, ер бусын юм гэж байдаггүй
Хүчирхэг бирд гурван хүслийг чинь биелүүлэхээр хүрэлцэн ирэхгүй
Чиний амьдрал бол чиний л амьдрал болохоор
Чиний төлөө хэн ч хөлөө хугалах шахан гүйхгүй

Горьдох хэрэггүй, хоног өдрүүд олон ч гэлээ
Гоожоод дуусна. Тэгэхэд чи наснаас нөгчинө
Аав, ээжийнхээ нэр хүндийг хэчнээн дурдлаа ч
Арав, тав бүү хэл ганц ч хоног олдохгүй

Мөрөөдөхийн хэрэггүй, амьдралыг худалдан авч болохгүй
Мөнгө хөрөнгө хэчнээн байлаа ч огт нэмэргүй
Үнэ цохиж авсан булган дээл, минжин шуба
Үхсэний хойно дулаалга болохгүй

Санахын ч хэрэггүй, бүх зүйл хуурамч
Сайхан амьдарсан байлаа ч тус нэмэргүй
Бүтээж, үлдээж, ирээдүйн өмнө буян үйлдэж явахгүй л бол
Бүгдийн энэхэн орчлонд ирээд одсоны чинь хэрэг гарахгүй...

Д.Энхболдбаатар 1999.11.11

0 comments:

Хайвал олно

Loading...

Архив