Болор цом - 1986

Тоомойн Очирхүү

Чулууны магтаал

Эргэн тойрон хадтай Балбархайн хаваржаанд би
Эхний дуугаа чулуунд хадааж төрсөн
Ээжээс анх тасарсан миний нялхын хүй
Энэ л бууцны чулуун дунд үлдсэн

Хүй, дуу хоёр минь чулуунд шингээстэй
Хүний орчлонд тэгэхээр би чулуунаас уяатай
Хөлд орохоосоо өмнө би чулуун дээгүүр мөлхсөн
Хөлд орохдоо би чулуун дээр боссон
Хашаа хороогоо ч чулуугаар барьж
Хатуу өвлийг ч чулуугаар хаадаг
Хана хэрмийг ч чулуугаар өрж
Халуун галаа ч чулуугаар тулгалдаг
Арвай тариагаа ч чулуугаар татаж
Агг морьдоо ч чулуугаар аргамждаг
Уулын минь хөх чулуу орсон юмыг нэрлэхээс
Уулын минь хөх чулуу ороогүйг нэрлэсэн нь амар
Юугаараа баян билээ?
Түүгээрээ бахархана
Юм юмны түрүүнд уулынхан чулуугаа л магтана
Эрдэнийн чулуу нь зам гудас хэвтдэг
Элбэг баян уулсаараа бахархана
Орд харш, зам, талбай, гүүр, далан бүгд чулуу
Охид, хүүхнүүдийн гоёл чимэг, ээмэг, бөгж бүгд чулуу
Оргил өндрийн овоо тахилга бүгд чулуу
Он улирсан хөшөө, хиргэсүүр бүгд чулуу
Эх газрын алаг чулуу орсон юмыг нэрлэснээс
Энэ дэлхийд чулуугүй юмыг нэрлэсэн нь амар
Хөлд орохоосоо өмнө би чулуун дээгүүр мөлхсөн
Хөлд орохдоо би чулуун дээр боссон
Чулуун дунд өсөж төрсөн уулынхан бид
Чулууны үнийг мэддэг улс
Эмээлт морио харж шинждэг шигээ
Эрдэнийн чулууг таньдаг улс
Манай нутгийн буурал өвгөд
Машины үнэтэй гаанс зуудаг
Айлчин гийчнийхээ амрыг эрж
Алаг манан хөөргөөр тамхилдаг
Чулуун дунд өсөж төрсөн уулынхан бид
Чулууны идийг мэддэг улс
Болор шилийг зүсдэг алмааз ч болдог
Болд төмрийг элээдэг билүү ч болдог
Зөөлөн, хатуугийн туйл
Зөвхөн чулуунд л шингэсэн байдаг
Чулуун дунд өсөж төрсөн уулынхан бид
Чулууны бөхийг мэддэг улс
Он цагийг тээсэн гүүрийн багана ч болдог
Орд харшийг ч даасан суурийн биө ч болдог
Ган шиг батын эрхэм чанар
Гагцхүү чулуунд л шингэсэн байдаг
Эр зориг, баатарлалын тухай
Энэ чулуугүйгээр сэтгэшгүй
Уул давж, чулуу өргөж
Урт замд сульдахгүй юм бол
Газрын чулуун бөөрөн дээр
Ганц ч атугай халтирч, даарч хонохгүй юм бол
Гавьтай ямар эр хүн байх билээ?
Байгалийн сайхан, аян замын тухай
Бас л чулуугүйгээр санашгүй
Уудам дэлхий цулгуй тэгшхэн
Урал ч гэж байхгүй, Алтан ч гэж байхгүй бол
Ургахын нартай ядаж ганцхан удаа
Уулын хяр дээр золгоогүй бол
Угтаа ямар нүд тайлсан хүн байх билээ?
Алдар гавьяа, одонгийн тухай
Аанай л чулуугүйгээр ярьшгүй
Цагийг эззлсэн суутны алтаар сийлсэн нэр
Цагаан гантиг дээр суурилж байж мөнхөрнө
Эрэлхэг баатрын алтан таван хошуу одон
Эрдэнийн чулуу шигтгэж байж тодорно
Хөлд орохоосоо өмнө би
чулуун дээгүүр мөлхсөн
Хөлд орохдоо би чулуун дээр боссон
Хорвоог таниулсан багын минь тоглоом чулуу байсан
Хожим миний суусан байшин чулуу байсан
Унаган багын тоглоомын чулуун гэрээс
Улаанбаатарын өнөөгийн сууц хүртэл
Эр биө минь чулуун дунд өсөж
Эх орноо чулуутай цуг дуулсан
Эхлээд би эх орноо бүхийлд нь бичсэн
Энэ надад ахадсан
Дараа нь би алтайгаа бичсэн
Дахиад л надад томдсон
Хожим сүүлд нь би
Хол хөдөө үлдсэн аргамжааны чулуугаа бичсэн
Уулын хүү миний чулууны магтаал
Угтаа чухам эндээс л эхэлсэн
Өвдөг тулж мөлхсөн
Өлмий тулж боссон
Сэтгэл хүлэг хоёроо цуг аргамжсан
Сэрүүн алтайгийн минь ширхэг чулуу
Өөрийг минь элээх
Өлгий дээр минь босгох
Эхний бөгөөд эцсийн чулуу
Энэ чулуу-миний чулуу.

0 comments:

Хайвал олно

Loading...

Архив