Болор цом - 1987

Пунцагийн Бадарч

Тэмээ

Тэмээ-таван хошуу малын минь нэг
Тэмээ- таван амьд эрдэнийн минь нэг
Тэмээ- таван тивийн улсаас манайд олон бий
Тэмээ- тал, хангай, говь гурван нутагт минь бий
Арслан, заантай цуг бэлчиж сая жилийн тэртээд ч байсан
Айл, хүн хоёртой ижилсэж таван мянган жилийг элээсэн
Амгалан, аварга хоёрын бэлгэдэл мэт биөтэй заяасан
Алтан дэлхийд энэ тэмээ гэдэг сайхан амьтаан
Нээрээ би тийм ээ гэх шиг
Нэр нь хүртэл тэмээ
Туг ширээ бөхнөөс нь халуун илч дүүгээд
Тууж явахад хүртэл дулаахан гэж жигтэйхэн
Туульс үлгэрт баатар болон хэлцэгдсэн ч
Туулай элэнцтэйгийг нь бодохоор өрөвдөм хөөрхий.
Ус нэг уугаад гарвал гурван гурав ес хонодог
Уяж сойгоод эдлэхэд гучин хоног өл даадаг
Урт холын аянд эцэж цуцсан гэж дуулдаагүй
Унаган говио орхиж нутаг ердөө шилээгүй
Найрсаг итгэмтгий зангийг нь домогт өгүүлэхдээ
Найранд очих буганд эврээ өгсөн гэдэг юм
Надад эврийг минь авчирч явна уу хэмээн
Найдвар горь тасрахгүй одоо ч алсыг харуулдсаар
Туждаа үнэнчийн баталгаа гэрсэг гэдэг нь аргагүй
Тулганы үнсийг ч санаад хоньтой хотолж ирдэг
Туурга нэвт шуургыг өдөрчийн газраас мэдэрч
Тухалж нэг л хэвтвэл тэнгэр аястал тэсдэг
Өргөн орчлонд ургасан өвс цэцгэн дундаас
Өргөст бут шаваг, аль л хатуу хүтүүд нь дурлах
Өлгийтэй жаахан хүүгээ бөхнөөс нь зүүгээд нүүхэд
Өөжин хөдөлгөх ээж шиг нь бүүвэй бүүвэй гэж алхлах
Авгай хүүхэд шаваад ноосы нь зулгааж байхад
Ав ав гэх шиг гув гув дуугарч зогсох
Ачаа бараа тэгнэж үйлий нь үзэх гэж байхад
Арай өндөрдөөд байна уу гэх шиг өөрөө хэвтээд намсах
Орчлон эх дэлхий нараа бүтэн тойртол
Олдсон жаахан үрээ хэвлийдээ тээж өсгөдөг
Олон гүвээний цаана бутны цэцгэнд согтсон ч
Охин ботгоо гунганахад сэвхийтэл эргээд тэшүүлдэг
Агар зандан шугуй шиг хүрээнтэн сүрэглэж явахад нь ч тэмээ л гэдэг
Аясын салхи дагаж орь ганцаараа явахад нь ч тэмээ л гэдэг
Алаглах циркийн манөжөд аялгуут хөгжмийн эгшгээр
Алдарт вальс бүжиглэхэд нь ч, жүжигчин гэдэггүй тэмээ л гэдэг
Санаа сэрэггүй тайвандаа үрээ голж мунгинахад нь
Саалийн үнэр ханхалсан бүсгүй хүн хөөсөлж
Салхинд ч эгшиглэдэг хуураа учирлуулан татаад өгөхөөр
Сайхан хүрэн нүднээсээ нулимс бөмбөрүүлэн гэмшдэг
Нээрээ би тийм ээ гэх шиг
Нэр нь хүртэл тэмээ.
Яргуйт дэлхийн бэлчээрт цөөхөрч байх нь харамсалтай
Ялдамхан энэ орчлонд бусармаг зантай явснаас
Ядахдаа тэмээ шиг явахсан гэж би л хувьдаа бодном
Оньст хүрдэт машины минь гал тос дутаад
Очих газрын дунд саатаж юуны магад
Олс дээсээр хөтлөөд хаа ч хүрсэн итгэлтэй
Оньст төхникээс ялгаатай тэмээ-мөнхийн найдварт унаа
Тэмээ-таван хошуу малын минь нэг
Тэмээ-таван амьд эрдэнийн минь нэг
Тэмээ-таван тивийн улсаас манайд л илүүтэй бий
Тэмээ-тал, хангай, говь гурвал нутагт минь дүүрэн бэлчиж байг!

0 comments:

Хайвал олно

Loading...

Архив