Болор цом - 2003

Д.......Урианхай

Шөнийн онгоц

Гэнэт сэрэггүй цочин,
Гэгээн-харанхуй тэнгэр рүү нүд зүглэв
Гэрлэн мөрөн агаараар урсах шиг
Долоон бурхан газар руу уралдах шиг

Дотор загатнуулсан хурц туяан бороо харц урхидав
Онгоц!
Харанхуй шөний тэнгэрээс
Халим шиг аварга онгоц
Сансраас үг чирэн ирэх шиг
Салхиараа модод залбируулан шунгаж
Буудалд газардаж харагдав
Би ч ялгаагүй, хэзээ нэг
Гэгээн-харанхуй тэнгэрээс
Гэнэт,
Шөнийн онгоц шиг газардаж
Жигүүрээ хумина...
“Урианхай наснаас...” гэсэн
Уулс нүүх мэт үгс,
Харанхуй шөнийн тэнгэрээс бууж буй
Халим шиг том онгоцны
Улс улс асах гэрэл шиг
Тэнгэр цуулан тарна...
Жижигхэн зай бараагнуулах
Жирийн мэдээний үг бүр
Цагийн завсаргүй ургасан
Цагаан уул-амьдралын минь
Үнийг зарлаж “лацадсан”
Үнэний тамга дэрлэж үлдэнэ...
Би-
Хэмжээнд харгалздаг орон зайд
Хэт шөнөдөөд
Буудалд бууснаас биш
Тэнгэрт олсон зайгаа шахуулж
Тэнхээ, түлшээ замд барснаас
Газардаж буй бус шөнийн онгоц!
Түр буудаллаад эргэж ниснэ
Түлшний минь чанар нээгдээгүйгээс
Нэрлэж би эс чадна...
Хурдан морьдын эргээнд
Туурайнаас нь нисэх хайрга шиг амьдралыг
Хуй салхины алгадалт шиг зовлонг
Хүүхдийн хэл зайрмаг долоох шиг амтлан
Цаг нь түлхэгдээгүй
Дуу нь зохиогдоогүй
Ирээдүйн инээдэнд “хайлуулах”-аар ниснэ!
Суух гэж уралдагсдыг багтаах гэж
Суудлынхаа дотоод нягтыг чигжсээр
Хоосонд тэлж буй орчлонгийн
Хорох нь ховор зайнаас халиад
Ус, гал, хилгүй сүлэгдэх
Учирзүйн хязгаар руу мултарч
Дэлхийгээсээ дэндүү алсад дэлбэрч
Харагдахгүй удаа ч магад!
Гэвч,
Гэгээн-харанхуйн зүйг нууцалсан
“Хар хайрцаг” минь бүтэн
Хайр, үнэнээ оршоосон шүлгүүдийг минь эгшиглүүлэн
Ижий мэлмийт эх орноос минь төөрөлгүй
Ишиг, хурганыхаа бэлчээрт
Бор шувуу шиг бууна аа!
0 comments:

Хайвал олно

Loading...

Архив