Болор цом - 1993

Дөнгөтийн Цоодол

Миний муусайн найз нар

Толгойтой болгон мөнгөнд үхэж
Торготой нэг нь
Хоргой зүүдлэх орчлонд
Шүлгээр өвчилж
Ардын дуунд уярч
Шүдэнз шиг асч
Зул шиг унтарч явдаг аа
Миний муусайн найз нар
Цанхаалж
«Оны тэргүүн бүсгүй»-д сэвж
Цаадах нь тоохгүй бол бүр сайхан бичиж
Цагийн лантуун дор
Цавтаж явсан ч
Царцанги амьдралын гавал дээр
Цахиур болон хагарч
Цалгисан хувь заяа
Миний муусайн найз нар!
Тоонотой гэр нь тэнд
Ундуй сундуй хэвтлээ чиг
Тоотой насаа олны төлөө
Задгай мөнгө шиг үрж
Цэрэг Шандорын унасан
Тулалдааны талбараас
Цэцэн Ли бай сар тэвэрч уйлсан
Мөрний урсгал дундаас
Нацагдоржийн тарчилсан
Шоронгийн зэвүүн өрөө
Нанчидаа Чойномын хөнтөрсөн
Дарсны ширээний дэргэдээс
Найрагчид
Найз нар минь үгээ хэлж
Нар хүн хоёрыг өмөөрч
Нажид худал хоёрыг
Навтаргын цаас шиг базаж хаядаг аа
Гашуун юмны донтой гэж атлаа
Гар дороос нь
Гайхамшигт бадаг төрөх л болно
Галзуу соггуу түшмэдүүд хэлэг!
Гагцхүү
Миний муусайн найз нар л
Газар дэлхийн хамаг халууныг
Ганцхан биөдээ авч дагжих болно
Сумнаас дор үгээ тэднээс онил!
Судсандаа нартай юм чинь дээ бид
Шатсаар л дуусна!
Шоргоолж шиг бужигнах энэ орчлон
Шорон гяндан, хуримын цагаан өргөөтэй
Шоовдорловч гунихгүй хэдэн найрагчтай
Будда
Христо
Аллах
Бууж ирээд та нартай уулзталаа хол оо
Бурхнаас дор гэж биднийг битгий гол оо!
Будаг, үнэн хоёрыг ялгуулъя гэвэл
Бусад нь нэмэргүй ээ
Наад хэдэн «навсгар»-ыгаа хайрла!
Миний муусайн найз нарыг хайрла!

0 comments:

Хайвал олно

Loading...

Архив