Болор цом - 1991

Б.......Ичинхорлоо

Эх нутаг

Цав цагаан навчис тэнгэрээс хагдарч
Хуучин гутлын уланд чихарна
Цас орж байна гэж намайг тэнэглэхэд
Хүмүүс аанай л толгой дохино
Тэс хөлдүү моддын нөмөрт
Даль хумин болжмор чичирч
Зовлонт эх нутгийнхаа тухай
Золгүй шүлэгч гиюүрэн дуулна
Энд би оршуулгын газар шигээ дасч
Элгээ өмлөн хоромхон чулуужнам
Хуучин танил шиг элэгдмэл саран
Хувхай мөчирт гэрлээ унагаж
Хилэгнэл харууслын дуу
Хэрээ мэт айсуй
Цөөхөн байгаасай гэмээр яг энэ орой л
Цөмрөв үргэчихлээ шүү, сэтгэлийн хун шувууд...
Намуун борооноор оддыг нэг ажихнаа
Намар л юм байлгүй дээ, навч хагдрах ч шиг...
Болдогсон бол яг л одоо
Бодлоо тээж эмээгийн цайны усанд явмаар
Цангасан чулуу дэвтээж бороо шиврэх нь
Чамайг үхэж гэж зүүдлээд сэрэх мэт
Шүлэг мэт Монголын тал дээгүүр
Шөнө мэт уянга хөглөрнөм
Халуун залуу насыг чинь би алган дээрээ бөмбөрүүлсээн
Хагацаж чадсан бол эргэж хараад хэрэггүй
Зөнгөөр амьдралын минь бурангуй өдрүүд өөрийн төрхтэй болохоор л
Зүрх сэтгэл минь үгүй мэт хоосровч нөмөр дулаан.

0 comments:

Хайвал олно

Loading...

Архив