Ц.Түмэнбаяр. Цагаан сүүний домог

Амьтай бүхэн цэнгэн жаргамаар тунгалаг сайхан зуны өдөр. Тэртээ холоос уухайлан хашгирах дуу бүдэг бадаг сонсдож, тэнгэрийн хаяанаа цагаан тоос манарна.
Аарцаг яс нь задран алдтал өвдөх хоёр тулгар бүсгүй. Гэрийн баруун хатавчинд Ойрадын Шарбаатарын залуу хатан Насан, тэр тушаа гадаа хаяанд олзны бүсгүй, хоёул ханын үдээр шажигнатал зуурч ёолон гиншинэ. Олзны бүсгүйн эр нөхөр халхын баатар жанжин дөнгөж өчигдөрхөн Шарбаатарын хурц илдний ирэнд, хүүг нь тээж үлдэх залуу хатныхаа нүдэн дээр амь эрсэдсэн. Ойрадын жанжин “олзны хатнаас охин төрвөл өршөөнө. Хүү төрвөл дор нь ална. Миний хатнаас голомт залгах хүү төрвөл Халхтай байлдахыг зогсооно” гэж зарлиг буулгасан нь бүсгүйн чихэнд хадна.
Насангийн нүдэнд алалдан байлдах эрчүүдийн хилэнт царай улангасан дайрч амь өрсөн бие биенээ хядах хурц ирэнд хяргагдан унах үе тэнгийнхний нь танил толгой харагдаж, шархандаа тарчлан татвалзаж, амь тэмцэх хүмүүсийн өршөөл эрсэн, хараан зүхсэн гаслант чимээ, өвдөлт ширүүсэх тусам улам тод сонсдож байсан...
Хатан тэсэхүйеэ бэрх өвдсөндөө уруулаа хөхөртөл тас зууж, нүүрэнд нь борооны дусал шиг хөлс бөнжигнөн, ар нурууг нь даган урсах хөлсөнд нимгэн тэрлэг нь нэвчин биеийг нь барина. Гэрийн хаяанд өвдөх олзны бүсгүйгээс ямар хүүхэд төрөхийг үзэх гэж хоёр шивэгчин манаж зогсоно. “Ижий” гэж амь тэмцэн хашгирахтай зэрэгцэн хоёр хүүхэд дуу дуугаа авалцан часхийв. Дөнгөж төрсөн хоёр хүүхдийн хүйг таслан бооход охин төрүүлсэн Насан хаяанд амаржсан бүсгүйн хүүг харлаа. Шарбаатарын хатан хажуудаа тавьсан охиноо өндийж аваад, тамирдангуй дуугаар:
–Монголжин! гэв. Олзны бүсгүй хатны зүг хардангуй харцаар цэрвэн харахад, Насан цээж нь ялихгүй түхэлзэн амьсгаадаж,
– Чи бид хаяа, хатавч хоёрт алтан ясаа хэлтэлж, алаг махаа тасалж эх боллоо! Май миний охиныг ав! Хүүгээ аль! Чамд энээс өөрөөр хүүгийнхээ амийг аврах арга байхгүй. Охиныг минь өрнөөсөө унагасан үр шигээ өврөөсөө салгалгүй өсгөөрэй гэлээ... Монголжин гайхан өндийж,
–Юу гэсэн үг вэ? Эзэн чинь мэдчихвэл... гэтэл Насан,
–Түргэл! Хүн харахаас урьт! гэж шаардангуй хэлэхэд олзны хатан тээнэгэлзэн нэг үг хэлэх гэтэл:
-Май гээд охиноо ханын нүдээр цээжин дээр нь зөөлөн унагалаа. Монголжин ч хүүгээ зөрүүлэв.
,,, Аяны асарт ташаа тулан бодлогоширч суух Ойрадын Шарбаатар өмнөө сөхрөн унасан хиаг цоо ширтэн
–Миний хатнаас хүү төрж, олзны хүүхнээс охин гарлаа гэв үү Хэн хэлүүлэв гэж нухацтай агаад догшин асуув. Хиа:
– Таны залуу хатан Насан ахайтан гэж түргэн хариулаад, өршөөл эрсэн хүлцэнгүй харцаар нүд цавчилгүй ширтэв. Шарбаатарын зүрх нь цээжиндээ багтахгүй дэлбэрэх нь үү гэмээр түхэлзэж,
–Би өөрийн нүдээр үзнэ гэж намуухан хэлснээ, хөмсөг өргөн,
– Морь бэлд! гэлээ.
Шарбаатар мориныхоо амыг таталгүй суран ганзага сарвайтал цогиулсаар шөнө дундаас хойно дайны газраас алсхан барьсан аяны гэрүүдийн гадаа ирлээ. Тэр хөхөл нь сэгсэлзэж зүрх нь хөөрсөн борлог мориныхоо амыг татан ангалзуулж, түмпэнтэй ус барьж, гүйх шахам явсан шивэгчнээс “Хүүхдүүд хаана байна” гэж өндөр дуугаар асуув.
–Тэр! гэж жижигхэн гэрийг заахад Шарбаатар мориноосоо үсрэн бууж, сул орхиод, гэрийн үүдийг ширүүн сөхлөө. Гэвч орчин тойрондоо юу болж байгааг гадарлах ч үгүй нам тайван зэрэгцэн унтаж байгаа алгын чинээхэн хоёр нялх амьтныг хараад зогтусан хэсэг алмайрав. Цэрвэн дайжсан, аль нэг юмнаас айж эмээсэн, шилэмтэн шунасан итгэж цөхсөн аль нь үл мэдэгдэх харцаар хүүхдүүдийн зүг бүлтийн ширтсээр болгоомжлох мэт алгуур дөхөж очлоо. Цээжиндээ багтахгүй оволзох зүрхээ бахим том гараараа дарахад, төвөнх нь гүрэлзэж хөл нь чичирч байлаа. Тэр, өлсгөлөн бүргэд гэнэт олз харсан мэт догшин нүдээр хүүхдүүдийн дээрээс цоо ширтээд “Тэгнээ тэр, Аман хүзүүгээр минь тас харвах атаатны зулзага төрж” гэж шивнэв. Бүсэндээ хавчуулсан илднийхээ ишнээс чанга атгаснаа хөмхийгөө зуухад түүний чамархайн судас луг луг цохилж, тархи нь задарчих шахан ангалзан өвдөнө. Уур хилэн, гомдол цухал шингэсэн хүрлэгэр өнгөөр царай нь хувирч, гэрээс ухасхийн гарлаа. Хатны гэрийн зүг түргэн түргэн алхсаар үүдэнд нь ирэхэд, гэрээс домботой цай барьж гарах шивэгчний “Хатны бие тааруу байгаа шүү” гэж анхааруулах, гуйх зэрэгцсэн өнгөөр хэлэхийг ч анзааралгүй, шууд л яваад орчихов.Тэр арай ядан амьсгаагаа дарж, сая амаржсан хатныхаа зүг хэлмэгдсэн хүний гомдолтой агаад шаардангуй аясаар “Чи юунд намайг мэхлэв” гэж хоолой чичрүүлэв. Тамирдаж туйлдсан хатан нь Шарбаатарын зүг толгойгоо алгуур эргүүлэв. Насангийн царай шөнийн сар шиг цонхийж, улаа бутарч асангэрэлт хацарт нь судлын төдий ч цусны туяа байсангүй. Тормос тормос тоглож байдаг алаг нүдний нь харц сулран нялхарч, нулимс гүйлгэнэнэ. Тэр цээл тунгалаг атлаа сонсдох төдий намуун зөөлөн дуугаар
–Өршөө намайг! Ах дүү нарынхаа цусыг урсгасан аян дайны явдалд алжаан сульдлаа би. Зүрх шимширч, өр минь өмөрлөө. Энэнээс цаашихыг давж чадахгүй нь. Цус нулимсны өнгөнд нүд минь өвдөж байна. Би өөрөө ч одоо үхэх нь. Үхэх хүний сүүлчийн гуйлтыг биелүүлээч! Хүүгийн амийг өршөө! Та минь өршөө! өршөө! гэх дуу нь суларсаар огцом агдасхийв. Түүний өрөвдөн нигүүлсэж, хайр дүүрсэн мэлмийх нь гал аажим буурахад, танхилхан болцгор гар нь сул унжлаа. Шарбаатар ухасхийн гарыг нь атгаж, суун тусч сөхрөв. Хатны нүд “өршөө, өршөө” гэсэн үгийг давтах номхон харцаар ширтсээр... Шарбаатар нүдний нь зовхийг алгаараа зөөлөн илж, буулгахад задгай цээжинд нь уураг чинэн томбойх хун цагаан хөхнийх нь товчин дээр сүү түрэн бөнжийснөө, сугы нь даган нулимс адил урслаа. Шарбаатар яахаа мэдэхгүй манан дунд төөрсөн мэт алмайран халаглахад, түүний хайрлаж дурлаж явсан жаргалтай мөчүүд нь зүүд мэт зурсхийн үзэгдлээ. Тэр гүнзгий эхэр татсанаа, хэзээ ч нулимс гарч байгаагүй болов уу гэмээр хурц догшин нүдэнд нь яах ийхийн зуургүй харуусал гуниг дүүрч, хатныхаа хар үсээр эмжээрлэгдсэн хөөрхөн духыг нь удаан үнслээ. Түүний хучлагыг алгуур дээшлүүлэн нүүрий нь бүтээгээд үлгэн салган амьтан арай ядан хөлөө зөөж гарахдаа үүдэнд зогсож:
-Тунхаглан зарла. Миний хатнаас хүү төрсөн хэмээн хоолой зангируулан хэлээд гуйвлан цааш алхав. Тэртээ зүүн хаяанаас тэнгэр өндөрсөн үүрийн сүүн цагаан туяа орчлонг гийгүүлэн мандав аа.
1991 он Улаанбаатар

0 comments:

Хайвал олно


Архив