Хил дээр бичсэн шүлэг

Хүний нутагт явсан цулбуур эвхэж
Хилийнх нь боомтонд ирлээ
Торгон хилийн эмзэг зурвасны цаана
Тортог суугаагүй эх орны минь сэжүүр
Амаржих гэж байгаа эхийн хормой шиг намайж
Алтан харганатай толгод нь өндөлзөнхөн байнаа
Хилийн эрхэм түшмэл
Хээмсэгхэн ширтэж хуудас тараана
Асуулт бүхэн нь хариулт нэхсэн түүн дээр
Аль улсын иргэн болох...гэж асуусан байна
"Монгол" гэж
Зургаан хана шиг үсгийг
Зурхайн хөх тэнгэрээс доош нь урсгаж бичлээ
Монголд хэдий хугацаагаар суух...гэж бас асууж байна
Yхтлээ суунаа
Yхсэн хойно сүнс минь хүртэл Монголын харъяат гэж бичлээ
Зарах юм байна уу гэсэн хүмүүс
Завсраар нь бас гүйлдэнэ
Мохоо хутга шиг нь
Монголоо зарах уу гэж асуух шиг сэрдхийлгэнэ
Yгүй дээ
Yгүй
Хардаг нүд гэмээнэ
Цавчихыг нь мартаж өмгөөлсөн
Хальдаг амь гэмээнэ
Yхэхийг нь мартаж өмгөөрсөн
Нутгаа өгснөөс үхсэн нь дээр гэж цус нь буцалсан
Нумын хөвч аагтай илдийн үр садыг Монгол гэдэг юм
Нуугаад байхад цухалзаад байгаа санаагаа ав
Нутаг руу минь унагасан
Нүдээ ав
Өвөг дээдэс минь ясаа дор нь ивсэн
"Өндөр" эх оронд минь санаархваас
Заяа чинь дутна...

0 comments:

Хайвал олно


Архив