"Утгын чимэг" богино өгүүллэгийн наадмын 3-р байрын шагналт өгүүллэг
Их нүүдэл замынхаа дунд ч ороогүй байхад удирдагч нөгчив. Хязгааргүй үнэнч, үзэсгэлэнт залуу гэргий нь түүнийг бие барахаас гурван өдрийн өмнөөс л гашуудан уйлж эхэлсэн бөгөөд уйлсаар л байсан юм. Хөөрхий эмэгтэйн зүрх хэрхэн шархиран шаналсныг өгүүлэх юун билээ.
Гэвч тэр цагт сэтгэл гэгч огт үүсээгүй байсан юм. Тийм ч учраас эмэгтэйн тухай хэн ч дурсаагүй төдийгүй түүнийг хормын төдий эвийлэн бодсон хүн нэг ч үгүй билээ.
Есөн мянган өрх, дөрвөн түмэн албатаа дагуулан хөдөлсөн… хэмээн удирдагчийн тухай тойм төдий ганцхан өгүүлбэрийг түүхчийн хувьд тийм ч алдартай биш нэгэн сул иргэн тэмдэглэн үлдээсэн нь өвлөгдөн хадгалагдаж чадалгүй устсан юм. Харин түүнийг үхмэгц дөрвөн түмэн албат иргэд нь агшин зуурт хутгалдан үймэлдэж, тэр цагаас эхлэн хөсөг нүүдэл огтхон ч хөдлөөгүй гэлцдэг юм. Энд би чухамдаа яг энэ үйл явдлын тухай өгүүлэх болно.
Нүүдэл хаа хүрэх учиртайг хэн ч мэдэхгүй байсан явдал бүх гай зовлонгийн шалтгаан болсон билээ. Анхандаа энэ тухай хэн ч санаагүй юм. Хамгийн түрүүнд тэдэнд хэн удирдагч болох вэ гэсэн бодол нэгэн зэрэг гялсхийн оржээ. Энэ бол талийгаачийн шарилыг оршуулах хүндэтгэлээс ч илүү чухал асуудал гэж хэн нь ч юм анхлан дуугарсан юм. Сэтгэл гэдэг зүйл байгаагүй болохоор үүнийг бүгд хүлээн зөвшөөрөв. Ухаан сөхөөгүй уйлж суусан үзэсгэлэнт бэлбэсэн гэргийгээс бусад нь бүгд. Бүгд хүлээн зөвшөөрсөн болохоор нэн даруй шийдэж шинэ удирдагчийг томилохоор боллоо.
Хэн бэ? Хэтэрхий энгийн, бас дэндүү богинохон хэрнээ энэ асуулт маш нарийн түвэгтэй асуудал байв. Юуны өмнө удирдагч ямар байх ёстойг хэлэлцлээ. Мэдээж, зоригтой баатарлаг байх ёстой гэдэг дээр бүгдээрээ санал нэгдэв. Сэлэм эргүүлэхдээ хамгийн чадамгай хүн удирдагч болох хэрэгтэй гэж хамгийн дайчин эр өгүүлсэн юм. Тэр өөрөө сэлмийн эрдмээрээ хэнийг ч дагуулахгүй хүн байлаа. Бурхантай харьцаж чадахгүй хэн ч удирдагч байж таарахгүйг зайран сануулав. Зэрлэг анг уран аргаар урхидан авлаж, хамгийн аварга биет баавгайн арьсыг түүдгийн дөлөнд барьсан илдийн төмөр улайдахын хооронд өвчин албат олноо дайлж чадахгүй бол юун удирдагч байх билээ гэж анчин овгийг тэргүүлэн явагч өвгөн буурал өгүүллээ. Эр хүний энэ мэт олон эрдмийг хурсан олон бүгдээр долоон долоон дөчин есөн хоног ам уралдан тоочицгоов. Мал муулах, гэдэс гаргах, гутал уллах, ногт зангидах, бүлээрснийг эмнэх, зэлний гадсыг гурван балбалтаар шаах, бүдүүн азаргыг бахардаж унатал хавчих, хорин хормын турш тасралтгүй хэхрэх, долоон мянган шидэт тарнийг үг үсэггүй цээжээр мэддэг байх гэхчлэн байж болох бүх эрдэм чадлыг нэгийг нь ч орхиогүй аж. Тамхиныхаа утааг чихээрээ гаргах, урин хажиныг уран сайхан үйлдэхийг хүртэл нэрлэцгээжээ. Харамсалтай нь энэ бүх эрдмийг шингээсэн удирдагч байсангүй.
Яг энэ үед их нүүдэл хаа хүрэх учиртайг хэн ч мэдэхгүй байв. Үүнийг гагцхүү удирдагч л мэдэж байсан. Харин удирдагч чухам юуг мэдэж байсныг хэн ч мэдэхгүй үлдсэн байлаа. Гэвч энэ талаар огт мэдэхгүйгээ бүгд дотроо нууцлажээ. Учир нь нүүдэл хүрэх газрыг зааж хэлсэн нь удирдагч болохоор тохиролцсон байлаа.
-Бидний очих газар бол хязгааргүй цөл бөгөөд элсэн доороо хэмжээлшгүй их төмрийн хүдэртэй гэж дархан анир чимээгүйг эвдэн өгүүлэв. Их далайд хүрэхээр явж байгаа гэдгийг нэгэн цагт удирдагч надад аминчлан хуучилсан гэж загасчин отгийн залуу мэлзжээ. Бурханд хамгийн ойр оршиж уулсын хярд хүрэх хувь заяаг тольдсоноор нүүдэл эхэлснийг зайрантан хэллээ. Эрлэгийн зарлигаар тамд очихоор явж байгаа ч байж болохыг нүгэлт хар гөрөөчин өгүүлээд гүнээ санааширсан авай. Ой модтой, эмийн ургамалтай, рашаан устай, ан гөрөөтэй, нэг их усан бороотой, өнө мөнхийн зунтай, хатгалдах дайсантай, хад хавцалтай гэх мэтээр очих газрынхаа тухайд хүн болгон өөр өөрийнхөөрөө бодож байлаа. Гэвч хэн нь ч тэр газарт хүрэх замыг, тэр бүү хэл зүгийг ч мэдэхгүй байв. Мэдэхгүй хэрнээ бүгд л мэднэ мэднэ гэлцэв.
Хаачихыгаа хэн ч мэдэхгүй болохоор нүүдэл яг тэр газартаа саатсаар байлаа. Үнэндээ нүүх ёстой эсэхийг ч хэлээд өгөх хүн байсангүй. Яагаад гэвэл удирдагч нэгэнт таалал болсон байв. Цаг хугацаа энэ хооронд хэрхэн өнгөрснийг хэн ч анзаарсангүй. Учир нь бүгд яаж удирдагч болох тухай л бодож байсан юм. Удирдагч ер нь яагаад удирдагч байсныг хэн нь ч юм энэ үед асууж орхилоо. Хэдийгээр удирдагч чухам юу чаддаг байсныг огт мэдэхгүй хэрнээ бүгд л ам уралдан магтацгаасан юм. Бодон гахайг бүхлээр нь шарах эрдмийг тэр зохиосон гэж гүнцэгчийн тэргүүн ичгүүргүй дуу алдав. Үлгэрийн баатар мэт бөх нойрсдог байсныг нь хэвтүүл шагшлаа. Удирдагчийн ер бусын түрэмгий, зэрлэг мэт эрмэг догшныг шивэгчин хүүхнүүд ичингүйрэн дурсацгаав. Тарган хонины сүүлийг огтлон үмхэлж, завьжаараа тосыг нь савируулан байх нь ялгуусан шинжтэй гэж омогт эр огшлоо. Түүнд нууц байсан нь хамгийн гол эрдэм нь юм гэж зайран бурхантай харьцангаа хүнгэнэв. Эцсийн эцэст удирдагч үл таних хүн хэвээр үлдсэн энэ маргаан бас л урт удаан сунжирчээ.
Тэр цагт хэдийгээр хүмүүст сэтгэл үүсээгүй байсан ч үр хүүхдүүд нь олширсоор байлаа. Өрхийн тэргүүлэгчид хөвгүүддээ ганцхан зүйлийг буюу удирдагч болохыг л захицгаадаг байжээ. Гэхдээ удирдагч болохын тулд хэрхэхийг хэн нь ч хэлж өгөөгүй юм. Үнэндээ үүнийг хэн ч мэдэхгүй байсан билээ. Гэхдээ л мэдэхгүй байсан нь гүн гүнзгий утга агуулгатай байлаа.
Удирдагч ямар байсныг хэлэлцсэн он жилүүдийн дараа тэд удирдагчид ямар нууц байсныг ярилцаж эхлэв. Удирдагч нууцтай байснаараа удирдагч байсан гэж зайрантан айлдсанаас тэр. Тэр нууц бол агуу их нууц гэж гүн ухаантан тэнгэр ширтэнгээ шүдэн завсраараа сийгүүллээ. Нууцынхаа хүчээр удирдагч маш их таргалсан гэсэн таамаглалыг оёдолчин дэвшүүлэв. Нууцыг дотроо агуулсан нь удирдагчыг ирээдүйг тольдогч болгож байсныг зурхайч нотоллоо. Учир нь тэр удирдагчийг таалал болсон жил их нүүдэл саатан зогссон энэ хөндийд маш их тоос шороо суунагласныг бодож гаргасан юм. Тэгэхээр удирдагчийн нууц гайхалтай нууц байжээ гэдэгт хүмүүс бүгдээрээ итгэн үнэмшив. Хэдийгээр хүмүүст сэтгэл үүсээгүй байсан хэдий ч тэд удирдагчийнхаа нууцыг шагшин биширцгээсэн юм.
Удирдагчийн нууц сүрдмээр байсан болохоор юун тухай нууц байсныг хүмүүс хэсэгтээ огт хөндөөгүй. Дэмий л бүгдээрээ дор бүрнээ нууцтайгаа өөр хоорондоо ойлгуулахыг хичээцгээж байлаа. Хэнийх нь нууц агуу их вэ гэдгийг тогтоох шаардлага гарсан юм. Энэ шаардлага зайлшгүй байсан болохоор маргаан улам хүчтэй дэгдлээ. Ирт мэсэнд үл дийлдэгч гэж алдаршсан дархан хэзээ ч хүзүүгээ цавчиж сэлэмний ирийг шалгаж байгаагүй гэдгээ хэлжээ. Анчин залуу хэдэн ч удаа ямаачны хотноос ан хийснээ тоочиж, үл элэгдэх гутал хийж болдоггүйг гуталчин сая л хүмүүст үнэнээр нь өчсөн байна. Хөгшин тариачин залуу адуучныг эзгүйчлэн эхнэр дээр нь зочилдог тухайгаа ярихад, зайран бөө бурхантай уулзаж байгаагүйгээ хүлээлээ. Дайчин эр эхнэртэйгээ сард ганц л удаа урин хажин үйлддэг гэхэд, түлээчин залуу модоор урласан хөлөө сүхнийхээ ишээр тогшиж үзүүлэв. Үнэхээр нууцгүй хүн байсангүй боловч агуу их нууц хэнд нь ч байсангүй. Үүнээс үүдэн удирдагчийн нууц чухам юун тухай байсныг мэдэх санааг хэн нэг нь хэлсэн юм. Их нүүдэл хаа хүрэхийг тэр ганцаараа мэдэж байсан бөгөөд энэ нь түүний нууц байсан гэж анхандаа хүн бүр бодож байлаа. Гэтэл энэ нь тийм ч агуу их биш санагдсан тул өөр нууцыг эрэлхийлж эхэлжээ. Тэр эгэлгүй том ч юмуу эсвэл илүү халдагатай байсан байх гэж бойчин эр тааварлахад шивэгчин, аягачин эмс толгой сэгсэрцгээж байлаа. Ан авын олзноос тэр илүү хувь хүртдэг байв уу гэж анчинг хардахад гүнцэгчин үгүйсгэв. Тийм байлаа ч тэр нууц агуу их биш байв. Тэгээд чухам ямар нууц байсан байж таарах вэ?
Удирдагчийн нууцыг нэрлэж мэдэхгүй болсон хойноо тэд сая л бэлбэсэн гэргийг санацгаасан гэдэг. Хэдийгээр сэтгэл гэдэг зүйл бий болоогүй байсан ч гэлээ эр нөхрийнхөө хойноос бүтэн жил тасралтгүй уйлан гашуудах гүн хүндэтгэлийг ёс төртэй гүйцэтгэснийг нь хэзээ ч билээ эхнэр хүүхнүүд мэр сэр ярилцаад өнгөрснийг санасан байж. Уйлан гашуудах заншил байдаг ч гэлээ хэн ч, хэзээ ч биелүүлж байгаагүй болохоор тэд энэ удаа ихэд гайхжээ. Бэлбэсэн гэргий заншлыг ёсоор гүйцэтгэсэн нь удирдагчид гайхалтай нууц байсныг эргэлзээгүй нотлох мэт сэтгэгдэл төрүүлсэн юм.
-Зөвхөн тэр л намайг үнэрлэн энхрийлж, өвөрлөн унтдаг байсан… гэж бэлбэсэн гэргий нулимс унаган өгүүлэв. Сэтгэл үүсч бий болоогүй байсан болохоор энэ үгийг хэн ч ойлгоогүй өнгөрсөн юм. Нэмж юу ч лавлаж асуулгүй, дув дуугүй тарж одоцгоосон хүмүүс удирдагчийн нууцыг нууц хэвээр нь үлдээхээр шийджээ. Яагаад гэвэл бэлбэсэн гэргий нэгэнт нас сүүдэр ер гарчихсан байлаа. Тэгээд ч тун удалгүй цаг хугацааны эрхшээлээр мөнх бусыг үзүүлсэн юм.
Ийнхүү хаа хүрэхээр нүүснээ хэн ч мэдэхгүй хэвээрээ үлдэв. Бүхэл бүтэн арван гурван жил үргэлжилсэн их нүүдэл зогссон газартаа найман зуун жил саатлаа. Хэдийгээр хүмүүст сэтгэл үүсээгүй боловч энэ түүхийг санах бүртээ би хачин гүн уйтгарт автдаг билээ.
Д.Энхболдбаатар
2005 он. XI сар
Post a Comment