Би талын хөх чоно!
Сур шиг сунаж,
Сухай шиг улайж,
Эрчит дөрвөн хөлөөрөө
Ээрэм талыг гаталж
Агт сайн морьдын туурайг сульдааж
Анч сайхан эрсийн хорхойг хөдөлгөж
Арван халтар нохойг замд нь цувуулж
Агшин бүрдээ үхэлтэй тэрсэлсэн
Би талын хөх чоно!
Хуйлрах их хөндийг төмөр хүлгээр туучин
Хурдан буутай эрс алах гэж занана
Арьсыг минь хуулахын төлөө л ухаант хүн
Араатан намайг зогсоо зайгүй мөрденө..
Байгаль намайгтөрүүлж, байдал төрхийг минь урлаж
Байгаа биеийнхээ чадлаар амь зуух болгосон!
Гэвч хүн намайг үзэн ядна, хаа явсан
Гэтэж алахыг завдана, үл өрөвдөнө!
Өдер бүр үхэлтэй амь дүйж, өл залгана би
Өртөе газар давхиад ч заримдаа хоосон!...
Тэргэл сарны гэрэлд сүүдэртэйгээ цуг би шогшино
Тэнхэл минь барагдаж, сульдсан хөл минь гуйвна!
Тэнүүн тал зах хязгааргүй цэлийнэ
Тэнгэрийн доор би гав ганцаар шогшино
Тэмцэл гэдгийн жинхэнэ утга, ялахын жаргал, ялагдахын зовлонг
Тэнэмэл чоно би ясандаа тултал мэдрэнэ
Хорвоо дээр би чоно болж төрөөд
Хорсол заналыг хэн бүхэнд төрүүлж,
Өвлийн шөнө цасан дээр цонхигор сарыг ширтэн
Өлсөхийн зовлонд ульж байхад уулс дагжина
Эрийн чадлаар амьдардаг хээрийн хөх чоно
Эрх чөлөөг туйлгүй хүсэх яруу найрагчтай ижил!
Төрөлхийн зэрлэг араншингаараа би
Төмер хавхтай хөлөө ч тас хазаж явсан !
Тамын зовлонг биеэр эдэлсэн миний
Тасарсан хөл минь тэр жалганд хоцорсон !
Цагаан цасан дундуур улаан цусаа цувуулсаар
Цаашлаад зугтсан гурван хелтэй намайг
Хүн араатнууд тасралтгүй мөрдөж
Хүйтэн жавар дундуур машинтай элдсэн !
Эцсийн агшиндаа би эргэж дайрахыг завдсан ч
Энэ л удаа эрлэг намайг өршөөж
Эрэг рүү тэд тэрэгтэйгээр уналаа !...
Би талын хөх чоно!
Биеэр минь салхи нэвт шуурч
Өл залгахын эрхэнд явсаар
Өрөөсөн хөпөө алдав ...
Элчилгүй талын араатан намайг
Зэрлэг гэж нэрлэсэн нь
Этгээд гажуу сонсогдоно
Энэрлийг мэдэхгүй хүмүүс
Надаас илүү зэрлэг!
Ад үзэгдэж
Амьд явахын зовлонг
Ясны найрагч л
Яг чоно шиг мэднэ
Буруу хэрнээ буруутанг
Бурхан тэнгэр минь өршөе!
Сайхан амьд явж чадахгүй бол
Сайхан үхэж чадах авьяас
Сарны доор яруу найрагч
Сац бас чононд л заяасан
Би чоно!
Би хүн шиг сэтгэж
Биеэ хайрлаж, үзэн ядаж
Бас яруу найрагч шиг ганцаарднам
Намайг хэн ч үл өрөвдөнө
Нартаас үтэр тонилгохыг завдана
Бурхнаас оноосон хоног хугацаагаа эдлэх
Буруугүй хэрнээ буруутан чоно би
Хээр талдаа салхи үхэл хоёртой тэрсэлдэж
Хэрчлээт уулсыгдагжтал ульж явна!...
Post a Comment