Зууны Мэдээ
2006/08/23 - 15:20, Лхагва гараг
Их Монгол Улсын 800 жилийн ойд зориулж монголчуудын төдийгүй дэлхий дахины анхаарлыг татсан олон тэмдэглэлт үйл явдал оны эхнээс ар араасаа цувран эх оронд маань болж байна. Эдгээрийн зарим эзэн Богд Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын 800 жилийн ойд нэг их хамааралгүй мэт, түүгээр ч үл барам овсгоотой зальтай нь түүгээр далимдуулан “тэнгэрийн од” шүүрч алдар нэр, ашиг завшаан олж байгааг ч нуух юун.
Социализмын үед сэдвийн чухлаар уран сайхны доголдлыг хаацайлсан “саарал урсгал” урсч байсан шиг Их Монгол, Чингис гэсэн нэр орсон сулхан бүтээлээ зах зээлд борлуулах гэж яваа нь цөөнгүй.Чингис хааны дайны сүлд зэвсэг алтан хор буюу (нум сумны) сумыг архины андуу согтуугийн самуурлаар цэргийн хүрээнээс авч гарсан нэгэн явдлаас сэдэвлэн зохиогдсон Аргасан хорчийн домгийн түүхэн үндэслэлийг эрдэмтэд нотолчихоод байхад зарим нэг түүхчийн буруу бичсэнийг далимдуулан Аргасан хуурчийн домог байсан гэх мэтээр төр, засгийн түшмэдийг итгүүлж, кино төрийн хан хуур бүтээх мөнгө нэхсэн нь ч бий.
Энэ мэтээр шоу үзүүлбэрүүдэд төр, засаг төсөв мөнгө харамлаагүйг та бид гайхшран харж байна. Овог удмаа тогтоох хөдөлгөөн өрнөснөөр монголчууд бүгдээрээ Чингисийн алтан ургийн Боржигон овогтон болж Гиннесийн номд орох шахлаа. Түүгээр ч үл барам 1990 оны ардчилсан хувьсгалын эхэн үед “Дархан хилийн хөдөлгөөн” санаачилж, нийгэмд тодорсон цэргийн “бага дарга” П.Давааням үүнийгээ мартчихаад “Чингис хааны академи” гэгчийг байгуулж загвар өмсөгчөөс эхлээд дэлхийн улс орны удирдагчид төдийгүй амьд, үхсэн олон хүнийг гишүүнээрээ зарлав. Газрын эзэн (помещик) болох гэж нас барсан хүмүүсийг хүртэл албатаа болгон бүртгэл цуглуулсан тухай өгүүлсэн В.Гоголийн “Амьгүй албат” зохиолын дүрд ингэж тоглосноо эдүгээгийн Чингисийн алтан ургийн хүнээр тодорч төр, засгаас хэдэн тэрбум төгрөг нэхэв.
Их Монгол Улсын 800 жилийн ойн хүрээнд болсон орон нутгийн бэсрэг наадамд 99 цагаагч гүүний цацал өргүүлэх хүнээр тайж угсаатай хүнийг олох гэж эрэлд мордсон нь ч бий гэлцэнэ. Ийнхүү Чингисийн алтан ургийн ноён, тайж угсаатан үнэд орсон цагт энэ эрхэм алдрын зүй ёсны бүрэн эрхэт эзэн төдийгүй Монголын төр засаг, соёл урлаг, уран зохиолын хөгжилд мөнхийн гавьяа байгуулсан нэг хүнийг бид харин мартаад байх шиг. Энэ бол Их Монгол Улсын 800 жилийн ойгоор мэндэлснийх нь 100 жилийн ой хувь заяаны гэмээр сонин учралаар тохиож буй их зохиолч Д.Нацагдорж билээ.
Их зохиолч Д.Нацагдорж 1921 оны Ардын хувьсгалын дараагаар Цэргийн яам, МАН-ын төв хороо, Засгийн газарт түшмэл, нарийн бичгийн даргаар ажиллаж шинэ төр засгийн албанд хүчин зүтгэж явсан төдийгүй эдүгээ монгол хүн бүхний мэдэх “Миний нутаг”, “Учиртай гурван толгой” зэрэг алдарт зохиолоо туурвиж Монголын шинэ уран зохиолд хүндтэй гавьяа байгуулсныг монгол хүн бүхэн мэднэ. Зохиол бүтээл нь дэлхийн 80 гаруй оронд орчуулагдан хэвлэгдсэн учир дэлхий дахин мэднэ гэх үндэстэй. Харин зохиолч нөхөд нь Боржигин Нацагдорж гэдэг байсан тэрээр үнэхээр Чингисийн алтан ургийн тайж угсаатан байсан агаад ажил албанаасаа халагдан шоронд орж хавчигдаж явсан нь үүнтэй холбоотой гэх үндэслэлтэй. Их зохиолч Д.Нацагдорж их эзэн Чингисийн алтан ургийн тайж язгууртан байсан тухай түүхч доктор А.Очир, Г.Дашням нар 1996 онд хэвлүүлсэн “Д.Нацагдорж: нийгэм, улс төр, эрдэм судлалын үйлс” номдоо архивын түүхэн баримтаар нотлон бичжээ:
Yүнд:
Боржигин Нацагдоржийн гэрийн үеийн бичмэл:
1. Батмөнх даян хаан
2. Yүний хөвгүүн Гэрсэнз жалайр хунтайж
3. Yүний гутгаар хүү Онохуй үйзэн ноён
4. Yүний ахмад хөвгүүн Абтай сайн хан
5. Yүний ахмад хөвгүүн Эрээхий мэргэн хаан
6. Yүний ахмад хөвгүүн сүсэг хүчин төгссөн Очирбат Түшээт сайн хан Гомбо
7. Yүний ахмад хөвгүүн Түшээт хан Цэвээндорж
8. Yүний нэгдүгээр хөвүүн засгийн төрийн жүн ван Галдандорж
9. Yүний нэгдүгээр хөвүүн Түшээт” хан агсан засгийн хошой чин ван, улсын эфү Довдондорж
10. Yүний нэгдүгээр хөвүүн засгийн хошууны бэйс, хошой эфү Ханживдорж
11. Yүний гуравдугаар хөвүүн дэд зэрэг тайж Гэндэндорж
12. Yүний наймдугаар хөвүүн дөтгөөр зэрэг тайж Жамсранжав
13. Yүний хоёрдугаар хөвүүн дөтгөөр зэрэг тайж Дамдин
14. Yүний нэгдүгээр хөвүүн тайж. Yүний хоёрдугаар хөвүүн захирагч ла
Буянхишиг бөгөөд дөтгөөр зэрэг тайж Цэрэндорж
15. Yүний нэгдүгээр хөвүүн тайж лам Самбуу Yүний хоёрдугаар хөвүүн тайж Цэрэнчүлтэм
Yүний гутгаар хөвүүн тайж лам Лувсанцэрэн
Yүний дөтгөөр хөвүүн тайж Дашдорж
Yүний хөвүүн тайж Нацагдорж
Тайлбар а) Зургадугаар үед сүсэг хүчин төгссөн Очирбат Түшээт сайн хан Гомбо хэмээсэн нь Түшээт хан Гомбодорж, Долдугаар үед Түшээт хан Цэвээндорж хэмээсэн нь Түшээт хан Чахундорж болно.
Их Нацагдорж маань хувьсгалт засгийн үед хуучин тайж угсаатан гэж хавчигдаж хэлмэгдэж явсан бол эдүгээ эртний өвөг дээдэс эзэн Чингис хааны нэр сэргэн мандсан цагт хувьсгалын зохиолч гэж мартагдах нь юутай харамсалтай. Түүгээр ч үл барам гадаадын хүмүүс тухайлбал Японы нэрт эрдэмтэн Ш.Озава “Хувьсгалын дараа багагүй бартаат замыг туулсан боловч өнөөгийн Монголыг бүтээн байгуулсны хувьд монголчууд ер бусын үндэстэн юм. Орчин үеийн Монгол Улсын суурийн чулууг тавьсан хэдэн монгол хүн надад тодорхой санагдаж байна. Түүний нэг нь Д.Нацагдорж” гэж хүлээн зөвшөөрч байхад Боржигин овгийн өвөг дээдсийх нь байгуулсан төрийн ойн шуугианд Боржигин Д.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойг төр, засаг мартах шахаж байгаа нь их зохиолчийн өөрийнх нь бичсэнчлэн “цагийн байдал ороо бусгаа орчлонгийн амьдрал шальдир булдар” үеийн нийгмийн шилжилт оюуны хоосорлоор хаацайлах нь зүйд эс нийцнэ. Энэ нь “мордохын хазгай” гэгчээр Yндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулагдаад удаагүй оны эхээр болсон анхныхаа хуралдаан дээр их зохиолчийн ойг тэмдэглэх тухай хэлэлцэхдээ төдий л ойшоож үзээгүйгээс үүдэлтэй гэхэд хилсдэхгүй.
Тэгэхэд Эрүүл мэндийн сайд “Дашдоржийн Нацагдорж гэж ямар хүн байдаг юм бэ? Түүний чинь зохиолыг одоо хүн уншдаг гэж үү ийм зүйлд мөнгө зарах хэрэггүй. Одоо зохиол нь жорлонгийн цаас болчихсон шүү дээ” гэж. Л.Гүндалай Гүн галуутай нутгийн их зохиолчийг мэддэггүй “Гүн балай” зан гаргасан мэтээр сонинд нийтэлж “Yндэсний сэхээтнүүд Л.Гүндалайн эсрэг бослого гаргая” хэмээн зохиолч судлаачид дургүйцлээ илэрхийлсэн билээ. Алиа марзан ч гэмээр адал явдлын баатар Л.Гүндалай үүнд балмагдан сурсан зангаараа хэвлэлийн бага хурал зарлан өөрийгөө цагаатгах гэж оролдохдоо “Би ийм үг хэлээгүй Би зовж шаналж байна” тас гүрийсэн боловч “баас хатавч өмхийгөө алдахгүй” гэгчээр “Д.Нацагдоржийн 100 жилийн ойг тэмдэглэхэд 22 сая төгрөг зарцуулахыг л би эсэргүүцсэн нутаг усныхан, нутгийн зөвлөлийнхөн нь их зохиолчийнхоо ойг тэмдэглэж болохгүй гэж үү төсвийн мөнгийг хамаагүй зарах хэрэггүй. Хэрэгцээтэй газар нь хөрөнгө оруулалт хийх нь чухал” гэж далд санаагаа илчилж билээ.
Ингээд дараа нь ДОХ-ын эсрэг тэмцэх нэрээр “Бэлгэвч, бас дахин…” гэж улиглан засгийн сайдын намбанд тохирохгүй дүр төрхөөр цэнхэр дэлгэцийн суваг болгоноор шахам айл бүрийн хойморь залрахдаа зарцуулсан хөрөнгө оруулалт нь их зохиолчоос харамласан 22 саяас давсан ч байж магадгүй. Уг нь нэг удаа хэрэглээд өнгөрөх “бэлгэвч” суртачлан түүнийхээ худалдааны менежерийн үүрэг гүйцэтгэхийн оронд их зохиолчийн бичсэн эрүүл энхийн шүлэг тухайлбал, “Яр янхны шуудан” зэрэг шог зохиолын учрыг таниулан залуучуудын билиг оюунд хандсан бол нийгэмд үзүүлэх нөлөөгөөр их байсан болов уу.
Тэгээд ч их зохиолчийн эрүүл мэндийн тухай цуврал шүлгүүд үе үеийн Монголын хүн ардыг эрүүлжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн бөгөөд энэ утгаар авч үзвэл Эрүүл мэндийн яам Д.Нацагдоржийн оюуны өмчийг ашигласныхаа төлбөрийг түүний 100 жилийн ойг тэмдэглэх үйлсэд зориулан нутаг усныхан, нутгийн зөвлөлийнхөнд нь өгөх учиртай. Монголд төдийгүй гадаадын 80 шахам оронд зохиол бүтээл нь орчуулагдсан тул дэлхий дахинаараа тэмдэглэх учиртай их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойд төр засгийн харамлан байж өгсөн хэдхэн сая төгрөгөөс завших гэж чоно борооноор гэгчээр “сэм бор”-ууд гэтэн сэмхэн ашиг горилсоор буйг нуух юун. Энэ талаар Монгол улсын соёлын гавьят зүтгэлтэн Д.Нацагдоржийн шагналт эрдэмтэн зохиолч С.Лочин санаа зовниж “Их зохиолчийн нэрээр ашиг олж явна” (ӨМ.2006.¹44) “Гэтсээр явна уу” (ӨС.2006.¹113) нийтлэлүүддээ үнэн шударгаар шүүмжилжээ.
Yнэхээр СУИС-ийн захирлаар ажиллаж буй Д.Цэдэв 1980 хэдэн онд МЗЭ-ийн даргын албан тушаалаа ашиглан өөрийгөө ерөнхий редактороор томилж, мэргэжлийн судлаач эрдэмтдээр Д.Нацагдоржийн зохиолын сонгомол эхийг бэлтгүүлснээ дур мэдэн 1996 онд “Зохиолын бүрэн түүвэр” нэрээр хэвлүүлэн ашиг олж улсын хөрөнгөөр Д.Нацагдоржийн зарим гар бичмэлийг худалдан авч хувьдаа эзэмшсэндээ үл ханаж буй бололтой “Эдүгээ Д.Нацагдоржийн судлаач биш атлаа БСШУЯ хавиар их зохиолчийн түүврийг хэвлүүлэхээр “сэмхэн гэтэж яваа” ажээ.
МЗЭ-ийн дарга байхдаа зохиолчдын бүгд хурлын илтгэлийг комисс томилон бэлтгүүлээд түүнийг өөрийн нэрээр хэвлүүлэн оюуны өмч болгодог үеэ хэвээр байгаа гэж бодож яваа юм биш биз. Их зохиолчийн зохиосон эмхэтгэл түүврийг хэвлэн нийтлэн ашиг ологсод ганц энэ бус, зохиол бүтээлийг нь хэвлэж нийтлэсэн хэвлэлийн компани олон. Энэ жил л гэхэд хэвлэлийн нэг том компани Д.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан зохиолын түүврийг нь олон хувиар хэвлэжээ. Сонгомол эх бүрэн зохиолын эмхэтгэл түүврүүд хойшид ч гарах нь тодорхой.
Иймд кирилл монголоор их зохиолчийн бүтээлийг янз бүрийн нэрээр хэвлэх нь төдий л сонин бус бөгөөд зохиолчийн гар бичмэл олны хүртээл болоогүй нөхцөлд уйгаржин монгол бичгээр буй гар бичмэлтэй нь сайн нягтлан тулгаагүй, буруу гаргасан гэсэн зэмлэл тасрахгүй нь лавтай. Харин түүний зохиолын гар бичмэл 80 шахам жилийн хугацаанд сэвтэн он жилийн шалгуурыг даахгүй болж буйг онцгой анхаарч хуучны ном судар сэлгэн хэвлэдэг аргаар орчин үеийн техник хэрэгсэл ашиглан олны хүртээл болгон нийтлэх нь илүү зохиостой бөгөөд ийнхүү хойч үедээ тэр эрхэм нандин өвийг үлдээх нь өнөө үеийн төр, засгийн үүрэг гэж болно.
Дэлхий дахинаа сонгодог зохиолчдынхоо бүтээлийг үндэсний баялаг-үндэсний бахархал гэж үзэн төрийн мэдэлдээ авч хамгаалж, хямгадаж, хэвлэн нийтлэх, хувилан олшруулах ажлыг засгийн газрынхаа шийдвэрээр хийдэг ч ёсон бий. Эзэн Чингис хааны алтан ургийн удмын тайж, их зохиолч Боржигин Д.Нацагдоржийн ойг ийнхүү аймаг сумынхан нь чадлаараа мэрийж, сонин сэтгүүлд ганц нэг өгүүлэл гарах төдийгөөр мартагдах шахаж, төр засгаас баталсан төсөв нь эзнээ олохгүй хэн нэгний олз завшаан болж магадгүй байхад тэмдэглэн өнгөрүүлэх зөвлөл анхныхаа хурлыг хийсэн хийгээгүй нь тодорхойгүй байгааг юугаар тайлбарлах вэ?
Дөнгөж өнгөрсөн онд нэгэн нэрт эрдэмтэн зохиолчийн ойг төр засгаас боломжийн хирээр анхаарч БСШУЯ-ны дэд сайдаар удирдуулсан комисс ажиллан оны эхнээс мэндэлсэн өдрийг нь хүртэл цуврал тэмдэглэлт үйл явдал зохион байгуулж зөвхөн хөшөөг нь урлан босгоход зориулж 60 орчим сая төгрөг өгснийг “эрдэм ном эрхэм баян” хэмээн дээдэлдэг монгол түмэн талархан хүлээж авсны эрч хүч өвөг дээдсийнх нь байгуулсан Их Монгол Улсын 800 жилтэй өлзий учирлаар давхацсан их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 100 жилээр сулардгийн учир юу вэ.
Иймд анхныхаа хуралдаанаар бэлтгэл мууутай тулгамдсан байж магадгүй тул эдүүгээ тэмдэглэлт үйл явдал, ойг тэмдэглэх талаар туршлагатай болсон үедээ Засгийн газрын хуралдаанаар Чингисийн удмын Боржигин овогт их зохиолчийн ойг тэмдэглэх талаар оносон алдсанаа цэгнэн асуудлыг дахин авч хэлэлцэн төсвийн нэмэлт тодотгол хийж Их Монгол Улсын ойд зориулсан янз бүрийн шоу, наадам цэнгээнд найр тавин өгч буй хөрөнгөнөөсөө Д.Нацагдоржийн ойд илүүчилбэл яасан юм бэ.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Х.Сампилдэндэв
Post a Comment