Д.Нацагдорж Бага нас

Монгол орон бурангуй нийгмийн балчигт шигдэж, ард түмэн нь гадаад дотоодын дарлагчдын хүнд хүчир дарлалд нэрвэгдсэн нөхцөлд 1906 онд Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны хохь тайж Дашдоржийн гэрт Нацагдорж одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Мэлзэй хэмээх газар мэндэлжээ. Нацагдоржийнх хэр чинээний айл байв?гэсэн асуултад эцэг Цэрэндоржийн Дашдоржоос 1919 онд чуулганы даргын газар өргөсөн бичиг тодорхой хариу болно. Өргөсөн бичигт «..... эцэг бие бармагц үлдвэр хөрөнгө ба мал зүйлийг өчүүхэн Дашдорж би эцгийн хойд буян ба хуучин дутагдал өр зүйлд удаа дараа хөөж хорогдуулан үлдсэнийг өчүүхэн хүний нялх хөвгүүний хамт дээд яамнаа биеэр бичгийн албан хааж олсон эд зүйлээс эл дутсан өрөнд нэмэрлүүлэн төлсөөр байна...» гэж бичсэний хариуд Чуулганы даргын газраас «төлөх хөрөнгөгүй нь баширгүй үнэн» боловч «алба элдэвт ядуурч өр байгуулахад хүрсэн хэмээсэн нь хошууны хүмүүст цөм бүхий байдал мөн» учир өрийг төлүүлэхээр болжээ. Түүхийн энэ бичиг бол Д.Нацагдоржийн өсөж хүмүүжсэн үеийн ахуй амьдралыг харуулах тодорхой баримт юм. Долоон настай байхад нь эх Цоомойн Пагма нь бие барсан тул Д.Нацагдорж эцгийнхээ ач ивээлд өсөж өндийжээ. Эцэг Дашдорж нь Богд хаант монгол улсын үед ч , Ардын засгийн жилд ч бичээч , эх зохиогч байцаагч зэрэг ажлыг гүйцэтгэж явсны хувьд «бичиг үсэг сурах явдал бол оюуны түлхүүр буюу эрдмийн дээд юм уу эрдмийн төгсгөлөн » гэж үзэж хүүгээ есөн нас хүрмэгц Алтангэрэл гэдэг найздаа шавь оруулжээ. Гэрийн нөхцөлд бичиг үсэг сайтар суралцаж, ном зохиолыг шимтэн уншихийн хамт эцэгтээ буюу багшдаа олон ном зохиолыг хуулан бичиж өгдөг болжээ. Түүний багш Алтангэрэл «Нацагдорж ямар нэгэн бичгийг хуулахдаа зарим үг буюу мөрийг сольчихсон байдагсан. Ай хүү минь энэн дээр андуурчихваа гэтэл тийм биш, харин утга санааны дагуу үгсийг солиод биччихсэн нь нээрээн зөв зүйтэй байдаг.» гэж хожим дурсан ярьдаг байжээ. Энэ нь Д.Нацагдоржийн зохиох найруулах эрдэмд суралцаж эхэлсний жишээ мөн.
Эх сурвалж
http://www.tuv.gov.mn/natsagdorj/Index.html
http://www.tuv.gov.mn/natsagdorj/Sudlal/s-1.html
Д.Цэдэв /Утга зохиол урлаг 1986. №47
http://www.maranata.mn
(c) 2006, Д.ЖИГВААГҮНСЭЛ (c) 2006, Mongol News Media Group Интернэт эх сурвалж: http://www.mongolnews.mn/main.php?Module=Unuudur&option=details&nid=12690
0 comments:

Хайвал олно


Архив