Д.Энхболдбаатар. Мөрөөдлөөс минь ч холын хээнцэр сэтгэлт ...

Бардам энхрийлэл, янаг дурлалын тухай
Бадагхан шүлгийг би чамд зориулъя, бүсгүй минь
Бадрангуй сэтгэлийн илч гэрлээс хэзээ ч
Баяр хөөр, хөгжөөн цэнгэл дайжихгүй...
Түнэр харанхуй сэтгэлийг ч
Дурлалын түүдэг гийгүүлнэ

Түймэр болон авалцвал
Зовлонгийн шалтгаан болно
Төгс төгөлдөр хүн гэж байдаггүй ч
Дутуу хагас амьдрал гэж бас байдаггүй...
Энхрий янаг хийгээд хээнцэр сэтгэлт бүсгүй минь
Эрхэм дээдийн хүсэл, миний сэтгэлийн гайхшрал минь
Чиний гунигийн толь мэт нүдэнд чинь юутай
Чимхийн төдий харуусал торно вэ?
Хэнд ч, хэзээ ч үл итгэхийг чи өөртөө андгайлсан мэт
Хэлэх үг чинь хэгжүүн, харц чинь юутай жуумгархан
Хэнхдэгэн цаана чинь цохилох
Хэсэгхэн зүрх чинь ямархан бэ?
Мөрөөдөл минь байхаас татгалзсан
Мөрөөдлөөс минь ч холын бүсгүй минь
Ямар ч утга агуулаагүй мэт хэрнээ надад
Янаглангуй санагдах ер бусын харцаараа чи
Яагаад намайг сонжинхон ширтэнэ вэ?
Яагаад ч юм намайг сонжинхон ширтэх чинь
Ялдам энхрий агаад чиний надаас
Янаглал биш итгэл эрэлхийлэн байгааг илэрхийлэх хэрнээ
Ямар ч утга агуулаагүй хэвээрээ байна...
Хэзээ ч мөрөөдөж байгаагүй мэт надад санагдах
Хэнэггүй гэнэн, хээнцэр сэтгэлт бүсгүй минь чи
Хэзээ ч мөрөөдөхгүй байж үзээгүй миний
Хэтэрхий холын мөрөөдөл хэвээрээ л баймаар байна уу?
Хээнцэр сэтгэлт бүсгүй чи...

2000.02.15 Төрийн ордон

Мөрөөдлөөс минь ч холын хээнцэр сэтгэлт бүсгүй минь Д.Энхболдбаатар
0 comments:

Хайвал олно


Архив