Шилийн богд уул

Шилийн богд уул
Сөнөсөн галт уул байна.
Шилийн богд уул
Амилсан сайхан домог байна.
Шилийн богд ууланд
Сар хээр хонох юм
Шилийн богд ууланд
Сэтгэл хоргодон үлдэх юм.
Шилийн богд уул
Талын намхан уул юм
Шилийн богд уул
Домгийн өндөр уул юм.
Ойр орчноос нь харахад
Оонын эвэр цухуймаар
Тоорой бандийг нуумааргүй
Тойгийн чинээ намхан юм.
Орой дээр нь гарахад
Орчлонгийн зах харагдмаар
Сүүмийх алс цэнхэрлэсэн
Сүмбэр их өндөр юм.
Оргил дээр нь гараад
Оройтож жаахан суухлаар
Тэргэл саран хүртэл
Тэвэрч болмоор дөтлөх юм.
Овооны чулууг нь түшээд
Олон юмыг бодохлоор
Тоорой бандийн бараа
Торойж харагдах шиг болох юм.
Домгийн сайхан нутагтай
Монголын сайхан оронд
Эр хүн болж төрсний
Хэрэг нь юу билээ?
Дариганга нутагт хэрвээ
Замын хүзүү таарвал
Орой дээр нь нэг
Гараад үзмээр уул байна.
Шилийн богд уул
Талын намхан уул юм
Шилийн богд уул
Домгийн сайхан уул юм.
Шилийн богд ууланд
Сар хээр хонох юм
Шилийн богд ууланд
Сэтгэл хоргодон үлдэх юм.

1980 оны 9 сар

0 comments:

Хайвал олно


Архив