Учир үйлийг ухуулсан
Уяхан ээжийн минь зэмлэл шиг
Уулс олны чанадаас
Урсгалаа чимээлж санаанд байх
Бургас модон шугуйдаа
Буянаа бөөцийлж мяралзсан
Тунгалаг Тамирын гол шигээ
Тунгалаг гэгээн явах юмсан.
Амьдрал хайрыг таниулсан
Ачлалт аавын минь захиас шиг
Халирхай бяцхан сэтгэлд минь
Хатаа хагсааж цээжинд байх
Бурхан сүлдэт энгэртээ
Бусдыг хаацайлж дүнхийсэн
Булган хайрхан уул шигээ
Буцаж няцахгүй явах юмсан
Дэндүү эндүүг тэнцүүлсэн
Дээдэс өвгөдийн сургаал шиг
Тэнгэрийн хутагтай заяаг минь
Тэгшлэн засаж дэргэд байх
Өгөөж тэнүүн уудамдаа
Өлгийдөж намайгаа өсгөсөн
Арын сайхан хангай шигээ
Асрал дүүрэн явах юмсан
Энхболдбаатар 2000 он. Зун
Post a Comment