Чоно

Бусдын сиймхийгээс аз шүүрч
Бууны овооноос амь хэлтэлж
Ял хатуу хорвоод
Яс зааж байж өлөгчин чоно
Ян хүйтний сүүл дарж
Ярвайсан зургаан бэлтрэг гаргаж…

Хөх туяатай нүдээ нээгээгүй ч
Хөхөө сүүний үнэрээр нь олдог
Цавинд нь шургасан зургаан бэлтрэг
Цагийн “эрээнд” нүдээ нээв
Араатан эх өлөгчин чоно
Азарган чонын “хүүхдийн татвар”
Ангийн юмаар шөл ууж
Агуй хонгилдоо зөөлөн архирна
Хадан завсраар унасан
Шилбүүрийн сур шиг наранд
Халтар духаа ээн
Шиншээтэйгээ зүүрмэглэнэ.
Дөрвөн хөлөн дунд нь
Зургаан бэлтрэг тонгочиж
Дөнгөж борив тэниймэгцээ
Зургаан санаатай өндийв.
“Буу” гэдгийг ойлгоогүй атлаа
Суу алдрын “салхинд цохиулав”
Өөр өөрийн замаар явах
Өөрчлөлтийн их “гал” залгив
Өндөр газар гарч
Юу ч тоохгүй хэвтэх
Өвсөн хоолтон болж
Ногооны газар бараадах
Өөр сүрэгт нийлж
“Жагсаж” ульж явах
Өвөг чоныхоо ясыг цуглуулж
Өндөр үнэ хүргэх
сайнтай муутай он жилүүдэд
Хүмүүс дээдэлсэн өнгийг далимлаж
Саарал арьсаа эргүүлж нөмрөн
Улаан болгон гэнэдүүлэх
Бужигнаан дундаас хурга шүүрдэг
Буйлж шалгарсан хуучин аргатайгаа үлдэх
Буруугийн захад оцойн сууж
Бусдын зөвд сэмхэн шингэх
Элдэв бодлоо
Элдэн элдэн
Эхээ орхин бэлтрэгнүүд одов
Эх чоно
Шүдээ үзүүлж архираад нэмэрхгүй
Сүүгээ өгч аргадаад хэрэггүй
Хушуугаа сүүлээрээ элдэн
Хувь хувиа борлуулав
Олзонд алдахын дэнсэн дээр
Ойчиж шургачаад ирэхээрээ
Орчлонгоос заяасан хишгээсээ
Оногдох хувиа авахаар ирэв
Түргэн өссөнд нь баярласан ч
Түгээд явчихсанд нь гуньсан чоно
Ноохой хэвтрийнхээ хадан ширгүүд
Нойроо хасан ульж хүлээжээ
Оготно хүртэл өөрийн хөеөтэй
Оногдох хувь бидэнд бий гэж
Бэлтрэгнүүд сүүн шүдээ билүүдэж
Биеийг хайрласан эхдээ архирав
Эр зааж хоол олдог
Эцсийн амьгалаа догшин татдаг
Хөлөө тас хазахдаа
Ганц ган хийдэггүйг
“Хөрөнгө” гэж
Чонын өвөг айлдсан юм даа
Эрхэт тэнгэрээс
Та нарын төлөө заяасан
Эгнэсэн олон
Хөх минь л байна гэвээ…
Нэхэл хатуу бэлтрэгнүүд
Нэг нэг хөхөө таслаж авахуй дор
Амь амьдралын үндсэн хөрөнгө эх нь
Амьсгал хэдийнээ хураасан байв уу

0 comments:

Хайвал олно


Архив