Ц.Хулан Би дургүй

Label:
Цаг гозойж байхад би алс замд гарахгүй
Цангинтал хундага хаг шиддэг Орос занд дургүй
Цайг нь уучхаад аягыг нь хөмрөх дургүй
Цагаа олж ухаантнаа хайрладаггүй Монгол занд би дургүй
Өлийд бүдрээгүй ажнайг магтаалаар булж алах дургүй
Үхэлд ч автаагүй баатар эрийг одонгоор дарж авахад дургүй
Үлгэр нялуун төгсдөг ч сайн эр зовоход би дургүй
Үс нь буурал хөгшин намбагүй явахад бүр дургүй ээ
Цэргийн дарга нар согтуу гуйвахад би дургүй
Цэцгэн охид надаас янжуурын гал сургалхад дургүй
Цэмцгэр нь дэндүү харчуул цагаан гартнуудад дургүй
Цэвэр цааснаа шүлэг биш матаас бичихэд бүр дургүй ээ
Доголон хүний дэргэдүүр би гүйж өнгөрөх дургүй
Дороо эргэцэх илжиг мэт олны дунд гэлдрэх дургүй


Ядуусын дунд гангалах дургүй
Тансаг найран дээр ганцаардах дургүй
Яруу найрагчийг хэтэрхий урт наслахад яагаад ч юм дургүй ээ
Холоос айсуй морьтон гэнт өөр зүгт давхихад дургүй
Холбиромтгой ааш уян жаданд дургүй
Нүүрнээс далдуур хүн муу хэлэх
Нүд нь дээр минь гөлөг зодоход бүр дургүй
Хэтэрхий халуун, хэтэрхий хүйтэнд дургүй
Хэтэрхий омголон, хэтэрхий ноомойд дургүй
Бурханыг нулимах адыг өргөмжлөхөд дургүй
Бусдад дагаар орох, адгуусыг тамлахад бүр дургүй ээ
Дургүй бүхнийг минь үзүүлж ханасан эх орон минь
Дургүйгээ хүртэл хайрлах гэж би хүү чинь болсон
Цайг нь уучхаад аягыг нь хөмөрдөггүй ёсоо бодож
Цаг гозойж байсан ч би тань дээр ясаа тавина даа эх ороон

0 comments:

Хайвал олно


Архив