Шувууд үргэлж миний мөрөөдлийн зүг нисдэг
Тэнд миний хайрын шилтгээн байдаг
Шулганах нь надад ятгын аялгуу шиг сонсогддог
Тэр дуу миний сэтгэлийг хөглөдөг
Даль жигүүр дээр нь би санагалзалаа тээж
Даанч холын амрагтаа илгээдэг
Дарь эхүүдийн найрнаас тэр минь халамцуухан гарч
Далавчаа дэвсээр хүрэх шувуудыг угтан саравчилдаг аа
Далайн зүгээс зөөлөн бүлээн салхи сэвэлзэхэд
Даашинзны нь энгэр задгайран намирдаг
Давс амтагдсан шорвог салхинд дайж илгээсэн
Дасаж дурлахын хүслэнд минь шилбүүрдүүлэн зогсдог оо
Сарнайн галбир мэт уран цагаан гараараа
Саран, нарны гадаргыг өхөөрдөнхөн илбэдэг
Санагалзлыг минь тээсэн шувуудын уян нарийн жигүүр шиг
Сайхан сормуус нь дэрвэлззхэд салхин бидэр үелздэг
Сайхан алаг нүд нь сормуусаа дэрвүүлэх агшинд
Салхин бидэр үелзэхэд ертөнцийн сэтгэл хөдөлдөг
Сарьдаг өндөр уулс үүлсээ шилгээж догдлоход
Санаашралд автсан тэнгэрийн хөвгүүн асгарууланхан мэлмэрдэг
Үүл хийгээд уул, далайн салхи, борооны эздийг ч
Үл тоомсорлож тэр ганцхан намайг л боддог
Үүнээс нь орчлон ертөнц уярал ухаарлыг олоод
Өөрөө хөгжим болж намуухан эгшиглэдэг ээ
Шувууд дандаа миний мөрөөдлийн газарт хүрдэг
Тэнд эгэлгүй үзэсгэлэнт амраг минь байдаг
Шулганах дуунд нь би хайраа шингээж
Тэсгэлгүй, түүнийхээ сэтгэлийн гүнд хүргэдэг ээ
Энхболдбаатар 2002.
Post a Comment