М.Цэдэндорж Миний монгол

Уул нь өндөр,
Ус нь тунгалаг,
Ургац нь өтгөн,
Уудам саруул,
Миний монгол
Мэнэнгийн говь
Хангайн нуруу
Хан хөхий
Хөвч тайга
Хөвсгөлийн үзэсгэлэн,
Хүн нь амгалан,
Хөлөг нь хурдан
Хүүхэн нь жавхлан
Хүүхэд нь баясгалан,
Миний монгол
Мөнхийн рашаан
Хэрлэн гол
Хэнтийн нуруу
Сайхан тал
Сарьдаг Алтай
Огторгуй нь номин,
Од нь бадмаараг
Охь нь гал,
Онц төгөлдөр
Миний монгол
Минж халиу
Харлаг тахь,
Хатирч хулан,
Бөхөн жороо,
Бүргэд шонхор,
Мал нь олон
Магнай нь тэнүүн,
Сэтгэл нь уужуу
Сэвгүй ариун
Миний монгол
Мэлтэлзсэн айраг
Эгшиг дуу
Эрх жаргал
Эрдэм соёл
Элбэг баян
Хүсэл нь чандмань
Хүч нь арслан
Авьяас нь живэр
Ажил нь сүмбэр
Миний монгол
Мэдэх бүхэнд
Янагийн жаргал
Яруу найраг
Аялгуу хөгжим
Алаг цэцэг
Эцэг нь Алтай
Эх нь Онон
Толь нь Буйр
Гэзэг нь Сэлэнгэ
Миний монгол
Мишээсэн дагина
Арцсын орон
Жаргалын нутаг
Энэ газар
Энхжингийн өлгий
Хус нь уурга
Хуйв нь Туул
Хурамсага нь Саяан
Хувь заяатай
Миний монгол
Мишээсэн хархүү
Өнөр айл,
Өгөөмөр гэр
Эртний соёл
Өвгөдийн дурсгал
Хөрс нь эрдэнэс
Хөгжил нь үйлдвэр
Садан нь дэлхий
Санаа нь сүү
Миний монгол 1960 он



0 comments:

Хайвал олно


Архив