Мөргөл шүлэг

Бурхан минь надад хоолой хайрла
Буян нүгэл хоёрыг аргаданхан дуулъя
Гуниг гэж юу байдгийг ухаардаггүй хүн
Жаргаж яваагаа мэддэггүй


Гунихын жаргал байдаг гэдэгт итгэдэггүй
Нууцгай амьдралаас тэд хэзээ ч уйддаггүй
Нулимсанд дарс адил дуртай байдаг
Чи бидэнд байхгүй бүхэн тэдэнд илүүдэж байдаг
Чимхийг ч гэсэн гуйх хүсэл надад төрдөггүй
Үй олон хүмүүсийн дунд тэнүүчилж явахад
Үлгэрт итгэж өссөн бага нас минь
Үлгэр байсан шиг надад санагддаг
Нөхөөсгүй сэтгэл төлөөсгүй жаргалын тухай
Нөмгөн моддын мөчир дор сууж хэчнээн ч ярилаа даа
Олох л юм шиг эрж явсан олон өдрүүдэд
Онож уу гэвэл үгүй, тэр чинь хаана ч алга
Туулж өнгөрүүлсэн он жилүүдийн шуугиан бүдгэрч
Тулж ирсэнийг даваад цаана нь бүдэрсээр
Тунчиг гэнэн сэтгэлдээ хэчнээн ч удаа уйлав даа
Хан ертөнцийг мэгшүүлсэн гэнэн насныхаа ухаарлаас
Харвасан од шиг л зулрахын хүслэнд ороолдсоор
Будан хавсан орчлонг өөрийнхөөрөө дуулж явахад
Буртаглагдаагүй итгэл гэж байсангүй ээ
Өгөө авааны дэнсэн дээр чинь залуу насаа тавъя
Өнийн гунигт зүүднээс намайг сэрээж хайрла

0 comments:

Хайвал олно


Архив