З.МЭНДСАЙХАН (2009-01-24) "Өнөөдөр" сонин
Навчсын доогуур шургалан нуугдсан гүзээлзгэнэ олоод, амтархан идэх шиг нэг тийм л амтлаг, түүний өгүүллэгийг уншихад. Тэрбээр өгүүллэгийг туйлын эвлэгхэн урладаг нэгэн. Донжийг нь тааруулж урлана гэдэг зохиолчид авьяас, ур чадвар зэрэгцэн байгаагийн илрэл. Үнэхээр ч ахуй амьдралын хүндэд түүртэлгүй явдаг зохиолч Ц.Түмэнбаярын ярианаас түүний дотоод ертөнц мэдрэгдэх болов уу.
-Өөрийн тань “Нар хурайлсан хийморь” гэсэн сайхан номыг уншсан. Нилээд нь шинэ өгүүллэг байх шиг харагдана лээ?
-Шинэ, хуучин холимог орсон доо. Ер нь шинэ өгүүллэг болгоноо сайн бичсэн гэж бодож болдоггүй юм байна. Сайн ном гаргахын тулд хуучнаасаа шилж оруулах нь зөв юм билээ. Түрүүчийн ном дууссан. Гэтэл хуучин өгүүллэгүүдээс маань унших дуртай улс байх юм. Тэдний эрэлт хэрэгцээг бас бодолцсон гэх үү дээ. Хэвлүүлснээсээ 200 гаруйг нь хүнд бэлэглэчихсэн байна. Тиймээс дахиад 300 хувь хэвлүүлдэг юм бил үү гэж бодож байгаа.
-Түүхийн сэдвийг сүүлийн үед нилээн сонирхоод байгаа юм шиг санагдлаа?
-Түүхийн сэдэв бол надад эрхэм байдаг. Энэ сэдвээр бичсэн бүхэн минь ямар нэгийг өгүүлэхийг хичээдэг дээ. Ерөнхийдөө сэтгэл эмзэглэсэн, сэтгэл хөдөлсөн л бол ямар ч сэдвээр бичихэд дөхөм байдаг. Хүчээр бичсэн юм өөдтэй болдоггүй л дээ.
-Эртний хаад, хатдаас хэнийх нь тухай бичээгүй байгаа вэ? Хэнийх нь тухай бичихсэн гэж боддог вэ?
-Би Чингис хааны тухай бичсэнгүй. Олон зохиолч тэр хүний тухай бичсэн болохоор тэднээс өөрөөр бичих санаагаа олоогүй л байна. Ер нь дөрвөн их хааны тухай бичээгүй байгаа. Түүхэн үйл явдлын дунд эх орноо гэж байгаад хэлмэгдсэн, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцээд амжилт олоогүй хүмүүсийн тухай л их эмзэглэж бичдэг дээ. Аль болох бүдэг байгаа юмыг ил гаргахсан гэж боддог. “Гаслан” өгүүллэгт гардаг түүх гэхэд Монголын архивт байхгүй, Төвдийн архивт л байдаг юм. Би чинь Улсын архивын газарт нэг хэсэг ажиллаж байлаа шүү дээ.
-Ёстой л харамсч гасалмаар түүх дээ...
-Төвд-Монголын улс төрийн харилцааны сэдвээр дэд докторын зэрэг хамгаалсан, судлаач агсан Дашбадрах надад энэ түүхийг ярьж өгч байсан юм. “Үүгээр заавал юм бичээрэй” гэж байсан. Эсэнбөх бол зохиолын нэр. Тийм нэр байсан эсэхийг мэдэхгүй. Тэр хүн ялалт байгуулж чадаагүй. Гэхдээ ялалт байгуулахад их ойрхон байсан ч өчүүхэн юмнаас болж бүгдийг нураасан. Юунаас болж алдсан бэ гэвэл архинаас. Ер нь архи, хүүхэн хоёроос болж л хаан ширээ, гүрэн улсаа алдаж байсан гашуун түүх дэлхийд өчнөөнөөрөө л байдаг. Атилла баатар, Арслан тайж гээд л. “Бид архинаас болдог шүү” гэдгийг л харуулах гэсэн юм. Харамсалтай ч бодит түүх.
-Манай түүх арвин баялаг болохоор түүнийг бичиж үлдээх ч зөв шүү...
-Би одоо “Модун хааны дуут сум” гэдэг роман бичиж байгаа. Ер нь энэ дэлхийн түүх гэдэг чинь Монголын түүх л байдаг юм байна. Хүннүгийн үеийн дэлхийн түүх, 1206 оноос хойш 17 дугаар зуун хүртэлх энэ бүх цаг үед Монгол оролцоогүй, Монголын хамааралгүй нэг ч үйл явдал болоогүй байх юм. Хүннүгийн үед тогтоосон ёс жаягийг дэлхийд 300 жил мөрдсөн байдаг. Хүннүгийн үед дэлхийд 300 жил хүчирхэг байж, дараа нь Чингис хаанаас Хубилай, Тогоонтөмөр хааныг дуустал, бүр Богд хаант Монгол Улсыг хүртэлх баялаг түүхээрээ бахархахгүй байхын аргагүй. Тиймээс тэр агуу түүхийн дунд бичих юм асар их байна. “Бичигт хадны домог” маань тэр их түүхийн өчүүхэн дусал нь. Дэлхийд нөлөөгөө үзүүлж явсан жижигхэн ч гэсэн улсын түүх гэдэг бахархалтай хэрнээ харамсалтай байдаг юм байна. Бямбын Ренчин гуай Цогт тайжийг гаргаж ирсэнтэй адил тэр их арвин түүхээсээ нэг жанжныг нь гаргаж ирээд, солонгосчууд шиг олон ангит түүхэн киног яагаад хийж болохгүй гэж.
-Түүх сонирхдогийн хувьд монголчууд 800 жил оршин тогтносны нууц юунд байгааг мэдэв үү?
-Их Монгол Улс байгуулагдсаны 800 жил болоод бусад олон арга хэмжээний үеэр сонсч байхад энэ нууц бол дөрвөн улиралтай байдагтай л холбоотой юм байна гэж би бодсон. Хүннүгийн үед болон Чингис хааны үед цаг агаарын маш их тааламжтай нөхцөл нь монголчуудад их тустай байжээ. Өнтэй ч өвөл болдог байж. Нийгмийн ухааныхан болохоор монгол хүний сэтгэхүй өндөр байсан гэж үздэг. Тиймээс нийгэм, цаг агаар гээд бүхий л таатай нөхцөл нь бүрдэж байжээ гэж бодсон. Саяхан Бээжингийн олимпийн өмнөхөн энергийн төв гэгдэх Хамарын хийд дээр Хятадын жуулчид 14 хоног байж, энерги цуглуулсан гэж нутгийн иргэд ярьсан. Угтаа тэдгээр нь олимпт оролцох л тамирчид байсан юм билээ. Тэгээд яаж Олимпт гайхууллаа даа. Тэгэхээр Монгол орон ямар их увидастай нь мэдэгдэж байна. Мөн өөрөө оршин тогтнож байгаа газар нутаг нь ч их сонин ш дээ. Ази нь ч байдаг, Европ нь ч байдаг. Нэг ёсондоо Ази-Европын хослол болохоор монголчууд аливаад дасан зохицохдоо сайн. Цөөхөн мөртлөө чанартай хүн амтай. Тиймээс хүчирхэг явжээ.
-Бодит амьдралаас сэдэвлэсэн өгүүллэг бий юу?
-Ихэнх нь бодит. “Удган” өгүүллэгийн говьд байдаг эмгэн өөрөө бодит хүн. Харин Хөвсгөлийн тайгад болж байгаа үйл явдал нь бодит бус. “Уралын тэс мод”-ны орос авгай бас бодит. Би өөрөө түүнд чулуугаар шидүүлээд л явж байлаа шүү дээ. Шидүүлж явахдаа л түүнийг өрөвдөж байсан юм даг. Би чинь хоёрдугаар ангийн хүүхэд байлаа. “Лууны зулзага” өгүүллэгт гардаг шиг хүн бол үнэхээр байдаг. Нэгээр ч барахгүй хүн бий. Гандангийн дэнж дээр хятадуудын хороолол байлаа ш дээ. Тэндээс сэдэвлэсэн юм. Бас “Могойн цустай архи” байна. Солонгосчууд сүүлийн үед арай л дэндэж байна. Энэ бүхнийг анхааруулж бичих ёстой юм.
-Өвлийн улирал чамд ямархан мэдрэмж төрүүлдэг вэ?
-Би бусадтай адил өвөлд илүү дуртай гэж ярихгүй ээ. Ямар ч улиралд, ямар ч цаг үед бичнэ. Нөхцөл голохгүй. Өгүүллэгийн өөрийнх нь санаа бүрдчих юм бол хөглөгдөөд л биччихдэг.
-Хэр удаан боддог вэ?
-Харин удаан бодно шүү. Зарим өгүүллэг 20 жилийн дараа ч төрдөг. Байгаад л байдаг. Бичье гэж зүтгэсэн ч болж өгдөггүй явдал бий. Гэхдээ заримдаа ялихгүй юмнаас ч санаагаа олчихдог удаатай.
-Сэтгэлийг тань хөдөлгөдөг ямар зүйл байдаг вэ?
-Хүүхэд. Гудамжинд уйлж яваа болон гуйлга гуйж байгаа хүүхдийг харахад үнэхээр сэтгэл эмзэглэдэг. Бас дуулаад, инээгээд явж байгаа хүүхэд ч сэтгэл хөдөлгөдөг гэхэд болно.
-Амьдрал чиний үзэл бодлыг хэрхэн өөрчлөв?
-Амьдрал эцсийн эцэст намайг өөдрөг болгосон. Гуньж гутрах зүйл өчнөөн л тохиолдож байлаа. Өөдрөг болоход тухайн хүний амьдрах хүсэл тэмүүлэл, амьдралын ухаан, суурь хүмүүжил ихээхэн нөлөөлдөг юм байна. Тухайлбал үхлийг маш сайхнаар хүлээн авдаг хүн байдаг. Өөрөө амьд байгаа мөртлөө шүү. “Үхэл шиг гайхамшигтай, сайхан юм байхгүй” хэмээн тунхагладаг. Орь залуу насандаа үхлийг амьдралаас илүүд үзэж, түүнийг сонгоно гэдэг бас л нэгийг хэлж байгаа хэрэг. Зарим хүн урт удаан амьдралыг хүсэх нь ч бий.
-Нулимсанд хэр харам бэ? Чи их гүргэр байх шүү...
-Би гүргэр. Бас нулимсандаа ч харам. Уйлах үе амьдралд байсаан. Ер нь барагтай юманд уйлдаггүй. Нулимсаа залгидаг. Нулимс гэдэг дуусдаг эд. Дараа нь гуньж чадахаа больчихно ш дээ. Би хоёр, гурван өгүүллэгтээ “нулимс нь ширгэсэн юм шиг” гэж бичсэн байна лээ. Гуньж гутраад, эцэст нь нулимс ч үгүй болоод яах юм бэ. Хүн гуньж чадаж байвал баярлаж чадна. Баярлаж ч чадахгүй, гуньж ч чадахгүй, гөлгөр юм болчихвол түүнийг авах ч хэцүү, байх ч хэцүү.
-Хөдөлмөрч болохыг чинь олон хүн ярьж байна билээ. Би ч бас мэднэ. Бичихээс гадна эх бэлтгэх гээд цөөнгүй зүйлийг хийж сурсан байх шүү...
-Би их сониучхан юм шиг байгаа юм. Бага байхдаа бүжигчин болохыг мөрөөддөг байлаа. Бүжиглэж ч байсан. Дуулдаг байлаа. Жижигхэн болохоор микрофонд нь хүрэхгүй ээ. Одоотой адил дээшээ, доошоо сунадаг микрофон байсан биш. Хоёр давхар сандал тавиад, найрал дуун дотроос дуулуулдаг, шүлэг уншуулдаг л байлаа. Уран гулгалтын бүжигчин болох санаатай Төмөр замын гулгуурын талбай дээр очоод, эргэх гэж байгаад, харуулдаж унаад. Тэгээд тэр мөрөөдөл өнгөрсөн. Тооны багш болох гэж давхисан явдал ч бий. Дөрөвдүгээр ангид байхдаа моорзын дугуйланд явж байлаа. Түүнийгээ дагаад холбооны сургуульд радио электроникийн чиглэлээр бас сурч байсан. Зуун буудалт даамын хотын аварга болж байлаа. Эцэст нь тэгээд зохиолч болох гэдэг дээр л үлдсэн дээ.
Компьютер бол миний мэргэжилтэй дөхөм байсан. Угаасаа ч би бичгийн машинаар сайн бичдэг байлаа. Түүнээсээ улбаалаад эх бэлтгэж ирсэн дээ. Би чинь “Засгийн газрын мэдээ” сонины компьютерийн төвийн дарга явлаа. Тэр үед компьютерээ асаадаг, шивж хадгалдаг л байлаа ш дээ. Харин тэгж мэдэхгүй улсуудад бол би агуу харагдаж байсан байх. Тэгээд л дараа нь өөрийгөө дайчлаад муугүй сурсан даа. Хэд хэдэн сэтгүүл гаргаж үзлээ. Эцэст нь “Цахим нүүдэлчин” гэдэг сэтгүүл гаргасан. Бас эх бэлтгэдэг, веб сайт хийдэг компанийн захирал гэж байгаа. Түүгээрээ л одоо амьдарч байна даа.
-Чи оролцсон уралдаан бүртээ шахуу байр эзэлдэг. Гэхдээ голдуу дэд байранд ороод байх шиг харагддаг?
-Энэ бол хувь заяа байх аа. Би “Утгын чимэг”, “Шувуун саарал” богино өгүүллэгийн наадамд арав гаруй удаа оролцжээ. Үүнээс зургаан удаад нь хоёрдугаар байрт орсон байна лээ. Надад Х.Зандраабайдий ах “Тэхийн зогсоол” гэдэг нэр өгсөн дөө. Бас нэг инээдтэй явдал боллоо. Саяхан Эрдэнэтийн ой боллоо ш дээ. Тэгээд би нэг мэргэлдэг хүнээс асуулаа. “Миний урд гишгэх хүн байна уу” гэж. Тэгсэн “алга” гэж байна. “Нээрээ юу” гэтэл “нээрээ” гэлээ. Тэгээд бодлоо доо. “Өмнө гишгэх хүн байхгүй гэдэг чинь нэгдүгээр байр л гэсэн үг”. Тэгээд Эрдэнэтийн уралдааны дүн гарахад нэгдүгээр байр байхгүй гээд, шууд хоёрдугаар байрт оруулсан байгаа юм даа. Тэгэхээр л энэ бол хувь заяа юм шиг байгаа юм. “Алтан өд”-д ч ялгаагүй таван удаа оролцоход дандаа хоёрдугаар байр. Харин Улаанбаатар хотын уралдаанд л нэгдүгээр байр эзэлж байсан юм байна. Гэхдээ бүтээлийн тендер зарлаж, тэтгэлэг өгөх үед минийх нэгд ордог шүү. Яг бүтээл гэхлээр хоёрт ороод байдаг. Гайхмаар л санагддаг юм.
-Чиний өгүүллэгүүд богино талдаа. Ер нь урт бичихээр амтгүй болчих гээд байдаг юмуу, эсвэл ийм л хэмжээнд бичнэ дээ гэж өөртөө стандарт тогтоочихдог юм уу?
-“Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам бол стандарттай. Гурван хуудаснаас хэтрүүлэхгүй. Зарим нэг өгүүллэгийг би уралдаанд орчихоод, дараа нь дэлгэрүүлдэг явдал бий. Нэг л өгүүллэгийг дэлгэрүүлсэн юм байна. Бусад нь бол анхны буултаараа байгаа. Бичээд явж байтал тав, зургаа ч юмуу, арваад хуудаснаас хэтэрдэггүй юм. Санаагаа түүндээ багтааж чаддаг гэх үү дээ. Тууж ч гэсэн бэсрэг тууж болчихдог талтай.
-Бас яруу найрагч, дуурийн цомнолтой, кинотой...
-Өгүүллэгүүд маань л кино болдог доо. Цомхон, богино өгүүллэг байдаг хэдий ч би олон үйл явдлыг түүндээ багтаадаг юм байна. Түүнийгээ л дэлгэрүүлчихвэл киноны зохиол бэлэн болчихдог. “Том болгодог эм” өгүүллэгээрээ сая БСШУЯ-наас зарласан хүүхдийн кино зохиолын тендерт оролцож, түүгээр кино хийх болсон. “Мэргэнд буусан чоно” маань модерн балет болсон доо. Өөр цөөнгүй кино, радио жүжиг, телевизийн зохиомж бий.
-Гайгүй багш гэгддэг байх шүү?
-Радио, телевизийн дээд сургуульд электрон сэтгүүл зүйн, “Монголын нууц товчоо” дээд сургуульд сэтгүүлзүйн, Утга зохиол, нийгмийн ажилтны сургуульд хүүрнэл зохиолын ур чадварын хичээл орж байна.
-Багш нар чинь ямар хүмүүс байдаг билээ?
-Яруу найргийнх бол Дарь.Нацагдорж, Дэндэвийн Пүрэвдорж, өгүүллэгийнх бол Сэнгийн Эрдэнэ, Санжийн Пүрэв багш юм.
-Хүмүүсээс хамгийн өндөр үнэлгээ авсан нь ямар өгүүллэг вэ?
-“Удган”-ыг хүмүүс их таашаадаг. Бүгд л ямар нэг юм хэлдэг учраас би бол бүх өгүүллэгтээ хайртай. Ажиглаад байхад түүхэн сэдэвтэй өгүүллэгүүд маань хүмүүст их таалагддаг юм билээ. Орчин үеийнхээс нь бол “Халуун усны байшин”, “Нүцгэн натур”, “Харалган”, “Ганц бие хөгжимчин”-д дуртай байдаг.
-Эрчүүд дарс, хүүхэн хоёрыг их магтан дуулсан байх юм. Харин хүүхнүүд юуг их мандуулдаг юм бол?
-Эмэгтэй зохиолчдын бүтээлийг сая эмхтгэж байхдаа харахад, хүүхнүүд эрчүүдэд хандаж их бичсэн байх юм. Хүүхдээ, ээжийгээ их бичиж. Гэхдээ манай эмэгтэй зохиолчдын сэдэв явцуу байх шиг санагдсан. Ахуйн сэдэв зонхилж байна гэж хэлж болно. Аргагүй дээ, амьдралын нарийн ширийнтэй орооцолдож явдаг болоод тэр биз.
-Дууг чинь Ц.Сарантуяа дуулсан биз дээ?
-Би олон дуутай. “Үйлийн үртэй нулимсаа үүдэн дээр чинь асгаруулна аа” гээд Сарантуяа төмөр зам дээгүүр яваад дуулдаггүй юу. Монголын анхны клип гэж Хоовон Энхбаяр надад хэлж байсан. Би яаж мэдэхэв. “Аз дутсан сугалаа”-г бараг хүн бүхэн мэднэ дээ. “Хэний хүүхэд вэ?” гэдэг дуу бий. Хүүхэд тэнэж эхлэх үед бичиж байлаа. Би өөрийгөө хүүхдэд их эмзэг гэж хэлсэн шүү дээ. Хайрын тухай дуу ч нилээн бий. Энэ жил хоёр CD гаргах бодолтой байгаа. Нэгийг нь дан өгүүллэгээрээ, нөгөөг нь дуу, шүлгээрээ гаргана даа.
-“Ардын эрх” гэдэг төрийн том сонинд ажилд орох гээд хоёулаа шалгуулж явсан түүхтэй байх аа?
-Тэр үед ч залуу байж дээ. Би чинь Барилгачдын хэвлэлийн нэгдсэн редакцид гурван жил ажилласан байсан. Миний сэтгүүлзүйн анхны багш бол А.Мягмаржав байлаа. Нэр, гарчиг хоёроос минь өөр юм үлддэггүй байж. Тэр үед “сэтгүүлч гэдэг ч маш хэцүү ажил юм байна даа” гэж бодож байлаа. “Ардын эрх” бол намайг жинхэнэ “чанасан” даа. Их ч юм сурсан. Өгүүллэгээ чамбай бичихэд маань тодорхой нөлөө үзүүлсээн. Сэтгүүлч хийж байсан хүн зохиол бичихэд их хийгүй болдог мэт санагддаг. Тийм ажил хийж байгаагүй байж, зохиолч болсон хүнд үгийн сонголтоос өгсүүлээд дутуу юм их харагддаг. Сэтгүүлч хүн цаг үеэ сайн мэдэрдэг. Сэдвээ олохдоо ч гаргууд байдаг. Тэр бүхэн нөлөөлж, миний сэдвийн хүрээг их тэлсэн гэж би боддог.
-Чи зохиолчидтой адил архи дарс ууна гэхгүй юм аа?
-Би архи ууж чаддаггүй юм. Манай ээж гэж хатуу чанга хүн байдаг. Түүнээсээ айж өссөн гэх үү дээ. Нэг удаа ганц хундага татсан чинь Г.Аким ахын нүд нь орой дээрээ гараад, “Хөөх, нөгөө Түмээ чинь архи уудаг болчихож“ гэж байж билээ.
-Хоёр охин, хүү чинь чамайг дуурайж бичих шинж байна уу?
-Одоохондоо мэдэгдэхгүй л байна. Хүү бага байна. Том охин программистаар, бага охин эдийн засагчаар төгслөө. Ямар ч байсан, хоолныхоо захад хүрчихлээ.
-Гоёж гоодох, нүүр амаа янзлах тухайд ямар бодолтой явдаг вэ?
-Миний эрэгтэй, эмэгтэй бүх найз нарын шүүмжилдэг нэг зүйл бий. “Чамайг ингээд гудамжаар явахад хэн зохиолч гэх юм бэ” гэдэг. Ер нь энд тэнд зохиолчидтой яваад ороход намайг тэдэнд үйлчилж яваа хүн байна л гэж ханддаг юм. Би хүний урдуур давхиад байдаггүй. Чи мэднэ дээ. Сууж байтал хүн дуудах хэрэг гарвал хэлээгүй байхад нь би түүнийг нь дуудаж л байдаг. Хөнгөн хөлтэй ч гэх нь хаашаа юм бэ. Тэр бүхэн хүндлэл олж авахад садаа болдог юм шиг ээ. Мөн чанар илүү чухал гэж би боддог л доо. Нүүр амаа янзлахын тухайд гэвэл тав, арван цаас илүү гаргаад, гоо сайханд орж болно ш дээ. Гэтэл түүнийхээ оронд компьютерийнхээ ард суугаад бичихээ илүүд үзэх жишээтэй. Дэлгүүрт нэг гайгүй юм харчихаад, дараа нь ирж, үүнийг авна гэж бодсон хэрнээ нөгөө газраа хайгаад олдоггүй. Энэ бүхэн миний алдаа ч юмуу даа.
-Юу чамайг их хурцалдаг вэ?
-Олон л зүйл хурцалдаг. Уралдаанд ороод яг л түрүүлчих болов уу гэж горьдож байтал хоёрдугаар байр руу шидэгдчихдэг. Тэр намайг хурцлах нэг хэлбэр байдаг байх. Бас сайн бүтээл хийх юмсан гэсэн бодол маань хурцалдаг. Би сая “Дэлхийн бөмбөрцөг шиг нүд” гэдэг роман бичлээ, М.Цэдэндоржид зориулан. Хоёр биенийхээ харилцаан дээр үндэслэн бичсэн юм. Амьдрал нь ч бас биш л дээ. Уг нь хөнгөн болох ёстой атал хүнд болох нь. Учир нь би М.Цэдэндоржийг нийгэмдээ нүд үзүүрлэгдээд, егүүтгэгдсэн гэж боддог. Тэгээд хөглөгдөхийн тулд Ц.Гомбосүрэн гуайн орчуулсан М.Достоевскийн “Гэм, зэм”-ийг уншлаа. Түүнийг би хүүхэд байхдаа уншиж байсан юм. Нойр хүрч байсан санагдана. Сая бол хоёр өдөр, нэг бүтэн шөнө л уншиж дуусгалаа. Ямар агуу зохиол вэ. Тэр надад их хүч өглөө.
-Зохиолчдын шагналын угаалга дуусч байна уу?
-Угаалга ид дундаа л явж байна. Олон ч зохиолч шагнуулсан болоод тэр биз ээ. МЗЭ-ийн 80 жилийн ой тохиож байгаа болохоор манайхан маш бүтээл арвинтай байлаа. Сүүлийн арав, хорин жилд хийгээгүй ажлаа хийсэн гэж хэлэхэд буруудахгүй.
-Өөрөө ч бас шагнуулсан...
-Шагнуулсаан, шагнуулсан. “Алтан гадас” одон, С.Буяннэмэхийн нэрэмжит шагнал авлаа. Би утга зохиолд үндсэндээ амьдралынхаа 30 жилийг зориуллаа ш дээ. Д.Нацагдоржийн нэрэмжит шагналыг нь ч бас авч байлаа. Өнөөдөр монголчууд оюуны бүтээлийг их үнэлдэг, ойлгодог болжээ. Энэ ойг тэмдэглэн өнгөрүүлж буй цар хүрээнээс нь мэдрэгдэж байлаа. МЗЭ-ийн 75 жилийн ойг тэмдэглэж л байлаа. Гэхдээ энэ дайны тэмдэглэж байсангүй. Төрийн болоод зохиолчдын эвлэлийн шагналаар 40 гаруй хүн шагнагдлаа. Монголын зохиолчдын 120 бүтээлээр гурван боть ном гаргалаа. 81 хүний дурсамжийн ном гарсан. Энэ нь шагналтай эн тэнцэхүйцээр тэднийг баярлуулж чадсан. “Монголын эмэгтэй зохиолчид” гэсэн антологи номыг анх удаа хамтарч гаргалаа. Зохиолчдын 80 жилийн түүхэнд гарч байгаагүй ном юм. С.Удвал, Э.Оюун гуайн бүтээлүүдийг сануулж байхгүй бол улам л бүдгэрч холдоно. Ер нь эмэгтэй хүн аль ч салбарт гарч ирэхэд их хүнд байдаг. Эрчүүдээс илүү дарамт шахалтад өртөж байдаг учраас тэдэнтэй зэрэгцэн гарч ирж чадсан зохиолчдынхоо бүтээлийг эмхтгэх юмсан хэмээн бодож явдаг байсан минь биеллээ олсон. С.Оюун эгчтэй хамтран гаргалаа. Өмнөх үгийг нь Ш.Дулмаа гуай бичсэн.
-Чамайг 15 хоног нойргүй байсан гэж сонссон?
-Үнэн шүү. Энэ хугацаанд олон ч номын эхийг бэлтгэж, редакторлалаа. 80 жилийн ойд зориулсан олон эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүд, сонин хэвлэлүүдэд нүүр бэлтгэлээ. Орон нутаг, байгууллага, төрийн шагналд 200 гаруй хүний тодорхойлолтыг явууллаа. 60 гаруй материалыг шивж бэлтгэлээ. Хоёр ч яруу найргийн наадмыг зохион байгуулахад оролцлоо. Өөрийгөө ч бас “Утгын чимэг”, ”Шувуун саарал” наадам, Эрдэнэтийн ойн уралдаанд сойлоо.
Post a Comment