Болор цом - 1992

Бавуугийн Лхагвасүрэн

Хил дээр бичсэн шүлэг

Хүний нутагт явсан цулбуур эвхэж
Хилийнх нь боомтод ирлээ
Торгон хилийн эмзэг зурвасны цаана
Тортог суугаагүй эх орны минь сэжүүр
Амаржих гэж байгаа эхийн хормой шиг намайг
Алтан харганатай толгод нь өндөлзөнхөн байна
Хилийн эрхэм түшмэл
Хээмсэгхэн ширтэж хуудас тараана
Асуулт бүхэн нь хариулт нэхсэн түүн дээр
Аль улсын иргэн болох ...гэж асуусан байна
“Монгол” гэж
Зургаан хана шиг үсгийг
Зурхайн хөх тэнгэрээс доош нь урсгаж бичлээ
-Монголд хэдий хугацаагаар суу...гэж бас асууж байна
-Үхтлээ суунаа
-Үхсэн хойно, сүнс нь хүртэл монголын харъяат гэж бичлээ
-Зарах юм байна уу? гэсэн хүмүүс
Завсраар нь бас гүйлдэнэ
Мохоо хутга шиг нүд нь
Монголоо зарах уу гэж асуух шиг сэрдхийлгэнэ
-Yгүй дээ
Yгүй!
Хардаг нүд гэмээнэ
Цавчихыг нь мартаж өмгөөлсөн
Хальдаг амь гэмээнэ
Yхэхийг нь мартаж өмөөрсөн
Нутгаа өгснөөс үхсэн минь дээр гэж цус нь буцалсан
Нумын хөвч, аагтай илдний үр садыг монгол гэдэг юм
Нуугаад байхад чинь цухалзаад байгаа санаагаа ав!
Нутаг руу минь унагасан
Нүдээ ав!
Өвөг дээдэс минь
Ясаа дор нь ивсэн
“Өндөр” оронд минь санаархваас
Заяа чинь дутна.

0 comments:

Хайвал олно


Архив