Тангадын Галсан
Жирмийн сүлжээ
“Жирмийн сүлжээ” хэмээх дөрвөн мөртийн цоморлигоос
1.Афган андын асуулт
Таны нутагт эрийн гурван наадам болдог юм гэв үү?
Таван зуун арван хоёр бөхөөс нь нэг нь үзүүрлэдэг юм гэв үү?
Нар тэр өдөр жаргахаа мартан наадамддаг юм гэв үү?
Мянган морь уралдаж гав ганц нь түрүүлдэг юм гэв үү?
2.Уртын дуу
Уудам саруулхнаараа яг л Монголын дорнот тал
Утга гүнзгийгээрээ яг л гүн ухааны нэвтэрхий толь
Уяхан хөглөгөөрөө яг л эх хүний сүүн сэтгэл
Уртын дуу монгол дуу удахгүй сансрын аялгуу!
3. Ухаант буурлын асуулт
Гол гатлаагүй хүнийг усчин гэдэг юм уу?
Тал туулаагүй морийг унаа гэдэг юм уу?
Гал асаагаагүй бүсгүйг бэр гэдэг юм уу?
Хил манаагүй хөвгүүнийг эр гэдэг юм уу?
4.Хос дэрний дууль
Хоорондоо хоорондоо холдохгүй ээ хө! гэх шиг
Хоёр дэр зэрэгцэн хэвтэнэ
Үнэнч хосын дэр болохоосоо урьд
Үүр нэгтэй шувуу байсныг буу гэрчилнэ!
5.Үр ач өсч торнихын нууц
Идээ ундаа элбэгтэй айлд хүү төө өсдөг
Инээд баясал цалгиастай айлд хүү тохой өсдөг
Итгэл хайр тэгшрээстэй айлд хүү дэлэм өсдөг
Эрдэм ажил хослоостой айлд хүү алд өсдөг.
6.Эх
Анаж занаж дайсан хүүгийг нь хороохоор иржээ
Ачтай эх нь үрээ нүднийхээ цэцгийд нуужээ
Хартай дайсан хүүгий нь хаана байгааг харчихжээ
Хайртай эх нь үрээ зүрхнийхээ тольдонд нуужээ
Post a Comment