Бавуугийн Лхагвасүрэн
Шагнал
Ээж минь намайг
Цагаан сүүгээрээ шагнаж
Эцэг минь намайг
Эсгий үнэгээр мялааж
Эх орон минь
Эрх чөлөөгөөр шагнасан.
Хувьсгал миний шагнал
Хувь заяа ч миний шагнал
Өрх татахад тооноор бялхсан нар
Өлгий дээр минь гэгээ мандуулж
Өндер босгоо давж, талын сэжүүр өлмийлөхөд
Өөлөн чулуу, халиун цэцгээ дэвссэн
Дэлхий миний шагнал.
Хайрыг даана гэдэг
Шагнуулахаас хэцүү
Ханаж сагасан байвал
Үхсэнээс дор
Салаан даргадаа ч
Сайшаалгаж яваагүй цэрэг эр
Сайхан эх орныхоо төлөө
Шагнал гэж хумсын чинээ ч бодолгүй
Шархныхаа цусыг хэгзэрсэн эх газартаа юүлж
Дотно амиараа эх орноо шагнаж
Дотоод хормойг нь нөхөж нөгцсөн.
Орчлонг хувьсгасан Ленин
Одонгүй байсан.
Ленин өөрөө
Дэлхийг шагнасан
Мөнхийн одон.
Алаг эрээнтэй ч
Амьдрал өөрөө шагнал
Амраг минь намайг үнсэх нь ч
Амьдын жаргалын шагнал.
Эгэлхэн шүлэг минь ч
Энэхэн бие минь ч
Эх орноо шагнасан шагнал.
Ирэх цаг
Ирээдүй миний шагнал
Элэн улирсан
Түүх ч миний шагнал.
Уртын дууны талд хоносон цуурай
Ураг улаан галын зуунаар цогшсон амь
Уулсын оройд хоносон нойрмон цагаан манан
Усны ногоон тохойгоос намайг ширтсэн жимс
Уйлж явсан эовлон
Ухаарсан алдаа минь хүртэл шагнал.
Надад байгаа бүхэн миний шагнал
Надад илүү шагнал хэрэггүй ээ!
Харин
Амраг ханийг минь
Ачдаа дуулах бүүвэйн дуугаар шагна
Дүн өвлийн нүдгүй шуурганаар малын захад
Дуугаа хөлдтөл гуугалж яваа эцгийг минь
Нараар шагна!
Дун цагаан үс нь
Намрын салхинд хийсэж
Дуутын шаргал хөтөл дээр
Намайг харуулдаж зогсоо
Ижийг минь
Мөнхийн усаар шагна!
Дайны айдсаар түгшиж яваа
Дэлхийг минь
Энх амгалангаар шагна!
Шагна!
Post a Comment