Монгол хэл

Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ,
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!
Урдын бэрх цагт улс Монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригий мину сэргээсэн,
Өөдлөн дэгжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн,
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл!
Мөрөн гол цутгалант, ширгэшгүй их далай мэт,
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч,
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт,
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл минь!
Өсөх наснаас өтлөх насан хүртэл чам юугаан судлан
Өдөр бүр үгсийн эрдэний чинь баярлан түүнэм.
Түмэн түмэн үеийн оюун билгийн үлэмж сангийн үүдий чинь
Түлхэх бүр сэтгэл сэргэн, магнайн үрчлээ тэнийнэм!
Түгшүүрт бэрхийг даван туулсан баатар түмний минь
Түвшнээ соёл эрдэнэ юүгээр мандуулахын гэгээн улирал нээгдсэнд
Сэлбэлгүй сэцэн оюутан, хэл юүгээн энхрийлэн хөгжүүлью хэмээн
Сэтгэл урмас бадран бахдамуу, үсэн буурал өтгөс би!
Хутаг өлзий бүрдсэн хувь их заяат түмний минь
Хурц авьяаст хөвүүд дүү нар, халуун элэгтэйн хотлоор
Эгшиг сайхан монгол хэл юүгээн нэн хайрлан дээдлэж,
Энхрийлэн бадруулахын бат зориг төгс юутай сайхан
Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ,
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!

Хөх хот. 1957 оны есдүгээр сарын 17

0 comments:

Хайвал олно

Loading...

Архив