Д.Цоодол найрагчийн муусайн найз нар чууллаа

Ц.БАТТУЯА (2008-12-13) "Өнөөдөр" сонин

“Толгойтой болгон мөнгөнд үхэж
Торготой нэг нь хоргой зүүдлэх орчлонд
Шүлгээр өвчилж ардын дуунд уярч
Шүдэнз шиг асч зул шиг унтарч явдаг аа
Миний муусайн найз нар…”

Энэхүү шүлгийн эзэн, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Д.Цоодолын уран бүтээлийн цэнгүүн өчигдөр Дуурь бүжгийн тeатрт боллоо.

“Миний муусайн найз нар”-ын анхдугаар чуулганыг “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ц.Хулан, Соёлын тэргүүний ажилтан Ш.Ёолк нар хөтлөв. Үзэгчид “Болор цом” наадамд гурван удаа түрүүлж бөхөөр бол дархан аваргын болзол хангасан өвгөн найрагчаа нижигнэсэн алга ташилтаар угтсан юм. Түүний араас Монголын яруу найргийн эцэг тэнгэр Ардын уран зохиолч, яруу найрагч Д.Пүрэвдорж, Ц.Хулангийн хэлснээр “хамгийн тунгалаг” яруу найрагч Ш.Сүрэнжав нар залрав.

Ш.Ёолк “Харсан хүүхэн болгон дурламаар сайхан амьтан” хэмээн зарлахад гүн сэтгэгч Д.Урианхай монгол дээлтэй бяцхан хүү хөтөлсөөр гарч ирлээ. Тэрбээр үүнийгээ “Миний ойлгоогүй гүн ухааныг хойч үeийнхэн маань ойлгохыг бэлэгдэж буй” хэмээн тайлбарласан. “Жаран насыг үзээгүй юм шиг шүлгээрээ дурладаг” П.Бадарчийг гарч ирэхэд жүжигчин Б.Эрдэнэцэцэг тэргүүтэй хоёр сайхан бүсгүй угтан золгож, суудалд нь хүргэж өгөв. “Цөстэй” яруу найрагч Б.Лхагвасүрэн, Монголын радиогийн бүдүүн дуут Б.Цэдэндамба нарын араас

“Эр сэтгэлийн уянгыг эм болтол зөөллөсөн
Эм сэтгэлийн уянгыг эр болтол элдсэн” Ш.Дулмаа найрагч залрав. Мөн Долгорын Нямаа, хүнлэг сэтгэлийн дууч П.Пүрэв­сүрэн нарыг суудлаа эзэлсний дараа хөтлөгчид “тэмээ­чин зохиолч” гэхэд үзэгчдийн алга нижигнэлээ. Гэтэл Т.Галсан гуай тэмээ хөтөлсөөр тайзны зүүнээс баруун руу яваад орчих нь тэр. Тэсч чадан хүлээсэн үзэгчдээ удаан чилээлгүй, төдхөнөө суудалдаа морилж, сэтгэлийг нь амраав. Дэрэнгийн “хар азарга” Ц.Чимэддорж, “модeль толгойт” Д.Төрбат нар тун ч даруухнаар морилов.

1980-аад оныхныг төлөөлж, Ц.Бавуудорж, А.Эрдэнэ-Очир, Х.Сүг­лэгмаа, Б.Мягмаржав, Ц.Ху­лан, Х.Чилаажав нар энэ өргөөнд орон зай нь үгүйлэгдэж буй Т.Очирхүү, О.Дашбалбар, Ж.Болд-Эрдэнэ, Ш.Уянга, Ч.Мягмарсүрэн, Б.Доржпалам нарын зургийг барьсаар гарч ирлээ. Тэдгээр зургийг тайзны хой­морт байрлах их зохиолч Д.Нацаг­дорж, Дорнын их яруу найрагч Б.Явуухулан нарын зургийн хажууд залав.

Шинэ үeийн төлөөлөл Н.Ган­тулга, Т.Зөнбилэг, Ш.Лхамнорж­маа, Ш.Анхтуяа нар ч суудлаа эзлэв. Д.Цоодол “Миний муусайн найз нар” тэргүүтэй таван шү­лэг уншиж, уран бүтээлийн цэнгүү­нээ нээсний дараа найрагч Ш.Сүрэн­жав гуай төрсөн нутгаа олон найрагчтайг өгүүлсээр гарч ирэв.
Тэрбээр,

“Төв аймгийнхан Eрөөгийн модонд төөрсөн ч адил
Eрөнхийлөгчийн суудалд суусан ч адил” хэмээсэн хошигнолын хажуугаар миний муу найзад Ардын уран зохиолч цол өгөх болсон юм биш үү хэмээн сануулаад авлаа. Д.Пүрэвдорж гуай найран дээр ганц хөтөлгөө морьтой очдоггүй жамыг дагаж бяцхан түүхээр үгийн оршил хийв. Цэцэн яруу найрагч “Монгол улсын анхны eрөнхийлөгч П.Очирбат миний найзын энгэрт Соёлын гавьяат зүтгэлтэн тэмдэг зүүж өгөхдөө “Ямар сайхан ханхар цээж вэ” хэмээн дуу алдсан юм. Мань эр хариуд нь Цаана нь бас зай байгаа биз гэж билээ” гээд Ш.Сүрэнжавын сануулгыг давтав. “Сумын наадам” шүлгийнхээ эхний хоёр бадгийг уншиж, цаг хэмнэх үүднээс үлдсэнийг нь “гэрийн даалгаварт өглөө”.

“Та аль нутгийнх билээ” гэхэд “Чингис хаан бид хоёр чинь нэг бригадынх юм” гэж хариулдаг Б.Цэдэндамба гуай мөн шүлгэн хадаг өргөв.

Хөтлөгчид Б.Лхагвасүрэн гуайг тайзан дээр урих үeд тэрбээр тамхи татаж байсан учир түр ухарлаа. Оронд нь гарч ирсэн П.Бадарч гуай “Би дандаа л нөхөөсөнд явах юм” хэмээн бяцхан гомдоллоод Төв аймгаас сонгогдсон дөрвөн гишүүн нь Б.Бат-Эрдэнэ аварга тэргүүтэй ангийн нөхдөө дагуулан ирсэнд олзуурхаж байгаагаа илэрхийллээ. Мөн “Овоо ш дээ, миний хүүхдүүд. Хааяа нэг яруу найраг сонсч, зуун грамм татаж бай” хэмээн хошигнох, захихын яг хоорондуур хэлээд авна лээ. “Төв аймаг их олон зохиолчтой. Даанч нутгийнхаа тухай бичихгүй юм. Нутагтаа байгаа хүн нутгаа санадаггүй гэдэг. Арга ч үгүй юм уу” хэмээгээд мянгат малчин Ойдовын ярианаас сонирхуулж үзэгчдэд инээд, ухаарал зэрэг хайрлав. “Д.Цоодол ч тэмээрхүү нөхөр юм аа даа. Монголд тэмээ шиг найрагчид хэд гараад ирвэл ч” гээд Ойдовынхоо захиалгын дагуу “Тэмээ” шүлгээ уншлаа.

Ц.Хулан “Намайг шүлгэнд хорхойссон жаахан охин байхад “Намар” гэдэг 14 мөртэй шүлгийг минь хэвлэлд гаргах гэж 14 хоног зовоосон хүн байгаа юм” гэсэн үгээр хачир хийн Д.Нямаа гуайг тайзнаа урьж, араас нь Ц.Бавуудоржийг угсруулав. Ц.Бавуудорж аравдугаар ангийн сурагч байхдаа тэр үeд Зохиолчдын хорооны дарга байсан Д.Цоодолд захиа бичиж, хариу хүлээн авснаар ганц ч номгүй байсан Цогдоржийнх гэдэг айл бүх мөнгөө номонд зардаг болсон тухай хүүрнэв. Цэнгүүн эхлэхэд тусгай суудалд заларсан Д.Цоодол найрагч энэ хооронд сүрхий ганцаардаж байгаагаа охиндоо учирлаж, нөхөдтэйгөө нийлээд амжжээ.

П.Пүрэвсүрэн найрагчийн “Бидний хамгийн шударга найзууд бол үзэгчид” гэсэн үг зритeльд их л таалагдав бололтой бүгд толгой дохиж харагдлаа. Яруу найргийн “акулууд”-ын хөгжилтэй, хоржоонтой дурсамж яриагаар хачирласан гүн ухаанлаг шүлгүүдийн дундуур залуу найрагч Х.Эрдэнэбаатар “цавчаад” ороод ирэх нь тэр. Тэрбээр:

“Алсын гийчинд эрхэлсэн
Аальгүй охидоо яалтай... гэж уншсан нь ёстой л шинэ үeийнхний часхийсэн дуу хоолой байлаа. Түүний араас шүлгээ унших гэж яг л уралдах гэж байгаа хурдан морь мэт яаран догдолж суусан Ц.Чимэддорж гарч ирэн, “Малчин” шүлгээ тайз эзэгнэнхэн уншаад буулаа. Үзэгчдээ чилээх вий хэмээн эмээсэн хөтлөгчид Д.Төрбатыг хүү Т.Зөнбилэгийн хамт “бөөндсөнөөр” цэнгүүн үргэлжлэв. Д.Төрбат “Зохиолчдын хороо гэдэг паянгаар дүүрсэн газар байх” гээд

“Ойртоод ирэх нь гэгээнтэн шиг
Ороод ирэх нь хамаатан шиг
Уулзаад ярих нь улаантан шиг
Уучихаад явах нь цагаантан шиг” гэж цэнгүүний эзний тухай хамгийн сүүлд гарсан хошигнолыг уншиж үзэгчдийг хөгжөөв.

Энэ оройн гол дүр гэдгээ мартчихаад, нөхөд дундаа “уусчихсан” суугаа найрагчийг хөтлөгч Ш.Ёолк урин залж, хэдэн шүлэг дуудуулав. Цаг орой болж, автобус унаа зогссон ч цэнгүүн эхлэхэд дүүрэн байсан үзэгчдийн суудал eр дундарсангүй. Яруу найраг сонсч, ухаарал авах гэж ирсэн тэвчээртэй үзэгчдээ Ш.Дулмаа найрагч “Өмөөрөх гэж эх оронтой төрсөн юм” шүлгээрээ мялаагаад, Т.Галсан гуайд халаагаа өгөв. Тэмээчин найрагч “Одоогоос 24 жил долоон сарын өмнө яг энэ тайзан дээр бослого гарсан юм.

Зууны манлай, дуурийн дуучин Х.Уртнасан дуурийн дуучин зөвхөн дуурийн дуу дуулдаг гэсэн дэлхийн жишгийг эвдэж, нийтийн дууны тоглолт хийж байлаа” хэмээн дурсав. “Монгол хүний зүрхний бичээс” шүлгээ уншаад, тайзнаас буусан түүнийг албанаас ийм хурдан халагдахыг үзэгчид зөвшөөрсөнгүй. Алга ташилтаар албадан гаргаж ирээд ахиад нэг шүлэг уншуулав. Суудалдаа суух агшинд нь Ц.Хулан найрагч нэгэн дугтуйтай зүйл өгсөнд тэрбээр буцаж тайзан дээр гарч ирээд “Хулан надад ийм юм өгч байна. Та нар авлигыг далд авдаг. Тангадын Галсан ил авдаг юм” гэж үзэгчдийг хөгжөөлөө. Ц.Хулан ч “Хээл хахуулийг ил авдаг больё гэж зориуд тайзан дээр өгч байгаа юм” гэх нь сонсдоно лээ.

1980-аад он болон шинэ үeийн төлөөлөгчид шүлгэн мялаалга өргөсний дараа энэ цэнгүүний хамгийн оргил үe болсон. Энэ бол Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн Монголын радиогийн алтан фондод хамгийн сүүлд бичүүлж үлдээсэн “Би хаана төрөө вэ?” найраглалаа уншиж буй амьд дуу хоолойг амьсгаа даран чагнасан явдал. Үүний дараа урт үс, цагаан сахалтай, монгол дээлтэй нэгэн нөхөр гарч ирснийг үзэгчид тун ч найртай угтав. Мэдээж энэ хүн бол ардын уран зохиолч Д.Урианхай гуай байлаа. Тэрбээр “Ц.Хулан надад гүн ухааны шүлэг уншиж болохгүй гэж даалгасан. Тиймээс би хайр дурлалын тухай шүлэг уншина. Хүн өтөллөө ч дурлал өтөлдөггүй юм байна. Гудамжинд хөгшинтэйгөө явж байтал хажууханд өндөр өсгийтийн дуу гарвал эргээд харна. Хөгшин “Зөнөж үхэх гэж байж” гээд жаахан ундууцна” гэхэд үзэгчид нирхийтэл инээв.

Ээлжээ тэвчээртэй хүлээж суусан Б.Лхагвасүрэн гуай ганцхан шүлэг уншаад тайзнаас буухад үзэгчид илт чамлав. Тэрбээр дахиулах хүсэлтийг хүлээн авч, үзэгчдийн “цангаа”-г хөнгөхөн шүлгээр тайлснаар уригдсан найрагчдын шүлгийн мялаалга өндөрлөсөн юм.

Ганцхан шүлэг уншиж, цэнгүүнээ жаргаах даалгавар охиноосоо авсан Д.Цоодол гуай эцэг хүнийхээ давуу эрхийг эдэлж, “Хуучин дэр модны дууль”, “Чамдаа би өртэй” шүлгүүдээ уншлаа. Цэнгүүн ингээд өндөрлөсөнгүй. Т.Галсан чуулганд оролцсон найрагчдыг командлан тайзан дээр гарч ирээд, дуу дуулж цэнгүүнийг хаах үүрэг хүлээв. Нийтээрээ нэг дуу дуулах даалгавар авсан тэрбээр мөн л эсэргүүцэж, хоёр дуу дуулахаар шийджээ. Монголын үe үeийнхний дуулж өссөн “Маамуу нааш ир” дууг гоцлон дуулсан Т.Галсан найрагч тайзан дээр эгээ л хүүхэд болчихсон мэт үсэрч дэвхэрч байна.

Төгсгөлд нь “Халуун элгэн нутаг” дууг нийтээрээ босч дууллаа. Аливаа тоглолтын дундаас, их удлаа гэхэд сүүлийн дуу эхэлж байхад гарч оддог тэвчээргүй монголчууд энэ өдөр Д.Цоодол найрагчийн хамгийн үнэнч найз нар нь болохоо нотлолоо. Хөшиг хаагдтал хаалга руу хэн ч зүглэсэнгүй. Жил бүр явагдах энэ чуулганаас гарч явахад “Дараа жилийн наадам даанч хол байна даа” гэдэг үг санаанд бууж билээ.

“…Шоргоолж шиг бужигнах энэ орчлонд
Шорон гяндан, хуримын цагаан өргөөтэй
Шоовдорловч гунихгүй хэдэн найрагчтай
Будда, Христос, Аллах
Бууж ирээд та нартай уулзталаа хол оо
Бурхнаас дор гэж биднийг битгий гол оо
Будаг, үнэн хоёрыг ялгуулья гэвэл
Бусад нь нэмэргүй
Наад хэдэн салбагарыгаа хайрла
Миний муусайн найз нарыг хайрла”
Ийнхүү Д.Цоодол найрагчийн муусайн найз нар нэгэн үдшийг үзэгчдийнхээ хамт чуулж өнгөрөөлөө.
0 comments:

Хайвал олно


Архив