П.Хорлоо. Би бол ёстой цагаа олж төрсөн хvн

Х.СЭРГЭЛЭН (2005-07-16) "Өнөөдөр" сонин

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар саяхан “академич хэргэм” хvртсэн, буурлуудын нэг бол доктор П.Хорлоо. Төрийн соёрхолт, хvvхдийн зохиолч П.Хорлоо гуайн “Алт мөнгө хоёр” өгvvллэг, “Адъяахvv найраглал”-ыг нь дунд сургуулийн сурагч байхдаа уншиж байснаас бус зохиогч нь ямар хvн болохыг тэр бvр сонирхож байгаагvй. Монголын орчин цагийн утга зохиолын амьд гэрч болсон энэ эрдэмт бууралтай Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд тааралдсанаар ярилцах завшаан тохиосон юм.

-Хорлоо гуай, нас сvvдэр хэд хvрч байна?
-Энэ жил 87-той.

-Анх утга зохиолд хөл тавьсан тvvхээсээ ярьж өгөөч?
-За, би 1931 онд анх Багшийн сургуульд ирж байлаа. Тэр vед уран зохиолоор оролддог эрдэм ухаантай багш нар биднийг угтаж авсан даа. Тэдний дунд “Үхэрчин хvv”-г зохиодог Б.Доржсvрэн, “Гурван найз” кино зохиолыг бичсэн Т.Нацагдорж гэх зэрэг мундагчууд байлаа. Тэд маань тухайн vеийнхээ авьяастай хvvхдvvдийг цуглуулаад Багшийн сургуулийн дэргэд уран зохиолын бvлгэм байгуулсан. Тэр бvлгэмд Д.Сэнгээ, Д.Даржаа, М.Чимид, Ц.Зандраабайды гээд Монголын алдартай том зохиолч, яруу найрагч болж тvvхэнд vлдсэн хvvхдvvдтэй хамт сурч байлаа шvv дээ. Тэднийхээ дунд би хөдөөнөөс ирсэн арай бvрэг, дуугvй нь байсан.

-Хvvхдvvдэд багш нар нь их vлгэр дуурайл болдог байсан vе биз дээ?
-Тэгэлгvй яахав. Манай хоёр багш Германд сургууль төгсөөд ирсэн, өмссөн зvvсэн нь их дэгжин, ер нь бол европ соёлыг бvрэн эзэмшсэн сайхан залуус байлаа. Тэд чинь европ дахины болоод Германы их гоё гоё хувцас өмснө. Бид нар бол зангиа зvvнэ барина гэж мэддэг ч vгvй байхад багш нар маань их гоё хослол, зангиа зvvж явна. Энэ байдал нь бидний нvд, сэтгэлийг булааж бушуухан л том болоод уран зохиол мэддэг, тэдэн шиг олны хараа булаасан хvн болохсон гэсэн хvсэл төрvvлсэн дээ.

Манай утга зохиолын бvлгэмийн багш нар тэр vеийн нэртэй бичгийн хvмvvстэй их холбоотой байдаг байсан. Тэд нар манай бvлгэмийг Бөмбөгөр ногооны дэргэдэх Монголын зохиолчдын анхны бvлгэмтэй холбож өгсөн. Тэр бvлгэмд манай утга зохиолыг vндэслэгч С.Буяннэмэх, “Гурван найз”, “Залуу хос” гэдэг зохиолыг бичсэн М.Ядамсvрэн, “Шөнийн буг” жvжиг бичсэн Ши.Аюуш, Дашдоржийн Нацагдорж гээд алдартай хvмvvс суудаг байлаа шvv дээ.

1934 онд буюу бидний уран зохиол оролдож эхэлж байх тэр vед “Монгол vндэсний соёлын зам” нэртэй сэтгvvл гарч эхэлсэн. Энэ сэтгvvлийн хоёр дахь дугаарт миний “Гар урлал” нэртэй шvлэг анх хэвлэгдсэн байсан. Тэгээд “Залгамжлагч” сэтгvvлд “Пионер” гэдэг шvлэг маань мөн хэвлэгдсэн. Эндээс л Хорлоо гэдэг хvний утга зохиолын амьдрал эхэлсэн дээ. Нэг удаа Д.Нацагдорж манай сургууль дээр ирж уулзалт хийсэн юм. Тэр уулзалт надад заавал зохиолч болно гэдэг хvслийг vлдээсэн. Их ч сэтгэгдэл төрvvлсэн. Д.Нацагдорж бол маш их боловсролтой, соёлтой, юм vзэж, нvд тайлсан, нэг тийм гоё хvн байлаа шvv дээ.

-Тэгэхээр та чинь орчин цагийн утга зохиолын vvх тvvхийг биеэрээ гэрчлэх хvн байна шvv дээ?
-Тийм ээ. Би гэдэг хvн энэ яваа насандаа их ч юм vзэж, тууллаа. Ялангуяа Дашдоржийн Нацагдорж гэдэг хvнийг амьдаар нь харж, дуу хоолойг нь сонсож, дуурайж, vлгэрлэж байснаараа их бахархдаг.
Их зохиолч маань тэгэхэд 30-аад настай л байсан байх. За байз, 1934-1935 оны vед шvv дээ, тэр чинь. Би бол 16 настай байсан. Өнөөдөр надаас өөр ийм дурсамж хэлэх хvн бараг vгvй болоо биз дээ.

-Багшийн сургуулиа дvvргээд хаана багшлав?
-1934 онд би Ховдод багшаар очсон юм. Манхан сумын анхны сургуулийг байгуулж байлаа. Гурван гэр бариад л 32 хvvхэд цуглуусан. Анхны юм болохоор ч тэр vv хvvхдvvдээ хvртэл багш нь явж цуглуулдаг цаг байлаа шvv дээ. Тэгж багшилж байхдаа С.Буяннэмэх, М.Ядамсvрэнтэй захиагаар харилцдаг байсан. Утга зохиолынхонтойгоо тасралтгvй харилцаатай байсан учраас сургуульдаа мөн л утга зохиолын бvлгэм байгуулан хичээллvvлсэн.

Хожим тэр бvлгэмээс нөгөө “Сvvний vнэр шингэсэн, сэвлэг даахьтай байхад минь, дууны сайхан эгшгээрээ бөн бөн бvvвэйлсэн ээжий” гэдэг дууг зохиосон А.Дандий-Ядам төрсөн дөө. 13 хvvхдээс минь төрсөн ганц уран зохиолч нь тэр хvv байлаа даа. Гэхдээ багш хvнд ганц шавь ганцдахгvй шvv. Ямар ч байсан зорьсон хэрэг бvтлээ л гэсэн vг.

-Шинэ vеийн утга зохиол хvмvvсийг огт өөрөөр хvмvvжvvлж эхэлсэн цаг. Тэгэхээр тэр чиглэлийн уран зохиолын ном ховор байсан уу?
-Тухайн цаг vедээ хамгийн том зохиолчид бол Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Ши.Аюуш, Т.Нацагдорж нар байлаа. Нэг сайхан юм бол хvvхдvvд уран зохиолын номыг ёстой нэг мөлжих мэт уншдаг байсан. Ном ховор болохоор шинээр гарсан зохиолуудыг бvр эрж, сурч уншина. М.Ядамсvрэнгийн ”Гурван хvvхэн”, “Залуу хос” ном тэгэхэд уйгаржин монголоор хэвлэгдсэн юм. Залуучууд зохиолоор нь бараг л амьдарч байх шиг санагдсан. Одоо хvртэл зохиолын гол баатар залуу хосын уулздаг байсан “Үл шоолох өнчин улиасны дор” хэмээх мөрvvд надад тодхон санагдаж байна.

За тэгээд, С.Буяннэмэхийн “Малчин товуудай”, Д.Нацагдоржийн “Үзэгдээгvй юм”, “Хөдөө талын vзэсгэлэн” зэрэг зохиолыг уншихсан гэсэн хvн их олон байсан. Одоо бодоход тухай vеийнхээ л хит зохиолууд байж дээ.

-Утга зохиолын урсгал чиглэл нь ямархуу байсан бэ? Биднийг бага байхад энэ талаар уран зохиол дээр их л заадаг байсан. Гэхдээ vзэж харсан хvнийх нь амнаас сонсмоор байна л даа?
-1921 оны хувьсгал ялахаас өмнө утга зохиолын бvлгэм, энээ тэрээ гэх зvйл байгаагvй. Харин ном бол байсан. Гэхдээ дандаа хуучин бичгээр хэвлэгдсэн ном шvv дээ. 1929 оноос л анхны утга зохиолын бvлгэм байгуулагдаж байлаа. Тэр vеийн зохиолчид М.Горькийтой захидлаар харилцдаг байсан юм шvv. Монголын утга зохиолынхонд байнга захидаг М.Горькийн нэг захиас байдаг.

Энд би бvрэн эхээр нь хэлье л дээ. “Амьдралыг бодитой, vнэн байдлаар харж, идэвхтэй зарчмыг баримтал” гэсэн захиасыг тэрээр бидэнд сургаж байсан. Өөрөөр хэлбэл шинэ хувьсгал гарч байгаа улс орны зохиолчид цаг ямагт амьдралыг vнэн бодит байдлаар нь харж, тvvгээрээ зохиол бvтээлээ туурвиж байхын чухлыг л ойлгуулах гэсэн санаа юм. Тиймээс бидний утга зохиол оролдож эхэлж байсан тэр vе бол бодит реализмын аргаар ард тvмнийг хvмvvжvvлж байсан vе.

-Тэгвэл сэдвийн хувьд?
-Дөнгөж л хувьсгал ялсан орон гэдэг ямархуу байх билээ, төсөөлж байна уу? Бидний өмнө хамгийн тvрvvнд тусгаар тогтносон улсаа бусад улс оронд таниулах, тvvнийгээ хамгаалах гэсэн том асуудал тулгарсан. Ард тvмнээ, хойч vеэ эх орондоо хайртай болгох нь бидний бичих сэдвийн гол тулгуур нь байлаа.

Тийм учраас эх орны тухай магтаалын шvлгvvд зонхилж ирсэн. Гэхдээ тэр бол маш чухал сэдэв шvv. Одоо тийм сэдэв нэг vеэ бодоход бас ч цөөнгvй төрөх болжээ. Ер нь чухал хэрэгцээтэй байгаа зvйлээ л утга зохиол өөрөө бичиж vлдээдэг юм шvv дээ.

-Таны өнгөрvvлсэн амьдралын утга учир юу байсан бэ?
-Би 1917 онд буюу Октябрийн их хувьсгалын жил төрсөн хvн. Намайг гурван настай байхад буюу 1921 онд Монголд хувьсгал гарч тусгаар тогтносон улс болсон. Тэгээд ардчилсан хувьсгалыг биеэрээ vзэж, эх орон маань хэрхэн өөрчлөгдөж, өдрөөс өдөрт хөгжин цэцэглэж байгааг харж байна. Тиймээс би бол ёстой цагаа олж төрсөн хvн. Бага байхдаа лам болох гэж vзсэн. Тэгээд тvvнээсээ оргож, мал маллаж байгаад 10 настайдаа танхимд /сургуульд/ орж, бичиг vсэгт тайлагдсан.

Миний наяад жилийн тvvх бол тэр чигээрээ ардын сургуулиас надад олгосон бэлэг. Сургууль миний амьдралын алхам тутамд шинэ алхам, шинэ нийгэм, шинэ амьдралыг нээж өгсөн. Чи бодоод vз л дээ, Улаанбаатарт анх ирээд л би нисэх онгоц, авто машиныг vзэж байлаа. Машин замыг л харж байснаас бус тэр хvчирхэг техникийг олж vзээгvй л байсан. Гэрэл, чийдэнг мөн л их нийслэлдээ ирж байж мэдсэн. Юм vзэж, нvд тайлна гэдэг эрдэм ухааныг улам л хөгжvvлдэг. Бага, дунд болон Багшийн сургууль дvvргэсэн найман жил бол миний амьдралд эрдмийн гэрлийг асааж өгсөн он жилvvд байлаа. Тэр гэрлээр л газарчлуулсаар би өнөөдөртэй золгосон.

-Хvvхдийн зохиол бичдэг болсон тухайгаа сонирхуулаач?
-Анх багш болоод самбарын өмнө зогсож байхад шинэ хvvхдийн амьдрал нvдэнд харагдаж байлаа. Тэгэхэд л би тэдний амьдралд нөлөөлөх чухал хvн гэдгээ ойлгосон. Шинэ хvvхэд гэснийг ойлгов уу? Шинэ цаг vе, шинэ ахуй нөхцөл, шинэ vзэл бодлоор цэнэглvvлэх учиртай шинэ улсын хvvхэд нас тэр чигээрээ намайг ширтээд зогсож байлаа шvv дээ.

Хvvхдийн амьдрал, тэдний гэнэ сэрэггvй дvрэлзэх хар нvд, цагаан сэтгэл ямар сайхан гээч. Хvvхдийн дотоод ертөнц гэдэг надад олдошгvй эрдэнэ байлаа. Ийм учраас л би хvvхдийн зохиол бичсэн. Одоо би хvvхдийн зохиолч гэдгээ хаа ч хэлнэ. Ингэж намайг нvvр бардам дуугаргаж байгаа зvйл бол миний бичсэн 30-аад ном. Туульс, өгvvлэл, найруулал, тууж, роман, кино гээд бvхий л төрлөөр би бичсэн.

2000 онд “Алт, мөнгө хоёр” өгvvллэг, “Адъяахvv” найраглал, “Говийн хvv” туужаар минь надад Монгол Улсын Төрийн шагнал өгсөн. Тэрнээс өмнө би хvvхдийн зохиол бичдэг байснаас бус “Би хvvхдийн зохиолч” гэж ярьж байгаагvй. Харин төр намайг vнэлсэн өдрөөс эхлэн хvvхдийн зохиолч гэдгээ өөрөө ч хvлээн зөвшөөрч эхэлсэн. Ерөнхийлөгч Н.Багабанди шагнал гардуулахдаа “Танд хожуу ч гэсэн шагнал өгч байгаадаа баяртай байна. Таны бvтээл тvмэн хvvхдийг хvмvvжvvлэхэд vнэтэй хувь нэмэр оруулсан” гэж хэлсэн. Энэ vг надад шагналд ирдэг медалиас ч vнэтэй байлаа.

-Хvvхдvvд ном унших нь цөөрчээ. Харин та зохиол бичиж байна уу?
-Та нарын vед бол хvvхдvvд их уншдаг байсан. Одоо бол байхгvй ээ. Ардчиллаас ч болов уу, техник, шинжлэх ухаан хөгжих тусам мэдээллийг бэлнээр хvлээж авах сонирхол нэмэгдэж байх шиг. Гэлээ гээд сурч, мэдэх нь муудчихав уу гэж хэлэхэд бас бэрх. Гэхдээ утга зохиол гэдэг зөвхөн мэдээлэл өгдөг зvйл биш.

Бие хvнийг төлөвшvvлэхэд онцгой vvрэгтэй урлаг гэдгийг эцэг эхчvvд, хvvхдvvд анхаарч, техник технологи, урлаг, уран бvтээлийг зөв ашиглаж сурах хэрэгтэй. Би саяхан хvvхдийн байгууллагын 80 жилээр дурсамжийн хvндэт дэвтэрт “Номыг уншихад тэрээр харанхуйг гэрэлтvvлж, гэгээрснийг гийгvvлж өгдөг” гэсэн vг бичиж vлдээсэн. Энэ vг одоо биш ч гэсэн хожим их зvйлийг өгvvлэх биз ээ.

-Та Чөлөөт зохиолчдын эвлэлийг анх байгуулалцсан хvний нэг. Зохиолчид ингэж тарж бутрах ямар хэрэгтэй байсан юм бэ?
-Тэр vед бидний хооронд vзэл бодлын зөрчил гарч ирсэн. Зохиолоо бичээд л гэмгvй явж байдаг нэг хэсэг байтал өөртөө талтайг нь дэмжээд талгvй нэгнийгээ цааш тvлхдэг өөр нэг хэсэг гараад ирсэн. Тиймээс энэ байдлыг хvлээж аваагvй бидний хэсэг нөхөд өрх тусгаарласан нь тэр.

М.Чимид, Ж.Пvрэв, Г.Дашбалбар, Ш.Сvрэнжав, Ш.Гаадамба бид хэд хэлэлцэн тохироод энэ байгууллагыг vvсгэсэн юм. Ингэхээс ч өөр арга байгаагvй. Зохиолчдын нэр хvнд их унасан. Сав л хийвэл архидна. Тэр ч бvv хэл зохиолчид сонинд бvтээл бичих ажлаа “Пиво бичнэ“ гээд нэрлэчихсэн байлаа шvv дээ. Яахав, юм бичээд хэд гурван төгрөг авахаа хэлж байхгvй юv. Иймэрхvv доголдол биднийг холдуулахад хvргэсэн.

-Таныг зөвхөн хvvхдийн зохиолч гэдгээр нь бус эрдэмтэн, доктор гэдгээр чинь мэдэх хvн цөөнгvй. Их сонин сэдвээр судалгаа хийдэг гэж дуулсан юм байна?
-Сая олгодог тэр академич хэргэмийг аль 1964 онд хvртэж байлаа шvv дээ. Үvнийг л сая Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталгаажуулан “Академич хэргэм” болгосон нь тэр. Ер нь бол миний бас нэг гол мэргэжил бол энэ эрдмийн ажил.

1958 онд “Монгол ардын аман vлгэр” сэдвээр Оросын Дорно дахины институтэд дэд доктор, дараа нь “Монгол ардын дууны яруу найраг”-аар доктор цол хамгаалсан. Ардын аман зохиол гэдэг хэчнээн эртний тvvхтэй бvтээл гэдгийг өдгөө мэдэж, сонирхох хvн ховор болж. Бvр бичгийн утга зохиол vvсэхээс өмнө аман зохиол vvссэн гээд бодохоор анхаарч судлахгvй байхын аргагvй том урлаг байгаа биз дээ.

Ардын аман зохиол гэдэг ард тvмний тvvх юм.
Тиймээс л өнөөг хvртэл гадаад, дотоодынхон ардын аман зохиолыг маань судалж сурвалжлах нь элбэг болжээ. Цаг хугацаа цаг vргэлж аливааг эсрэгцvvлэн тавьдаг жамтай. Одоохондоо мартагдах шахаад байгаа ардын аман зохиол хэзээ нэгэн цагт vнэ цэнээ тодотгоно. Тэр vед л бидний хувьд аман зохиол болон он жилvvдийн тухай хvvрнэн суусан Хорлоо гуайг тодоор дурсах биз ээ.

0 comments:

Хайвал олно


Архив