З.Тvмэнжаргал: Гурван настай хvvхэд гунигт дурлалын дуу дуулж зогсох нь харамсалтай биш vv

А.БААСАНДОРЖ (2006-09-19) "Өнөөдөр" сонин

Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн бус байгууллага хариуцсан зөвлөх, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч, зохиолч З.Тvмэнжаргалтай манай сурвалжлагч уулзаж доорх яриаг өрнvvлжээ.

-Дэлхийн яруу найрагчдын XXVI их хурал саяхан болж өнгөрлөө. Энэ хурлын vеэр өөрийг тань томоохон шагнал авсан гэж сонинд мэдээлсэн харагдсан. Ямар утга учиртай шагнал гардав аа? Эндээс хоёулаа ярилцлагаа эхэлбэл ямар вэ?
-Тэгье. Миний нэг vеийн яруу найрагч Г.Мэнд-Ооёо дэлхийн яруу найрагчдын их хурлыг сайхан зохион байгууллаа. Г.Мэнд-Ооёо бид хоёр Багшийн техникумын утга зохиолын дугуйланд хамт явдаг байлаа. Утга зохиолд хамтдаа орж ирсэн хоёр.

Саяын их хурлын төгсгөлд ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит “Алтан дигбаранз” гэдэг яруу найргийн наадам болсон. Тэр vеэр Нvvдлийн соёл иргэншлийн олон улсын төв гэдэг байгууллагаас Б.Явуухулангийн нэрэмжит шагналаар намайг шагналаа. Гэхдээ би ганцаараа аваагvй. Г.Мэнд-Ооёотойгоо хамт гардаж авлаа. Бас л сонин тохиолдол. Бид хоёр чинь хоёулаа Явуу багшийн гарын шавь нь байсан юм. Тийм болохоор шагналд дуртайдаа бус, маш их бэлгэшээж хvлээж авлаа. Юм гэж vнэхээр учиртай байх юм. Нэгэн цагт Явуугийн шавь гээд харайж явсан хоёр хvн нэг өдөр тэр аугаа хvний нэрэмжит шагналыг хvртэх юм гэж төсөөлж явсангvй. Тэр шагналыг “Алтан эрдэнийн очир” гэдэг одон бас дагалддаг юм байна. Энэ шагналыг өмнө нь яруу найрагч Д.Нямсvрэн, хөгжмийн зохиолч Ц.Чинзориг, Х.Билэгжаргал нар хvртсэн юм билээ.

-Хол явсан хvнээс vг сонс гэдэг. Та Францын Дорно дахины хэл иргэншлийн их сургуульд багшилж байгаад ирсэн. Гадаадын оюутнуудад хичээл заах хэцvv юм уу. Та ч уг нь багшийн мэргэжилтэй байх аа.
-Хvмvvс ярьдаг даа. Тэр ясны дуучин хvн шvv гэдэг ч юм уу. Тэрэн шиг би ерөөсөө л багш хvн юм билээ. Багшийн чиглэлийн сургууль төгссөн бvхнийг багш гэж хэлж болохгvй. Орчуулагч хvн авьяастай байх ёстой гэдэг шиг багш хvнд мөн л авьяас хэрэгтэй. Долдугаар ангиа төгсөөд Багшийн сургуульд хөгжмийн сонсголын шалгалт өгөөд орох болсон юм. Онц төгссөн хvvхдээс тийм ганц шалгалт аваад л элсvvлж байсан хэрэг. Тэгээд намайг сонсгол гайгvйтэй юм байна гээд хөгжмийн ангид оруулах гэдэг юм. Хөгжмийн анги төгссөн хvvхэд сумын клубийн эрхлэгч л болдог юм байна гэсэн ойлголт надад байсан учраас би vгvй гэсээр байгаад ороогvй. Сургуулиа төгсөөд одоогийн хvмvvсийн хvvхдээ оруулах гэж хөөцөлддөг нэгдvгээр сургуулиас ажлын гараагаа эхэлсэн.

-Нээрээ та нэг удаа ярьж байсан даа. Анх очоод авсан ангид тань Явуугийн хvvхэд байсан гэл vv?
- Тэгсэн. Миний ангид их сонин шавь нар орж ирсэн юм. “Амар гэдэг нэртэй хөөрхөн хvvтэй боллоо” гэсэн Явуу багшийн нэг шvлэг байдаг даа. Тэр шvлгийн эзэн Амар манай ангийн сурагч болдог юм. Бас Чой.Лувсанжав багшийн Өлзийт, төрийн шагналт утга зохиол судлаач Д.Цэндийн Энхбаяр гэсэн хvvхдvvд ороод ирдэг юм. Тэр vед би чинь болсон болоогvй баахан шvлэг бичдэг, дотроо бол өөрийгөө яруу найрагч гээд бодчихсон, 18 настай жаахан хvv байсан болохоор vнэхээр их бэлгэшээсэн.

Тэгээд шавь нараа бас “ашиглаж” эхэлсэн. Хэд хоногийн дараа Чой.Лувсанжав багш дээр хадаг барьж очоод шавь орчихсон. Тэгээд багшийндаа орой болгон очиж, төвд хэл, хуучин бичиг, эртний уран зохиолын хичээл заалгадаг байсан даа. Бас тэгээд зогсохгvй. Тэр vед өдөрт нэлээн олон шvлэг бичдэг байлаа. Тvvнийгээ хоёр хуваагаад Амар, Энхбаяр хоёрт өгөөд аавдаа vзvvлээд санал бодлыг нь бичvvлээд ир гээд явуулчихдаг байлаа. Би ер нь Явуу багш, Д.Цэнд гуай хоёрыг их залхаасан хvн шvv дээ. Бараг өдөр болгон л хvvхэд нь баахан шvлэг барьж очоод байхаар хvн залхалгvй дээ. Тvvнд нь олигтой ч юм ховор байсан биз.

-За ингээд багшийн гараагаа эхэлжээ. Гэхдээ дандаа л багш хийгээд яваагvй юм байгаа биз дээ.
-Дараа нь МУИС төгсөөд тэндээ багшилж vзсэн. “Үнэн” сонинд ажиллаж байхдаа гадаадад явж vзэхийн тулд ТМС-ийн хvvхэд авч Орос руу явья гэсэн санал гаргаад тvvнийхээ төлөөсөнд Ерөөгийн насанд хvрээгvй ялтангуудын колонид багшлахаар явж байлаа. Уг нь Говь-Алтайн Шаргын ТМС-д нэг жил багшлаад ир, тэгээд гадаадад явуулъя гэж тохиролцчихоод нөгөө сайд, дарга нар гэнэт шийдвэрээ өөрчилчихсөн. Тэгээд нэг жил ажиллаад иртэл, чи их сайн ажиллаж байгаа тул дахиад ганц жил сунгачих гэдэг юм. Тэр vед Сэлэнгэ аймгийн даргаар Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж гуай ажиллаж байлаа. Ийм сайн ажиллаж байгаа хvнийг явуулмааргvй байна гээд намайг чинь хөдөө хөхрөөж, гадаа гандаах шахсан. Би ч “тэмцсээр” байгаад Орос руу явсан даа. Тэнд хэдэн жил болж ирээд хэвлэл мэдээллийн байгууллагад нэлээд олон жил ажиллалаа.

-Яаж яваад улс төр рvv ороод ирэв ээ. Талийгаач Л.Энэбиш даргын vед та тvvний зөвлөх байсан байх аа?
-Намайг Л.Энэбиш гуай л энэ саарал ордон руу оруулаад ирсэн юм. УИХ-ын хэвлэл мэдээллийн албаны ажилтан гэсэн албан тушаалтай байлаа. Уг нь дарга “Чи зөвлөх маягаар л ажилламаар байна” гэдэг байсан. Тэр vед УИХ-ын даргад зөвлөхийн орон тоо байгаагvй л дээ. Гурван сар хамт ажилласан. Тэгээд дарга таалал болсон юм. Би 49 хоногийг нь дуустал ажиллаад яваад өгсөн. Тэгээд хэвлэл мэдээлэл, сургалт сурталчилгааны “Нэр төр” гэсэн агентлаг байгуулаад амжилттай сайн ажиллаж байсан даа.
Тэгж байтал УИХ-ын дарга Н.Энхбаяр нэг удаа уулзаад надтай хамтарч ажиллахгvй юу гэсэн. Тэгээд л би ирсэн юм.

-Тэгвэл таны Франц явах асуудал хэдийд шийдэгдсэн бэ? Нэлээд хөөцөлдлөгөө орсон биз. Францад багшлахаар явлаа гэхэд Ерөнхийлөгч юу гэж байх юм?
-Эхлээд намайг Япон руу багшлуулахаар явуулах гэж байсан юм. Гэтэл миний хvндэлдэг доктор Л.Хvрэлбаатарын нэр ороод ирсэн. Тэгээд би жолоогоо татчихсан юм. Удаагvй байтал Парисын дорно дахины хэл иргэншлийн сургуульд багш явуулах асуудал гараад ирсэн. Тэгээд би өрсөлдөж тэнцээд захирал Ж.Легрантай гэрээ байгуулчихсан vед Н.Энхбаяр дарга дуудсан юм. Тэгэхэд би vнэнээ хэлсэн. Гэтэл дарга “Дэлхийн соёлын төв болсон сайхан газар руу явалгvй яахав. Чи яруу найрагч, уран бvтээлч хvн, авгай чинь бас дуучин. Тиймээс хэдэн сар багшилж ирээд ажлаа vргэлжлvvлэх бололцоогоор хангаж өгнө өө” гэсэн юм.

-Дорно дахины хэл иргэншлийн дээд сургууль гэж vнэхээр том газар байгаа биз дээ.
-Тэгэлгvй яахав. Би тус сургуульд Монголоос очиж багшилж байгаа 13 дахь багш юм билээ. 1770-аад оны vед байгуулагдсан, дэлхийн 94 орны хэл заадаг, 20 гаруй мянган оюутантай. Энэ сургуулийн захирлыг Францын Ерөнхийлөгч өөрөө гарын vсэг зурж баталгаажуулдаг гээд бод доо. Жилдээ 20-25 оюутан монгол хэлний ангид элсэж ордог юм байна лээ. Энэ өвөл хичээл заахын хажуугаар “Монгол хэлэнд хvрэх зам” гэдэг ном бичсэн дээ. Оюутнууд маань анх удаа ийм сурах бичигтэй болж байгаа юм.

-Монгол хэлийг бусад хэлтэй харьцуулбал ямархуу тvвшинд сонирхож, vзэж байна вэ? Хорин хэдхэн оюутан гэхээр нэг л чамлалттай санагдаад байх юм.
-Чамлах хэрэггvй юм билээ. Оюутнуудын нэлээн сонирхдог хэлний тоонд ордог юм байна лээ. Бусад оронд бол vvнээс цөөн оюутан монгол хэлийг сонирхдог гэсэн шvv. Монголын соёл иргэншил, унаган байгаль дэлхий нийтийн анхаарлыг vнэхээр татаж байгаа нь мэдрэгдсэн.

-Франц орны юу нь танд их таалагдав аа? Товчхон нэг хэлэхгvй юv? Дэлгэрэнгvй ярьвал ч хөвөрч өгөх байх.
-Тэр vнэн. Европоос Франц, Азиас Японы иргэдийн оюуны болон урлагийн боловсролын хувьд ярих юм алга. Энэ нь илэрхий мэдэгдэх юм. Үнэхээр тэр олон сая хvний урлаг соёлын мэдрэмж, оюуны боловсрол нь маш сайн хөгжсөн байна. Тvvнээс биш хэдхэн сайн хvн мундаг сэтгээд, айхтар боловсорчихсон хэрэг биш юм байна. Уран зураг байна гэж бодьё. Гэтэл францчууд тvvнийг сайхан зураг байна гээд өнгөрчихгvй, яг урлаг судлаачийн нvдээр харж байгаа байхгvй юу. Хvvхэд нь ч тэр, хөгшид нь ч ялгаагvй.

Бас урлаг соёлын бvтээлээ хадгалж нандигнана гэж vнэхээр гайхамшигтай юм. Чингис хаантай нас чацуу байшин хvртэл байна. Дотор нь ороод vзэхээр яг л шинэ юм шиг. Үнэхээр холыг хардаг ард тvмэн байгаа биз. Тvvнээс гадна Парисын төвийн хэдэн барилга тэдний мэдлээс гараад явчихсан байдаг юм байна. Өөрөөр хэлбэл, ЮНЕСКО-гийн урлагийн vнэт өвд орчихсон байдаг учраас тэд өөрсдөө гар хvрэх эрхгvй болчихдог бололтой. Манайхан шиг энд тэнд нь хаалга гаргаад, нэмж юм бариад байх боломж vгvй. Барилга ч гэж зvгээр уран зураг л гэсэн vг л дээ.

- Өөрийг чинь байхгvй vед дууны шvлгийн хулгайч гэсэн нэр зvvгээд амжлаа. Хоёр гурван ч дараалсан шvvмж гарав уу даа. Энэ талаар юу хэлмээр байна?
-Би уг нь өөрийнхөө тухай нэг их ярьмааргvй байдаг. Гэхдээ нэгэнт асууж байгаа болохоор цөөн vгээр хариу өгье. Ер нь бол би цагийн шалгуур даахгvй юм хийчихсэн бол бvлэг хvн зориудаар магтсан ч vлдэхгvй, харин сайн бvтээл хийсэн бол бас нэг бvлэг хvн vгсэж байгаад муулсан ч vлдэж л орхино. Манай бvх салбарт хов живийн, бохир, доод сэтгэлгээний vр хөврөл амь бөхтэй зууралдсаар байгаагийн нэг илрэл энэ.

Уламжлал, шинэчлэлийн тухай нэг ойлголт утга зохиолын онолд бий. Ерөөсөө нэг vндэстний төдийгvй дэлхийн уран бvтээлчдийн дунд нэг нэгнээсээ уламжилсан юм шиг, сайжруулж шинэчилсэн юм шиг бvтээлvvд цөөнгvй байдаг. Жишээлбэл, “Фауст”-ыг 100 гаруй яруу найрагч бичсэн байдаг. Тvvнээс Гётегийнх нь л vлдсэн. Манай Монголын эртний уран зохиолд байдаг, сvvлд нь манж бичгээр уламжилж ирсэн нэг vг бий.

“Хээрийн галууны нисэн
vл хvрэх газар дор
Хvмvvний vр нэр ашгийн тулд чирэгдмой” гэж. Тvvнийг манай Д.Нацагдорж
“Хээрийн галуу нисэн
vл хvрэх газраас
Хvний хvv эрдэм өвөртөлж ирнэ” гэж vнэхээр сайхан баяжуулсан байдаг. Үvнийг уламжлал шинэчлэл гэж хэлээд байгаа юм. Гэтэл ямар ч утга зохиол судлаач Д.Нацагдоржийг хулгайч гэж бичээгvй юм. Ийм жишээ татвал олон л доо.

Монгол ардын дуунд “Энхрийлдэг нь олон ч ээжийг минь гvйцэхгvй” гэсэн мөр байдаг юм. Энэ мөр олон жил миний зvрх сэтгэлд явсан. Үvнийг бvр илvv гоё болгох юмсан гэж бодоод л яваад байсан. Тэгтэл Сэлэнгэ аймгийн ойд зориулсан сая төгрөгийн шагналтай дууны уралдаан зарлагдав аа. Тэр уралдаанд оролцохоор хоёр автобус хvн Сэлэнгэ рvv явж байсан юм. Бараг хөгжим бичиж, vг зохиодог хvн бvхэн оролцсон байх. Талийгаач Ц.Чинзориг бид хоёр “Ус мөрөн олон чиг..”-ээрээ оролцсон. Бид хоёрын дуу байр эзлээгvй. Тvрvvлсэн, хоёр, гуравт орсон дуунаас одоо vлдсэн нь алга. Харин бид хоёрынх vлдсэн. Гавьяат жvжигчин агсан П.Ганбат vнэхээр сайхан дуулж, ард олны дунд дархалж өгсөн дөө.

Дээрх мөрийг би давтаж болохгvй. Тэгвэл хуулагч болно. Би баяжуулж, утга санааг нь томруулж, царааг нь тэлж байж шинэчлэгч болох ёстой юм. Тэгээд л “Ачтан буянтан олон чиг ээжийг минь яаж гvйцэх юм бэ”, “Цэцэн сургаалтан олон чиг аавыг минь яаж гvйцэх юм бэ”, “Улс гvрэн олон чиг Монголыг минь яаж гvйцэх юм бэ” гэсэн мөрvvд төрсөн.

Сvvлийн мөр нь хэн ч хэлчихмээр юм шиг боловч хэн ч бичээгvй л байсан байхгvй юу. Үvнийг л дууны хулгай гэх мэтээр бичсэн байна лээ. Монголчуудын дунд байгаа шилжилтийн vеийн оюун санааны доройтлын нэг илрэл энэ. Ер нь бол ингэж дайруулж гvтгvvлээгvй аавын хvv Монголд алга болоод байна. Юм хийж, бvтээж байгаа хvмvvсийг дайрч доромжилж амьдардаг тийм хэсэг хvн бас бий болоод байна. Уг нь бид бvр эсрэгээр, оюун сэтгэлгээний дээд тvвшин рvv ард тvмнээ дагуулмаар байгаа юм даа.

-Сvvлийн vед дууны шvлэг зохиох шиг амархан юм vгvй болжээ. Үнэхээр тийм амархан эд байдаг юм уу? Одоо ч нэг л хvн дууныхаа шvлгийг бичээд, аяыг нь зохиогоод, дуулаад, клипэндээ тоглочихдог болж. Энэ талаар та бодол саналаа илэрхийлэхгvй юv?
-Энэ их чухал асуулт байна. Хvмvvс надаас олонтаа асуудаг юм. Дууны яруу найраг гэдэг бол нарийн мэргэшсэн хvний ажил юм шvv дээ. Гэтэл ийм муу шvлэг бичээд байхад та яагаад дуугvй яваад байдаг юм гэж хvмvvс асуудаг юм. Би хvний эрх чөлөөнд халдах ёсгvй. Үvнийг хазаарлах юм нь хэрэглэгчид, сонсогчид, ард тvмэн. Нэг их олон удаа дуулагдахгvй дуу зохиож, клип хийж мөнгөө шатаагаад явж л байг л дээ. Хохь нь л байхгvй юу. Гурван жилийн дараа хэдэн дуу vлдэх нь вэ гэдэг л чухал. Сайн дуу амьдраад байдгийн жишээг би ганц зvйлээр хэлье. Миний “Цэцгэн зvйрлэл” дууг Х.Галхvv дуулдаг байсан. Тvvнийг нас барснаас хойш нэг хэсэг дуулагдахгvй байсныг Н.Гантулга гэдэг залуу дуулаад одоо “Цэцгэн зvйрлэл”-ийн Гантулга гэж нэршчихээд явж байна.

-Дууны шvлэг бичихээр баяждаг байх. Энэ олон хамтлаг, дуучид зохиогчид их мөнгө төлдөг байх. Тэгээд л хvн бvхэн дууны шvлэг бичих гээд хошуурдаг байх гэж хvмvvс ярьдаг. Дууны шvлгийн vнэлгээ ер нь ямар байдаг вэ?
-Хvмvvсийн боддог шиг тийм их мөнгө олохгvй ээ. Уг нь бол дуу vг, аяыг нь зохиосон хоёр хvний өмч байдаг юм. Хуулиар бол дуучин хvн зvгээр гvйцэтгэгч байхгvй юу. Ганцхан дуу зохиогоод баян тансаг амьдарч байгаа зохиолч зарим оронд бий. Жишээлбэл, Японы И-Дэ гэдэг яруу найрагч байна. Тvvний зохиосон “Хойд нутгийн хавар” гэдэг дуу дуулагдах болгонд тvvний дансанд мөнгө орж ирж байдаг. Манайд бол тийм боломж байхгvй. Хууль, эрхзvйн vндэс нь алга. Бас зах зээл ч алга.

Одоогийн дуунуудад ямар ч уран сайхны шалгуур байхгvй, нэг ч аятайхан мөр байхгvй байна шvv дээ. Даруу биш юм шиг болчих вий дээ. Сvvлийн хэдэн жилд гараад байгаа дуунууд дотор сайн гэх юм бараг алга. Харин “Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин” гэдэг л сайхан мөр байна билээ. Ер нь бол хамгийн цөөхөн дуу хийсэн атлаа бахархаж дуурайж болох нэг л хvн бий. Тэр бол нэрт яруу найрагч Бавуугийн Лхагвасvрэн. Манайхан хар ус гэж ярьдаг даа. Тvvнийг “Уйлах шиг мэлмэрэх ус” гэж хэлж байгаа юм даа. Ингэж хэлж чадсан байхад тvvнд ямар ч шагнал хvртээж болно оо доо. Дууны шvлэг тийм л уянгалаг, ухаалаг, утга төгс байх ёстой юм.

-Бидний ярилцлага өндөрлөж байна. Уран бvтээлч хvнтэй уулзчихаад юу туурвиж байгааг нь лавлахгvй өнгөрвөл алдас болох байх аа?
-”Парисын шvлгvvд” гэсэн бvтээл дээр сууж байна. Гаргах гэж яарахгvй, нухацтай сууна гэж бодож байгаа. “Парисын vлгэрvvд” гэж ном бас бичиж байна. Яг vнэнийг хэлэхэд Х.К.Андерсентэй жаахан “барилдмаар” санагдсан юм. 20-иод настайгаасаа л ингэж бодсон. “Нугасны муухай дэгдээхэй”, “Хааны шинэ хувцас”-ны дайны vлгэрvvд би биччихнэ л гэж бодоод, оролдоод байгаа шvv дээ. Энэ хоёр бол миний гол уран бvтээл байх болно.

2007 онд шvлгийн тvvврээ франц, итали хэлээр хэвлvvлэхээр төлөвлөж байна. Бас сая ирсэн дороо хуучин бvтээлvvд дээрээ шинэ дуунуудаа нэмээд “Хvvхэд насанд хvргэж өгдөг галт тэрэг” гэдэг СД гаргах гэж байна. Би vvнийг бодсоор, шаналсаар яваад хийсэн ажил байгаа юм. Сvvлийн vед хvvхдийн дуу гэж байхгvй боллоо шvv дээ. Айлд орохоор л “Манай хvvхэд сайхан дуулдаг юм. За алив, энэ ахдаа нэг дуу дуулаад өг дөө” гэх юм. Гэтэл тэр хvvхэд нь “Гомдоож явсан охидын нулимс
Гоёлын цамцнаас салдаггvй” гэх мэтээр баахан бvтээгvй дурлалын дуу дуулах юм. Гурван настай хvvхэд гунигт дурлалын тухай дуулж зогсоно гэдэг харамсмаар хэрэг биш vv. Жинхэнэ эмгэнэл гэж vvнийг хэлэх байх. Тиймээс би хvvхдvvддээ зориулж энэ СД-г гаргаж байгаа юм. Бас “Интерпресс” хэвлэлийн газраас миний хvvхдэд зориулсан vлгэр, тууж, өгvvллэг, шvлгийн долоон номыг хэвлэн гаргахаар зэхэж байна.

0 comments:

Хайвал олно

Loading...

Архив