Д.Пүрэвдорж. Далд захидлын ил хариу

(2007-05-18)

Үеийн өвгөн Гонжийн догийн амрыг эрье. Чамайг багын чинь хочоор дуудсан гэмийг цайлгах биз. Намбардагва нэрээ чи өөрөө ч бараг мартсан даа.
Би чиний захидалд хариу бичихээс хэрдээ цааргалав. Чи бид хоёрын толхилцооныг “Бор гэрийн богд” номдоо хавчуулсан болохоор яршигласан хэрэг. Гэвч чи нутагтаа биеийн гэмийг илааршуулж буй тул сэтгэлээрээ эргэж хэдэн үг хэлхэв.
Чиний бичсэнээр нутгийнхны маань мал нь өсч, амин зуулга нь аядууг мэдлээ. Ямаа голлоод байгаа нь үнэн. Айлын гадаа зогсож байгаа ачааны, суудлын тэрэг авгай хүүхдийн гоёл бүгд “ямаа”. Хишгээ хайрлан байгаа малыг яалтай вэ. Тавин толгой малын хавчаастай байсан айлууд мянгат, зарим нь хоёр гурван мянгат болсон байна гэжээ. Эзэнтэй болсны хүч. Хөдөө, хот хоёр идэх өмсөхөө эвсүүлж даагаад байхад учир бий.
Баргийн юманд ам тэгширдэггүй чиний үгийг уншаад олзуурхаж сууна. Улааанбаатарын утаа тортог, уур уцаараас түр боловч дайжиж, уул усандаа амь уян тэнхэрч буйг чинь мэдээд дотор онгойлоо. Төрсөн нутгийн гурван эрдэнэ газар ус агаар өеөдөхөд өргөөд босгодог нь үнэн ажээ. Уг нь миний мэт төгцөг хотод буг болохоор ховхормоор атал аргамжаатай болчихжээ. Нүүдэл суурьшлын завсар чиний хэлдгээр би малаар бол ортоом л болж дээ.

Гонжийн дог оо! Би чамаас амь айл, санаа саахалт явъя гэж бишгүй гуйсан бус уу. Гэтэл чи бас л баахан өргөстэй асуултаар булжээ. Муу хөгшнийгөө чи мэдэхгүй ба чадахгүй нь огт үгүй эрхэм гишүүн болчихсон гэж бодоогүй байлтай. Найзад нь сэдэв бүхнийг сээрэн дунгуйлах мэх амны зоргоор алт асгах эрдэм байхгүй. Өөрийгөө онгичсон богино хөлийн бог бодлоор эрэгцэе.

-Ардчиллын шүүрганд үхсэнгүй, тэгэхдээ сэхсэнгүй гэж чи бухимджээ.
-Ардчилаар авснаа мартвал амьдын заяа гомдоно. Улаантны илүү гэрт чи бид хоёр ам томготой, амь урхитай цагариглаж хэвтсэнээ мартах болоогүй. Хуучин буурин дээрээ сур шиг сунаж, сухай шиг улайж бархираад яахав, цагийн хөсөг дагая л даа. Үр удамыхаа замд ерөөл дэвсэе.

Ядуугийн зовлон барагдаагүй, барагдах ч үгүй хорвоо шүү дээ. Тэгээд ч ядуурлыг бууруулна гэж байгаа болохоос байхгүй болгоно гэж чамд хэн хэлсэн юм бэ. Хэлсэн байгаад үнэмшсэн бол ноён гадаалж морь харахыг нохой хүлээсэн лугаа чиний буруу.

Би “Нар өвөртөлж” зүүдлэх дуртай. Өөдрөг байх гэсэн үг. Толгойгоо өргөж явахгүй бол хүн гишгэчихнэ. Тэр байтугай би хөлөө өмөөрнө. Гарын гавьяаг магтдаг мөртөө хамаг явдлыг залгуулдаг хоёр зээрдээ мартах нь шударгууд нийцэхгүй. Учрыг нь олов уу? Чи бид хоёрын хөл шүү дээ.

-Бид хоёрын хонь хариулж, даагатай давхиж явсан нутгийг минь сэндийлж байна. Улаан цагаандаа гарсан гайхлууд уул ус хүртэл идэж байна гэж чи гасалжээ.
-Улсын буяныг гэрийн нохой манаж, төрийн боохой хүртдэг гэж үг бий. Үүнийг бараг дэлхийн жишиг гэхэд дэгсгүй дэг. Манайхан ч үүнээс юуны гажаа аждээ. Эрхийн бичиг гээчээр баян хангайгаа бараг хуваагаад авчихсан гэж шуугиад байна.

Тэнгэрлэг дээдэс минь бидэнд эрднэсийн их авдрууд өвлүүлжээ. “Оюу толгой”, “Таван толгой” гээд олон авдранд түлхүүр тааруулсан ч цаана нь цоожтой байгаа нь зөндөөн бий. Харин түүнийг эдлэх ухаан эздэд нь буух унац бол хүн бүхэнд хамаатай. Би бол хамаг хогшлоо хав дараад суулгүй чадахаа өөрсдөө, хүч хүрэмгүйг нь гаднын улс гүрэнтэй элбэж эзэгнэх нь зөв гэж боддог. Хөрөнгө мөнгөө бариад ирж байгаа улсыг хөөж туулгүй, аль аль талдаа хишигтэй гэрээ бичиг хийгээсэй. Засаг төр нь олондоо ил ажлаа хийг. Завсрын хувилгаад тодорсон зоргоор, шавтинаад суувал цаг алдна.
Бид чинь удахгүй гурван саяул болно. Энэ газар шороо эд баялгаа эзэд нь мэднэ. Харин түмний мэлмий цавчилгүй дүрлийж байхгүй бол сувдгийн савар суйлна.

Чиний хувьд настай хүн ганцаараа гасалж гүйгээд алтыг нь ухсан нүхэнд унаж үхээд яахав. Олныхоо эвт багтаж үзэлцэж яваад ойчвол дээр биз.

-Энэ гайхал намууд хамаг амьтныг хаа гуяар нь ханзалчихлаа гэж чи хилэгнэжээ.
-Найман зуу бол нам, найм бол бүлэг юм даг уу. Нам, лам хоёроор дутахааргүй боллоо. Тоймтой нам нь дороо өтгөсийн, бүсгүйчүүдийн, залуусын гээд урдахын сүүл хойтохын хоншоортой, хоорондоо дажинтай гэнэ. Одоо төрөх газар руу уралдаж нярайн хондлойд намын тамга дарах биз. Үндэсний сарнилын өт цацаад л байна. Хоёр том нам гэхэд баруун зүүн гэсэн хаягтай, хажигтай юм байна.

Хоёр тийшээ харсан бодлого явуулж болдоггүй онолтой юм гэнэ. Дэлхийн хууль болсон онол гэж элэнцэг нь байхав дээ. Манайхан суртлын хүлээсэнд автамхай, хэн нэгний үг зууж хэрэлдэх дуртайгаа больж өөрийн нээлт хийж чаддаггүй юм байх даа. Тэгсэн мөртөө хоорондоо төстэй болоод ч байх шиг, өвөр түрийдээ орж ч байх шиг. Хувьсгалт нь улбартасхийгээд, ардчилсан нь улайсхийгээд дундаас нь “маршал” төрж хорьдугаар зууны түүхийн давтлага арай хийхгүй биз. Эрх ашгийн, эдийн засгийн садарлал ч дүүрсэн хэрэг, үндэсний нэгдлийг л тэд бүү үрэн таран хийчихээсэй. Улсын амь түмний эвэнд бий.

-Дээгүүр чинь юу л болоод байна вэ гэж чи сэжиглэжээ.
-Өндрийн бэлээс өлийгөөд сайн харагдахгүй юм. Нарны дор нам, улс төрийн товчоорхуу хэдэн хүн, тэгээд бүгд хурлархуу хэсэг, хормойд нь УИХ байдаг бололтой. Эрхэм гишүүдийн хуруу намын заасан товчин дээр наалдан пад гэнэ. Эс дагавал намын хянан шалгах маягийн хороогоор оруулж хөөдөг туудаг сурагтай. Намын тухай Маркс-Лениний сургаалын загвар л юм даа. Төрийг янгиалсан, төмөр мэт сахилгаар гишүүдээ базсан, өөрөөр сэтгэхийг батлах бичгээр багласан нам жанжин намайг чамайг капитализмын төгс ялалтад жолоодож байна гэж бодоод л сууж байя.

Эрх зүйт төр төвтэй ч билүү голтой ч билүү улс болно гэсэн яриа байсан санагдана. Учрыг ухаарсан хүмүүсийн ярианд чих дэвсвээс Их Хурал, Засгийн газар хоёр нь хоормоглоод намууд бүлж түүхийн эсэгээр тогоо нэрж сувс гаргадаг бололтой. Төрийн албан хаагчийн тод сэтэртэй нь намын сахилтай “начны найраатай” гэнэ. Түдгэлзэнэ гэдэг нь нууц амраг юм байх аа. Үүнээс илүүг мэдэх гэвэл чи бид хоёрын зулаг тэсэхгүй.

-Би ирэх сонгуулиар борчуулын хорооноос нэрээ дэвшүүлвэл ямар вэ. Хүн бүр сонгох сонгогдох эрхтэй биз дээ гэж чи мунгинажээ.
-Чи өөрийгөө сонгогдох эрхтэй гэж эндүүрчээ. Аль нэг намаас тэгэхдээ мөнгөөр дэвших болсон. Бие даая гэсэн ч чамд мөнгө байхгүй. Урьд пийдал гэж сонгуулийн эрхийг нь хасдаг байсан бол одоо ядуу гэж сонгогдох эрхийг нь хаасан. Сонгуулийн ардчилал энд дуусдаг юм. Харин чи сонгох эрхээ борлуулахыг бод. Гэр орныхоо саналыг багцлаад нам бүхэнд зарахыг бод. Оросын зохиолч Гоголь бүрлээчдийг амьдаар тооцож наймаалцсан тухай “Амьгүй албатууд” гэж сайхан зохиол бичсэн. Чи Чичиков болж чадахгүй байхдаа. Сүйхээлбэл бурхан болоочдын саналыг бөөндөж болно. Аль ч нам нь аваа өчөөнд өдөр судар харахгүй сэжиг цээр байхгүйг чи бэлхэнээ мэднэ.

-Хааяа сумын төв орж зурагт харах юм. Тэр үндсэн хуулийн цэц гэдгийхээ бөөрийг нь авчихсан уу. Нөгөө худагтаа хийчихсэн үү гэж чи ёжилжээ.
-Галаар тургитлаа хонзогнож байна лээ. Ганцдаа хийхгүй гэхэд өдийг нь зулгаах байх аа. Улс гүрэнд Үндсэн хуулийн шүүх гэж байдгийг манайхан Цэц гэж оноосон юм билээ. Язгууртаа бол шүүх л дээ.

Гэтэл шүүх юм уу юу юм бэ гээд цовхчоод байна лээ. УИХ-д “улаан хамгаалагч” ,“самуун дэгдээгч” аль аль нь бий дэг. “Дөрвөн дээрэмчнээ” цэцээс тодруулах юм байлгүй. Малгай гутал хоёроо солихооргүй болсон хойноо толгой дээр суувал аятай юу. Улигт 250 саяын хэрүүл шүү дээ. Хэл амнаас зайцуулаад сайдын багцад гээд нэг муу үгэнд булсан үнэгэн шарваа хийж л дээ. Хоёр сая гаруй хүн нь хонь, ямаа болж харагдмааргүй юм. Ард түмний төлөө амь нь гарчих гээд байгаа юм бол аймаг суманд нь өгчихөж болно доо.

Цаанаа сонгуулийн булчирхайтай болохоор цанхлаад байгаа юм. Түүнээс бус Үндсэн хуулийн цэцийн хэдэн гишүүд бол эрдэм, туршлага төрийн төрхөөрөө солжир ухнанд сэжүүлээд байхаар улс биш. УИХ-ын халдашгүй дархан эрх гэдэг нь дурын дугараа, зоргын зоогонд зоолтугай гэсэн тэнгэрийн зарлиг огт биш ээ. Гэвч намын нэгдүгээр үүрийн хурлаар оруулаад нөгөө цэцийн шийдвэрийг хүчингүй болгосон юм байх. Ингэх юм бол үндсэн хуулийн цэцээр яах юм бэ. Толгой дээр од эрхэс хөл дор хөх монгол гээд хэдэн шалгарсан баатар дэлхий тэвхдэг л дээ. Аугаа их сүр хүчинд нь биширч аз жаргал хормойлоё.

-УИХ-ын дарга ганцаараа хууль бичээд, засаад, батлаад гаргадаг юм уу хөөрхий. Нөгөө далан хэдэн дагалдан нь юу хийдэг юм бэ, үйлсээ алд гэж чи гайхширчээ.

-Харин л дээ хө. Хөндлөнгийн хүн түүнийг нь хэлэхээр наадуул нь унтсанаа сэрж, унгаснаа хавчив уу яав. Өөрсдөө улс төрждөггүй болохоор Үндсэн хуулийн цэц улс төржлөө гээд аашлаад байгаа дуулдана лээ. Хувьсгалт нам хүчтэй тулдаа хөндлөн хэвтэв үү дээ зайлуул. Бурханд буруугүй гэдэг биз. Харин чиний тэр хэлээд байгаа дарга дагалдангууд чинь одоо хуулийн өмнө иргэн бүр адил тэгш, хариуцлага хүлээдэг байх мэтийн дэл сул үг ярихгүй болоо биз. Хоёр амтай шувууны буу биш дээ.

Далан зургаан эрхмийг талд нь хүртэл танаж төрийн ачаа хөнгөрснийг нь өрхийн тэргүүлэгчээр өргөмжлөн жаргаая гэж чи бид хоёр мөрөөдөж байлуу? Одоо хэр ийм шинэчлэл хийхээр хүн цөөхөн бий. Шинэ эрчим хүч бүхий шинэчлэгчид л үүнийг хийж магадгүй, хуучрагсад бол тогтоон барих л хүч шүү дээ.

- Хэдэн ч сайдыг гилчихэв дээ. Нэг нь авч давхидаг, нөгөө нь хазаж хайрдаг юм уу гэж чи нохойтжээ.
- Чи заавал адуутай зүйрлэж нэг нь агсам үрээ шиг авч давхидаг, нөгөө нь хусран гүү шиг холхилздог гэж хэлүүлэх гэж байгаа бол би чадахгүй. Харин мэдэмхий, болчимгүй, шазвалзуу гэлцэх юм. Тийм ч биз үгүй ч биз.

Сайд халагдсаны төлөө чиний өмөлзөх илүү зан. Дуртай хүн олон болохоор дугаарлаад зогсож байдаг юм гэх чинь билээ. Манай улс хэдэн сайдтайг би мэдэхгүй. Нэг том сайдын дор хоёр жижиг сайд байдаг гэвэл тавиас наашгүй гэж зурагтаар ярихыг сонссоноос цаашгүй. Манай сайд нар чинь яамгүй, улсын сайд байдаг ч юм шиг. Тэгсэн мөртөө яамлаад ч байх шиг, олон улсын жишиг гээд хуулахдаа орчуулгын алдаа хийсэн ч юм билүү. Бид чинь өөрсдөө бодож аливааг хийдэггүй болохоор энэ мэтийг өөчлөөд гоочлоод яахав.

Сайд нарыг явахаараа олон гүрний онгоцны буудалд ойж буугаад л ирэхээрээ албаны тэргээр адуутай уралдаад л гэж шоолох юм. Хаанаас л цугаараа тийм байв гэж дээ. Ажлын нөөлгөөр тэд маань арав таван, бор ногоон унагадаг бол тэр л биз. Эрх дархтай дээрээ эмээлийн ганзага атираалгүй, халагдсан хойноо амаа барьж суудаг дун цагаан ардчилагч зах зээлд байдаг эсэхийг хэн мэдлээ. Олон хүн хошуураад зарим нь бүр шуудайтай мөнгө үүрээд гүйдэг гэсэн. Сайд сайхан байх аа. Амтыг нь аваагүй чи бид атаархаад яахав.

-Хадгаламж зээлийн хоршооныхон гээч хэнээс мөнгө нэхээд байгаа юм бэ. Бас Хадгаламж банкийг нь ухчихсан уу? гэж чи сониучилжээ.
-Төрөөс мөнгө нэхэж байгаа. Төрд нь түмний мөнгө байдаг болохоор чамаас гэж болно. Уг нь луйварчид гэнэхэн шунал дээр шуламын бүжиг эргэчихэж л дээ. Хууль нь хаагуураа иврээд, хулгайч нь хаагуураа шургасан юм бол доо. Чонын хүзүүнд тугал зүүж тавьчихаад шар авчирч өгнө гэж хүлээсээр хоосон хоцорсон хохирогчдын зөв нь ч юусан билээ.

Мал сүрэг төрийн хамгаалалтад учраас алдвал төр төлөх үү. Хүн амьд явах эрхтэй гээд эрсдвэл төр ял сонсох уу. Тогоотой цайндаа идээ нэмэх гээд аргал хийчихдэг уулгамч чавганц шиг л юм болоод байна. Арав гаруй тэрбум төгрөг Хадгаламж банкнаас ухуулчихаад “намын олон шавь нар тайван амгалан бай” гэж лүндэгнэсэн юм даг уу. Нөгөө хуулийнхан, хяналтынхны хараанд бор уначихсан уу, халаасанд ногоон орчихсон уу үзмэрчид л мэдэх байх даа.

-Хөдөөд эд бараа олдоцтой. Хамгийн элбэг нь ганзагын хор хямд архи. Ном л нүдний гэм. Хотод гардаг ном хамар давдаггүй гэнэ. Уран зохиолын ном гараад байгаа дуулдах юм. Ядахдаа өөрийнхөө шинэ номоос явуулаач гэж чи гуйжээ.

-Орон нутагт ном хургэх сүлжээгүйгээс архиа нааш нь, номоо цааш нь гэдэг болчихоод байгаа юм. Уг нь цахилгаан, ном хоёр зэрэг очвол гэр, сэтгэл хоёр гэгээтэй болохсон. Төрийн бодлого хориод жил хойргошлоо. Нөгөө 250 саяд ном лав байхгүй.

Манай улс хөх туургатны голомт. Монгол хэл, бичиг хоёр түүний тулгын нэгэн чулуу. Бид чинь дэлхийн соёлын гайхамшигт өв бичгээ шоовдорлоод Сталины шавь царайлаад л сууж байна. Гэтэл дэлхийн хэлний тухай “сахал” багшийн сургаал цухалзаж “Жо-гуа”-гийн хэлтнүүд (жорлон гуанзны Б.Ринчен) олширч төр засаг нь хүртэл гадаад хэлнээс хазаар гүйлгэсэн нэр томъёо хууль тогтоолд ёсчилж, төөрмөлүүд нь хариас үг зөөж савсаглахаа дэлхийн дэвжээнд гарчихлаа гэж хөөрцөглөх юм. Аварга занданг хулгана тас мэрдэг улгэр бий. Бичиггүй дээрээ хэлгүй болвол, Монгол Улс, тусгаар тогтнол гэдэг шүтээн минь үлгэр болох үзүүртэйг ухаардаггүй юм байхдаа.

Монгол хэлний эрднэсийн сан хөмрөг нь аман болон бичгийн уран зохиол. Иймээс хүүхдийг багаас нь уран зохиолын ертөнцөд энхрийлж торгон ой тогтоомж дээр нь хэлний сорыг хоногшуулах нь үндэсний дархлаа мөн. Өөрийн хэлийг өв тэгш эзэмших нь гадаад хэлийг гаргууд сурах түлхүүр. Үүний дээр тухайн орны уран зохиолыг уншихгүйгээр хэлийг нь хэлтлэх гэвээс явгадна.

Уран зохиолыг сургуульд үзэх хэрэггүй мэт завхуул үг тэнэж явдаг. Үр хүүхдийнхээ үндэсийг зулгааж болохгүй биз дээ. Зохиол, зохиолч хоёрыг асрахгүй гэхэд адлахгүй байгаасай. Үндэсний оюуны баялгийн нэгэн хэсгийг үгүйтэгвээс улсын номын тавиур, тайз, дэлгэц яах вэ. Халтар түшмэлийн чулуужсан дур, модожсон үгээр харах сонсохын цэнгэлд умбах уу? Буруу хойшоо!
Нүүдэлчин монголчууд малаа хотлуулаад үр ач нартаа үлгэр ярьж, тууль хайлдаг асан нь үндэсний бэхэлгээ байсан билээ. Дээдсийн ухаан дэлхийн цараатай байжээ.

Би чамд “Тарчилсан сүнс” хэмээх номоо илгээв. Удахгүй гарах “Улаан зүүд”-ийг хотод ирээд аваарай. Үүгээр чиний цангааг тайлахгүй. Манай зохиолчдын олон ном чамайг хүлээж байгаа шүү.
Гонжийн дог оо! Чиний асуултанд зуузайлаад би баахан барайчих шиг боллоо. Гэхдээ нэр ус нь жалганаасаа халиагүй эгэл буурал чиний эх орныхоо төлөө эмзэглэж явдгийг яавч буруутгах гээгүй шүү. Монголын заяа их гэдэг дээдсийн үг цаанаа ухааны углуургатай. Хэдийвээр бартаа хэгжиж сөхөрч, босож яваа ч улс гэр маань өөдөлнө.

Үндэсний үзэл бахархал сэргэж байна. Энэ бол эх оронч үзлийн цөм билээ. Би гэхэд л цагаан сарын шинийн нэгний үүр манхайхад Чингис хааныхаа хөшөөнд мөргөсөн. Итгэхүйеэ бэрх мэт боловч хөл дор газар байлаа.

Чингис хаан монгол туурганд заяасан найман зууны ойгоор өчсөн бор шүлгээр минь хяхуурхсан өшил өнөө хүртэл арилаагүиг мэдсээр атал даанч нэг үл тоомсорлон азархсан шүү. Ардчиллаар бид Монгол Улсаа авлаа. Алдсан юм байвч үүний дэргэд юү ч биш ээ. Найз минь итгэл бээрэхгүй сэтгэлийн галтай явъя. Хүн бүхний сэтгэлийн гал нийлж голомтын гал болдог. Галаа мөнхлөе.

Чиний багын анд Монгол чагтгат овгийн Д.ПҮРЭВДОРЖ
2007 он
0 comments:

Хайвал олно


Архив