Б.Галсансүх: Англи хэл дэлгэрлээ, түглээ гээд монголчууд англи болтлоо өдий

Б.ЭНХЦЭЦЭГ (2007-01-13) "Өнөөдөр" сонин

Монголын радио хятадаар мэндэлбэл тэр үхнэ. Монголын телевиз солонгосоор мэдээ уншвал тэр үхнэ. Монголын сонинууд японоор хэвлэгдвэл тэр үхнэ. Тиймээс англи хэлэнд итгэж зориулсан шүлгээ тайзан дээрээс олонд сонордуулав. Ингэсэн нь “Болор цом”-ыг эзэндээ авчирсан.

Шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом-2006” яруу найргийн наадмын тэргүүн байрын шагналт, модернист найрагч Б.Галсансүхтэй ярилцлаа.

-Та “Болор цом”-д дөрөв дэх удаагаа оролцлоо. Харин түрүү жил дахиж оролцохгүй гэж хэлж байсан. Шийдвэрээ яагаад өөрчилсөн юм?
-Хүмүүс тайзан дээр шүлэг уншаад байхаар нь адилхан бичдэгийн хувьд гэнэт оролцмоор санагдаад л тэр. Хор шар хөдлөөд, яадаг юм.

-Хор шарын хэрэг гарчээ дээ?
-Хор шарын хэрэг нь гарсан ч юм уу, ямар ч байсан би Хулан мулангаас дутуу шүлэг уншаагүй гэж өөрийгөө дүгнэж байгаа.

-Зарим найрагч “Болор цом”-д аяндаа оролцохоо больдог. Үе үеэрээ байдаг юм болов уу. Та өөрийгөө аль үеийнх гэх вэ?
-Би ер нь бүх үед багтчихдаг юм шүү дээ. /инээв/ Аль 90-ээд оныхныг ид гарч ирэхэд би байж л байсан. Миний анхны шүлэг 1987 онд “Утга зохиол, урлаг” сонинд хэвлэгдсэн. Тэр үеийнхний шүлэг нийтэд танигдаагүй байсан юм шүү, тэгэхэд.

-Таны анхны шүлгүүд одоогийнх шигээ хэлбэр төрхтэй байсан уу. Хэдийнээс авангард шүлэг бичих болсон юм?
-Угаасаа л ингэж бичдэг байсан.

-Та өмнө нь “Болор цом”-ын тайзнаа уншсан “12 давхрын блюз” шүлгээ санаач. Түүнтэй харьцуулахад сүүлийн хоёр жил уншсан шүлгүүд чинь “иргэний” гэмээр сонсогдсон.
-Иргэншээгүй ээ. Энэ жил би яагаад “Болор цом”-д орсон гэвэл санасан бодсоноо хэлье гэж бодсон юм. Цагдаа нарт сул талыг нь хэллээ, яадаг юм. Дээрээс нь монгол хэл аюулд учирлаа, хятад, япон, солонгосууд биднийг залгих нь ээ гэж хэлсэн, яадаг юм. Хүн болгоны чихэнд очиж хэлэлтэй биш. Тайзан дээр гарч хэллээ.

-Та тэгвэл иргэний хөдөлгөөнд элсээд жагсаж тэмцэх магадлалтай болжээ?
-Хөлсний жагсагчдад дургүй шүү.

-Та Орост Утга зохиолын дээд сургууль төгсөж ирээд удаагүй. Хойд хөршийн яруу найраг ямар чиг хандлагаар хөгжиж байгаа бол?
-Оросын яруу найраг угаасаа агуу шүү дээ. Сав л хийвэл Пушкин гэж ярих дуртай ард түмэн. Одоо бол Пушкинээс агуу “юмнууд” зөндөө гараад байна. Харамсалтай нь манайхан уншихаа больчихсон. Шал худлаа нам мам гэж явж байхын оронд ном унших хэрэгтэй шүү дээ.

-Одоогийн яруу найрагчдын дотор орос хэлтэй хүн хэр олон байдаг юм бол?
-Бүү мэд. Уг нь 90-ээд оныхон дунд олон хүн оросоор уншдаг байсан. Зарим маань талийгаач болоод, одоо ч орос хэлтэй яруу найрагч цөөхөн үлдэх шив дээ.

-”Болор цом” дээр Таны гол өрсөлдөгч хэн байв?
-Тэр, энэ гээд байх юмгүй, бүгд л өрсөлдөгч.

-Яруу найрагчдын дунд Таныг дуурайж бичдэг хүн бий юү?
-Намайг дуурайлаа гэх нь юу юм, ямартай ч шинэлэг сэтгэхүйтэй, шинэ яруу найргийг бий болгохоор бичиж байгаа хүмүүс олон бий. Цаг үеэ ойлгож, мэдэрцгээж байна. Шинэ цаг үе яг одоо ирж байна. Д.Нацагдорж, Б.Явуухулан тухайн үедээ шинэлэг байсан учраас яруу найрагт үлдсэн улс. Хуучин юмыг дуурайж давтаад шинэ яруу найргийг олохгүй.

-Модерн чиглэлээр жишээлбэл, эхийн хайр энэрлийг илэрхийлсэн шүлэг бичихэд хэр тохиромжтой вэ?
-Болно л доо. “Эхнэр минь чи данх юм” гэж 90-ээд оны “Хүрээ хөвгүүд” утга зохиолын бүлгийнхэн бичсэн байдаг. Эхнэр нь данх шиг халуун санагдсан хэрэг.

-Та Монголын яруу найргийн бахархал мөн үү?
-Ямар ч байсан яруу найргийн тэмцээнд орж алдар нэр олж аваад түүнийгээ улс төрийн сонирхлоор ашиглах гэсэн “бизнес” зорилготой хүмүүсийг бут цохисондоо баяртай байна.

Би оюун ухааны, сэтгэлгээний яруу найрагт дуртай. Хүмүүс тайзан дээр жүжиглээд байхаар нь үнэн сэтгэлийн үгээ хэлье гэж хэллээ.

-Дахин үг хэлэх хэрэг гарвал “Болор цом-2007”-д оролцох нь ээ?
-Зүгээр л тайзан дээр нь гараад шүлгээ уншиж болно шүү дээ. Түүнээс заавал уралдах, уралцах гэсэн юм биш. Одоо яруу найргийг морь шиг, бөх шиг ойлгодог бололтой юм. “Болор цом”-д зодоглоно,сойно, “Болор цом”-д аман хүзүүдлээ гэж ярьдаг болж.

-Тайз, наадмаас ангид үг хэлэх боломж байхгүй гэж үү?
-Заавал “Болор цом” гэлгүй үг хэлэх индэр хэрэгтэй болжээ. Үүнийг хэн засч өгөх нь вэ гэж хүлээж суулгүй ийм боломжийг өөрсдөө бий болгох цаг ирж. Улс эх орны өнөөгийн байдал шаардаад байна шүү дээ.

-Харь хэлийг Та шүлгээрээ шүүмжилсэн. Харин яагаад англи хэлэнд итгэдэг билээ?
-Хятад, солонгос хэл сурч болохгүй гэж хэлсэн юм биш.Монгол монголоороо үлдэхийн тулд өөрийн бахархалтай байхгүй бол аюул ойрхон бий шүү. Гудамж дүүрэн солонгос бичиг өлгөчихөөд бид чинь юу хийгээд байна аа. Англи хэл бол угаасаа дэлхий нийтийн хэл шүү дээ. Англи хэл дэлгэрлээ, түглээ гээд монголчууд англи болтлоо өдий шүү дээ. Харин хятад, солонгос ойрхон.

-Та нэг сонин эрхэлдэг байх аа?
-Тийм. Одоогоор өөр хүн сониныг маань гаргаж байгаа.

-Тэгээд юу хийж байна даа?
-Гэр зуур шив дээ. Шүлэг бичиж байна. Орос, англиас орчуулж байна.

-Хэзээ номоо гаргах вэ?
-Аа, удахгүй гаргана. Миний түрүү жил гаргасан яруу найргийн “Сэтгэл гэдэг эрхтэй” ном шилдэг номын “Алтан өд” шагнал хүртсэн.

-”Хүн судлал” номынхоо хавтсанд Та бараг л чармай нүцгэн зургаа тавьсан нь нэлээд үзүүштэй байсан шүү.
-”Хүн судлал” нэртэй номын хавтсанд жимсний зураг тавилтай биш. Анатомийн зураг тохиромжтой санагдаад, гэтэл мөнгөгүй надад амар хялбар зургаа өгчих хүн олддоггүй. Тэгээд л өөрийнхөө зургийг тавьсан юм.

-Гэр бүл, хувийн амьдралынхаа тухай ярихгүй юү?
-Бусадтай л адил. Амьдрахын төлөө зүтгээд явж байна. Хүүхдүүд том болоод л. За, хүүхдүүд яах вэ, хар цагаан хэл ам хүрчихнэ /инээв/.

-Гэртээ сууж уран бүтээл хийхэд амьдралд хүрэлцэхүйц мөнгө олох боломж байна уу?
-Үнэхээр сайн бүтээл хийвэл боломж бий. Номын мөр цагаан гэгчээр. Манай Г.Аюурзана, Л.Өлзийтөгс хоёр гэхэд гэрээрээ ном бичээд хүүхдүүдтэйгээ сайхан л амьдарч байна.

-Та ч гэсэн гэртээ…
-Мөрөөдөж байна. Юу болох юм, харж л байя.

-Ингэхэд телевизийн ямар сувгаар юун тухай үзэх дуртай вэ?
-Би зөвхөн Оросын телевизүүд, тэр дундаа “Россия” сувгийн урлагийн тухай нэвтрүүлгүүдийг үздэг.

-”Болор цом”-ын дараах өдрүүд ямаршуу өнгөрч байна. Яруу найрагчид нийлж бор дарс хүртдэг л биз дээ?
-Нэг бол ажлаа хийх, нөгөө бол архиа дагаад явах гэсэн хоёр зам л байдаг шүү дээ. Миний хувьд ахуй амьдрал чухал байна. Одоо чинь 90-ээд он биш. Шинэ цаг үе ирсэн, шинээр амьдрахаас өөр аргагүй. Өмнө минь олон ажил бужигнаж байгаа болохоор өнөөдрийг алдчихвал маргаашийн ажил барагдахаа больчихно.Тэгэхээр амьдрахын төлөө өөрийн эрхгүй нохой шиг гүйж явна даа.

-Таныг аядуу хүн гэж төсөөлж байсангүй. Эсвэл Горькийн сургууль ийм болгочихов уу. Янагийн минь эрхтэн сэнгэнэтэл үнэр орон өмхийрч… гэж бичиж байсан биш бил үү?
-Сүүлийн үед юуг яаж бичиж байгааг минь нэг жилийн өмнө гаргасан “Постмодерн дөрвөн улирал” номоос үзэж болно. Хуучин байдал яг хэвээрээ л байгаа.

Бид одоо жаахан хүүхэд биш. Улс эх орон яах нь вэ. Хятадын колони болох юм уу, үгүй юү. Эдийн засаг нь энэ хэвээрээ үргэлжилж авлигачид нь хөлжөөд байх юм уу. Эсвэл бүр зэвсэгт тэмцэлд босох уу. Улс төрөөр чи оролдохгүй бол улс төр чамаар оролдоно гэдэг шиг миний хүүхдүүдийн хувь заяа, талхны мөнгөтэй холбоотой асуудал босоод ирэхээр би зүгээр сууж чадахгүй. Шүлгээрээ тэмцэнэ.

-Тэгвэл Таны шинэ ном эх оронч, дайчин шүлгээр дүүрэн байх нь ээ?
-Би олон талтай, модерн, авангард. Надаас юу ч гарч болно.

0 comments:

Хайвал олно

Loading...

Архив