Э. Оюун Оюуны олон тал

Label:
Х.ЗАНДРААБАЙДИЙ /Д.Нацагдорж (2006-04-19) "Өнөөдөр" сонин

Уламжлалт сэхээтний гэр бvлд төрж өссөн Эрдэнэбатын Оюун бол миний мэдэхээр монголын урлаг, утга зохиол, соёлын зvтгэлтэн эмэгтэйчvvд дотроос хамгийн олон талтай хvн байлаа. Тэр бичнэ, орчуулна, найруулна, судална, илтгэнэ, жvжиглэнэ, удирдана. Өөрийнхөө олон талын авьяасыг гаргахдаа, ам хааж оромдохгvй, санасандаа хvртэл хийж байж сэтгэл нь амарна.

Тиймдээ ч ажил vйлс нь их бvтэж төр тvмэндээ vнэлэгдэн, анхны урлагийн гавьяат зvтгэлтэн (1942) ардын жvжигчин (1945), анхны төрийн шагналтан зохиолч (1946) болж байсан юм. Тэрбээр эмэгтэй хvнд байдаг хувийн чанараараа ч онцгой. Эвий хөөрхий гэж энхрийлэн элдэв vгээр магтаж ч чадна. Ааш авир гаргаж, аашилж загнаж, араандаа зууж ч чадна. Насаараа театрын урлагийг толгойлж, хөл дээр нь босгон олон шавь гардан хvмvvжvvлсэн хvн.

Тvvний зохиосон, орчуулсан, найруулсан тайз дэлгэцийн бvтээл олон. Ам нь хатуу ч ачир дээрээ зөөлхөн. Намайг Соёлын яаманд арав гаруй жил ажиллахад Оюун гуай манай хэлтсийн харьяаны мэргэжлийн зохиолч, Яамны коллегийн гишvvн байсан учир бид бараг өдөр болгон уулздаг байлаа. Бас тэр надад итгэж гурван номын эхээ уншуулан хоёрыг нь редакторлуулсан билээ. Оюун гуай нэг өдөр утасдаж байна. Дууны нь өнгө нилээн шаналангуй байх юм.

Би “За юу болоов, Оюун гуай” гэсэнд “Гvйэ хө янзын юм vзэх юм. Хэвлэлийн газрын нэг хянагч хvvхэн л номын минь эхийг голоод шидчих юм даа. Өнөөдөр номын эхээ авлаа. Чи нэг уншаад өгөөч” гэж байна. Зохиолчдын хорооноос гараад хэвлэлийн газар нэгэнт очсон бол тэгэсгээд л хэвлэгддэгсэн, яасан юм бол. Үг vсгийн алдаа л их байсан юм болов уу даа гэсэн шиг бодоод “Тэгьеэ л” гэж орхив. Өглөө ажилд очтол Оюун гуай, пандайсан хавтастай юм сугавчилчихсан тосоод зогсож байна.

Нөгөөхөө өгөөд “Чи хурдалж vзээрэй, номын төлөвлөгөө таслахгvй юмсан. Энэ маань лав л томдсон юм байх, хасна, заснаа” гэчихээд эргэв. Хийх ажил байсан боловч хойш тавьж байгаад номын эхийг уншиж гарлаа. Хоёр ч сунгуу бичигдсэн тууж, хэдэн өгvvллэг байсан санагдана. Оюун гуай хэд хоногийн дараа утасдаад намайг уншиж дууслаа гэнгvvт
-Напрас юм их байна уу гэж байна. Би юу ч бодолгvйгээр
-Тийм байнаа гэтэл, мань хvний хоолой чичрээд,
-Тэгж л таарна. Напрас л байгаа гээд утсаа тавьчихав.

Би асуусан vгэнд нь тийм гэснээсээ болоод хэрдээ айчихав. Маргааш нь мань хvн, ажил дээр нилээн хөрзгөр царайтай орж ирээд, цvнхнээсээ бичгийн цаас гарган, сар өдрөө тавиад, “За чи саналаа хэл” гэв. Би зориг гаргаад, бодсон санаснаа хэлж орхилоо. Нэг харахнаа, “Оюун гуай бvгдийг бичиж авч байна. Машиндсан хуудсуудыг эргvvлж, тэмдэглэснээ харуулан хvндэт настныг чилээхгvйн vvднээс аль болох тодорхой ярихыг хичээв. Гол нь, та санаагаа тодруулах гэж сунгаснаас болоод, хэлэх юм чинь бvдгэрчихэж. Та бол сонин санаа олдог хvн юм. Яарч урсгалгvй жаахан тогтоод бичвэл ялангуяа энэ “Учрал” тууж сайхан зохиол болмоор юм гэсэнд Оюун гуай илт урамшаад, царай нь гэрэлтэн

-Үнэнээ хэлэхэд надад ингэж хэлдэг хvн ховор. Худлаа билбvvрдээд л Оюун багш сайн гээд байхаас биш, дотроо бол миний юмыг голж л байгаа. Чамаас овоо юм сонслоо. Чи чинь амьдрал мэддэг, бас чиг Намдагийн шавь гэдэг нь тодорхой байна гэж намайгаа хөөрхөн дөвийлгөөд, энэ бvгдийг би засна. Хvн голохгvй юм болгонодоо, гайгvй байлгvй та нар гэж шvд зуун хэлэнгээ босоод явчихав.

Тvvнээс хойш хэдий ч болсон юм бvv мэд нэг мэдэхнээ, Оюун гуайн тууж өгvvллэгийн ном “Учрал” хэвлэгдсэн байлаа. Нэг өдөр Оюун гуай “Чи манайд оч, цугтаа явъя” гэж байна. Зvvн Сэлбийн эрэг дээрх Соёлын яамнаас гарч тайван явсаар Засгийн газрын арын цэцэрлэгт тулж очтол, гарц болгоны vvдэнд амаа ангайсан төмөр хараацай хэлбэртэй сав хийгээд тавьчихаж. Хогийн сав юм гэнэ. Цэвэрлэгч авгай хараацайн ам руу хог новш хийж байна.

Тvvнийг vзvvт Оюун гуай “Хараач хөөе ийм хөөрхөн амьтны аманд бохир муухай юм хийе гэж хэний санаад ордог байнаа. Энэ чинь ёстой гоо сайхан, энэрэх ёсгvй хэрэг” гэснээ, сайхь цэвэрлэгч рvv очоод “Энэ чинь яаж байгаа юм бэ! Танай дарга нар хаана байна” гэсэнд цаадах нь хот сайжруулах дээрээ л байгаа байх даа. Саяхан л ийм сав хийлгэж тавьсан юм гэв. Оюун гуай vглэж гарлаа. Засгийн газрын ордон өөд хуруугаар чичиж, дэргэдэх цэцэрлэгт нь ийм сав тавьчихаад байхад ажиг ч vгvй байдаг хачин улс юмаа гээд хоёр гараа дэлгэн, ийм арчаагvй байж болохгvй. Энэ чинь, хvмvvсийг амьтан хайрлах сэтгэлгvй болгож байна гэв. Оюун гуай ер нь иймэрхvv зантай л даа.

Соёлын яаманд орж ирээд, vvдний жижvvрийн хувцас хунар, хvнтэй харилцаж байгааг өөлж загнах энvvхэнд. Бидний ч гэсэн гутал оймсыг өөлж, хуруугаар чичин “Чи Соёлын яамны, бусдад vлгэр болох ёстой хvн шvv” гэж омогдоно. Хөдөө явж байхдаа айлд ороод л аяга таваг, ор дэрийг нь голно. Хvvхдээ олигтой хувцасласангvй гээд ээж нарыг зэмлэнэ. Хаа очсон газраа, vvднээс нь эхлээд, нэр нvvрээ бодооч. Бохир заваан байгаа чинь та нартай холбоотой гэж дайралдсан хvvхний нvд рvv чичнэ.

Ер нь Оюун гуайтай хөдөө гадаа явахад аяыг нь олох амаргvй. Сvvтэй цай уухгvй, чихэртэй хар цай нэхэж эмгэдийн дургvй хvргэнэ. Айраг архи амсахгvй, бvхэл мах идэхгvй. Ажил шаардаж, соёл, урлаг ярина. Хувцас хунар муутай, ядмаг настныг хараад, ярьж байснаа орхиод хvvхдийг нь сураглаж, эцэг эхээ хайхардаггvй хаашаа амьтад вэ гэж vглэнэ. Залхуу хvнд их дургvй. Хөлсөө гоожуулан ажиллаж байгаа хvнийг хараад эрхийгээ гозойлгон магтана.

Нулимс нь их ойрхон, хөдөө явж байхдаа, уул нуруу, уудам тал хараад уйлчихсан, нулимсаа арчиж сууна. Ерөөсөө Оюун гуай сонин хvн. Төмөр хараацайг өмөөрсөний нь бодоод явж байтал Хvнсний хорьдугаар дэлгvvрийн баруун байрын vvдэнд ирчихжээ. Оюун гуай гэртээ оруут, “Гvндгээ чихэртэй байх уу” гэж хашгирав. Гvндэгмааг цай авчирч ширээнд тавиут нэг балгаж амталснаа, шинэ номоо гарган баясгалантайгаар инээж,

-Би одоо хоёр ном хийж байгаа. Нэг нь театрын тvvх, нөгөө нь дуртгал. Чамд гар бичмэлээ өгнө дөө. Салахгvйдээ хө, сайхан мэдээрэй чи гэснээ vзгээ гаргаад, номон дээрээ гаргацтай том vсгээр хэдэн vг бичсэнээ, чи Намдагийн номын эхийг сайхан засдаг шvv дээ гэж хөвөнд боосон чулуугаар тvншээд, номоо над барив. Номыг нь авч адис аваад, хэлсэн vгэнд нь хариу чихэх санаатай,
-Би Намдаг багшийн номыг засдаггvй шvv дээ. Үг vсгийн алдаа, найруулга, хvний яриа төдийг жаахан цэгцэлж, хэвлэхэд бэлтгэдэг юм гэсэнд,

-За тэр дээ, энэ чинь засаж байгаа л гэсэн vг шvv дээ. Цаадах чинь юун алдаа мадаг� бас ч хамаагvй бичнэ шvv. Санаа олох, тvvнээ зөрчилдvvлж урлахдаа гарамгай болохоос бичгийн урлагийг нэг их тоодоггvй гэж магтан шvvмжлэв.
-Та хоёр чинь багш, шавь биз дээ!

-Мөн гэхэд ч хаашаа юм, биш гэхэд ч хаашаа юм. Энэ чинь намайг анх төв театрт оруулсан хvн. Зөвлөлтийн нөхөд санаачилсан биз, Н.В.Гоголийн “Байцаагч тvшмэлийг” орчуулган, найруулсан хvн. Тэр чинь миний анхны орчуулга байсан юм. Дараа нь шоронд явахдаа, над ажлаа өгсөн хvн.
-Харин тийм гэсээн. Тэгсэн мөртөө, багшийг шоронгоос гараад ирэхэд таныг ажил өгөөгvй, хоёр жvжгийн зохиолыг нь баталж тоглуулаагvй гэх юм билээ. Энд vнэний хувь байдаг уу?

-Гаднаас нь харахад яг тийм. Намдаг ч тэгэж ойлгосон байх. Яг vнэн учир нь бол тэр vед улс төрийн хэргээр шоронд орсон хvнийг хулгайчаас дор vздэг байлаа. Нэр хvнд нь маш муу, тэр энэ эсэргvv л гэнэ. Би ч тийм хэргээр орсон хvний vр хvvхэд. Харин маршал Чойбалсан намайг нэг хараад “Энэ чинь Эрдэнэбатханы охин байна шvv дээ, та нар сайн тусалж байгаарай” гэж хэлээгvй бол би хавчигдах л байсан. Тийм хvмvvсийн зовлонг мэднээ. Намдагийг хvрээд ирэхэд дээр доргvй л нээг их эсэргvv дайсан шиг хандаж байсаан.

Тийм уур амьсгалын дунд тvvнийг ажилд авах, зохиол батлах чинь бөөн хар бэрхшээлтэй тулгарч байлаа. Намдагийн “Дарга Магсар”, “Гэмтэнvvд” гэж зохиол байсаан. Театр хэдэн өдөр яс уншиж хэлэлцсэн. Бас холбогдох газруудад уншуулж санал авсан. Тэр vед тэгдэг параахтигтай байсан юм. Тэгсэн мөртөө яваагvй. Батлагдаагvй гэсэн vг. Тийм болохоор яаж тавих вэ! Тэгэхэд Намдаг нэг vнэн vг хэлсэн юм. Хуулийн газрууд, Сангийн аж ахуй удирдах газарт зохиолоо уншиж ирээд “Өөрийн нь тухай зохиол бичээд, өөрт нь уншихаар яаж батлах вэ дээ” гэж билээ.

Энэ тун vнэн vг. Дарга нар асуудал дэвшvvлсэн хурц зохиол шаарддаг мөртлөө тийм зохиол гараад ирэхээр доошоо харж суучихаад баталдаггvй байлаа. Иймэрхvv цаг vеийн ойлгомжгvй юмнаас болоод тvvний зохиол нэг хэсэгтээ театрт тавигдаагvй юм. Харин хойно дээд курст явж ирснээс хойш зохиолыг нь театрт тавьсан, “Шинэ байшинд” энэ тэр гээд сайн жvжгvvд бичсэн юм гэж эрхий хуруугаа гозойлгов.

-Энэ мэтээс болж та хоёрын харилцаа муудсан уу?
-Үгvй, би юм бичмээр болохоороо цаадахад чинь заавал ярьж санаа оноогий нь авдаг. Сайхан хэлж өгнө шvv. Ингээд бодохоор Намдаг миний багш шиг байгаа юм. Би бас “Ээдрээгээс” эхлээд жvжгийг нь найруулж байсан болохоор туслагч нь шиг байгаа юм. Энvvхэндээ гэхэд би, зохиолынхоо талаар сайн хэлvvлж аваад, бичихдээ тvvнээс зугтчихдаг юм.

Энэ vед Намдаг багшийн хэлсэн нэг vг санаанд оров. Багш “Оюун авгай надаар юм хэлvvлэх их дуртай. Дагаад л асуугаад байна. Би ч хэлээд л байна. Тэгтэл тэр “Боллоо, боллоо, сайхан боллоо” гээд алга болчихно. Сvvлд бичсэнийг нь харахад, ярьж тохирсноосоо далийгаад л явчихсан байдаг юм. Чи л тэгэж болохгvй. Би та нарт юм хэлж өгөх гэж хамаг байдгаа шавхаж байгаа шvv” гэж захьж байсан нь санаанд оров.

Гvндэгмаа хоол унд болгохын хооронд Оюун гуай энэ тэрхэнийг ярьж сууснаа, цэргийн даргын зураг харуулж, “Миний нөхөр Пvрэв, залуудаа өөд болчихсон юм. Манай энэ Гvндгээ, Зоригоо хоёрын эцэг. Муу эгч нь энэ хоёрыгоо хvн хийх, театраа өөд татах бас юм бичих, жvжиг орчуулах, найруулах, цол хаамгаалах гэхчилэн элдвийн юм хийж явахдаа ганцаараа хамаг залуу насаа өнгөрөөсөндөө” гээд санааширснаа, ханилж суугаагvй ч гэсэн халуун сэтгэлээ хуваалцдаг, аяга кофео хувааж уусаар ирсэн хvн бий гээд инээмсэглэв.

Хоол цайны дараа Оюун гуай бичгийн ширээндээ сууж шилээ зvvн эрдэмтэн зохиолчийн төрхөндөө орж юм бичмээр болсоноо больж, баахан юм онгичин эрснээ, хэсэг гар бичмэл гаргаж ирээд, энэ миний шинэ номын эх. Ажлаас завчилж байж, ахиулах юм даа. Мөд дуусгах санаа байвч том юм болоод ахихгvй юм. Энvvнийг дуусахаар чамд өгнөө гээд цааш тавьчихав.

Тэр өдрөөс хойш тvvний надаар уншуулна гэсэн хоёр номыг би арван жил хvлээх юм гэж яаж мэдэх вэ! 1988 онд Намдаг багшийнхаа гурван ботийг эмхэтгэн хэвлэлд шилжvvлсний дараа гар бичмэл дуртгалыг нь янзлан “Шинэ монголын шинэ театр” гэж нэрлээд хэвлэлийн газарт өгч билээ. Уг нь тэд хурдан хэвлэнэ гэж амласан атлаа хэвлэхгvй байв. Учрыг асуувал Г.Сосор багш,
-Манайх Оюун гуайн театрын тvvхийн номыг урьдаар хэвлэх болсон. Харин тэр чавганц чинь энvvгээр гvйж гvйчихээд, номоо өгөхгvй ажилд садаа болж байна. Хэлснээрээ Намдагийн номыг хэвлэсэн бол өдийд гарчихал гvй яахав дээ гэв.

-Намдаг багшийн ном бол дуртгал, Оюун гуайнх бол тvvхэн найруулал. Нэг сэдэвтэй хоёр өөр ном. Бичлэг, сонирхол татах увьдас нь ч өөр. Та багшийн номыг уншаад vз. Тэгтэл бэлэн байгааг нь хойш тавиад, бэрхийг нь хvлээмээр байна уу, яамаар байна, vз л дээ гэсэн юм. Сосор багш хэд хоногийн дараа надад “Намдаг гуайн ном чинь ямар гайхамшигтай бичигдсэн ном бэ! Ийм ном манайд урьд нь лав гараагvй байх. Бид гар дамжуулж сонирхон уншаад, vйлдвэрт өгчихсөн. Арван таван мянган хувь хэвлэнэ” гэж хэлээд их баярлуулж билээ.

Тvvнээс хойш төдий л удаагvй байхад Оюун гуай “Монголын театрын тvvхэн замнал” номынхоо гар эхийг бариад аахилж уухилсаар орж ирэв. Би цаг наргvй уншаад өгсөн боловч энэ ном, шат дамжилгаар явсаар байгаад багшийн ном гарснаас хойш жилийн дараа хэвлэгдэж билээ. Энэ ном бол монголын театрын хөгжлийг харуулсан тvvхэн найруулал юм. Өө хайвал театрын урлагийн зарим ахмад зvтгэлтэн, зохиолчдыг хувийн сэтгэгдлээр их өргөж, заримыг нь зориуд багасгасан тал бий.

Энэ тухай зохиогчид нь хэлэхэд “Энэ чинь vнэн байна. Гэхдээ, надад тус болсон Аюуш энэ тэрийг жаахан өргөж өгөхгvй бол дарагдчих гээд байдаг юм. Бусад их алдаршсан зvтгэлтэнvvд бол яахав дээ, тэртэй тэргvй нэртэй юм” гэж билээ. Оюун гуай, дуртгалаа явуулахын хажуугаар жvжгийн нэг ном гаргачихмаар байна. Чи яамны төлөвлөгөөнд оруулна биз гээд “Хайр” гэж нэрлэсэн жvжгийн зохиолын тvvврээ гар дээр тавингуут, урьд нь нэг биш удаа ярьдаг байсан зовлонгоо давтан ярив.

Тэрбээр далаад оны дундуур бичнэ гэж театрын төлөвлөгөөнд оруулаад дуусахгvй байгаа зохиолыг нь нэхэхээр “Зав болохгvй юм. Ядахдаа энэ МУАХ-ны даргын ажил надад дараа болж байна. Үvнээс салбал санаа амар зохиолоо бичихсэн. Ер нь миний бичих юмыг надаас өөр хэн ч хийхгvй, харин албан тушаалыг бол хэн ч хийнэ. Тэгэхээр би зохиолоо бичье гэдэг зөв биз дээ. Танай хэлтэс, коллегид санал оруулж, намайг тэр даргаас салгаж аль” гэж гуйдаг байлаа. Би эрх мэдэлтэн биш боловч ажил хариуцсаны хувьд, нэг мэргэжлийн зохиолчдоо бичих боломж олгох санал тавих эрхтэй.

Ер нь ч Оюун гуайн бичихэд нь саад болсон даргаас нь салгавал хэдэн жvжигтэй болно гэж бодоод яаманд санал тавьж орхив. Урьдаар хэлтсийн дарга Чимид гуайд бодлоо хэлсэнд “Цаадах чинь vнэн байгаа даа. Даргад дуртай шvv. Тvvнээсээ тийм амар уйдаа гэж vv. За яахав, чи саналаа тавь. Би дэмжиж байгаа л гэе” гэж байна. Тэгээд би яамны коллегид саналаа оруулав.

С.Сосорбарам сайд хямсайн “Тэр Оюун чинь өнөөдөр хаачсан юм. Саяхан сонгогдсон мөртөө одоо больё гэж байгаа юм уу” гэж асууж байна. Би “Оюун гуайн жvжгийг төв хөдөөгийн хоёр театр тавихаар хvлээж байна. Тvvнээ бичих боломж олгохгvй бол төлөвлөгөө тасрах аюулд учирна. Өөрөө даргаас чөлөөлvvлж аль гэж санал тавьсан юм” гэж хариулсанд, тэндээс Н.Цvлтэм гуай тас дайрав. Тэрбээр “МУАХ-ны даргыг Оюунаас өөр хийж чадах хvн байхгvй. Тийм байхад чи, чөлөөлvvлнэ гэж юу ярьж байгаа юм бэ! Харин тэр жvжгийн хувьд бол Оюун насаараа ажлаа хийгээд зохиолоо бичээд, орчуулаад, найруулаад, бас судлаад ирсэн шvv дээ. Тэр даргалах, бичих хоёрт тvvртэх болоогvй” гэв.

Миний ойворгон санал бут ниргvvлэв. Тэгээд ч зогссонгvй, Зандраа, Оюун гуайг даргаас нь халуулах санал тавьсан гэсэн яриа тарж билээ. Чимид гуай инээмсэглэж, хэлээгvй юv чамд, Цаадах чинь дороос нь өрсөлдөгч гараад ирэхээр сууриа бэхэлж байж ч магадгvй. Тэгээд чамайг сорьж, яаманд санал тавиулаад, тэртэй тэргvй тэд зөвшөөрөхгvйг мэдэж байгаа болохоор суурь минь улам батжина гэж бодсон байж болох юм.

Уг нь чи, тэр vед өөрт нь “Яаж болдог юм” гэж татгалзах байж дээ гэв. Би арай ч vгvй байлгvй гэсэнд мань эр “Эс мэдэгдээ, Оюун зальтай шvv! Ямар нэг юманд наанаа дургvй гээд байгаа мөртөө цаанаа дуртай байж мэдэх юм. Тийм арга бий шvv.

Дээр, Оюунд хөдөлмөрийн баатар цол олгуулъя гэж Коллегид ярихад мань хvн “Яах юм, би тийм хэмжээнд хvрээгvй. Надад тэр том цол таарахгvй” гээд байсан хэр нь дээд газарт яригдах vед, эрт урьд энд тэнд хvргэсэн мэдээллээр нь өөтvvлж баатрыг нь болиулж Сvхбаатарын одон болгуулчихсан нэг хvнийг дуулаад Оюун айхтар vзэн ядаж байсан шvv. Аягvй бол өөрийгээ халуулах гэсэн гэж зууна даа чамайг” гээд бодлогоширон ширтэж билээ. Тvvний хэлснээр, Оюун гуайн гомдсон нь над мэдэгдээгvй, “Чи олигтойхон хөөцөлдөөд намайг тvvнээс салгаад өгөхгvй. Бvтэлгvй гэдэг нь” гэж зэмлэнгvй байсан.

Харин Чимид гуайн ярьсан хөдөлмөрийн баатар цолыг Оюун гуайд өгөх байсан юм. Авах, өгөх юманд учир байдаг гэлээ ч монголын соёл, урлаг, утга зохиол даа ялангуяа театрыг хөгжvvлэхэд тvvний бvтээсэн хэтийдсэн их гавьяагий нь бахархан vнэлэх нь шударга ёсонд нийцэх байлаа. Тvvн шиг арван хуруундаа эрдэмтэй, авьяас төгөлдөр эмэгтэй монголд тийм олон төрөхгvй ч байж магадгvй!

0 comments:

Хайвал олно


Архив