Үүлэн чөлөөний наран бус аа

Далаад оны дундуур хот, хөдөөд залуу зохиолчдын нэгдэл хэмээх нэртэй залуу авъяастны бүлгэмүүдэд өч төчнөөнөөр байгуулагдаж, Зохиолчдын эвлэлийн хорооны удирдлага тэднийг “манай анхан шатны байгууллага” гэж ихэд дэмжин алдар нэртэй ахмад зохиолчдоо томилон багшлуулдаг байв. Тэдгээрийн нэг нь Ажилчны дүүргийн залуу зохиолчдын нэгдэл байсан бөгөөд түүнийг Ц.Цэдэнжав гуай даан авч тэргүүний нэгдлийн хэмжээнд хүргэсэн юм. Миний бие тэр үеийн нэр томъёогоор ярьж буйг уншигчид анзаарна биз.
Тэргүүний гэдэг үг тэр үед тун гүйлгээтэй бөгөөд учиртай байжээ. Тэгэхэд Цэдэнжав гуай нас дал шүргэсэн хирнээ “Хоёр дахь залуу нас руугаа орлоо” хэмээн өөрөө зарлаж, биднээс илүү хөнгөн шингэн, бүтээлч цэнэгтэй явсансан. Нэг үеийг бодвол ажил төрөл нь ч аятай төвхнөн мөнөөх нэгдлийн шавь нараа гэр дүүрэн шуугиулж шаагиулж, дайлж цайлж, их л өнөр бэлтэй загнана. Цаадуул нь ч Цэдэнжав багш гээд хүндэтгэнэ гэж сүрхий. Мань өвгөний бахархал бол тэдний хэдэн шавь нар байлаа.
Дариймаа, Лхагвасүрэн, Туяа, Түмэнбаяр гээд ихэвчлэн үргэлжилсэн зохиол бичдэг хүүхнүүд байна. Угаас Монголын утга зохиолд Удвал, Нинжбадгар, Гарамжав, нарын цөөхөн бүсгүй өгүүллэгт зохиол бичдэгийг бодвол нэг бүлгэмд ийм олон хүүхэн нэгдсэн нь ховорхон гэмээр хэрэг байв. Тэдгээрийн дотроос хамгийн залуухан нь Түмэнбаяр. Том биетэй Даариймаа, жижигхэн биетэй Түмэнбаяр хоёрын тухай хошин яриа ч байх. Бид Цэдэнжав гуайг “олон хүүхэнтэй” хэмээн наргиан болгоно.
Ер нь тэр үес зохиолчдын гэр бүл бүтэн бүлээн, хөгжилтэй наргиантай, явдал суудал ихтэй байсан цаг. Цэдэнжав гуай хүүхэн тус бүртээ тодорхойлолт өгөх бөгөөд Түмэнбаярын тухайд “Энэ жаахан шар хүүхэн ирээдүйд юм үзүүлнэ шүү” гэнэ. Үнэхээр ч Түмэнбаяр даан удалгүй тийнхүү “юм үзүүлж” эхэлсэн билээ. Наяад оны сүүлч ерээд оны эхээр тун чамбай өгүүллэгүүд хэвлэгдэж эхэллээ. Ялангуяа ерээд оны эхэнд Монголын охид хүүхнүүд олноороо яруу найргаар амархан “жирэмслэх “ болсон үед түүний өгүүллэгүүд ялгараад ирсэн. “Утгын чимэг” уралдаанд хоёр ч удаа эхний аль нэг байрыг авч, уншигчдын танил болов. Удалгүй “Удган” нэртэй анхных нь түүвэр хэвлэгдэв. Ийнхүү Монголын орчин үеийн өгүүллэгт нэгэн шинэ бүсгүй өөрийн “нүүр царайгаа засаад” орж ирсэн хэрэг.
Ц.Түмэнбаярын өгүүллэгүүд богинохон атлаа их багтаамжтай, хэл дүрслэл чамбай нь багахан цөөрөмд цөөн бус сувд тана гялтганахтай адил бөлгөө. Хөдөө нутгийн хар борхон амьдралаас эхлээд бүр эртний түүхэн домог хүртэл ихээхэн хэлбэлзэлтэй сэдэв бүхий өгүүллэгүүдийг нь уншиж байхуйд мөнөөх олон яруу найрагч бүсгүйчүүл үүлэн чөлөөний наран адил гялтганаад өнгөрсөн аваас харин энэхүү өгүүллэгч бүсгүй тийм бус дэлхийн нартай цуг авъяасын нараа өнө удаан гийлгэн явах тавилантай гэж санагдана.

Төрийн шагналт, ардын уран зохиолч С.Эрдэнэ

0 comments:

Хайвал олно

Loading...

Архив